Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 12 сар 

Дөлгөөн хүн мэргэн ухаантай

Дөлгөөн хүн мэргэн ухаантай

Өндөр настнуудын асрагч мэргэжилтэй Антониа гэдэг бүсгүйг хаалга тогшиход дунд эргэм насны эмэгтэй гарч ирэв. Тэгснээ настай ээжийг минь асрахаар эрт ирсэнгүй гэж аашлан хэл амаар доромжилжээ. Үнэндээ Антониа хоцроогүй аж. Гэсэн ч тайван байж тэр эмэгтэйгээс уучлалт гуйв.

ДАРАА дахин ирэхэд нь нөгөө эмэгтэй хараал урсгаж гарав. Антониа яасан бэ? «Маш хэцүү байсан. Тэгж муухай доромжлуулсан чинь гомдмоор санагдсан» гэж хэлсэн юм. Гэсэн хэдий ч Антониа түүнээс дахин уучлал гуйж, ямар их зовлон үзэж байгааг нь ойлгож буйгаа илэрхийлжээ.

Та Антониагийн оронд байсан бол яах байсан бэ? Дөлгөөн байж чадах байсан уу? Та ийм үед уураа барьж чаддаг уу? Дээрхтэй төстэй байдалд орвол биеэ барих амаргүй байж мэдэх юм. Стресст орсон юм уу уур хүрсэн үед дөлгөөн байх үнэхээр хэцүү байдаг.

Хэдий тийм ч Бурхны үйлчлэгчид дөлгөөн байж сурах хэрэгтэй. Бурхны Үгэнд дөлгөөн зан, мэргэн ухаан хоёрыг холбож бичсэн байдаг. Иаков: «Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ?» гэж асуугаад «Тэр хүн өөрийн үйлсийг мэргэн ухааны дөлгөөн байдлаар биеэ зөв авч яван харуул» хэмээн бичжээ (Иак. 3:13). Дөлгөөн хүнийг яагаад мэргэн ухаантай гэж хэлж болох вэ? Дөлгөөн зантай болъё гэвэл яах хэрэгтэй вэ?

 ДӨЛГӨӨН БАЙХЫН АШИГ ТУС

Дөлгөөн байвал хурцадмал байдлыг намжаана. «Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө» (Сур. 15:1).

Ууртай хариулбал байдлыг улам хурцатгаж мэднэ. Энэ нь гал дээр тос нэмэхтэй адил (Сур. 26:21). Харин үг хэлэхдээ дөлгөөн байвал хурцадмал байдлыг намжаадаг. Тэр бүү хэл дайсагнаад байгаа хүний хандлагыг зөөлрүүлж ч мэднэ.

Антониа үүнийг шууд олж харсан юм. Антониаг хариу хэлэхдээ хэчнээн дөлгөөн байгааг анзаарсан өнөөх эмэгтэй нулимс унагажээ. Гэр бүлийн асуудалтайгаас гадна өөрөө янз бүрийн зовлон амсаж байгаа тухайгаа ярив. Антониа энэ боломжийг ашиглан сайн мэдээг дэлгэрүүлж тэр эмэгтэйтэй Библийн хичээл эхлэхээр болжээ. Энэ бүхэн бол тайван байж эелдэг харьцсаны үр дүн юм.

Дөлгөөн байвал жаргалтай байна. «Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно» (Мат. 5:5).

Дөлгөөн хүн яагаад жаргалтай байдаг вэ? Түргэн ууртай байсан хүмүүс дөлгөөн занг «өмссөн» учраас одоо жаргалтай амьдарч байна. Амьдрал нь сайжирсан төдийгүй сайхан ирээдүй хүлээж байгааг тэд мэддэг (Кол 3:12). Испанид дүүрэг хариуцагчаар үйлчилдэг Адолфо үнэнийг мэдэхээсээ өмнө яаж амьдарч байсан тухайгаа ярьсан нь:

«Миний амьдрал ямар ч утгагүй байв. Би уураа барьж дийлэхгүй нударга зөрүүлчихдэг байсан болохоор манай найз нар надаас их айдаг байсан. Тэгтэл нэг явдал намайг эрс өөрчилсөн юм. Гудамжны зодооны үеэр би зургаан удаа хутгалуулж цус алдаад үхэхээ шахаж билээ».

Одоо Адолфо үг яриа, биеэ авч явах байдлаараа дөлгөөн байхын сайхан жишээ үзүүлдэг. Түүний төлөв төвшин, эелдэг боловсон занд олон хүн татагддаг байна. Адолфо өөрийгөө өөрчилж чадсандаа жаргалтай байдаг гэжээ. Бас дөлгөөн болоход нь тусалсан Еховад талархдаг аж.

Дөлгөөн байвал Ехова баярлана. «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» (Сур. 27:11).

Гол дайсан нь болох Сатан Диавол Ехова Бурхныг санаатайгаар муулж, доромжилдог. Үүнээс болоод Ехова уурлан хилэгнэх бүрэн эрхтэй. Гэлээ ч Библид Бурхныг «уурлахдаа удаан» гэсэн байдаг (Ег. 34:6). Хэрэв бид Ехова шиг уурлахдаа удаан, дөлгөөн байхыг хичээдэг бол мэргэн ухаантайн шинж болно. Энэ нь Еховаг баярлуулдаг (Еф. 5:1).

Бидний амьдарч буй Сатаны ертөнцөд «сагсуурагчид, их зантай, доромжлогчид, ... гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий» хүмүүс хаа сайгүй байдаг (2 Тим. 3:2, 3). Гэхдээ дөлгөөн зантай болоход маань тийм хүмүүс саад болох ёсгүй. «Дээрээс ирэгч мэргэн ухаан нь ... амар тайван, эелдэг» гэж Бурхны Үгэнд байдаг (Иак. 3:17). Тайван, эелдэг зантай хүн Бурхны мэргэн ухааныг олж авсан хэрэг юм. Тийм хүн уур хүрмээр үед ч үг хэлэхдээ дөлгөөн байна. Бас хязгааргүй мэргэн ухааны Эх булаг Еховатай улам дотно болно