Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 12 сар 

Ехова танд нигүүлслээ үзүүлсэн

Ехова танд нигүүлслээ үзүүлсэн

«Нүгэл та нарыг захирахгүй. Яагаад гэвэл, та нар ... нигүүлслийн дор байдаг» (РОМ 6:14).

ДУУ: 2, 29

1, 2. Бид Ром 5:12-ыг яагаад чухал зүйл гэж боддог вэ?

ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДИЙН сайн мэддэг, байнга эш татдаг Библийн зүйлүүдийг жагсааж бичье гэвэл Ром 5:12 жагсаалтын эхэнд бичигдэх биз ээ. «Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ». Энэ зүйлийг та дэлгэрүүлэх ажилдаа хэр их ашигладаг вэ?

2 «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номд дээрх зүйл олон удаа гардаг. Та хүүхэдтэйгээ, суралцагчтайгаа энэ номын 3, 5, 6-р бүлгээс дэлхийн талаарх Бурхны санаа зорилго, золиос, нас барсан хүмүүс ямар байдалтай байдаг тухай ярилцахдаа Ром 5:12-ыг уншдаг нь дамжиггүй. Харин өөртөө хамааруулж боддог уу? Энэ зүйл Еховатай тогтоосон харьцаагаа үнэлж эрхэмлэхэд, таалалд нь нийцэхийг илүү их хичээдэг болоход, гайхалтай ирээдүйгээ харж амьдрахад тусалдаг.

3. Бид ямар гашуун үнэнийг мэддэг вэ?

3 Бүх хүн нүгэлтэй. Үүнийхээ горыг эрт орой хэзээ боловч амсах нь гашуун үнэн. Бид өдөр бүр алдаа гаргадаг. Гэхдээ Бурхан хүнийг тоос шороогоор бүтээснээ санаж,  өршөөл энэрэл үзүүлэхэд бэлэн байдаг (Дуу. 103:13, 14). Есүс шавь нартаа залбирлын жишээ хэлэхдээ «Бидний нүглийг уучлаач» гэж Бурхнаас гуйж байхыг захижээ (Лук 11:2–4). Тийм учраас Бурхан уучилчихаад байхад бид алдаагаа бодоод байх шаардлагагүй. Ехова биднийг хэрхэн уучилдгийг үзье.

БИДНИЙГ ЕХОВА ХЭРХЭН УУЧИЛДАГ ВЭ?

4, 5. а) Ром 5:12-ыг ойлгоход тус болох мэдээлэл хаана байдаг вэ? б) Ром 3:24-т гардаг «нигүүлсэл» гэж юу вэ?

4 Ром 5:12-т бичсэн элч Паулын үгийг ойлгоход тус болох чухал мэдээлэл «Ром» номын бусад бүлэгт, ялангуяа 6 дугаар бүлэгт бий. Ехова биднийг хэрхэн уучилдгийг эндээс ойлгож болно. Гуравдугаар бүлэгт «Бүгд нүгэл үйлдсэн . . . , харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн» гэж байдаг (Ром 3:23, 24). «Нигүүлсэл» гэдгээр Паул юу хэлэх гэсэн юм бол? Нэгэн тайлбар тольд бичсэнээр Паулын хэрэглэсэн грек үг нь «хариу нэхээгүй тус» гэсэн утгатай ажээ.

5 «Бурхан юм уу Христийн талаар ярихдаа үүнийг [грек үгийг] хэрэглэсэн бол хүртэх эрхгүй хүнд өршөөл нигүүлслээ хүртээдгийг нь эсвэл хүнийг аварч, чөлөөлөхийн тулд сайхан сэтгэл гаргадгийг нь голдуу хэлсэн байдаг» гэж судлаач Жон Паркхөөрст бичжээ. Тэгвэл Бурхан биднийг хэрхэн нигүүлсдэг вэ? Бурхны нигүүлсэнгүй сэтгэл бидний ирээдүйд болон Бурхантай тогтоосон харьцаанд яаж нөлөөлдөг вэ? Энэ талаар ярилцъя.

6. Бурхан нигүүлслээ үзүүлснээр бидэнд ямар завшаан олдсон бэ?

6 «Нэг хүн» буюу Адам нүгэл үйлдсэний уршгаар төгс бус бүх хүн нүгэлтэй, үхдэг болсон. Тийм учраас «Ганц хүнээр дамжуулан үхэл нь ноёрхсон» гэж Библид бичжээ. «Бурханы нигүүлсэл» «Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжуулан» илэрхийлэгдсэнийг Паул цааш нь бичсэн байна (Ром 5:12, 15, 17). Хүн төрөлхтөн энэхүү нигүүлслийн үр шимийг хүртдэг. «Ганц Хүний [буюу Есүсийн] дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно». Бурхан нигүүлссэн учраас тэд «Есүс Христээр дамжуулан мөнх» амьдрах боломжтой болсон (Ром 5:19, 21).

7. Бурхан бидэнд золиос өгсөн нь яагаад сайхан сэтгэлийн илрэл гэж хэлж болох вэ?

7 Ехова Хүүгээ золиос болгохоор дэлхий рүү илгээх албагүй байсан. Түүнээс гадна төгс бус, нүгэлтэй хүн төрөлхтөн Ехова Есүс хоёрын өгсөн золиосны ач тусыг хүртэх эрхгүй байсан. Тэгэхлээр биднийг уучилж, мөнх амьдрах боломж олгосон нь үнэхээр л нигүүлсэнгүй, сайхан сэтгэлийн илрэл юм. Бурхныхаа нигүүлсэнгүй сэтгэлийн бэлгийг өндөр үнэлдгээ өдөр тутмын амьдрал дээрээ харуулцгаая.

НИГҮҮЛСЭНГҮЙ БУРХАНДАА ТАЛАРХАХ НЬ

8. Зарим хүн нүгэл үйлдчихээд юу гэж боддог вэ?

8 Бид Адамын төгс бус үр удам учраас алдаа гаргах, муу юм хийх, нүгэл үйлдэх хандлагатай. Гэхдээ «Нүгэл үйлдлээ ч санаа зовох хэрэггүй. Ехова намайг уучилна» гэж бодож хэрхэвч болохгүй. Ингэж боддог бол Бурхны нигүүлслийг буруу ашиглаж байна гэсэн үг. Бурхны зарим үйлчлэгч элч нарыг амьд байхад хүртэл ийм бодолтой байсан нь харамсалтай (Иуда 4-ийг уншина). Бид тийм хүмүүсээс  сэрэмжилж явахгүй бол аажим аажмаар тэдэнтэй адилхан бодолтой болж мэднэ.

9, 10. Паул болон тэр үеийн үйлчлэгчид нүгэл, үхлээс хэрхэн чөлөөлөгдсөн бэ?

9 «Бурхан ойлгоно оо. Миний буруу үйлдлийг тоохгүй өнгөрөөчихнө» гэсэн бодолтой болохоос сэрэмжлэхийг Паул онцгой анхааруулсан. Яагаад? Яагаад гэвэл Христийн дагалдагчид «нүгэлд үхсэн» гэж Паул бичжээ (Ром 6:1, 2-ыг уншина). Энэ нь ямар утгатай вэ?

10 Бурхан золиосны ачаар Паулын болон тэр үеийн үйлчлэгчдийнхээ нүглийг хэлтрүүлж, тэднийг ариун сүнсээрээ тосолж, сүнсэн хөвгүүдээ гэж дуудах болжээ. Хэрэв тэд үргэлж үнэнч байвал тэнгэрт амьдарч, Христтэй хамт удирдах үүрэг хүлээх байв. Тэгвэл тэднийг амьд байсаар атал яагаад «нүгэлд үхсэн» гэсэн бэ? Амьдралынх нь хэв маяг эрс өөрчлөгдсөнийг харуулахын тулд Паул Есүсийн жишээг татжээ. Есүс нас барсныхаа дараа үхэшгүй мөнхийн сүнсэн биетэй болж тэнгэрт амилсан. Цаашид үхэлд захирагдахаа больсон. Христийн тослогдсон дагалдагчид бас адилхан байв. Тэдний амьдрал урьдынх шигээ биш болжээ. Нүгэлт хүсэлдээ захирагдахаа больсон. Тийм учраас тэд «өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаа гэж тооцох» боломжтой болжээ (Ром 6:9, 11).

11. Диваажинд мөнх амьдрах найдвартай хүмүүсийг яагаад «нүгэлд үхсэн» гэж хэлж болох вэ?

11 Тэгвэл бид ямар вэ? Бид Христийн дагалдагч болохоосоо өмнө буруу юм байнга хийдэг байсан. Бурханд хэр зэрэг ноцтой санагддагийг ч мэддэггүй байлаа. Өөрсдийгөө «цэвэр бус, ёс бус байдалд боол болгон өргөсөн» байв. «Нүглийн боол» байсан гэж хэлж болно (Ром 6:19, 20). Дараа нь Библийн үнэнийг мэдэж, амьдралаа өөрчилж, Бурханд өөрсдийгөө зориулж, тэгээд баптисм хүртсэн. Тэр цагаас хойш Бурханд «зүрхнээсээ дуулгавартай» байж, тогтоосон хэм хэмжээг нь баримтлах чин хүслээр жигүүрлэж яваа (Ром 6:17, 18). Тийм болохоор биднийг ч бас «нүгэлд үхсэн» гэж хэлж болно.

12. Хүн бүрийн өмнө ямар сонголт байгаа вэ?

12 Гэхдээ бидний өмнө одоо ч сонголт бий. «Биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх ёстой хэмээдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог» хэмээн Паул бичжээ (Ром 6:12). Төгс бус махан биеийнхээ хүслээр явбал нүгэл биднийг ноёрхоно. Нүгэлд захирагдах уу, үгүй юү гэдгээ бид өөрсдөө шийдэх боломжтой. Таны зүрхний хүсэл юу вэ? Дараах асуултаар өөрийгөө шалгаарай. «Заримдаа би төгс бус махан бие, оюун ухаандаа захирагдан буруу зүг рүү явдаг уу? Эсвэл нүглээс чөлөөлөгдсөн үү? “Бурханд Христ Есүсээр амьд” байна уу?». Нигүүлсэл үзүүлснийх нь төлөө Бурхандаа талархдаг хүн таалалд нь нийцэхийн төлөө чадах бүхнээ хийнэ.

ТА ЯЛЖ ЧАДНА

13. Бид нүгэл үйлдэхгүй байж чадна гэдэгтээ яагаад итгэлтэй байж болох вэ?

13 Нэгдүгээр зуунд Коринт хотод амьдарч байсан Христийн дагалдагчдын дунд хулгайч, ижил хүйстэн, завхай явдалтан, шүтээн шүтэгч, архичин байсан хүн олон байв. Харин Бурхныг мэдэж, хайрладаг болсноор амьдралд нь том өөрчлөлт гарчээ. Тэд «угаагдсан», «ариусгагдсан». Үхэлд хүргэх муу муухай  зүйлийг өмнө нь хийж байсандаа ичдэг болсон (Ром 6:21; 1 Кор. 6:9–11). Ром дахь дагалдагчид бас өөрчлөгдөх шаардлагатай байлаа. Паул тэдэнд «Биеийнхээ эрхтнүүдийг зөвт бус байдлын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт, мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө» хэмээн бичжээ (Ром 6:13). Паул тэднийг буруу юм хийхээ болиод Бурхны нигүүлслийг цаашдаа ч хүртэнэ гэдэгт итгэж байв.

14, 15. Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

14 Өнөөдөр ч бас адилхан. Зарим итгэл нэгтэн маань өмнө нь Коринт дахь дагалдагчид шиг байсан. Харин одоо хуучин амьдралаа өөрчилжээ. Тэд «угаагдсан». Та тэдний нэг ч бай, үгүй ч бай, Бурханд яг одоо ямар харагдаж байгаа вэ? Бурхан нигүүлслээ үзүүлж, өршөөн уучилж байгаа энэ үед та «биеийнхээ эрхтнүүдийг» нүгэлд өргөхгүй байхаар шийдсэн үү? Бурханд өөрийгөө «үхэгсдээс амьд болгогсод мэт» өргөх үү?

15 Бид Коринт дахь зарим дагалдагч шиг ноцтой нүгэл үйлдэхээс сэрэмжилж явах ёстой. Байнга ноцтой нүгэл үйлддэг хүнийг Бурхан энэрэн нигүүлсэж, уучилж өршөөнө гэж байхгүй нь мэдээж. Тэгвэл тийм ч ноцтой биш гэж зарим хүний үздэг нүглийн тухайд юу хэлж болох вэ? Том, жижиг ямар ч нүглийг үйлдэхгүйн тулд та чадах бүхнээ хийж «зүрхнээсээ дуулгавартай болохоор» шийдсэн үү? (Ром 6:14, 17).

16. Христийн дагалдагч хүн зөвхөн 1 Коринт 6:9–11-д тоочсон нүглээс л хол явах ёстой юу? Тайлбарлана уу.

16 Элч Паулын тухай бодоод үзье. Тэрээр: «Би махан биетэй бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан. Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна» гэж бичжээ (Ром 7:14, 15). Хэдийгээр Паул 1 Коринт 6:9–11-д тоочсон ноцтой нүгэлд боолчлогдоогүй ч нүгэл үйлддэгээ хүлээн зөвшөөрчээ. Еховагийн таалалд багтахыг хүсдэг учраас нүгэл гэж үздэг тэр зүйлүүдтэйгээ тэмцдэг байв (Ром 7:21–23-ыг уншина). Паулын жишээгээр алдаа дутагдалтайгаа тэмцэж, Еховад «зүрхнээсээ дуулгавартай болохыг» хичээцгээе.

17. Та яагаад үнэнч байхыг хүсдэг вэ?

17 Жишээлбэл үнэнч байх тухай ярилцъя. Еховагийн үйлчлэгч үнэнч байх ёстой (Сургаалт үгс 14:5; Ефес 4:25-ыг уншина). Сатан бол «худал хуурмагийн эцэг» юм. Ананиа болон түүний эхнэр худал хэлсний гайгаар амиа алдсан шүү дээ. Бид тэдэн шиг болохыг хүсдэггүй. (Иох. 8:44; Үйлс 5:1–11). Гэхдээ үнэнч байна гэдэг нь зөвхөн худлаа ярихгүй байна гэсэн үг биш. Нигүүлслээ үзүүлснийх нь төлөө Бурхандаа чин сэтгэлээсээ талархдаг бол бусад бүх зүйл дээр ч үнэнч байх ёстой.

18, 19. Үнэнч байх гэж яахыг хэлдэг вэ?

18 Ехова үйлчлэгчдээ худлаа хэлэхгүй байгаасай гэж хүсдэг. Гэхдээ үүнээс илүү зүйлийг хүсдэгийг эртний израильчуудад хэлсэн үгнээс нь мэдэж болно. «Та нар ариун байгтун. Учир нь ... Би ариун болой» гээд энэ нь юу гэсэн үг болохыг жишээгээр хэлсэн. «Та нар хулгай бүү хий. Хуурамчаар бүү үйлд. Бие биеэ бүү хуур» (Лев. 19:2, 11). Худал огт хэлдэггүй хүн ч хуурамчаар үйлдэж, бусдыг хууран мэхлэх аюул байдаг ажээ.

Та худал ярихгүй, хуурч мэхлэхгүй гэж бат шийдсэн үү? (19-р догол мөрийг үзээрэй)

19 Жишээлбэл нэг хүн ажлаасаа эрт тарах хэрэгтэй байна, эмнэлгээр явна гэж дарга болон хамт олондоо хэллээ  гэж бодъё. Гэтэл жинхэнэ шалтгаан нь өөр байв. «Эмнэлгээр явна» гэдэг нь үнэн хэрэгтээ эмийн сангаар ороод гарах юм уу эмчид үзүүлэх цаг авах төдий л зүйл байлаа. Ажлаасаа эрт тарвал аялалд эртхэн гарна эсвэл гэр бүлээрээ амралтанд явна гэж боджээ. «Эмнэлгээр явна» гэж хэлсэн нь оргүй худлаа биш л дээ. Гэхдээ та тэр хүнийг үнэнч гэж хэлэх үү? Эсвэл «хуурамчаар үйлдэж» байна гэх үү? Бусдыг санаатайгаар хуурдаг иймэрхүү явдлыг та мэдэх биз ээ. Шийтгүүлэхгүйн тулд эсвэл ашиг унагах гээд бусдыг мэхлэх нь бий. Гэхдээ бид Еховад дуулгавартай байж «Хуурамчаар бүү үйлд» гэсэн тушаалыг нь дагах ёстой шүү дээ. Бас Ром 6:19-т «Өөрсдийн эрхтнүүдээ ариусгалд хүргэх зөвт байдалд боол болгон өргө» гэж байдгийг бодоорой.

20, 21. Нигүүлслээ үзүүлсэн Бурхандаа талархдаг хүн өөр юунаас хол байх вэ?

20 Хэрэв бид нигүүлслээ үзүүлсэн Бурхандаа талархдаг бол садар самуун, архидалт гэх мэтийн ноцтой нүглийг үйлдэхгүй. Гэхдээ ингээд л болчихгүй. Еховад таалагдахгүй бүхнээс зайлсхийнэ. Садар самуун явдалтай орооцолдохгүй байхаас гадна тиймэрхүү зүйлийг харуулсан кино, ном зохиолд дурлах хандлагатайгаа ч бас тэмцэнэ. Архидан согтуурах явдлаас зайлсхийгээд л болчихгүй, согттолоо уухаас сэрэмжилнэ. Энэ мэтээр тэмцэхэд нэлээд хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Гэхдээ та ялж чадна.

21 Ноцтой нүглээс төдийгүй тийм ч ноцтой биш үйл хэргээс хол байх нь бидний гол зорилго юм. Огт хийхгүй байж чадна гэсэн үг биш. Гэхдээ Паул шиг байнга хичээж мэрийх хэрэгтэй. Тэрээр: «Биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх ёстой хэмээдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог» хэмээн итгэл нэгтнүүддээ уриалжээ (Ром 6:12; 7:18–20). Ямар ч нүгэлтэй тэмцдэг бол Христээр дамжуулж нигүүлслээ соёрхсон Бурхандаа жинхэнэ ёсоор талархдаг гэсэн үг.

22. Нигүүлслээ үзүүлсэн Бурхандаа талархдаг хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?

22 Бурхан нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс нүгэлт биднийг уучилсан билээ. Цаашдаа ч уучилна. Тиймээс Бурхандаа талархдагийн илэрхийлэл болгож аливаа гэм нүглээс, тэр байтугай зарим хүнд ялихгүй гэж тооцогддог буруу хэргээс хол явцгаая. Тэгвэл ямар шагнал хүртэхийг Паул онцолж бичихдээ «Одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нар ариусгалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь болой» гэжээ (Ром 6:22).