Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 12 сар 

 НАМТАР

«Бүх хүнд ... бүх юм» болох нь

«Бүх хүнд ... бүх юм» болох нь

«Чамайг баптисм хүртвэл сална шүү!». 1941 онд аав маань ээжийг сүрдүүлж энэ үгийг хэлсэн юм. Гэлээ ч ээж маань аавын сүрдүүлгийг тоолгүй баптисм хүртсэн. Аав ч хэлсэн ёсоороо ээжийг орхиод явчихсан. Би тэр үед дөнгөж 8-тай байлаа.

ЭНЭ явдлаас бүр өмнө би Библийн үнэнийг сонирхдог болсон юм. Ээж маань Библид үндэслэсэн ном хэвлэл авдаг байв. Би түүнийг нь унших их дуртай. Ялангуяа зурганд нь сэтгэл их татагдана. Ээжийг сурсан зүйлээ надад ярихад аав дургүй. Гэхдээ би янз бүрийн асуулт асуудаг сониуч хүүхэд байсан болохоор ээж маань аавын эзгүйд надтай хичээл хийдэг байлаа. Яваандаа би Еховад өөрийгөө зориулсан. Ингээд 1943 онд 10-тайдаа Английн Блакпүүл хотод баптисм хүртсэн.

ЕХОВАД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛСЭН НЬ

Тэр цагаас хойш ээж бид хоёр байнга хамт дэлгэрүүлдэг болсон. Хүмүүст пянз тоглуулагчаар Библийн үнэнийг хүргэдэг байв. Тийм том, хүнд (4,5 кг) пянз тоглуулагчийг жаахан хүү арай ядан аваад явж байна гээд төсөөл дөө!

Би 14-тэйдөө эхлэгчээр үйлчлэхийг хүсэв. Энэ тухайгаа ах дүүгийн үйлчлэгч буюу одоогийн дүүрэг хариуцагчид хэлэхийг ээж минь зөвлөв. Эхлэгчээр үйлчлэхийн тулд өөрийгөө тэжээх чадвартай  болоорой гэж дүүрэг хариуцагч надад хэллээ. Би ч хэлснээр нь хоёр жил ажил хийв. Дараа нь өөр нэг дүүрэг хариуцагчид хүслээ хэлсэнд: «Тэг тэг!» гэлээ.

Ингээд ээж бид хоёр түрээсэлж байсан байрнаасаа гарч хамаг тавилгаа ийш тийш нь тараагаад Манчестер хотын ойролцоо байдаг Мидлтон руу 1949 оны 4 дүгээр сард нүүв. Тэнд эхлэгчээр үйлчлэх боллоо. Дөрвөн сарын дараа би эхлэгч ахтай хамт амьдардаг болов. Бид хоёр, салбарын зөвлөснөөр Ирламд байдаг шинэ хуралд үйлчлэхээр очсон. Ээж маань нэг эгчтэй хамт өөр хуралд эхлэгчээр үйлчилж байлаа.

Шинэ хуралд маань туршлагатай эрчүүд цөөхөн байсан болохоор бид хоёрт цуглаан удирдах үүрэг оногдов. Би тэр үед 17-хон настай байлаа. Дараа нь намайг Баакстон гэдэг хурал руу шилжүүлсэн. Дэлгэрүүлэгч цөөтэй, тусламж шаардлагатай хурал байв. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлага маань намайг ирээдүйд бэлдэж байсан гэж би боддог.

Илтгэлийн сурталчилгаа явуулж байгаа нь, Нью-Йоркийн Роочестр, 1953 он

Би 1951 онд Гилеад сургуульд суралцах анкет бөглөлөө. Гэтэл 1952 оны 12 дугаар сард цэргийн зарлан ирэв. Би шашны байгууллагын бүрэн цагийн үйлчлэгч учраас цэргийн албанаас чөлөөлж өгөхийг гуйв. Гэтэл шүүх миний хүсэлтийг харгалзан  үзэхийн оронд 6 сар шоронд хорих ял оноолоо. Намайг тэнд байхад Гилеад сургуулийн 22 дахь ангид суралцах урилга ирсэн юм. Би шоронгоос гараад 1953 оны 7 дугаар сард «Жооржик» усан онгоцонд сууж Нью-Йоркийн зүг хөдөлсөн.

Тэнд очингуутаа «Шинэ ертөнц» гэдэг чуулганд суув. Дараа нь галт тэргээр Нью-Йоркийн Өмнөд Лансинд байдаг Гилеад сургууль руу явав. Шоронгоос суллагдаад удаагүй байсан болохоор мөнгө гэхээр юм байхгүй шахуу. Галт тэрэгнээс буугаад автобусанд суув. Тасалбар авах мөнгөгүй болохоор хамт суусан зорчигчоос 25 цент зээлж билээ.

ГАДААДАД ТОМИЛОГДСОН НЬ

Гилеад сургууль бидэнд олон сайхан зүйлийг зааж «бүх хүнд ... бүх юм болж» сурахад тусалсан (1 Кор. 9:22). Поол Брүүн, Рэймонд Лийч бид гурав Филиппинд томилогдов. Хэдэн сар хүлээсний эцэст визээ аваад усан онгоцонд суун Филиппинийг зорилоо. Ротердаам, Газрын дундад тэнгис, Суэцийн суваг, Энэтхэгийн далай, Малайз, Хонконгоор дайран 47 хоног далайгаар аялж явсаар 1954 оны 11 дүгээр сарын 19-нд Манилад хөл тавьсан.

Миссионероор томилогдсон Лийч бид хоёр усан онгоцоор 47 хоног явж Филиппинд очсон

Шинэ хүмүүстэй танилцаж, шинэ газар оронд дасаж, шинэ хэл сурах шаардлагатай болов. Гэхдээ бид гурвыг эхлээд Кэйсон хотод байдаг хуралд томилсон. Тэр хотод англиар ярьдаг хүмүүс олон байсан учраас 6 сар өнгөрсөн ч бид гурав тагалогоор ярьж чаддаггүй байв. Харин дараагийн томилолт маань энэ асуудлаа шийдэхэд тус болсон.

1955 оны 5 дугаар сарын нэгэн өдөр бид дэлгэрүүлээд гэртээ иртэл хэдэн захиа ирсэн байв. Лийч бид хоёрыг дүүрэг хариуцагчаар томилжээ. Би тэгэхэд дөнгөж 22-той байлаа. Гэлээ ч дүүрэг хариуцагч болсны ачаар өөр олон аргаар «бүх хүнд ... бүх юм болох» боломж нээгдсэн юм.

Бикол хэлний дүүргийн чуулганд илтгэл тавьж байгаа нь

Жишээлбэл би тосгоны нэг дэлгүүрийн өмнө анхны илтгэлээ тавилаа. Тэр үед Филиппинд олон нийтийн газар илтгэл тавьдаг заншилтай байсныг дараахан нь мэдэж билээ! Янз бүрийн хуралд эргэлт хийхдээ сүүдрэвч, зах, задгай талбай, сагсан бөмбөгийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, тэгээд голдуу хотын гудамжинд илтгэл тавьдаг байсан. Нэг удаа Сан Пабло хотын зах дээр илтгэл тавьж байтал аадар бороо асгах нь тэр. Би хариуцлагатай үүрэгтэй эрчүүдээс гуйгаад илтгэлээ цуглааны танхимд тавив. Олон нийтийн газар тавиагүй болохоор нийтэд зориулсан илтгэл гэж бичиж болох юм уу гэж тэд надаас асуудаг байгаа!

Би итгэл нэгтнүүдийнхээ гэрт байрладаг байв. Эд хогшил гэхээр юм байхгүй ч гэр нь цэвэрхэн гэж жигтэйхэн. Би ихэнхдээ модон шалан дээр сүлжмэл дэвсгэр тавиад унтана. Усанд орох өрөө байхгүй болохоор олны нүдэнд ил газар усанд орж сурсан. Хурлуудад эргэлт хийхдээ жийпни юм уу автобусаар явна. Заримдаа завиар арлууд руу явдаг байв. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа машин авч үзсэнгүй.

Би хэлний курс дамжаанд сууж байгаагүй ч дэлгэрүүлж, хурлуудад эргэлт хийж яваад тагалог хэл сурсан. Итгэл нэгтнүүдийнхээ ярихыг сонсож, яаж хэлэхийг заалгадаг байв. Надад тэвчээртэй хандаж, буруу хэлсэн үед засаж өгдөгт нь би баярладаг байсан.

Он жил өнгөрч шинэ даалгавар авахын хэрээр сурч мэдэх, дасаж дадах зүйл их гарна. 1956 онд Нейтан Ноор ахыг ирэхэд би чуулганы үеэр хэвлэл мэдээллийнхэнтэй  хамтран ажиллах даалгавар авсан байлаа. Энэ талаар ямар ч туршлагагүй байсан хэр нь олны дэмээр чадсан. Бараг жилийн дараа дахин чуулган болж, байгууллагын төвөөс Фредрик Френц ах ирэв. Би чуулганы хорооны зохицуулагчаар үйлчилсэн юм. Френц ах илтгэл тавихдаа барон тагалог буюу филиппин үндэсний хувцас өмсөхөд тэндхийн ах дүү нар их баярласан. Хүмүүсийн хүсэл сонирхлыг харгалзан үзэх хэрэгтэйг тэгэхэд би ойлгож билээ.

Муж хариуцагчаар томилогдоход сурч мэдэх, дасан зохицох зүйл бүр ч их гарав. Тэр үед «Шинэ ертөнц дэх аз жаргал» гэдэг киног ихэнхдээ хөл ихтэй газар, задгай талбайд үзүүлдэг байв. Кино үзүүлэхэд хорхой шавж заримдаа саад болно. Гэрэлд дурлаж ирээд проекторт наалдчихна. Дараа нь цэвэрлэх гэж бөөн ажил болдог байлаа! Кино үзүүлэх амархан байгаагүй ч хүмүүс Еховагийн байгууллагын зах зухаас мэдэж аваад нааштай хандахыг харахлаар сэтгэл өегшинө гээч.

Католик сүмийн удирдлагууд чуулган явуулах зөвшөөрөл олгуулахгүйн тулд зарим газрын эрх мэдэлтнүүдийг дарамталдаг байв. Эсвэл биднийг сүмийнх нь ойр хавьд илтгэл тавивал хүмүүст сонсгохгүйн тулд чих дөжиртөл хонхоо балбана. Гэлээ ч тэр газруудад манай үйл ажиллагаа  зогсолтгүй урагшилсан. Одоо олон хүн Еховад үйлчилж байна.

ШИНЭ ДААЛГАВРУУД, ШИНЭ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Би 1959 онд салбарт үйлчлэх томилолт авлаа. Энд үйлчлээд их юм сурсан. Яваандаа өөр орнуудад байдаг итгэл нэгтнүүдээ эргэж тойрох даалгавар авлаа. Ийнхүү бүсийн харгалзагчаар үйлчилж явахдаа Тайландад миссионероор үйлчилдэг Жанет Дүүмонд гэдэг бүсгүйтэй танилцав. Бид хоёр хэсэг хугацаанд захидлаар харилцаж байгаад дараа нь гэр бүл болсон. Гэрлэснээс хойш хамтдаа 51 жил Ехова Бурхандаа жаргалтай үйлчилж байна.

Жанет бид хоёр Филиппиний нэг аралд

Би 33 улсад очиж итгэл нэгтнүүдээ эргэх завшаан эдэлжээ. Энэ хугацаанд үзэл бодол минь тэлж, Ехова бүх хүнийг яаж хайрладгийг сайн ойлгосон (Үйлс 10:34, 35). Бага залуудаа авч байсан үүрэг даалгаврынхаа ачаар янз бүрийн амьдрал ахуй, хэл соёлтой хүмүүстэй харьцаж сурсандаа баярлаж явдаг!

Бид хоёр дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцдог

ОДОО Ч СУРАЛЦАЖ БАЙНА

Филиппин итгэл нэгтнүүдтэйгээ хамт үйлчлэх сайхан! Намайг анх ирж байсан үетэй харьцуулбал эндхийн дэлгэрүүлэгчдийн тоо 10 дахин өсжээ. Жанет бид хоёр Филиппин салбартаа одоо ч үйлчилж байна. Би энд ирээд нэгэн жарныг үджээ. Гэлээ ч Ехова надаар юу хийлгэмээр байна, түүнийг нь сурч, шинэ нөхцөлд дасахад бэлэн байх хэрэгтэй. Сүүлийн үед Еховагийн байгууллагад янз бүрийн өөрчлөлт гарч байгаа болохоор үргэлж уян хатан байх шаардлагатай.

Гэрчүүдийн тоо өсөж байгаад бид баярладаг

Эхнэр бид хоёр Еховагийн хүсэл таалалд нийцүүлэхийн тулд хий гэсэн бүхнийг нь хийхийг хичээсээр ирлээ. Энэ бол амьдралын хамгийн сайн зам гэдгийг биеэрээ үзлээ. Бас ямар ч нөхцөлд зохицож, ах дүүдээ үйлчлэхийг хичээж явна. Ехова биднийг хэзээ хүртэл «бүх хүнд ... бүх юм болоорой» гэнэ, тэр болтол дуулгавартай байна гэж бат шийдсэн.

Эхнэр бид хоёр Филиппин салбарт одоо ч үйлчилж байна