Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 3 сар 

Та Бурхны ард түмний эв нэгдлийг батжуулж чадна! Яаж?

Та Бурхны ард түмний эв нэгдлийг батжуулж чадна! Яаж?

«Түүгээр удирдуулдаг биеийн эрхтнүүд ... харилцан уялдаатай холбогддог бөгөөд хамтран ажилладаг» (ЕФ. 4:16, ШЕ).

ДУУ: 53, 16

1. Ехова аливааг хийхдээ юуг эрхэмлэдэг вэ?

ЕХОВА Есүс хоёр бүх юмыг бүтээж эхэлсэн цагаасаа л эв нэгдэлтэй хамтран ажиллажээ. Бурхны анхны бүтээл болох Есүсийн талаар Библид бичихдээ «Би [Еховагийн] хажууд уран дархан мэт байв. Би Түүний өдөр тутмын баяр бахдал байсан бөгөөд Түүний өмнө үргэлж баярлаж байв» гэжээ (Сур. 8:30, МБОХ, 2000). Бурхны үйлчлэгчид бас хамтран ажилладаг байсан. Жишээлбэл, Ноа гэрийнхэнтэйгээ хамт хөвөгч авдар хийсэн. Израильчууд цөлөөр явж байхдаа мөргөлийн асрыг барьж, буулгаж, нүүлгэдэг байлаа. Сүмд Бурхнаа магтан хөгжим тоглож, найрал дуу дуулдаг байв. Энэ бүхэн бол Еховагийн ард түмэн эв нэгдэлтэйгээр хамтран ажилладаг байсны үр дүн юм (Эх. 6:14–16, 22; Тоол. 4:4–32; Ш.дээд 25:1–8).

2. а) Нэгдүгээр зууны дагалдагчид ямар байсан бэ? б) Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

2 Нэгдүгээр зууны Христийн дагалдагчид бас эв нэгдэлтэй хамтран ажилладаг байсан. Дагалдагч бүрийн  авьяас чадвар, үүрэг даалгавар, үйл хэрэг ялгаатай ч бүгдээрээ нэг биеийн эрхтнүүд мэт гэж элч Паул бичжээ (1 Коринт 12:4–6, 12-ыг уншина уу). Бидний тухайд юу хэлж болох вэ? Сайн мэдээг хэрхэн эв нэгдэлтэй тунхаглах вэ? Хурлаа эв нэгдэлтэй байлгаж, хань ижилтэйгээ нэг баг мэт хамтран ажиллахын тулд яах хэрэгтэй вэ?

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛДАА

3. Элч Иохан юу үзсэн бэ?

3 Нэгдүгээр зууны сүүлчээр элч Иохан бүрээ үлээж буй долоон тэнгэр элчийг ер бусын аргаар үзжээ. Тав дахь тэнгэр элчийг бүрээ үлээхэд нэг «од» тэнгэрээс дэлхий рүү унахыг Иохан харсан. Тэр од гартаа барьсан түлхүүрээр ёроолгүй нүхийг онгойлготол, өтгөн утаа баагьж царцаан сүрэг гарч ирлээ. Царцаанууд өвс ургамлыг хорлон сүйтгэхийн оронд «духан дээрээ Бурханы тамгагүй хүмүүс» рүү дайрдаг (Илч. 9:1–4). Царцаан сүрэг ямар их хөнөөл учруулж болохыг Иохан мэдэж байсан нь лавтай. Мосегийн үед Египетэд асар их гай тарьсан шүү дээ! (Ег. 10:12–15). Иоханы үзсэн царцаанууд Еховагийн шүүх мэдээг тунхаглаж буй тослогдсон Гэрчүүдийг төлөөлдөг. Дэлхий дээр амьдрах найдвартай сая сая хүн тэдэнтэй нэгдсэн. Үүний үрээр олон хүн хуурамч шашнаас гарч, Сатаны савраас чөлөөлөгдөж байна.

4. Бурхны ард түмэн ямар даалгавар авсан бэ? Яавал сайн биелүүлэх вэ?

4 Еховагийн ард түмэн өнөөгийн тогтолцоо устгагдахаас өмнө дэлхий даяар «сайн мэдээ» тунхаглах даалгавартай. Энэ бол нүсэр ажил (Мат. 24:14; 28:19, 20). Бид «цангасан» хүмүүст «амийн усыг үнэгүй авахыг» уриалдаг (Илч. 22:17). Даалгавраа сайн биелүүлэхийн тулд «хамтдаа холбогдон нийлэх» буюу эв нэгдэлтэй байж, хамтран ажиллах ёстой (Еф. 4:16).

5, 6. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил биднийг хэрхэн нэгтгэдэг вэ?

5 Хаанчлалын тухай сайн мэдээг аль болох олон хүнд тунхаглахын тулд зохион байгуулалт сайтай байх нь туйлын чухал. Тиймээс бид заавар авдаг. Дэлхий дахинд буй хурлуудад өгдөг зааврыг дагадаг учраас эв нэгдэлтэй байдаг. Бид дэлгэрүүлэх ажлын цуглаанд суусныхаа дараа Хаанчлалын тухай мэдээг хүмүүст тунхаглаж, Библид үндэслэсэн хэвлэл өгдөг. Дэлгэрүүлэх тусгай аянд оролцоорой гэсэн зааврыг та дагадаг уу? Дагадаг бол дэлхий даяар буй олон сая итгэл нэгтэнтэйгээ мөр зэрэгцэн үйлчилж байна гэсэн үг. Бас «тэнгэрийн дундуур» нисэж яваа тэнгэр элчүүдтэй хамтран ажиллаж байгаа хэрэг (Илч. 14:6).

6 Хамтын ажлынхаа үр дүнг «Жил тутмын ном»-оос уншихлаар сэтгэл хөдөлдөг. Бүсийн, тусгай, олон улсын чуулганы урилгыг дэлхий даяар тараах ажилд нэгэн үзүүрт сэтгэлээр оролцдогоо бодоод үз дээ. Бид чуулганаар Библид үндэслэсэн илтгэл сонсож, жүжиг, үзүүлбэр үзэн Бурхандаа хамаг чадлаараа үйлчлэх урам зоригтой болдог. Түүнчлэн Есүсийн нас барсныг дурсах цуглаан биднийг нэгтгэдэг. Бид энэрэл нигүүлслээ үзүүлсэн Бурхандаа талархаж, Есүсийн зааврыг дагаад жилд нэг удаа цуглаж, Нисан сарын 14-нд нар жаргасны  дараа энэ үйл явдлыг тэмдэглэдэг (1 Кор. 11:23–26). Гэрчүүдээс гадна Гэрч биш хүн ч ирж болдог. Дурсах цуглаан болохоос хэдэн долоо хоногийн өмнө бид хурлынхаа хэсгүүдээр явж, аль болох олон хүнийг урих аян өрнүүлдэг.

7. Бид хамтран ажиллавал ямар үр дүнд хүрэх вэ?

7 Ганц царцаа асар их хөнөөл учруулах нь юу л бол. Үүн шиг ганц хүний гаргаж буй хичээл зүтгэл ялихгүй мэт санагдаж болох юм. Харин олуулаа хүч хавсарвал алдар магтаалыг хүлээх зохистой Ехова Бурхныг сая сая хүнд мэдүүлж чадна. Бурхны ард түмний эв нэгдлийг батжуулахад хувь нэмрээ оруулах өөр аргууд бий.

ХУРАЛДАА

8, 9. а) Паул эв нэгдэлтэй байхын чухлыг онцлохдоо ямар жишээ татсан бэ? б) Хурлын эв нэгдлийг батжуулахад хэрхэн хувь нэмэр оруулах вэ?

8 Паул Ефесийн итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа хурал хэрхэн зохион байгуулагддагийг, хурлын гишүүд хэрхэн «бүх талаар өсөх ёстойг» тайлбарлажээ (Ефес 4:15, 16-г уншина уу). Хурлын Тэргүүн Есүсийн удирдлага дор эв нэгдэлтэй байх хэрэгтэйг онцлохын тулд хүний биеийг жишээ болгон татсан. Биеийн эрхтнүүд «холбоос бүрээр харилцан уялдаатай холбогддог» гэжээ. Үүн шиг хурлын гишүүд хөгшин залуу, хүчтэй дорой гэлтгүй хурлынхаа эв нэгдэлд хэрхэн хувь нэмэр оруулах вэ?

9 Хурлыг удирдах, зааж зааварлах үүргийг Есүс ахлагчдад оноосон учраас бид тэдэнд захирагдаж, хүндэтгэлтэй хандах ёстой (Евр. 13:7, 17). Ингэх нь заримдаа амаргүй байж болох юм. Гэлээ ч Бурхнаас тусламж гуйн залбирвал бид чадна. Хурлынхаа үйл ажиллагааг чин сэтгэлээсээ дэмжихэд маань тусалж Бурхан ариун сүнсээ өгнө. Түүнчлэн даруу байж, ахлагчидтай гар нийлэн ажиллавал хурлынхаа эв нэгдлийг батжуулахад ямар их хувь нэмэр оруулахыг бодоод үзээрэй. Ийнхүү хичээвэл эв нэгдэлтэй байхаас гадна бие биеэ улам хайрладаг болно.

10. Туслах үйлчлэгчид хуралд ямар хувь нэмэр оруулдаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

10 Туслах үйлчлэгчид хурлын эв нэгдлийг батжуулахад асар их хувь нэмэр оруулдаг. Тэд ахлагчдад тусалдаг. Жишээлбэл дэлгэрүүлэхэд хэрэглэх ном хэвлэлийг хангалттай байлгах, Хаанчлалын танхимыг цэвэрлэх, засаж янзлах ажлыг хариуцах, цуглаанд ирсэн хүмүүсийг угтаж авах зэргээр олон ажил амжуулдаг. Энэ нь хурлын бүх гишүүнд ач тусаа өгдөг. Туслах үйлчлэгчидтэй хамтран ажилладаг бол хурлынхаа үйл ажиллагааг дэмжиж байна гэсэн үг (Үйлс 6:3–6-тай харьцуулна уу).

11. Хурлаа эв нэгдэлтэй байлгахад залуучууд юу хийж болох вэ?

11 Хурлынхаа төлөө олон жил нөр их хөдөлмөрлөж ирсэн туршлагатай ахлагчид өдий төдий бий. Нас нь өтлөөд өмнө нь хийдэг байсан зүйлээ хийж чадахаа больдог учраас янз бүрийн өөрчлөлт хийх шаардлага гардаг. Тиймээс залуу эрчүүдийн тус нэмэр их ээ. Тэднийг сургавал илүү хариуцлагатай үүрэг хүлээх чадвартай болно. Туслах үйлчлэгчид ахлагч болох шаардлага хангавал хэчнээн сайн бэ! (1 Тим. 3:1, 10). Дүүргийн  харгалзагч болоод олон хуралд очиж итгэл нэгтнүүддээ тус дэм болдог залуу ахлагчид ч бий. Ах дүүсийнхээ төлөө бүхнээ зориулдаг залуучууддаа талархъя (Дуулал 110:3; Номлогчийн үгс 12:1-ийг уншина уу).

ГЭР БҮЛДЭЭ

12, 13. Гэр бүлээрээ нэг баг мэт хамтран ажилладаг байхын тулд яах хэрэгтэй вэ?

12 Гэр бүлээрээ нэг баг мэт хамтран ажилладаг байхын тулд яах хэрэгтэй вэ? Гэр бүлийн хичээлээ тогтмол, үр өгөөжтэй хийх хэрэгтэй. Энэ үеэр Еховагийн тухай сурч мэддэг учраас эцэг эх, хүүхдүүд улам дотносож, нэг нэгнээ илүү их хайрладаг болдог. Мөн дэлгэрүүлэхдээ юу гэж ярихаа бэлдэн дасгал сургууль хийдэг бол илүү чадварлаг, үр өгөөжтэй дэлгэрүүлдэг болно. Библиэс юу сурснаа ярилцаж, Ехова Бурхнаа хайрлаж байгааг нь ажиглаж, хүсэл таалалд нь нийцүүлэхийг хичээж байгааг нь хараад гэр бүлийн гишүүд бие биетэйгээ улам дотносдог.

Бие биетэйгээ дотносоход Гэр бүлийн хичээл тустай (12, 15-р догол мөрийг үзнэ үү)

13 Гэр бүлийн хоёр Ехова Бурхнаа нэгэн дуу хоолойгоор алдаршуулдаг байхын тулд яах хэрэгтэй вэ? Хоёулаа Еховад хайртай бол аз жаргалтай, эв түнжинтэй байна. Түүнчлэн Абрахам Сара, Исаак Ребека, Елкана Ханна нарын адилаар бие биеэ хайрлаж энхрийлдэг байх ёстой (Эх. 26:8; 1 Сам. 1:5, 8; 1 Петр 3:5, 6). Ингэдэг бол нэг нэгэнтэйгээ ч, тэнгэрийн Эцэгтэйгээ ч дотносно (Номлогчийн үгс 4:12-ыг уншина уу).

14. Хань тань Еховад үйлчилдэггүй бол гэр бүлээ бат бөх байлгахын тулд та юу хийх хэрэгтэй вэ?

14 Гэрч хүн Еховаг шүтдэггүй хүнтэй гэрлэх ёсгүй (2 Кор. 6:14). Тэгвэл шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлтэй Гэрчүүдийг юу гэх вэ? Тэд гэр бүлтэй болсон хойноо үнэний зам дээр гарсан. Хэдийгээр нөхөр юм уу эхнэр нь Гэрч болоогүй ч Библийн зарчмыг ажил хэрэг болгодог бол гэр бүлээ эв нэгдэлтэй байлгахад хувь нэмэр оруулна. Ингэхийн тулд итгэл үнэмшлээсээ няцахгүйгээр, боломжийнхоо хэрээр хамтран ажиллах нь чухал. Энэ нь амаргүй боловч хожим нь ямар сайн үр дүнд хүрч болохыг бодоорой. Хань нь Еховагаас хөндийрсөн үед Библийн зарчмыг дагах тийм ч амархан биш. Мэри гэдэг Гэрч эмэгтэйд ийм явдал тохиолджээ. Нөхөр Дэйвидтэйгээ хамт Еховад үйлчилж байсан ч 25 жилийн өмнө нөхөр нь цуглаанд явахаа больжээ. Мэри цуглаан, чуулгандаа явж, Библийн зарчмыг гэртээ хэрэгжүүлж, зургаан хүүхдэдээ Еховагийн тухай зааж сургасаар байлаа. Хүүхдүүд нь том болж тусдаа гарцгаахад Мэри маш их ганцаарджээ. Тэгтэл Дэйвид Мэригийн үлдээсэн сэтгүүлүүдийг уншдаг болов. Яваандаа цуглаанд очдог болжээ. Зургаан настай ач хүү нь өвөөдөө суудал авдаг байв. Дэйвидийг ирээгүй өдөр ач хүү нь: «Өвөө, би таныг өнөөдөр цуглаан дээр санасан шүү» гэдэг байжээ. Одоо Дэйвид эхнэртэйгээ хамт Еховад дахин баяр хөөртэй үйлчилж байна.

15. Настай хосууд залуу хосуудад хэрхэн туслах вэ?

15 Сатан өнөөдөр гэр бүлүүд рүү дайрч байна. Тиймээс Еховад үйлчилдэг нөхөр эхнэрүүд нэг баг мэт хамтран ажиллах нь туйлын чухал. Хамт амьдраад хэдэн жил ч болсон  бай, гэр бүлээ бат бөх байлгахын тулд үг яриа, үйл хэргээ бодож байгаарай. Хэрэв та хоёр гэрлээд олон жил болсон бол хурлынхаа залуу хосуудад сайхан жишээ үзүүлээрэй. Гэр бүлийн хичээлдээ уриарай. Тэгвэл залуу хосууд та хоёрыг бие биеэ хэрхэн хайрлан энхрийлж, эв найртай байгааг харна (Тит 2:3–7).

«ЭЗЭНИЙ УУЛ УРУУ ... ЯВЦГААЯ»

16, 17. Бурхны ард түмэн юуг тэсэн ядан хүлээж байгаа вэ?

16 Эртний израильчууд Иерусалимын сүмд баяр тэмдэглэхээр ирэхийн тулд аялалд бэлтгэж, хамт аялж, бие биедээ тусалдаг байв. Эв нэгдэлтэйгээр хамтран ажиллаж байж энэ бүхнийг хийдэг байжээ (Лук 2:41–44). Шинэ ертөнц рүү аялж яваа бид бас эв нэгдэлтэй байж, мөр зэрэгцэн хамтран ажиллах ёстой. Ингэхийн тулд байнга хичээх учиртай. Та яадаг вэ?

17 Исаиа Мика нарын зөгнөсөн ёсоор одоо Бурхны ард түмэн «ЭЗЭНий уул уруу» эв нэгдэлтэйгээр явж байна (Ис. 2:2–4; Мика 4:2–4-ийг уншина уу). «Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь ... толгодын дээгүүр өргөгдөх» буюу жинхэнэ шүтлэг улам тодорч байна. Биднийг ямар сайхан ирээдүй хүлээж байгааг бод доо. Өнөөгийн тогтолцооны онцлог болсон хэрүүл маргаан, хагарал мөргөлдөөн, санал зөрөлдөөн ул болсон байна. Хүн төрөлхтөн эв нэгдэлтэйгээр хамтран ажиллах тэр цагт аз жаргал, баяр баясгалангаар бялхах нь лавтай!