Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 1 сар 

Даруу зан маш чухал

Даруу зан маш чухал

«Даруу зан болбоос мэргэн ухаан» (СУР. 11:2).

ДУУ: 38, 11

1, 2. Саул яагаад Бурхныг сайшаалыг алдсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ИЗРАИЛИЙН хаан Саул анх даруу төлөв, хүндэтгэл хүлээсэн хүн байжээ (1 Сам. 9:1, 2, 21; 10:20–24). Харин хаан ширээнд суусныхаа дараагаас биеэ тоож эхэлсэн. Нэг удаа филистчүүд Израильтай дайтахаар болов. Зөнч Самуел ирж Еховад тахил өргөнө гэдгээ Саулд хэлжээ. Гэтэл Самуелыг ирэхээс өмнө израильчууд филистчүүдээс айсандаа Саулыг «орхин тарцгааж» эхлэв. Саул Самуелыг хүлээж тэвчилгүй өөрөө тахил өргөчихөв. Үнэндээ түүнд ийм эрх байсангүй. Тийм болохоор Ехова ихэд уурлажээ (1 Сам. 13:5–9).

Самуел Гилгалд ирээд Саулыг зэмлэв. Саул зэмлэлийг хүлээж авахын оронд буруугаа бусдад тохож, хийсэн хэргээ шалихгүй зүйл мэтээр ойлгуулахыг хичээсэн (1 Сам. 13:10–14). Энэ үеэс эхлэн янз бүрийн мунхаг зүйл хийдэг болжээ. Эцэст нь хаан ширээгээ алдаад зогсохгүй Еховагийн сайшаалыг алджээ (1 Сам. 15:22, 23). Саулын амьдрал сайнаар эхэлсэн ч гутамшигтайгаар төгсдөг (1 Сам. 31:1–6).

3. а) Даруу байх талаар хүмүүс ямар бодолтой явдаг вэ? б) Ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

 3 Өнөөгийн ертөнцөд хүмүүс амжилтад хүрэхийн тулд даруу занг уландаа гишгэн байж нэг нэгэнтэйгээ өрсөлддөг. Алдартай кино жүжигчин, хожим нь улс төрч болсон нэгэн хүн: «Даруу гэдэг үг надад зохихгүй. Би хэзээ ч даруу болохгүй байх» хэмээн хэлжээ. Тэгвэл Еховагийн үйлчлэгч яагаад даруу байх ёстой вэ? Даруу, даруу биш байна гэж яахыг хэлдэг вэ? Энэ өгүүллээр эдгээр асуултын хариуг ярилцана. Хэцүү үед ч, дарамт шахалтад орсон ч даруу байхын тулд яах хэрэгтэйг дараагийн өгүүллээр үзнэ.

ЯМАР УЧРААС ДАРУУ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

4. «Бардамнан үйлдэх» гэдэг нь юу гэсэн үг вэ?

4 Библид даруу болон бардам занг сөргүүлэн тавьсан байдаг (Сургаалт үгс 11:2-ыг уншина). Давид Еховагаас «Өөрийн зарцаа санаатай нүглээс [«бардамнан үйлдэхээс», ШЕ] хамгаалаач» хэмээн гуйжээ (Дуу. 19:13). «Бардамнан үйлдэх» гэдгийг юу гэж ойлгож болох вэ? Хийх эрхгүй зүйлээ бардам зандаа хөтлөгдөөд бодлогогүйгээр, дур мэдэн хийхийг хэлдэг. Бүх хүн нүгэлтэй учраас заримдаа бардам зандаа дийлдчихдэг. Гэхдээ Саул шиг бардам загнаад байвал хэзээ нэгэн цагт Бурхны сайшаалыг алдана. Дуулал 119:21-д «Бардам ... хүнийг Та зэмлэдэг» хэмээн Еховагийн тухай бичжээ. Яагаад зэмлэдэг вэ?

5. Бардам зангаар аливааг хийх нь яагаад аюултай вэ?

5 Бардам зангаар аливааг хийх нь зүгээр нэг алдаа гаргахаас илүү аюултай. Нэгдүгээрт, Еховаг хэмжээгүй эрхт Эзэн, хууль ёсны Захирагч гэж хүндэтгэн үзэхгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт, хийх эрхгүй зүйлээ хийдэг бол бусадтай эв түнжинтэй байж чадахгүй (Сур. 13:10). Гуравдугаарт, хийсэн хэрэг нь ил болоход эвгүй байдалд орох юм уу бүр нүүр хийх газаргүй болж мэднэ (Лук 14:8, 9). Бардам зангаар хийсэн зүйл хэзээ ч сайн юманд хүргэдэггүй. Харин даруу байвал ямагт зөв юм хийнэ.

ДАРУУ БАЙНА ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?

6, 7. Даруу хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ?

6 Библийнхээр бол даруу байна гэдэг нь бардам ихэмсэг, онгироо сагсуу биш байхыг хэлнэ. Даруу хүн авьяас чадвар, ололт амжилтаа зөв үнэлж, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөг. Бас бусдын санаа оноог дуртайяа сонсож, хүлээж авдаг. Даруу зантай хүн Еховагийн таалалд нийцэж сайшаалыг нь хүлээдэг.

7 Библид бас даруу хүнийг тодорхойлохдоо өөрийнхөө талаар үргэлж зөв үзэлтэй байдаг, хийж чадахгүй эсвэл хийх эрхгүй зүйлээ хүлээн зөвшөөрдөг гэжээ. Тийм учраас даруу зантай хүн бусдыг хүндэлж, сайхан сэтгэлээр ханддаг.

8. Бардам болсны шинж юу вэ?

8 Бардам болж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Би өөрийгөө юм уу хүлээсэн үүрэг даалгавар, эдэлж буй завшаанаа хэтэрхий чухал гэж үздэг юм биш биз? (Ром 12:16). Бусдын анхаарлыг өөртөө татахыг цаг ямагт хичээдэг үү? (1 Тим. 2:9, 10). Өөрийнхөө  үзэл бодол, мэдлэг туршлагадаа дулдуйдан юу хийх ёстой, юу хийх ёсгүйг нь хүмүүст зааж зааварладаг болж байна уу? (1 Кор. 4:6)». Хүн иймэрхүү зүйл хийж байгаагаа бардамнан сагсуурч байгаагийн шинж гэж тэр бүр ойлгодоггүй.

9. Хүн юунаас болоод бардам болдог вэ? Жишээ хэлнэ үү.

9 Хэрэв хүн махан биеийн хүсэлдээ дийлдвэл бардам загнадаг болно. Аминч үзэл, атаа жөтөө, жолоогүй уур хилэнгийн улмаас бардам зандаа дийлдэн мунхаг зүйл хийдэг хүн олон байдаг. Библид гардаг хүмүүс, түүний дотор Абсалом Уззиа Небухаднезар нарт ийм явдал тохиолджээ. Ехова тэдний бардам занг номхруулсан байдаг (2 Сам. 15:1–6; 18: 9–17; Ш.дэд 26:16–21; Дан. 5:18–21).

10. Бусдыг шүүмжлэхээс яагаад зайлсхийх ёстой вэ? Жишээ хэлнэ үү.

10 Өөр ямар шалтгаанаас болоод хүн даруу байж чаддаггүй вэ? Эхлэл 20:2–7 болон Матай 26:31–35-д гардаг үйл явдлыг жишээ болгон авъя. Абимелех Петр хоёр нүгэлт хүсэлдээ хөтлөгдөн бардамнасан уу? Эсвэл нарийн ширийн зүйлийг мэдэхгүйгээсээ болсон уу? Аль эсвэл санамсаргүй явдал байсан уу? Бид хүний доторхыг харж чадахгүйгээс хойш бусдын сэдэл хандлагын талаар ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөх учиргүй (Иаков 4:12-ыг уншина).

ҮҮРЭГ ДААЛГАВРАА ЗӨВ ҮНЭЛЭХ НЬ

11. Бид юуг зөв үнэлэх хэрэгтэй вэ?

11 Даруу хүн Еховагаас авсан үүрэг даалгавраа зөв үнэлдэг. Ехова эмх журмын Бурхан учраас хурлын гишүүн болгонд үүрэг даалгавар өгдөг. Хүн бүрийн үүрэг харилцан адилгүй боловч бид бүгдээрээ хэн хэндээ хэрэгтэй хүмүүс. Нигүүлсэнгүй Бурхан Ехова маань бидэнд өөр өөр авьяас билэг, ур чадвар өгсөн. Бид энэ бэлгээ Еховаг алдаршуулж, бусдыг баярлуулахын төлөө ашиглах учиртай (Ром 12:4–8). Бурхан биднийг нярвын ажилд томилсон. Энэ хүндтэй ажлыг хийхэд хариуцлагатай, найдвартай байх ёстой (1 Петр 4:10-ыг уншина).

Үүрэг даалгавар өөрчлөгдөхөд Есүсийг хэрхэн дуурайх вэ?

(12–14-р догол мөрийг үзээрэй)

12, 13. Үүрэг даалгавар өөрчлөгдөхөд юуг санах ёстой вэ?

12 Еховагийн өгсөн үүрэг даалгавар үүрдийнх биш учраас өөрчлөгдөх нь бий. Есүсийн жишээг аваад үзье. Эхлээд тэрээр Эцэгтэйгээ хоёулхнаа байсан (Сур. 8:22). Дараа нь тэнгэрийн элчүүд, орчлонт ертөнц, эцэст нь хүнийг бүтээлцжээ (Кол. 1:16). Хожим нь шинэ үүрэг авч дэлхий дээр ирсэн. Юу ч хийж чадахгүй нярай хүүхэд болж, дараа нь эрийн цээнд хүрэв (Флп. 2:7). Амиа золиосолсныхоо дараа тэнгэр өөд буцаж яваад, 1914 онд Бурхны Хаанчлалын Хаан болсон (Евр. 2:9). Гэхдээ энэ нь сүүлчийн даалгавар биш юм. Есүс Мянган жилийн засаглалынхаа дараа Хаанчлалыг Еховад буцааж өгнө. Тэр цагт Ехова «бүгдэд бүх юм болно» (1 Кор. 15:28).

13 Бидний амьдралд бас янз бүрийн өөрчлөлт гарч болох юм. Гаргасан шийдвэрээс маань болоод хүлээсэн үүрэг өөрчлөгдөж мэднэ. Жишээлбэл ганц бие байснаа гэрлэж, бүр хүүхэдтэй ч болж магадгүй. Эсвэл амьдралаа энгийн болгоод бүрэн цагаар үйлчилж болно. Аль ч  шийдвэрийг хариуцлага дагалддаг. Заримдаа нөхцөл байдлаас болоод үүрэг даалгавар нэмэгддэг, эсвэл багасдаг. Гэхдээ биднийг залуу ч бай, хөгшин ч бай, эрүүл ч бай, бие муутай ч бай өөрийнх нь төлөө юу хийж чадахыг Ехова мэддэг. Чадал чадвараас маань хэтэрсэн зүйлийг шаарддаггүй. Харин ч хийсэн бүхнийг маань өндөр үнэлдэг (Евр. 6:10).

14. Даруу хүн ямар ч үед сэтгэл хангалуун, баяр хөөртэй байж чаддагийн учир юу вэ?

14 Есүс бүх даалгавраа баяр хөөртэй хийдэг байсан. Бид ч бас тэгж чадна (Сур. 8:30, 31). Даруу хүн хуралд хүлээсэн үүрэг даалгавартаа сэтгэл хангалуун байдаг. Ирээдүйд ямар даалгавар авах бол гэж санаа зовдоггүй. Бас амжилттай яваа нэгэндээ атаархдаггүй. Харин ч одоогийнхоо үүрэг даалгаврыг Еховагаас авсан гэж үздэг учраас баяр хөөртэй биелүүлэхийг хичээдэг. Үүний зэрэгцээ бусдыгаа зохих ёсоор хүндэлж, дуртайяа дэмждэг. Тэдэнд Ехова үүрэг даалгавар оноосныг ойлгодог учраас тэр юм (Ром 12:10).

ДАРУУ БИШ БАЙНА ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?

15. Гидеоноос юу сурах вэ?

15 Гидеон даруу байх талаар гайхалтай жишээ үлдээжээ. Ехова түүнд израильчуудыг мидианчуудаас аврах даалгавар өгөхөд «Манай бүл Манассегийн  дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь» гэсэн байдаг (Шүү. 6:15). Гэхдээ тэрээр Еховад найдаж, даалгаврыг нь хүлээж авсан. Дараа нь Еховагийн хий гэснийг зөв ойлгосон эсэхээ шалгаж удирдамж заавар гуйн залбирсан (Шүү. 6:36–40). Гидеон хүчтэй, зоригтой, хашир хянамгай хүн байв (Шүү. 6:11, 27). Нэр алдарт хүрэх боломж олдсон ч ашиглаагүй. Харин даалгавраа биелүүлж дуусаад гэртээ харьжээ (Шүү. 8:22, 23, 29).

16, 17. Даруу хүн шинэ даалгавар авахаасаа өмнө юуг харгалзан үздэг вэ?

16 Хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг эрмэлздэггүй, нэмэлт үүрэг даалгавар авдаггүй хүнийг даруу гэхгүй. Харин ч ахиц дэвшил гаргахыг Библи уриалдаг шүү дээ (1 Тим. 4:13–15). Тэгвэл ингэхийн тулд шинэ даалгавар авах хэрэгтэй юү? Үгүй. Одоо ямар ч үүрэг хүлээдэг бай, ахиц дэвшил гаргаж, Еховагийн өгсөн авьяас чадварыг хөгжүүлэх учиртай. Үүний дүнд Ехова Бурхандаа улам сайн үйлчилж, бусдад туслах боломжтой болно.

17 Даруу хүн шинэ даалгаврыг хүлээж авахаасаа өмнө хийж чадах эсэхээ сайтар нягталдаг. Дараа нь нөхцөл байдлаа тооцож үздэг. Жишээлбэл «Гол юмаа хийхийн хажуугаар шинэ даалгавраа биелүүлэх цаг зав, хүч чадал надад байгаа бил үү? Одоо хийж байгаа зүйлээ бусдад даатгахгүйгээр амжуулж чадах болов уу?» гэж өөрөөсөө асууна. Хэрэв эдгээр асуултад үгүй гэж хариулбал тэр даалгаврыг боломжтой нэгэн нь хүлээж авсан нь дээр. Залбирч, нөхцөл байдлаа сайн тооцож үздэг бол авьяас чадвар, хэр чадлаасаа хэтэрсэн зүйлийг хийхгүй. Даруу хүн үгүй гэж хэлж чаддаг.

18. а) Даруу хүн шинэ даалгавар авахлаараа яадаг вэ? б) Даруу хүн Ром 12:3-т байдаг зарчмыг хэрхэн дагадаг вэ?

18 Өөртэй нь «хамт даруухнаар алхаасай» гэж Ехова биднээс хүсдэг (Мика 6:8). Тийм учраас бид шинэ даалгавар авбал Гидеоныг дуурайн удирдлага заавар, тусламж дэмжлэг гуйн залбирах хэрэгтэй. Ехова бидэнд Библи болон байгууллагаараа дамжуулан юу хэлдгийг нухацтай бодох учиртай. Бурхны удирдлага зааврын дагуу өөрийгөө өөрчилж сурах хэрэгтэй. Хэрэв бид даалгавраа амжилттай биелүүлж байгаа бол бидний сайных биш, харин даруу зантай Бурхны маань ач гэдгийг санах нь зүйтэй (Дуу. 18:35). Даруу хүн өөрийгөө дөвийлгөдөггүй, бас дорд үздэггүй (Ром 12:3-ыг уншина).

19. Бид яагаад даруу байх ёстой вэ?

19 Ехова бол Бүтээгч, Орчлонт ертөнцийн Эзэн билээ. Тийм учраас даруу хүн Еховаг магтан алдаршуулдаг (Илч. 4:11). Бас Бурхнаас авсан үүрэг даалгавраа үр бүтээлтэй, баяр хөөртэй хийдэг. Бусадтай хүндэтгэлтэй харьцаж, итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй байдаг. Даруу зантай хүн бусдыг өөрөөсөө дээр гэж үздэг. Аливааг хийхээсээ өмнө хянуур байж, нухацтай боддог учраас ноцтой нүгэл үйлддэггүй. Тийм болохоор Бурхны үйлчлэгчдийн хувьд даруу зан маш чухал. Даруу байхыг үргэлж хичээдэг үйлчлэгчдээ Ехова өндөр үнэлдэг. Тэгвэл дарамт шахалтад орсон үед яаж даруу байх вэ? Энэ тухай дараагийн өгүүллээр үзье.