Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 3 сар 

Охид хөвгүүд ээ! Баптисм хүртэхэд хэрхэн бэлдэх вэ?

Охид хөвгүүд ээ! Баптисм хүртэхэд хэрхэн бэлдэх вэ?

«Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм» (ДУУ. 40:8).

ДУУ: 51, 48

1, 2. а) Баптисм хүртэх нь яагаад туйлын хариуцлагатай алхам бэ? б) Хүн баптисм хүртэхээсээ өмнө юу ойлгосон байх ёстой вэ?

ЧИ БАПТИСМ хүртэхийг бодож байна уу? Тийм бол хүнд олдож болох хамгийн агуу завшааныг эдлэх гэж байна. Гэхдээ өмнөх өгүүлэлд ярилцсанаар туйлын хариуцлагатай алхам хийх гэж байна. Яагаад? Баптисм хүртэх гэдэг нь Еховад өөрийгөө зориулснаа батлан харуулж байгаа хэрэг юм. Өөрийгөө зориулах гэдэг нь Еховад үүрд мөнх үйлчилж, хүсэл тааллыг нь эн тэргүүнд тавьж явахаа амлана гэсэн үг. Тэгэхлээр баптисм хүртэх шаардлага хангасан, чин сэтгэлээсээ хүссэн, Еховад өөрийгөө зориулахын утга учрыг ойлгосон хүн л баптисм хүртэх ёстой.

2 Баптисм хүртэх болоогүй юм шиг санагдвал яах вэ? Эсвэл чи баптисм хүртэхийг хүсэж байгаа ч эцэг эх чинь чамайг туршлагатай болтлоо хүлээ гэвэл яах вэ? Бүү шантраарай. Харин ч энэ боломжийг ашиглаад ахиж дэвшээрэй. Тэгвэл чи баптисм хүртэх шаардлага хангана. Үүнийг санаад 1) үнэнийг өөрийн болгох, 2) итгэлээ үйлсээрээ  харуулах, 3) Еховад талархдаг болох гэсэн гурван зорилго тавиарай.

ҮНЭНИЙГ ӨӨРИЙН БОЛГООРОЙ

3, 4. Тимотын жишээнээс охид хөвгүүд юу сурах хэрэгтэй вэ?

3 Дараах асуултад хэрхэн хариулахаа бодоорой. «Бурхан байдаг гэдэгт чи яагаад итгэдэг вэ? Библийг Бурхан бичүүлсэн гэдэгт чи яагаад итгэдэг вэ? Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах нь ертөнцийнхний хэв маягаар амьдрахаас илүү дээр гэж чи яагаад боддог вэ?». Чамд эргэлзээ төрүүлэхийн тулд эдгээр асуултыг асуусан юм биш ээ. Харин элч Паулын зөвлөгөөг дагахад тус болох зорилготой юм. «Бурханы ... сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг [өөртөө] батлагтун» гэж Паул зөвлөсөн (Ром 12:2). Гэрч хүн үнэнийг мэддэг мөртлөө яагаад өөртөө батлах шаардлагатай вэ?

4 Тимотын жишээ чамд тус болно. Тимот Судрыг сайн мэддэг байсан. Бүр бага байхаасаа ээж эмээ хоёроороо заалгажээ. Гэсэн хэдий ч Паул Тимотод «Юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай» хэмээн зөвлөсөн (2 Тим. 3:14, 15). «Итгэсэн» гэж орчуулсан грек үг нь «ямар нэгэн зүйлд үнэмших, үнэн гэж итгэх» гэсэн утгатай. Тимот үнэнийг өөрийн болгожээ. Ээж эмээ хоёрынхоо заасныг үг дуугүй дагаагүй, харин сурч мэдсэнээ өөрөө эргэцүүлэн бодоод, түүнийгээ үнэн гэж өөртөө баталсан.

5, 6. Багаасаа эргэцүүлэн бодож сурах нь яагаад чухал бэ?

5 Чи Библийн үнэнийг багаасаа заалгасан байж болох юм. Тийм бол яагаад итгэдгээ сайтар шалгах зорилго тавивал ямар вэ? Ингэвэл итгэл чинь бэхжиж, үе тэнгийнхний дарамт шахалт, Сатаны худал сургаалд автахгүй, буруу бодолдоо хууртахгүй.

6 Аль болох эртнээс эргэцүүлэн бодож сурвал үеийнхээ хүүхдүүдийн асуултад зөв хариулж чадна. Жишээлбэл, «Бурхан байдаг гэдгийг чи яаж мэдэж байгаа юм бэ? Бурхан бидэнд хайртай юм бол муу муухай юмыг яагаад байлгаад байгаа юм бэ? Бурхан үргэлж байсаар ирсэн гэдгийг юу баталж байгаа юм бэ?» гэж асууж болох юм. Хэрэв чи иймэрхүү асуултад хариулахад бэлэн байвал итгэл чинь улам бэхэжнэ, бие даан судлах хүсэл чинь оргилно.

7-9. «Библид юуны тухай байдаг вэ?» буланд нийтлэгддэг цуврал материал итгэлээ бэхжүүлэхэд чинь хэрхэн туслах вэ?

7 Библийг нямбай судалбал хүмүүсийн асуултад хариулж, эргэлзсэн бодлоосоо салж, итгэл чинь бэхэжнэ (Үйлс 17:11). Чамд тус болох янз бүрийн өгүүлэл «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтлэгдсэн. Жишээлбэл, 2004 оны 6 дугаар сарын 1-ний дугаарт гарсан «Бүтээл нь Бурхны сүр жавхланг тунхагладаг!», 2013 оны 10 дугаар сарын 15-ны дугаарт гарсан «Амьд Бурхныг бүтээл нь илчилдэг» гэсэн өгүүлэл олон хүнд ач тусаа өгч байна. Түүнээс гадна jw.org сайтын БИБЛИЙН СУРГААЛ гэдэг хуудаснаас «Библид юуны тухай байдаг вэ?» буланг олон хүүхэд унших дуртай. Судлахад зориулсан энэхүү цуврал материал Библийн сургаалд итгүүлэх зорилготой.

8 Чи Библийг сайн мэддэг учраас энэ цуврал материалд гарч буй асуултуудад шууд хариулах байх. Гэхдээ хариулсан зүйлдээ үнэхээр итгэдэг үү? Эдгээр материал чамд Библийн зүйлүүдийг уншуулж эргэцүүлэн бодуулна. Юу бодсоноо доорх зайнд нь  бичиж болно. Ингэвэл итгэл үнэмшлээ бусдад хэрхэн тайлбарлахаа мэдэж авна. Манай сайтын «Библид юуны тухай байдаг вэ?» булан итгэлээ бэхжүүлэхэд нь олон хүүхдэд тус болж байна. Чи ч гэсэн энэ материалыг татаж аваад бие даан судалж болно шүү дээ.

9 Ийнхүү итгэлээ батжуулбал баптисм хүртэхэд өөрийгөө бэлдэж байна гэсэн үг. Өсвөр насны нэгэн Гэрч охин: «Би баптисм хүртэхээсээ өмнө Библийг сайн судлаад, энэ бол жинхэнэ шашин гэдэгт итгэсэн. Тэгээд сурсан зүйлээ өдөр бүр хэрэгжүүлэхийн хэрээр итгэл маань бат болсон» гэж ярьжээ.

ҮЙЛСЭЭРЭЭ ХАРУУЛААРАЙ

10. Баптисм хүртсэн хүн итгэлээ яагаад үйлсээрээ харуулах ёстой вэ?

10 «Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм» гэж Библид байдаг (Иак. 2:17). Чи гуйвшгүй итгэлтэй бол түүнийгээ үйлсээрээ харуулах ёстой. Ямар үйлс хийх вэ? «Биеэ ариунаар авч яван, Бурханд үнэнч бай» гэж Библид бичжээ (2 Пе. 3:11, ШЕ).

11. «Биеэ ариунаар авч явна» гэж яахыг хэлдэг вэ?

11 «Биеэ ариунаар авч явах» гэдэг нь ёс суртахууны хувьд цэвэр ариун байна гэсэн үг. Чи өнгөрсөн зургаан сарын турш биеэ хэрхэн авч явснаа бод доо. Сорилт тулгарахад «сайн мууг ялгах» чадвараа яаж ашигласан бэ? (Евр. 5:14). Хорхой хүргэм зүйл, үе тэнгийнхний дарамт шахалтыг тэвчсэн тохиолдлоо санаж байна уу? Сургуулийнхаа хүүхдүүдэд сайн жишээ үзүүлдэг үү? Еховагийн талд бат зогсдог уу? Эсвэл шоолуулахаасаа айгаад ангийнхаа хүүхдүүдтэй адилхан байхыг хичээдэг үү? (1 Петр 4:3, 4). Төгс хүн нэг ч байхгүй нь үнэн. Еховад олон жил үйлчилж байгаа хүн ч итгэл үнэмшлээ хүмүүсийн өмнө хамгаалахаасаа халгах үе бий. Гэхдээ Еховад өөрийгөө зориулсан хүн нэрээр нь овоглодгоороо бахархдаг бөгөөд үүнийгээ харуулж цэвэр ариун амьдардаг.

12. «Бурханд үнэнч байх» гэдэгт юу орох вэ? Чи тийм үйл хэргийг юу гэж үздэг вэ?

12 Тэгвэл «Бурханд үнэнч байх» гэдэгт юу ордог вэ? Цуглаанд явах, дэлгэрүүлэх зэргээр хурлын үйл ажиллагаанд оролцох, мөн залбирах, бие даан судлах зэрэг бусдад тэр бүр анзаарагддаггүй үйлс хийдэг бол Бурханд үнэнч байна гэсэн үг. Еховад өөрийгөө зориулсан хүн ийм үйл хэргийг дарамт гэж үзэхгүй. Харин ч Давид хаан шиг «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий» гэж хэлнэ (Дуу. 40:8).

13, 14. «Бурханд үнэнч байхад» чинь туслах ямар ном байдаг вэ? Ач тусыг нь хүртсэн залуучууд юу гэж хэлсэн бэ?

13 «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» номын 2 дугаар дэвтрийн 308, 309-р хуудсанд байдаг дасгал ажил зорилго тавихад чинь тус болно. Тэнд «Чи хэр тодорхой залбирдаг вэ? Еховаг хэр зэрэг хайрладаг чинь чиний залбирлаас харагддаг уу?», «Чи ямар сэдвээр бие даан судалдаг вэ?», «Эцэг эх чинь дэлгэрүүлдэггүй байлаа ч чи дэлгэрүүлдэг үү?» гэх зэргийн асуултад хариулж бичих зай бий. Бас залбирал, бие даасан судлал, дэлгэрүүлэх ажилтай холбоотой ямар зорилго тавьснаа бичих зай гаргасан.

14 Баптисм хүртэх тухай бодож байгаа хүүхдүүдэд энэ дасгал ажил их хэрэг болдог. Тилда гэдэг Гэрч охин: «Би зорилго тавихын тулд энэ дасгал ажлыг хийдэг байсан. Нэг нэгээр нь зорилгодоо  хүрсээр байгаад бараг жилийн дараа баптисм хүртэхэд бэлэн болсон» гэжээ. Патрик гэдэг Гэрч залуу: «Би аль хэдийн янз бүрийн зорилго тавьчихсан байсан. Гэхдээ бичээд үзсэн чинь тэр зорилгодоо хүрэхийн тулд маш их хичээх хэрэгтэй юм билээ» гэж ярьсан юм.

Эцэг эх чинь Гэрч биш байлаа ч чи Еховад үйлчилсээр байх уу? (15-р догол мөрийг үзнэ үү)

15. Еховад өөрийгөө зориулах эсэхээ хувь хүн яагаад өөрөө шийдэх ёстой вэ?

15 Уг дасгал ажил дээр «Эцэг эх, найз нөхөд чинь үнэнээс холдлоо ч чи Еховад үйлчилсээр байх уу?» гэсэн чухал асуулт бий. Өөрийгөө зориулж, баптисм хүртлээ л бол Ехова та хоёрын хооронд нандин харьцаа тогтлоо гэсэн үг. Тиймээс аав ээж болон бусад хүн юу хийж байгаа нь Ехова та хоёрын харьцаанд нөлөөлөх ёсгүй. Хэрэв чи «биеэ ариунаар авч яван, Бурханд үнэнч байдаг» бол үнэнийг өөрийн болгосон бөгөөд баптисм хүртэхэд бэлэн болж байгаагийн шинж юм.

ЧИ ЕХОВАД ТАЛАРХДАГ УУ?

16, 17. а) Хүн яагаад баптисм хүртэх хүсэлтэй болдог вэ? б) Золиос гэдэг бэлгийг үнэлж эрхэмлэх хэрэгтэйг жишээгээр тайлбарлана уу.

16 Мосегийн хуулийг сайн мэддэг нэг хүн Есүсээс «Агуу тушаал нь аль вэ?» гэж асуудаг. Тэгэхэд нь Есүс: «Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла» хэмээн хариулжээ (Мат. 22:35–37). Христийн дагалдагч хүн юу ч хийсэн Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөх ёстой гэсэн үг. Баптисм хүртэхдээ ч мөн ялгаагүй. Еховаг улам их хайрладаг болох нэг арга нь Еховагийн өгсөн хамгийн агуу бэлэг болох золиосны тухай эргэцүүлэн бодох юм (2 Коринт 5:14, 15; 1 Иохан 4:9, 19-ийг уншина уу). Золиос чамд ямар хамаатайг бодож үзвэл энэ бэлгийг нандигнах хүсэл төрнө.

17 Үүнийг жишээгээр тайлбарлая. Чамайг живж үхдэгийн даваан дээр нэг хүн аварсан гэж бодъё. Чи юу ч болоогүй юм шиг гэртээ харьж, хувцсаа хатаагаад, болсон явдлыг мартчих уу? Яалаа гэж дээ! Тэр хүний ачийг хариулах юм сан гэж бодно. Үнэндээ бол амийг чинь аварсан тэр хүнд чи өртэй шүү дээ! Ехова Есүс хоёрт бид бүр ч их өртэй. Золиос байгаагүй бол нүгэл, үхлийн далайд бүх хүн живэх байсан! Харин Ехова Есүс хоёр хайрын ийм агуу үйлс бүтээсэн учраас бид диваажинд мөнх амьдрах хосгүй ирээдүйтэй болсон.

18, 19. а) Еховагийнх болохоосоо яагаад айх хэрэггүй вэ? б) Еховад үйлчилбэл чиний амьдрал хэрхэн сайжрах вэ?

 18 Чи Еховад талархдаг уу? Хийсэн бүхнийг нь үнэлж эрхэмлэдэг үү? Тийм бол Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх цаг болжээ. Еховад өөрийгөө зориулах гэдэг нь юу ч тохиолдсон хүсэл тааллыг нь эн тэргүүнд тавина гэсэн амлалт гэдгийг бүү мартаарай. Ийм амлалт өгөхөөс айх хэрэг байна уу? Байхгүй. Ехова чамд сайн сайхныг хүсдэг бөгөөд «Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдгийг» хэзээд санаж яваарай (Евр. 11:6). Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртлээ гээд чиний амьдрал дордохгүй. Харин ч бүр сайжирна. Одоо 24-тэй Гэрч залуу бага байхдаа баптисм хүртжээ. Тэр: «Хэрэв би арай том болоод баптисм хүртсэн бол илүү сайн ойлголттой байх байсан биз ээ. Гэхдээ Еховад өөрийгөө зориулах шийдвэрийг эрт гаргасан учраас энэ ертөнцийн янз бүрийн зүйлээс хамгаалагдсан» гэж ярьжээ.

19 Сатан Еховагаас тэс өөр. Амин хувиа л боддог. Бас чамд огтхон ч санаа тавьдаггүй. Өөрийнх нь талд зогсож буй хүмүүсийг шагнах юм түүнд байхгүй. Сатанд сайн мэдээ ч байхгүй, гэрэлт ирээдүй ч байхгүй! Өөртөө байхгүй юмыг чамд өгч чадна гэж үү? Сатаныг сүйрэл хүлээж байна. Тийм учраас түүний өгч чадах юм бол сүйрэл! (Илч. 20:10).

20. Өөрийгөө зориулж, баптисм хүртэх зорилгодоо хүрэхийн тулд охид хөвгүүд юу хийх хэрэгтэй вэ? (Түүнчлэн  «Еховатай дотно болохын тулд» гэсэн гарчигтай хавсралт үзнэ үү).

20 Еховад өөрийгөө зориулах нь хамгийн зөв алхам байх нь ээ. Чи энэ алхмыг хийхэд бэлэн үү? Бэлэн бол бүү хойш суугаарай. Харин хугацаа хэрэгтэй бол энэ өгүүлэлд гарсан зөвлөгөөг дагаад урагшаа яваарай. Паул филиппойчуудад «Бидэнд өгөгдсөн тэр л жишгийн дагуу явсаар байя» хэмээн уриалжээ (Флп. 3:16). Энэ уриалгыг дагавал чи удахгүй Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэнэ.