Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 4 сар 

 НАМТАР

Эгч дүү гэлэнмаа нар Гэрч болсон нь

Эгч дүү гэлэнмаа нар Гэрч болсон нь

«ДАХИЖ надтай битгий яриарай. Шашныхаа тухай ярихыг чинь сонсохгүй. Дотор муухай оргиж байна. Чамайг харахаар нүд хорсож байна» гэж миний эмэгтэй дүү Арасели хашхичив. Энэ үгийг сонсоод ямар хэцүү байснаа одоо хүртэл санадаг юм. Гэхдээ «хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал» гэж Номлогчийн үгс 7:8-д бичсэн нь яахын аргагүй үнэн юм билээ (Фелиса).

Фелиса: Манайхан ах дүү хамаатнаараа их шүтлэгтэй хүмүүс. Нийтдээ 13 хүн католик сүмийн гишүүн, санваартан байсан. Католик шашны сургуульд багшилдаг нагац ахыг маань нас барахад Ромын пап II Иоанн Павел адисалж билээ. Манайх ядуу айл байв. Аав маань төмрийн дархан, ээж маань талбайд ажиллана. Найман хүүхдийн том нь би.

Намайг 12-той байхад Испанид иргэний дайн дэгдлээ. Дайны дараа аавыг маань шоронд хорьчихов. Либерал үзэл нь дарангуйллын засгийн газарт таалагдаагүй юм. Ээж маань гэр бүлээ тэжээх гэж зүдэрч байсан учир нэг найзынхаа зөвлөснөөр Арасели Лаури Рамони гэдэг гурван дүүг маань Билбао хотод байдаг гэлэнмаа нарын хийд рүү явуулав. Тэнд ядаж л өлсөхгүй шүү дээ.

Арасели: Дөнгөж 14, 12, 10-тай хүүхдүүдэд гэрийнхнээсээ хол амьдарна гэдэг ямар хэцүү байсан гэж санана. Бид Билбаод очоод цэвэрлэгээ хийдэг байлаа. Хоёр жилийн дараа гэлэнмаа нар биднийг Зарагозад байдаг, ахмад настнуудыг асардаг том хийд рүү шилжүүлэв. Бид гал тогоо цэвэрлэх ажилтай байлаа. Хүүхдэд ахадсан хүнд ажил байв.

Фелиса: Дүү нарыг маань Зарагозад очсоны дараа ээж болон нутгийн санваартан болох нагац ах маань намайг бас тэнд ажиллуулахаар болов. Намайг сонирхоод байсан нэг хөвгүүнээс холдуулах гэснийх. Би их сүсэгтэй охин  байсан болохоор гэлэнмаа нарын хийдэд хэсэг амьдарна гэж бодохлоор сайхан санагдлаа. Би өдөр бүр Масс (магтаал талархлын мөргөл)-т очно. Бүр үеэл ах шигээ миссионер болох тухай бодож байлаа. Тэр ах маань Африкт миссионер байсан юм.

Зүүн: Испанийн Зарагоза дахь гэлэнмаа нарын хийд Баруун: Накар Колунга Библи

Гадаадад очиж Бурханд үйлчлэх ирмүүн хүслийг маань гэлэнмаа нар дэмжсэнгүй. Хийдийн амьдрал шорон шиг санагдах боллоо. Дараа жил нь би санваартан ахыгаа асрахаар гэр лүүгээ харив. Гэрийн ажил хийхийн хажуугаар орой болгон ахтайгаа хамт Сарнайн эрхин залбирал уншдаг байлаа. Би бас сүмийн цэцэг арчлах, гэлэнмаагийн хувцас өмсөх дуртай байв.

Арасели: Тэр хооронд бидний амьдрал бас өөрчлөгдсөн. Намайг эхний тангаргаа өргөсний дараа гэлэнмаа нар дүү бид гурвыг салгахаар болов. Рамониг Зарагозад үлдээж, Лауриг Валенсиа руу, намайг Мадрид руу явуулав. Би тэнд очоод хоёр дахь тангаргаа өргөсөн. Мадридын хийд оюутнууд, өндөр настнууд, зочин гийчдийг хонуулдаг байсан тул ажил барагдахгүй. Би хийдийн эмнэлэгт ажилладаг байлаа.

Үнэнийг хэлэхэд би гэлэнмаагийн амьдралыг маш сайхнаар төсөөлдөг байсан. Библийг уншиж, ойлгодог болно гэж бодсон. Гэтэл хэн ч Бурхны тухай, Есүсийн тухай ярихгүй, Библи ч уншихгүй. Би зөвхөн латин хэл үзэж, гэгээнтнүүдийн амьдралыг судалж, Мариаг шүтдэг байлаа. Тэгээд л биеийн хүчний хүнд ажилд нухлуулна даа.

Миний санаа зовдог болж, энэ талаараа ахлах гэлэнмаатай ярилцав. Бусдын халаасыг дүүргэх гэж хийдэд ажиллахын оронд гэрийнхэндээ туслахын тулд мөнгө олсон нь дээр гэж бодож байгаагаа хэллээ. Тэгтэл намайг тусгай өрөөнд хорьчихов. Бодлоо өөрчлөөд хийддээ үлдэнэ гэж бодож л дээ.

Хийддээ үлдэхээр шийдсэн эсэхийг мэдэх гэж гэлэнмаа нар намайг гурван удаа сулласан боловч бодлоо өөрчлөөгүйг хараад нэг болзол тавив. «Би Бурханд биш, Сатанд үйлчлэхийг илүүд үзэж байгаа учраас явж байна» гэж бичвэл явуулна гэлээ. Би маш их цочирдлоо. Хийдээс явахыг хэчнээн хүсэж байсан ч тэр болзлыг биелүүлэхээс татгалзав. Эцэст нь би санваартныг дуудуулж, болсон явдлыг ярилаа. Намайг Зарагозын хийд рүү буцах зөвшөөрлийг бишоп (хамба)-оос авч өгөв. Тэнд очоод хэдэн сар болсны дараа гэртээ харихыг маань зөвшөөрлөө. Удалгүй Лаури Рамони хоёр бас хийдээсээ гарсан.

 «ХОРИОТОЙ» НОМ БИДНИЙГ САЛГАСАН НЬ

Фелиса

Фелиса: Дараа нь би гэрлэж Кантабриа хот руу нүүв. Масст тогтмол явдаг хэвээрээ байлаа. Нэг бүтэн сайнд сонин зарлал сонсов. Санваартан: «Энэ номыг харцгаа!» хэмээн их л ууртай хашхирч «Мөнхийн амь руу хөтлөх үнэн» гэдэг номыг заалаа. Тэгээд «Хэрвээ хүн та нарт ийм ном өгвөл надад өгөөрэй. Эсвэл хаяарай» гэв.

Би тэр номыг олж унших юмсан гэж бодов. Тэгтэл хүсэл минь биеллээ. Хэд хоногийн дараа хоёр Гэрч эмэгтэй хаалга тогшиж нөгөө «хориотой» номыг надад өгөв. Би ч авсан өдрөө уншлаа. Гэрчүүдийг дахин ирэхэд нь Библи судлахаар болов.

«Хориотой» ном

Библийн үнэнд сэтгэл минь хөдөллөө. Би угийн л сүсэг бишрэлтэй хүн болохоороо Еховаг чин зүрхнээсээ хайрлаж, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог болов. Ингээд 1973 онд баптисм хүртлээ. Ээж дүү нартаа дэлгэрүүлэх боломж хомс байсан ч чадлынхаа хэрээр ярьдаг байв. Тэд, ялангуяа Арасели намайг маш их эсэргүүцдэг байсныг өгүүллийн эхэнд дурдсан билээ.

Арасели: Хийдэд байх үеийн таагүй дурсамжаасаа болоод би ууртай догшин авиртай болсон. Гэхдээ ням гаргийн Массыг алгасдаггүй байв. Сарнайн эрхин залбирлыг өдөр бүр хэлнэ. Гэхдээ л Библийг ойлгох юмсан гэсэн чин хүсэлтэй байсан тул Бурхнаас тусламж гуйн залбирлаа. Харин Фелиса эгчийг шинээр олж авсан итгэл үнэмшлийнхээ талаар гал цогтой ярихад нь улаан христчин болчихож гэж бодоод, байдгаараа эсэргүүцэж билээ.

Хэдэн жилийн дараа би Мадридад ажил хийхээр буцаж ирээд, дараа нь гэрлэв. Масст тогтмол очдог хүмүүс Шинэ Гэрээний эхний дөрвөн номын сургаалыг ажил хэрэг болгодоггүйг анзаарснаасаа хойш сүмд явахаа болилоо. Гэгээнтнүүд, нүглээ наминчлах, там гээд юунд ч итгэхээ болив. Хиймэл шүтээнүүдээ бүгдийг нь хаясан. Зөв юм хийж байгаа эсэхээ мэдэхээ больж, аргаа барахдаа «Би таны тухай мэдмээр байна. Надад туслаач!» гэж Бурханд залбираад л байв.  Еховагийн Гэрчүүд манайд нэлээд хэдэн удаа ирсэн ч би хаалгаа тайлж өгөөгүй шиг санагдана. Ямар ч шашинд итгэхээ больсон байлаа.

Арасели

Нэг нь Францад, нэг нь Испанид амьдарч байсан Лаури Рамони хоёр 1980-аад оны эхээр Гэрчүүдтэй Библи судалж эхлэв. Би тэр хоёрыг Фелиса шиг толгой нь эргэж дээ л гэж бодсон. Сүүлд би хөрш айлын Анжелинес гэдэг Еховагийн Гэрч эмэгтэйтэй сайн найз боллоо. Намайг Библи судлаач гэж Анжелинес нөхөртэйгөө нийлж байгаад дахин дахин ятгадаг байлаа. Гаднаа юунд ч итгэдэггүй мэт харагдавч дотроо Библийн үнэнээр цангаж явдгийг маань тэр хоёр анзаарчихаж. Би тэдэнд «За яах вэ, судалъя. Гэхдээ би өөрийнхөө л Библиэс үзнэ шүү!» гэлээ. Накар Колунга гэдэг Библийн орчуулгаа хэлсэн хэрэг л дээ.

БИБЛИ БИДНИЙГ НЭГТГЭСЭН НЬ

Фелиса: Намайг 1973 онд баптисм хүртэхэд Кантабриа мужийн нийслэл Сантандер хотод 70 хүрэхгүй Гэрч байсан юм. Их том хэсэгтэй байсан болохоор автобусаар, яваандаа машинаар очиж дэлгэрүүлдэг болсон. Тосгонуудаар явсаар эцэстээ тэндхийн хэдэн зуун тосгоныг гүйцээж билээ.

Надтай Библийн хичээл хийж байсан хүмүүсээс 11 нь баптисм хүртсэн. Ихэнх нь католикчууд байв. Би өмнө нь католик шашны итгэл үнэмшлээ бат баримталдаг хүн байсан болохоор тэднийг ойлгож, тэвчээртэй хандах хэрэгтэйгээ мэддэг байсан. Нэвт шингэсэн үзэл бодол, итгэл үнэмшлээ өөрчлөхөд тэдэнд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Бас үнэнийг ойлгож, зүрх сэтгэлээрээ хүлээж авахад нь Библи болон Еховагийн ариун сүнс тусална гэдгийг ойлгож байлаа (Евр. 4:12). Миний нөхөр Бенвенидо цагдаагийн газар ажилладаг байв. 1979 онд баптисм хүртсэн. Ээж маань Библи судалж эхлээд удалгүй нас барсан.

Арасели: Би Гэрчүүдтэй Библи судалж байхдаа эхэндээ их болгоомжилдог байв. Харин хэдэн долоо хоногийн дараа уур уцаар, хорсол зэвүүцэл алга болсныг анзаарлаа. Гэрчүүд зааж сургадаг зүйлээ ажил хэрэг болгодгийг хараад би үнэхээр биширсэн. Үл итгэх үзэл маань итгэл үнэмшлээр солигдож, би аз жаргалаар бялхдаг болсон. Зарим хөрш маань хүртэл «Арасели, чи энэ замаараа л яваад байгаарай» гэж билээ.

Би: «Баярлалаа, Ехова. Надаас залхаагүйд, бас миний хайгаад байсан Библийн үнэнийг олох боломж өгч байсанд баярлалаа» гэж залбирснаа санадаг юм. Фелиса эгчдээ сэтгэлийг нь шархлуулах үг хэлсэндээ уучлалт гуйсан. Бид өмнө нь маргадаг байсан бол одоо Библийн талаар сонирхолтой яриа өрнүүлдэг болсон. Би 1989 онд 61-тэйдээ баптисм хүртсэн.

Фелиса: Одоо би 91 настай бэлэвсэн эмэгтэй. Өмнөх шигээ хүч тэнхээтэй байхаа больжээ. Гэхдээ өдөр бүр Библиэ уншиж, бие гайгүй бол цуглаандаа явж, дэлгэрүүлэх ажилд чадлынхаа хэрээр оролцдог.

Арасели: Би гэлэнмаа байсан болоод ч тэр үү, санваартан, гэлэнмаа нарт дэлгэрүүлэх дуртай. Тэдэнд хэвлэл их өгдөг, заримдаа сонирхолтой яриа ч өрнүүлдэг. Би нэг санваартан дээр хэдэн удаа очиж дэлгэрүүлсэн юм. Нэг удаа тэр: «Арасели, чиний яриад байгаа бүхэн үнэн. Гэвч би өдий насалчихаад хаачих вэ? Сүсэгтнүүд маань, бас манай гэрийнхэн юу гэх бол?» гэлээ. Би хариуд нь «Тэгвэл Бурхан юу гэх бол?» гэж асуув. Тэр гунигтайгаар толгой дохисон. Гэвч үнэнийг үргэлжлүүлэн хайх зориг нь дутсан юм.

Нөхөр маань надтай хамт цуглаанд явъя гэж анх хэлсэн нь миний амьдралд тохиолдсон баярт мөч юм. Ная гаруй настай байсан хэрнээ тэр цагаас хойш нэг ч удаа цуглаан таслаагүй. Библи судалж, яваандаа баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болсон. Хамт дэлгэрүүлж явсан үеэ дурсахлаар сайхан байдаг. Нөхөр минь баптисм хүртэхээсээ хоёр сарын өмнө нас барсан.

Фелиса: Цагтаа намайг эсэргүүцэж байсан гурван эмэгтэй дүү маань Гэрч болсонд би их баярлаж явдаг. Бид хамт сууж байгаад хайртай Бурхан Еховагийнхаа тухай, Библийн тухай ярилцах хэчнээн дуртай гээч! Ингэж л дүү нартайгаа хамт Еховаг шүтдэг болсон юм даа. *

^ д/м 29 Арасели Фелиса Рамони (87, 91, 83 настай) нар Еховад одоо ч идэвхтэй үйлчилж байна. Лаури Еховад үнэнчээр үйлчилж байгаад 1990 онд нас барсан