Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 1 сар 

«Итгэмжит хүмүүст даатга»

«Итгэмжит хүмүүст даатга»

«Надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга» (2 ТИМ. 2:2).

ДУУ: 42, 53

1, 2. Хүмүүс ажлынхаа талаар ямар үзэл бодолтой байдаг вэ?

ХҮМҮҮС хийж байгаа ажлаараа өөрсдийгөө тодорхойлох нь их байдаг. Тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж ажлаас нь эсвэл албан тушаалаас нь шалтгаалдаг. Зарим оронд хүнтэй танилцахдаа «Та ямар ажил хийдэг вэ?» гэж асуудаг.

2 Библид зарим хүнийг хийдэг ажлаар нь «татвар хураагч Матай», «арьсчин Симон», «хайрт эмч Лук» гэх зэргээр дүрслэн бичсэн байдаг (Мат. 10:3; Үйлс 10:6; Кол. 4:14). Бас Еховагаас ямар үүрэг авснаар нь тухайн хүнийг тодорхойлох нь бий. Жишээлбэл Давид хаан, зөнч Елиа, элч Паул нарыг дурдаж болно. Энэ эрчүүд Бурхны өгсөн үүрэг даалгаврыг үнэлж эрхэмлэдэг байжээ. Хэрэв Ехова таныг ямар нэг ажилд томилсон бол та ч бас энэ завшаанаа үнэлж эрхэмлээрэй.

3. Настай хүмүүс залуу хүмүүсийг яагаад сургах хэрэгтэй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

3 Еховагийн төлөө хийдэг ажлаа мөнхөд үргэлжлүүлэх юм сан гэж хүсдэг хүн бидний дунд олон бий. Харамсалтай нь нэг үеийнхэн хөгширч, оронд нь шинэ үеийнхэн гарч ирдэг (Ном. 1:4). Үүнээс болоод Христийн жинхэнэ дагалдагчдад  бэрхшээл тулгардаг. Өнөөдөр дэлгэрүүлэх ажлын цар хүрээ өргөжин тэлж байна. Техник технологи асар хурдан хөгжиж байгаа учраас шинэ ажлыг дасаж дадсанаасаа өөр аргаар хийх амархан биш. Настай хүмүүсийн хувьд технологийн дэвшлийн хурдыг гүйцэх нь бүр ч ярвигтай (Лук 5:39). Харин залуучуудад тийм зовлон байхгүй. Бас настай хүмүүсийг бодвол эрч хүч, чадал тэнхээтэй байдаг (Сур. 20:29). Тиймээс настай хүмүүс залуучууддаа хариуцлагатай үүрэг хүлээдэг болоход нь туслах хэрэгтэй (Дуулал 71:18-ыг уншина).

4. Эрх мэдлээ бусдад шилжүүлэх нь зарим хүнд яагаад амаргүй байдаг вэ? («Ажил үүргээ шилжүүлэхэд амаргүй байдгийн учир» гэсэн хавсралтыг үзээрэй).

4 Эрх мэдэлтэй хүмүүсийн хувьд залуучуудад ажил үүргээ шилжүүлэх нь амаргүй байж болох юм. Зарим хүн байр сууриа алдахаас айдаг. Дуртай ажлаа хийхээ болино гэхлээр гунигтай санагддаг. Залуучууд сайн хийж чадахгүй байх гэж санаа зовох нь ч бий. Өөр хүн сургах цаг байхгүй гэж нэг хэсэг нь боддог. Нөгөө талаар, илүү их үүрэг хүлээлгэхгүй байна гэж тэвчээргүй загнахаас залуучууд болгоомжлох хэрэгтэй.

5. Энэ өгүүллээр ямар асуултуудыг авч үзэх вэ?

5 Ажил үүргийг шилжүүлэх асуудлыг хоёр талаас нь авч үзье. Нэгд, ахмадууд залуу хүмүүст илүү хариуцлагатай үүрэг хүлээдэг болоход нь хэрхэн туслах вэ? Энэ нь яагаад чухал бэ? (2 Тим. 2:2). Хоёрт, залуучууд туршлагатай ах нартай хамтарч ажиллахдаа, мөн тэднээр заалгахдаа яагаад зөв хандлагатай байх хэрэгтэй вэ? Одоо эхлээд Давид чухал үүрэг хүлээхэд нь хүүдээ хэрхэн тусалсныг ярилцъя.

ДАВИД СОЛОМОНЫГ БЭЛДСЭН НЬ

6. Давид юу хийхийг хүссэн бэ? Ехова юу гэж хариулсан бэ?

6 Давид олон жил оргодол босуул мэт явсны эцэст хаан ширээнд заларч тансаг орд харшид амьдрах болжээ. Гэтэл Еховад зориулсан «өргөө» буюу  сүм байсангүй. Үүнд санаа зовсон тэрээр зөнч Натанд «Үзэгтүн, би хуш модон гэрт амьдарч байхад ЭЗЭНий гэрээний авдар хөшгөн доор байна» гэв. Натан хариуд нь «Бурхан чамтай хамт байгаа тул өөрийн сэтгэлд байгаа бүхнээ хийгтүн» гэжээ. Харин Ехова өөр бодолтой байсан тул «Оршин суух өргөөг Надад зориулан чи барихгүй» гэсэн зааврыг Натанаар өгүүлжээ. Ехова Давидыг үргэлж ивээхээ амласан ч тэр өргөөг хүү Соломоноор нь бариулахаар болсон аж. Үүнийг сонсоод Давид яасан бэ? (Ш.дээд 17:1–4, 8, 11, 12; 29:1).

7. Давид юу хийсэн бэ?

7 Сүм барих ажил өөрт нь нэр алдар авчрахгүйг мэдэж байсан ч Давид дэмжлэг туслалцаа үзүүлэхээс хойш суугаагүй. Үнэндээ тэр сүм Соломоны нэрээр алдаршсаныг бид мэднэ. Давид зүрхнийхээ хүслийг биелүүлж чадаагүйдээ гутарсан биз ээ. Гэлээ ч барилгын ажлыг бүх талаар дэмжсэн. Ажилчдыг бүлэг болгон зохион байгуулж, төмөр, зэс, алт, мөнгө, хуш мод цуглуулсан. Бас Соломонд «Миний хүү, ЭЗЭН чамтай хамт байх болтугай. Чи амжилттай явж, чиний тухайд ЭЗЭНий айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барих болтугай» хэмээн урам зориг хайрласан (Ш.дээд 22:11, 14–16).

8. Давид Соломоныг яагаад чадваргүй гэж бодсон бэ? Гэхдээ юу хийсэн бэ?

8 Шастирын дээд 22:5-ыг уншина. Соломон ийм чухал ажлыг удирдаад хийж чадах болов уу гэж Давид бодсон ч байж мэднэ. Тэгээд ч Бурхны сүм «маш сүрлэг» байх ёстойгоос гадна хүү нь «балчир, туршлагагүй» байв. Гэхдээ Ехова Соломонд ажлаа хийхэд нь тусална гэдгийг Давид мэдэж байлаа. Тийм учраас хүүдээ туслахын тулд чадах бүхнээ хийхээр шийдэж барилгын материал их хэмжээгээр бэлдэж өгсөн.

БУСДЫГ СУРГАХЫН БАЯР ЖАРГАЛ

Залуу эрчүүд илүү хариуцлагатай үүрэг хүлээж байгааг харах сайхан (9-р догол мөрийг үзээрэй)

9. Настай эрчүүд үүргээ шилжүүлэхдээ яагаад баяртай байдаг вэ? Жишээгээр тайлбарлана уу.

9 Настай ах нар залуу эрчүүдэд үүргээ хүлээлгэж өгөх шаардлага гарвал сэтгэлээр унах учиргүй. Харин ч Еховагийн ажлыг урагшлуулахын тулд залуу хүмүүсийг сургахыг голлон анхаарч, тухайн ажлыг яаж хийхийг сайн зааж өгөх хэрэгтэй. Жишээ авъя. Жаахан хүүхэд аавыгаа яаж машин жолоодохыг зүгээр л ажигладаг. Харин овоо том болохоор нь аав нь юу хийж байгаагаа хүүдээ хэлж өгдөг. Хүү хуулийн насанд хүрээд жолооны үнэмлэх авахлаараа өөрөө машин барьдаг болно. Тэглээ ч гэсэн аав нь хажуунаас нь зааж зөвлөнө. Заримдаа машинаа ээлжилж барина. Аавыгаа хөгшрөхөөр хүү нь голдуу барина. Тэглээ гээд аав нь сэтгэлээр унах уу? Үгүй,  харин ч хүүдээ жолоо барих эрхээ шилжүүлсэндээ баярлах биз ээ. Үүнтэй адил, настай эрчүүд залуучуудад Еховагийн байгууллагад илүү хариуцлагатай үүрэг хүлээдэг болоход нь тусалж тэднийг сургаж бэлтгэж байгаадаа баярлаж бахархдаг.

10. Мосе алдар нэр, эрх мэдлийн талаар ямар үзэл бодолтой байсан бэ?

10 Настай эрчүүд атаархдаг болохоос болгоомжлох хэрэгтэй. Мосегоос суралцаарай. Израилийн хуаранд байсан хэсэг хүнийг зөнч шиг аяглахад нь Мосе яасан бэ? (Тооллого 11:24–29-ийг уншина). Мосегийн туслах Иошуа тэднийг болиулахыг хүссэн. Эзнийх нь байр суурь, эрх мэдлийг бассан юм шиг түүнд санагдсан бололтой. Гэтэл Мосе хариуд нь «Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид байгаад ЭЗЭН тэдний дээр Өөрийн Сүнсийг тавьдаг ч болоосой» гэжээ. Тэрээр бүх зүйлийг Ехова удирдаж байгааг мэдэж байлаа. Өөртөө алдар нэр хайлгүй, харин Еховагийн бүх үйлчлэгчийг тийм үүрэгтэй болоосой гэж хүсжээ. Танаас өөр хүн Еховагаас даалгавар авбал та Мосе шиг баярладаг уу?

11. Нэг Гэрч үүргээ бусдад шилжүүлэх талаар юу гэж хэлсэн бэ?

11 Еховагийн төлөө хэдэн арван жил идэвхтэй үйлчилж, залуу хүмүүсийг хариуцлагатай үүрэг хүлээдэг болоход нь сургаж бэлтгэсэн ах нар өнөөдөр олон бий. Жишээлбэл Пийтр ах бүрэн цагаар 74 жил үйлчилж, үүнээс 35 жилийг Европ дахь салбарт өнгөрүүлжээ. Тэрээр саяхныг хүртэл Үйлчлэлийн хэлтсийг удирддаг байв. Поол гэдэг залуу түүнтэй цуг хэдэн жил ажиллаад, одоо үүргийг нь хүлээж аваад байна. Ажил үүргээ хүлээлгэж өгөхөд ямар санагдсаныг асуухад Пийтр ах: «Хариуцлагатай үүрэг хүлээж авахаар бэлтгэгдэж, ажлаа сайн хийж гүйцэтгэдэг залуучууд байгаа нь үнэхээр сайхан» гэсэн юм.

НАСТАЙ ХҮМҮҮС ҮНЭ ЦЭНТЭЙ

12. Рехобоамд тохиолдсон явдал бидэнд ямар сургамжтай вэ?

12 Соломоныг нас барсны дараа хүү Рехобоам нь хаан ширээ залгамжилжээ. Үүргээ хэрхэн биелүүлэх талаар зөвлөгөө авах хэрэгтэй байсан тул Рехобоам эхлээд настай хүмүүст хандсан. Гэхдээ тэдний зөвлөгөөг үл тоомсорложээ! Дараа нь өөртэй нь хамт өсөж, өөрт нь үйлчилж ирсэн залуучуудын өгсөн зөвлөгөөг дагаад гашуун үр дагавар амссан (Ш.дэд 10:6–11, 19). Бидэнд ямар сургамжтай вэ? Ахмад, туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах нь ухаалаг хэрэг юм. Залуу эрчүүд тухайн ажил үүргийг өмнөх хүмүүс шиг гүйцэтгэх ёстой гэж өөрсдийгөө шахах ёсгүй ч ахмадуудын саналыг тохирохгүй гэж яаран дүгнэх учиргүй.

13. Залуу хүмүүс ахмадуудтай хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ?

13 Заримдаа ахмад туршлагатай хүмүүсийг удирдан ажиллуулах үүрэг залуучуудад оногддог. Ийм үед тэдгээр ахмадуудаас суралцах нь ухаалаг хэрэг юм. Дээр ярьсан Поол Бетелийн хэлтсийг Пийтрийн оронд удирддаг болсныхоо дараа «Би цаг зав гаргаж байгаад Пийтр ахаас зөвлөгөө авдаг. Бас хэлтсийнхээ хүмүүст ингэхийг уриалдаг» хэмээн ярьжээ.

14. Тимот Паул хоёр хэрхэн хамтарч ажилладаг байсан бэ? Бид тэднээс юу сурах хэрэгтэй вэ?

14 Тимот гэдэг залуу олон жил элч Паултай ажиллажээ (Филиппой  2:20–22-ыг уншина). Паул Коринт дахь дагалдагчдад бичихдээ «Би Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү болох Тимотыг та нарт илгээв. Хаа сайгүй чуулган бүрд би хэрхэн сургадгийн адил Христ Есүс доторх замуудыг маань тэр та нарт сануулах болно» гэжээ (1 Кор. 4:17). Паул Тимот хоёр хэр ойр дотно хамтран ажилладаг байсныг эндээс мэдэж болно. Паул «Есүс доторх замуудаа» Тимотод зааж өгдөг байв. Тимот сайн сурч Паулын хайрыг татжээ. Коринт дахь итгэл нэгтнүүддээ санаа тавьж чадна гэдэгт нь Паул итгэл төгс байв. Ахлагчдын хувьд дуурайвал зохих сайхан жишээ байгаа биз? Ахлагчид эрчүүдийг сургаж, хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг болоход нь туслах хэрэгтэй.

ХҮН БҮР ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

15. Өөрчлөлтөд дасан зохицоход Паулын зөвлөгөө хэрхэн туслах вэ?

15 Бид эгзэгтэй цагт амьдарч байна. Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэг олон талаар өсөн дэвжиж байна. Энэ хэрээр янз бүрийн өөрчлөлт гаргах хэрэгтэй. Өөрчлөлтүүд танд ямар нэгэн байдлаар нөлөөлбөл даруу байж өөрийнхөө бус, Еховагийн ашиг сонирхлыг бодож байгаарай. Ингэдэг бол эв нэгдлээ батжуулна. Паул Ром дахь итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа «Би та нарын дунд буй хүн бүрд хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. Нэг биед олон эрхтэн байдгийн адил, мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, бид олуулаа Христ дотор нэг бие болой» гэжээ (Ром 12:3–5).

16. Еховагийн байгууллагыг амар тайван, эв нэгдэлтэй байлгахад ахмадууд, залуу эрчүүд, эхнэрүүд хэрхэн хувь нэмрээ оруулж болох вэ?

16 Еховагийн үйлчлэгч бүр Хаанчлалыг дэмжиж, хий гэсэн болгоныг нь хийхийг хүсдэг. Настай ах нар аа, та бүхэн залуусыг сургаарай. Залуу эрчүүд ээ, илүү хариуцлагатай үүрэг хүлээсэн ч даруу байж, ахмадуудаа хүндэлж яваарай. Эхнэрүүд ээ, Акулын эхнэр Прискилаг дуурайн нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн нөхрөө байнга дэмжиж байгаарай (Үйлс 18:2).

17. Есүс шавь нартаа хэрхэн итгэж байсан бэ? Ямар ажлын төлөө тэднийг сургасан бэ?

17 Бусдыг дуртайяа сургах талаар Есүс хамгийн сайн жишээ үзүүлжээ. Тэрээр дэлхий дээр удаан байхгүйгээ мэдэж байсан. Өөрийнх нь хийж буй ажлыг өөр хүн хариуцаж хийхийг ч тооцсон. Шавь нараа төгс бус гэдгийг мэддэг ч өөрийнх нь хийж байснаас илүүг хийнэ гэж итгэж байв (Иох. 14:12). Сайтар сургаж бэлтгэсэн учраас шавь нар нь сайн мэдээг «тэнгэрийн доорх бүх бүтээлд» тунхаглажээ (Кол. 1:23).

18. Биднийг ямар ирээдүй хүлээж байна вэ?

18 Есүс амиа золиос болгон өгснийхөө дараа тэнгэрт амилаад илүү их ажил үүрэг хүлээж, «бүх засаг захиргаа, эрх мэдэл, хүч, ноёрхлоос» ч агуу эрх мэдэлтэй болжээ (Еф. 1:19–21). Хэрэв бид үнэнч үйлчилж байгаад Хармагедоноос өмнө нас барвал шинэ ертөнцөд амилаад сэтгэл сэргээм олон сайхан ажил хийнэ. Гэхдээ одоо хүн бүрийн оролцох ёстой амин чухал ажил бий. Энэ нь сайн мэдээ дэлгэрүүлж шавь бэлдэх ажил юм. Хөгшин залуу гэлтгүй бүгдээрээ «Эзэний үйл хэрэгт үргэлж бялхаж» явцгаая (1 Кор. 15:58).