Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 3 сар 

Охид хөвгүүд ээ! Баптисм хүртэхэд бэлэн үү?

Охид хөвгүүд ээ! Баптисм хүртэхэд бэлэн үү?

«Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, эхлээд үүнийг дуусгах хангалттай хөрөнгөтэй юу гэдгээ үзэхийн тулд суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ?» (ЛУК 14:28).

ДУУ: 120, 34

Энэ хоёр өгүүллийг баптисм хүртэх бодолтой охид хөвгүүдэд зориуллаа

1, 2. а) Бурхны ард түмэн өнөөдөр юунд баярладаг вэ? б) Гэрч эцэг эхчүүд болон ахлагчид баптисмын утга учрыг хүүхдэд ойлгуулахын тулд яах хэрэгтэй вэ?

«БИ ЧАМАЙГ төрсөн цагаас чинь л мэднэ. Баптисм хүртэхийг хүсэж байгааг чинь сонсоод их баяртай байна» гэж нэг ахлагч 12 настай Кристофер хүүд хэлээд «Харин одоо нэг юм асууя. “Чи яагаад баптисм хүртмээр байна вэ?”» гэжээ. Ингэж асуусан нь санамсаргүй хэрэг биш байв. Дэлхий даяар жил бүр хэдэн мянган охид хөвгүүд баптисм хүртэж байгааг хараад бид бүгдээрээ баярладаг (Ном. 12:1). Үүний зэрэгцээ тэд ийм шийдвэрийг өөрсдөө хүсээд, ул суурьтай бодоод гаргасан эсэхийг Гэрч эцэг эхчүүд болон ахлагчид мэдэхийг хүсдэг.

 2 Бурханд өөрийгөө зориулах, баптисм хүртэх гэдэг хоёр алхам бол Гэрч хүний амьдралын эхлэл гэдгийг Библид бичсэн байдаг. Гэрч хүн амьдралынхаа туршид Еховагийн ивээлийг ч хүртдэг, Сатаны эсэргүүцэлтэй ч тулгардаг (Сур. 10:22; 1 Петр 5:8). Тийм учраас эцэг эх нь хүүхдэдээ зав гарган Христийн дагалдагч байна гэж яахыг хэлдгийг зааж өгөх шаардлагатай. Эцэг эх нь Гэрч биш бол ахлагчид тэр хүүхдэд заах нь зүйтэй (Лук 14:27–30-ийг уншина уу). Сайн барилга барихад төлөвлөгөө гаргадаг шиг Еховад «эцсээ хүртэл» үнэнч үйлчлэхийн тулд урьдчилж бэлдэх хэрэгтэй (Мат. 24:13). Насан туршдаа Еховад үйлчилье гэвэл охид хөвгүүд юу хийх шаардлагатай вэ?

3. а) Есүс Петр нарын бичсэн үгнээс харвал баптисм хүртэх нь хэр чухал бэ? (Мат. 28:19, 20; 1 Петр 3:21). б) Ямар асуултыг авч үзэх вэ? Яагаад?

3 Чи баптисм хүртэх тухай бодож байна уу? Сайн байна! Баптисм хүртээд Еховагийн Гэрч болно гэдэг бол агуу завшаан юм. Түүнээс гадна Гэрч болъё гэвэл заавал баптисм хүртэх ёстой. Энэ бол аврагдахад шаардлагатай нэг чухал алхам (Мат. 28:19, 20; 1 Петр 3:21). Чи Еховад амлалт өгөөд, түүндээ хүрэхийг зорих нь ойлгомжтой. Үүний тулд энэ чухал алхмыг хийхээсээ өмнө бэлдэх хэрэгтэй. Баптисм хүртэхэд бэлэн эсэхээ мэдэхэд дараах гурван асуулт чамд тус болно. 1) Би шийдвэр гаргах хэмжээнд хүрсэн үү? 2) Баптисм хүртэхийг үнэхээр хүсэж байна уу? 3) Еховад өөрийгөө зориулна гэж юу гэсэн үг болохыг ойлгож байна уу? Эдгээр асуултыг ярилцъя.

ШИЙДВЭР ГАРГАХ ХЭМЖЭЭНД ХҮРСЭН ҮҮ?

4, 5. а) Зөвхөн том хүмүүс л баптисм хүртдэг үү? б) Төлөвшинө гэж яахыг хэлдэг вэ?

4 Баптисм хүртэхийн тулд хуулийн насанд хүрсэн байх ёстой эсвэл том хүн л баптисм хүртэнэ гэж Библид бичээгүй. Жаахан хүүхэд хүртэл цэвэр  ариун, үнэнч шударгаар биеэ авч явдаг эсэх нь үйл хэргээс нь харагддаг гэж Сургаалт үгс 20:11-д байдаг. Зөв юм хийнэ гэж яахыг хэлдэг, Бүтээгчдээ өөрийгөө зориулна гэж юу гэсэн үг болохыг хүүхэд ч ойлгож чаддаг байх нь ээ. Тиймээс тодорхой хэмжээгээр төлөвшсөн, Еховад өөрийгөө зориулсан бол тухайн хүүхдийн хувьд баптисм хүртэх нь зөв бөгөөд маш чухал алхам юм (Сур. 20:7).

5 Төлөвшинө гэж яахыг хэлдэг вэ? Бие нь өсөж том болохыг л хэлдэг юм биш ээ. Төлөвшсөн хүмүүс «дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ» гэж Библид байдаг (Евр. 5:14). Тэгэхлээр төлөвшсөн хүмүүс Еховагийн хувьд юу нь зөв болохыг мэддэг бөгөөд тэр мэдлэгийнхээ дагуу амьдрахаар эргэлт буцалтгүй шийдсэн байдаг. Тийм болохоор тэд буруу юманд уруу татагддаггүй, бас зөв юмыг шахуулж шаардуулж байж хийдэггүй. Тухайн хүүхэд баптисм хүртсэн бол эцэг эх нь юм уу том хүн дэргэд нь байхгүй байлаа ч Бурхны тогтоосон хэм хэмжээг заавал баримтлах ёстой (Филиппой 2:12-той харьцуулна уу).

6, 7. а) Вавилонд байхад нь Даниелд ямар асуудал тулгарсан бэ? б) Даниел төлөвшсөн байсан нь юунаас харагддаг вэ?

6 Хүн бага залуу насандаа төлөвшиж чадах уу? Библид гардаг Даниелын жишээг авч үзье. Өсвөр насанд нь түүнийг вавилончууд олзлон эцэг эхээс нь хүчээр салган авч явжээ. Нэг л мэдэхэд Даниел зөв буруугийн талаар тэс өөр үзэл бодолтой хүмүүсийн дунд орж явчихав. Бас нэг ярвигтай асуудал нь вавилончууд түүнд тусгай хүн мэт хандаж байлаа. Хааны өмнө зогсохоор шилэгдсэн залуучуудын нэг нь байсан болохоор тэр юм (Дан. 1:3–5, 13). Израильд хэзээ ч олж авч чадахааргүй боломж завшаан түүнд олдсон гэлтэй.

7 Залуу Даниел энэ бүхнийг хэрхэн хүлээж авсан бэ? Вавилоны баян тансаг, дур булаам байдалд татагдсан уу? Шинэ орчинд ороод хүнээ алдаж, итгэлээ гээсэн үү? Огтхон ч үгүй! Даниел Вавилонд байх хугацаандаа хуурамч шашинтай холбоотой ямар ч зүйлээр «биеэ бузарлахгүй гэж ... сэтгэлдээ шийдэв» хэмээн Библид бичжээ (Дан. 1:8). Аргагүй л төлөвшсөн байгаа биз?

Төлөвшсөн охид хөвгүүд Хаанчлалын танхимд Бурхны найз шиг, сургууль дээрээ ертөнцийн найз шиг байдаггүй (8-р догол мөрийг үзнэ үү)

8. Даниелын жишээнээс чи юу ойлгосон бэ?

8 Даниелын жишээнээс чи юу ойлгосон бэ? Хэрэв хүн төлөвшсөн бол итгэл үнэмшлээсээ ухарч няцахгүй. Орчиндоо тохируулан өнгөө хувиргадаг хамелеон шиг аягладаггүй. Хаанчлалын танхимд Бурхны найз шиг, сургууль дээрээ ертөнцийн найз шиг байдаггүй. Итгэл сорьсон хэцүү үед «энд тэнд шидэгдэлгүй» тууштай байдаг (Ефес 4:14, 15-ыг уншина уу).

9, 10. а) Итгэл сорьсон хэцүү асуудал тулгарахад чи яасан бэ? Энэ тухайгаа эргэцүүлэн бодох нь ямар ач тустай вэ? б) Баптисм хүртэнэ гэж яахыг хэлдэг вэ?

9 Төгс хүн гэж байхгүй болохоор том хүн ч, хүүхэд ч хааяа алдаа гаргадаг нь үнэн (Ном. 7:20). Гэхдээ л чи баптисм хүртэх тухай бодож байгаа бол Еховагийн тогтоосон хэм хэмжээг баримтлахаар эргэлт буцалтгүй шийдсэн эсэхээ сайтар нягтлаарай. Яаж нягтлах вэ? «Би өнөөдрийг хүртэл Библийн зарчмыг баримталсаар ирсэн үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Сүүлийн үед итгэл сорьсон ямар асуудал тулгарсныг, тэр үед яаснаа бодоорой. Зөв бурууг ялгах чадвартай байна гэж өөрийгөө дүгнэсэн үү? Вавилончууд Даниелд тусгай хүн гэж хандаж байсан шиг хүмүүс чамд тэгж хандвал яах вэ? Еховагийн  хүсэл, чиний дурлаад байгаа зүйл хоёр зөрчилдвөл «Эзэний хүсэл юу болохыг ухаарч» чадах уу? (Еф. 5:17).

10 Өөрөөсөө ингэж асуух нь яагаад чухал бэ? Баптисмын талаар зөв үзэлтэй байхад чинь тустай. Баптисм бол Еховад амласнаа олон нийтэд харуулж байгаа хэрэг гэдгийг дээр ярьсан. Юу гэж амладаг вэ? Еховаг хайрлахаа, түүнд бүх зүрхээрээ үүрд мөнх үйлчлэхээ амладаг (Марк 12:30). Баптисм хүртэж байгаа хүн бүр амласан ёсоороо амьдрахаар хатуу шийдсэн байх ёстой (Номлогчийн үгс 5:4, 5-ыг уншина уу).

ЧИ ӨӨРӨӨ ХҮССЭН ҮҮ?

11, 12. а) Баптисм хүртэх тухай бодож байгаа бол юуг магадлах хэрэгтэй вэ? б) Баптисмын талаар зөв үзэлтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?

11 Еховагийн үйлчлэгчид, түүний дотор охид хөвгүүд «сайн дураараа үйлчлэх болно» гэж Библид бий (Дуу. 110:3). Хэрэв чи баптисм хүртэхийг бодож байгаа бол чин сэтгэлээсээ хүсэж байгаа эсэхээ мэдэхийн тулд өөрийгөө шалгаарай. Яагаад? Хүүхэд бүр харилцан адилгүй нөхцөлд өсдөг. Жишээ нь чи Гэрч эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжиж байж болох юм.

12 Үе тэнгийн чинь хүүхдүүд, ах эгч чинь гээд янз бүрийн хүмүүс баптисм хүртэхийг чи багаасаа харсан байх. Хэрэв тийм бол баптисмын талаар буруу бодолтой болохоос болгоомжлоорой. Хүүхэд бүхэн эрт орой хэзээ боловч цаг нь болохоор баптисм хүртэж л таарна гэж үзэх нь аюултай. Баптисмын талаар зөв үзэлтэй байхын тулд яах хэрэгтэй вэ? Баптисм хүртэх нь яагаад чухал бэ гэж үе үе бодож байгаарай. Хэд хэдэн шалтгаан байдгийг энэ болон дараагийн өгүүллээс мэдэж аваарай.

13. Баптисм хүртэхийг үнэхээр хүсэж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

13 Баптисм хүртэхийг үнэхээр хүсэж байна уу, үгүй юү гэдгээ мэдэх олон арга бий. Жишээ нь, Еховад үйлчлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг чинь чиний залбирлаас харагдана. Хэдийчинээ олон дахин, тодорхой залбирна, Еховатай төдийчинээ дотно байна гэсэн үг (Дуу. 25:4). Залбирлынхаа хариуг авах нэг сайн арга бол Еховагийн Үгийг анхаарах юм. Тиймээс Библийг нямбай судалдаг бол Еховатай дотно болохыг, чин сэтгэлээсээ үйлчлэхийг үнэхээр хүсдэгийн шинж болно (Иош. 1:8). Өөрөөсөө ингэж асуугаарай. «Би хэр тодорхой залбирдаг вэ? Библийг хэр тогтмол судалдаг вэ?». Хэрэв танайх Гэр бүлийн Библийн хичээл хийдэг бол «Би Гэр бүлийн хичээлд оролцох дуртай бил үү?» гэж бодож үзээрэй. Баптисм хүртэхийг үнэхээр хүсээд байна уу, үгүй юү гэдгээ ойлгоход чинь эдгээр асуулт тус болно.

ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛНА ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?

14. Өөрийгөө зориулах, баптисм хүртэх хоёрын ялгааг хэлнэ үү.

14 Өөрийгөө зориулах, баптисм хүртэхийн ялгааг ойлгодоггүй хүмүүс бий. Жишээ нь зарим хүүхэд Еховад өөрийгөө зориулсан гэдэг ч баптисм хүртэхэд бэлэн биш гэж хэлдэг. Ийм юм байж болох уу даа? Өөрийгөө зориулах гэдэг нь «Би танд үүрд үйлчилнэ» гэж Еховад хувьчлан хэлж байна гэсэн үг. Баптисм хүртэж байгаа хүнийг бусад нь хараад Еховад өөрийгөө зориулсныг нь мэддэг. Тийм учраас баптисм хүртэнэ гэдэг бол Еховад аль хэдийн хувьчлан залбираад өөрийгөө зориулчихсан гэдгээ олон нийтэд мэдэгдэж байгаа хэрэг юм.  Өөрийгөө зориулах гэж юу гэсэн үг болохыг баптисм хүртэхээсээ өмнө ойлгож аваарай.

15. Өөрийгөө зориулна гэдгийг энгийнээр юу гэж тайлбарлах вэ?

15 Энгийнээр хэлбэл Еховад өөрийгөө зориулж байна гэдэг нь өөрийнхөө хүслээр явахаа болино гэсэн үг. Чиний амьдралд юу ч тохиолдсон Еховагийн хүслийг л эн тэргүүнд тавина гэж амлаж байгаа хэрэг юм (Матай 16:24-ийг уншина уу). Бид хүмүүст амлалт өгөхдөө хөнгөн хуумгай ханддаггүй. Тэгвэл Ехова Бурханд амлахдаа бүр ч нухацтай хандах учиртай! (Мат. 5:33). Өөрийгөө үгүйсгээд, одоо Еховагийнх болсон гэдгээ хэрхэн харуулах вэ? (Ром 14:8).

16, 17. а) Өөрийгөө үгүйсгэнэ гэж яахыг хэлдэг вэ? б) Хүн Еховад өөрийгөө зориулахдаа юу гэж хэлдэг вэ?

16 Найз чинь чамд машин бэлэглэлээ гэж бодъё. «Энэ машин чинийх» гэсэн бичиг дагалдуулжээ. Тэгсэн хэр нь «Би түлхүүрийг нь авлаа. Тэгээд машинаа чи биш, би жолоодно» гэж нэмж хэллээ. Тэр машиныг чи бэлэг гэж бодох уу? Машин өгсөн найзыгаа юу гэж бодох вэ?

17 «Би танд амь амьдралаа зориулъя. Одоо би таных» гэж амласан хүнээс Ехова юу хүсдэгийг бодъё. Хэрэв тэр хүн Гэрч биш хүнтэй нууцаар үерхэх зэргээр хоёр нүүр гаргадаг болбол яах вэ? Дэлгэрүүлэх, цуглаанд явахад саад болдог ажилд орвол яах вэ? Машины түлхүүрийг өөртөө үлдээж байгаатай адилхан биш гэж үү? Еховад өөрийгөө зориулж байгаа хүн үнэн хэрэгтээ «Миний амь амьдрал одоо минийх биш, таных боллоо. Хэрвээ миний хүсэж байгаа зүйл таны хүсэл таалалтай зөрчилдвөл би таны хүслийг л илүү чухалд үзнэ» гэж хэлж байна гэсэн үг. Есүс яг ийм үзэлтэй байсан учраас «Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм» гэжээ (Иох. 6:38).

18, 19. а) Баптисм хүртэх нь хосгүй завшаан гэдгийг Роуз Кристофер хоёр хэрхэн баталж байна вэ? б) Баптисм хүртэх нь хосгүй завшаан гэж чамд санагддаг уу? Яагаад?

18 Баптисм хүртэх гэдэг нь хөнгөн хуумгай хандаж болохгүй, сайтар бодож байж шийдэх ёстой алхам байх нь ээ. Үүний зэрэгцээ өөрийгөө зориулж, баптисм хүртэх нь агуу завшаан юм. Еховаг хайрладаг, өөрийгөө зориулах гэж юу гэсэн үг болохыг ойлгодог охид хөвгүүд баптисм хүртэхээс хойш суудаггүй. Бас ийм шийдвэр гаргасандаа хэзээ ч харамсдаггүй. Роуз гэдэг охин: «Би Еховад хайртай. Намайг хамгийн их жаргалтай болгодог зүйл бол Еховад үйлчлэх. Баптисм хүртэх шийдвэр гаргасандаа би харамсаж байгаагүй. Энэ бол миний гаргасан хамгийн зөв шийдвэр» гэж ярьсан юм.

19 Өгүүллийн эхэнд гарсан Кристофер яасан бол? 12 настайдаа баптисм хүртэхээр шийдсэн нь зөв байсан уу? Еховад өөрийгөө зориулсан, баптисм хүртсэн тэр үеэ эргэн дурсахлаар Кристоферт сайхан санагддаг ажээ. Тэр 17-тойдоо байнгын эхлэгч болж, 18-тайдаа туслах үйлчлэгчээр томилогдож, одоо Бетелд үйлчилж байна. Кристофер: «Баптисм хүртэхээр шийдсэн маань зөв байсан. Би Еховагийн төлөө, байгууллагынх нь төлөө ажиллаж байгаадаа сэтгэл дүүрэн байдаг» гэжээ. Чи баптисм хүртэх талаар бодож байна уу? Тэгвэл энэ алхмыг хийхэд бэлэн болохын тулд яах хэрэгтэй вэ? Дараагийн өгүүллээр энэ тухай ярилцъя.