Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 10 сар 

 НАМТАР

Сайн хүмүүсийг дуурайхыг хичээж явна

Сайн хүмүүсийг дуурайхыг хичээж явна

«Намайг хэдтэй гэдгийг мэдэж байна уу?» гэж би асуулаа. «Таныг хэдтэй гэдгийг сайн мэдэж байна» гэж Исак Марей хариулав. Колорадод амьдарч байсан надтай тэрээр Нью-Йоркийн Паатерсоноос ярьсан юм. Яагаад ийм яриа болсныг тайлбарлая.

БИ 1936 оны 12 дугаар сарын 10-нд АНУ-ын Канзас мужийн Вичита хотод дөрвөн хүүхдийн том нь болж төрсөн. Эцэг эх Вийлям Жийн хоёр маань Еховагийн үнэнч үйлчлэгчид байлаа. Аав нөхөрлөлийн үйлчлэгч, одоогийнхоор бол ахлагчдын зөвлөлийн зохицуулагч байв. Ээж Библийн үнэнийг ээжээсээ мэдсэн юм гэсэн. Миний эмээ Эмма Ваагнер олон хүнд үнэнийг заажээ. Тэдний нэг нь Гертрүд Стийл юм. Тэр эгч Пуэрто Рикод нэлээд хэдэн жил миссионероор үйлчилсэн. Надад үлгэр дуурайл үзүүлсэн хүн энэ мэтээр олон байсан.

ҮЛГЭР ДУУРАЙЛ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ДУРСАХУЙ

Аав минь гудамжны буланд зогсоод сэтгүүл өгч байгаа нь

Би 5-тай байхдаа аавтайгаа нэгэн бямба гаргийн орой гудамжинд зогсоод «Харуулын цамхаг», «Тайвшрал» (одоогийн «Сэрцгээ!») сэтгүүлийг хүмүүст өгч байлаа. Тэр үед АНУ дэлхийн ІІ дайнд оролцож байсан юм. Нэг эмч хүрч ирээд аавыг төвийг сахилаа, цэрэгт явахаас айж хулчийлаа гэж хэл амаар доромжлов. Аавын өөдөөс улаан нүүрээрээ харж зогсчихоод «Чи намайг яагаад цохихгүй байгаа юм бэ, хулчгар шар минь!» гэлээ. Би маш их айсан ч ааваараа бахархсан. Аав минь бүчээд зогссон хүмүүст сэтгүүлээ өгсөөр байлаа. Тэгтэл нэг цэрэг ирэв. Нөгөө эмч «Энэ хулчгар шарыг болгоод өгөөч!» гэж хашхирсанд тэр цэрэг түүний согтуу байгааг мэдээд «Гэртээ харьж архиа гарга!» гэв. Тэгснээ хоёулаа явчихлаа. Ехова миний аавд эр зориг өгсөнд нь би их талархдаг. Аав маань Вичитад хоёр ч газар үсчин ажиллуулдаг байв. Тэр эмч аавын үйлчлүүлэгч байсан юм!

Эцэг эхтэйгээ чуулганд явж байгаа нь, Вичита хот, 1940 он

Намайг 8-тай байхад манайх байшингаа, үсчний газруудаа зараад, явдаг жижигхэн байшин барьж хэрэгцээ ихтэй газар үйлчлэхээр Колорадо руу нүүлээ. Гранд Жанкшн гэдэг газрын ойролцоо байрлав. Тэнд эцэг эх хоёр маань эхлэгчээр үйлчлэнгээ фермд цагийн ажил хийдэг болсон юм. Ехова ивээж, тэд маань хичээл зүтгэл гаргасан учраас хуралтай болов. 1948 оны  6 дугаар сарын 20-нд уулын нэг горхинд аав надад болон Библийн үнэнийг хүлээж авсан хэдэн хүнд баптисм хүртээсэн. Тэдний дунд Бийли Нийколс эхнэртэйгээ байлаа. Хожим нь тэр хоёр, дараа нь хүү нь эхнэртэйгээ явуулын үйлчлэлд оролцдог болсон.

Манай гэрийнхэн Хаанчлалын үйл хэрэгт бүх хүчээ дайчилдаг хүмүүстэй дотно нөхөрлөж, сайхан яриа дэлгэдэг байлаа. Ялангуяа Стийлийн гэр бүлийнхэнтэй их найз. Дон, Өөрлин, Дэйв, Жулиа, Си, Марта нар надад их сайнаар нөлөөлсөн хүмүүс. Хаанчлалыг эн тэргүүнд тавивал амьдрал утга учиртай, баяр баясгалангаар дүүрэн байдгийг тэд надад мэдрүүлсэн.

ДАХИН НҮҮСЭН НЬ

Намайг 19-тэй байхад гэр бүлийн найз Бад Хэйсти маань АНУ-ын хойд хэсэгт эхлэгчээр цуг үйлчлэх үү гэж надаас асуув. Луизиана мужийн Растн хотод очоорой гэж дүүрэг хариуцагч хэллээ. Тэндхийн олон Гэрч идэвхгүй болсон байв. Хэдэн ч хүн ирсэн 7 хоног бүр бүх цуглаанаа хийгээрэй гэсэн даалгавар авлаа. Бид хоёр цуглаан хийхэд тохиромжтой газар олж, засаж янзлав. Бүх цуглаанаа явуулж байсан ч заримдаа бид хоёроос өөр хүн ирэхгүй. Цуглааныхаа хөтөлбөрийг ээлжилж хөтлөх ба үзэгчдийн суудалд сууж байгаа нэг нь бүх асуултад хариулна. Үзүүлбэр үзүүлэх болбол хоёулаа тайзан дээр гарна. Тэр үед үзэгчдийн суудалд нэг ч хүн байхгүй! Тэгж байтал настай эгч цуглаанд ирдэг болов. Сүүлдээ хэдэн суралцагч, идэвхгүй болсон ганц нэг хүн ирсээр, удалгүй манай хурал цэцэглэсэн.

Нэг өдөр Бад бид хоёр Христийн сүмийн номлогчтой таарав. Тэр хүн миний мэдэхгүй Библийн зүйлүүдийн тухай ярьсан юм. Би юунд итгэдгээ илүү нухацтай бодох хэрэгтэйгээ ойлгов. Бүтэн 7 хоногийн турш шөнө дүл болтол суусаар тэр хүний асуултуудын хариуг оллоо. Үүний ачаар Еховатай жинхэнэ ёсоор дотноссон. Сүмийн номлогчидтой уулзахыг ч хүсэн хүлээдэг болсон.

Удалгүй би дүүрэг хариуцагчаас Арканзас мужийн Эл Дорадо хотын хуралд туслах даалгавар авлаа. Тэнд байхдаа цэрэг татлагын комисст дуудагдаж, байн байн Колорадо руу явах хэрэг гарна. Нэг удаа хэдэн эхлэгчтэй машинаараа явж байтал Техаст осолдож хайран машинаа яйран болгочихов. Нэг ах биднийг гэртээ аваачиж, дараа нь цуглаанд дагуулж очлоо. Бидэнд золгүй явдал тохиолдсоныг цуглаан дээр зарласанд сайхан сэтгэлтэй итгэл нэгтнүүд маань мөнгө  төгрөгөөр туслав. Бас нөгөө ах маань миний машиныг 25 доллараар зарж өглөө.

Ингээд бид хэд Вичитад эхлэгчээр үйлчилдэг манай гэр бүлийн найз Э. Ф. Макартнигийнд очив. Бид Док гэж дууддаг байсан юм. Түүний ихэр хөвгүүд болох Фрэнк Франсис нар ч миний сайн найзууд. Гайхалтай нь тэд надад машинаа 25 доллараар зарлаа. Эвдэрсэн машинаа зарсан яг тэр үнээр шүү! Хаанчлалыг эн тэргүүнд тавьсан болохоор Ехова миний хэрэгцээг хангаж байгааг анх удаа тодорхой мэдсэн минь энэ. Тэднийхэн надад Бээтл Крэйн гэдэг сайхан бүсгүйг танилцуулав. Бээтлийн ээж Рүт маш идэвх зүтгэлтэй Гэрч. Канзас мужийн Вээлинтон хотод 90 хүртлээ эхлэгчээр үйлчилж билээ. Бээтл бид хоёр жил шахмын дараа, 1958 онд гэрлэж Эл Дорадод эхлэгчээр хамт үйлчилдэг болов.

СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ УРИЛГА

Бид хоёр үлгэр дуурайл болсон олон хүнийг харж өссөн болохоор Еховагийн байгууллагаас ирсэн ямар ч урилгыг хүлээн авахаар шийдсэн юм. Ингээд Арканзас мужийн Воолнат Риж гэдэг газар тусгай эхлэгчээр томилогдов. Дараа нь 1962 онд Гилеад сургуулийн 37 дахь ангийн урилгыг сэтгэл догдлон хүлээж авав. Дон Стийлтэй нэг анги болсноо мэдээд бөөн баяр! Төгсөөд Бээтл бид хоёр Кени улсын Найробид томилогдов. Нью-Йоркоос явах үед хоолойд бөөн юм тээглэх шиг болж билээ. Гэхдээ Найробийн нисэх буудалд ах дүүтэйгээ уулзахад тээглээд байсан юм маань алга болсон юм даа!

Мээри Крис хоёртой дэлгэрүүлж явахдаа, Найроби

Бид хоёр тэр дороо л Кенид дасаж тэндээ баяр жаргалтай үйлчилсэн. Үнэний зам дээр гарсан анхны суралцагчид маань Крис Мээри хоёр байв. Тэд одоо ч Кенидээ бүрэн цагаар үйлчилж байгаа. Хойтон жил нь биднийг Уганда улсын Кампала хотод анхны миссионероор томиллоо. Библийн үнэнийг мэдэхийг хүсдэг хүн маш олон байсан болохоор тэнд их сайхан байв. Тэр хүмүүс Еховагийн Гэрч болцгоосон. Африкт гурван жил хагас болсны дараа эхнэр маань жирэмсэн болчихлоо. Ингээд бид Америк руугаа буцав. Африкаас явдаг өдөр хоолойд бүр ч том юм тээглэх шиг санагдсан. Бид Африкийн ард түмэнд элэгтэй болсон болохоор нэг л өдөр эргэж ирнэ дээ гэсэн бодол тээгээд буцсан юм.

ШИНЭ ДААЛГАВАР АВСАН НЬ

Манайх ээж аавын минь амьдардаг Колорадогийн зүүн хэсэгт суурьшлаа. Удалгүй том охин Кимберли маань төрж, жил 5 сарын дараа бага охин Стефани гарав. Бид хүүхэд өсгөж хүмүүжүүлэх шинэ даалгавартаа нухацтай хандаж хөөрхөн охиддоо үнэнийг ойлгуулахыг их хичээдэг байлаа. Бидэнд үлгэр дуурайл болсон хүмүүсийг дуурайхыг хүссэн. Сайн жишээ хүүхдэд хүчтэй нөлөөлдөг ч Еховад үйлчилдэг хүн болно гэсэн баталгаа биш гэдгийг мэддэг байлаа. Эрэгтэй эмэгтэй хоёр дүү маань үнэний замаас гарчихсан юм. Тэднийг багадаа үзсэн сайхан жишээгээ санаж, дахин дуурайх цаг ирнэ гэж би найддаг.

Хоёр охиноо өсгөх сайхан байсан. Ямар нэг юмыг гэр бүлээрээ хийхийг их хичээнэ. Колорадогийн Ааспен гэдэг газрын ойролцоо амьдардаг болсноосоо хойш бүгдээрээ цанаар гулгаж сураад үе үе гулгадаг байв. Цанын лифтээр явж байхдаа охидтойгоо ярилцах боломж гарна. Бас хөдөө хамт аялж түүдэг тойрч суугаад хөгжилтэй, сонирхолтой юм ярина. Охид маань нас нь  бага гэлтгүй янз бүрийн юм асууна. «Би том болоод юу хийдэг юм билээ?», «Ямар хүнтэй суувал дээр вэ?» гээд л. Бид хоёр Еховагийн тогтоосон хэм хэмжээг охидынхоо ухаан санаа, зүрх сэтгэлд суулгахын төлөө чадах бүхнээ хийсэн. Бүрэн цагаар үйлчлэхийг зорилгоо болгоорой, ижил зорилготой хүнтэй суугаарай гэж захидаг байлаа. Эрт гэрлэхгүй байсан нь дээр гэдгийг сайн ойлгуулж өгсөн дөө. «Ядаж 23 хүртлээ ганц бие яваарай» гэдэг үгийг байнга л хэлдэг байлаа.

Бид эцэг эхийнхээ жишээг даган гэр бүлээрээ цуглаанд сууж, тогтмол дэлгэрүүлэхийн тулд хамаг бололцоогоо дайчилсан. Бүрэн цагийн үйлчлэгчдийг гэртээ хонуулна. Миссионер байсан үеийнхээ дурсамжаас байнга хуваалцана. Хэзээ нэгэн цагт дөрвүүлээ Африк руу аялна даа гэж ярьдаг болохоор охид маань тийшээ явахыг үнэхээр их хүсдэг байв.

Гэр бүлийн хичээлээ тогтмол хийнэ. Тэр үеэрээ сургууль дээр болж болзошгүй явдлыг төсөөлж байгаад жүжиг тоглоно. Охид маань Гэрч болж жүжиглэн хүүхдүүдийн асуултад хариулах ёстой. Ингэж заалгах нь тэдэнд сонирхолтой байсан бөгөөд тэд өөртөө улам итгэлтэй болж байлаа. Том болоод ирэхлээрээ хүүхдүүд гэр бүлийн хичээл хийхээс хааяа цааргална аа. Нэг удаа би бүр цөхөрчихөөд, өрөө өрөөндөө орцгоо, хичээл хийхээ больё гээд хэлчихэв. Тэр хоёр мэл гайхсанаа, уйлж гарав. Тэгээд хичээлээ хиймээр байна гэлээ. Тэднийг Еховагийн тухай сурч мэдэх дуртай болгосноо тэгэхэд л ойлгож билээ. Хоёр охин маань судлах дуртай, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг болж өссөн. Библийн зарим сургаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлэхийг нь сонсох ч амаргүй байдаг байсан шүү. Гэхдээ зүрх сэтгэлд нь юу байгааг бид хоёр мэддэг байсан. Сайн ярилцаж, өөрсдөөр нь зөв дүгнэлтэд хүргэхлээр тэд Еховагийн тогтоосон хэм хэмжээг хүлээн зөвшөөрч эхэлнэ.

ӨӨРЧЛӨЛТҮҮД

Хүүхэд өсгөж хүмүүжүүлэх цаг хугацаа бодож байснаас ч хурдан өнгөрдөг юм байна. Бурхны байгууллагын тусламж, заавраар хоёр охиноо Еховаг хайрладаг болгохын тулд чадах бүхнээ хийсэн. Ахлах сургуулиа төгсөөд эхлэгчээр үйлчлэхийн зэрэгцээ амьдралаа залгуулах чадвар эзэмшихэд нь ямар их баярласан гэж санана! Охид маань өөр хоёр Гэрчтэй цуг хэрэгцээ ихтэй газар үйлчлэхээр Теннесси мужийн Кливленд хот руу нүүсэн. Хүүхдүүдээ их санаж байсан ч Еховад бүрэн цагаар үйлчлэхийн төлөө амьдралаа зориулж байгаад нь баярлаж байв. Бээтл бид хоёр дахин эхлэгчээр үйлчилдэг болсноор өөр чухал даалгавар биелүүлэх үүд хаалга нээгдсэн юм. Би дүүрэг хариуцагчийн орлогч болсон, бас чуулгантай холбоотой даалгавар авсан.

Охид маань Теннесси рүү нүүхээсээ өмнө Английн Лондон руу аялж, салбарт очсон юм. Стефани тэр үед 19-тэй байв. Тэнд явж байхдаа Поол Нортн гэдэг бетелчин залуутай танилцжээ. Бас нэг удаа аялж явахдаа Поолтой хамт ажилладаг Браин Ливээлин гэдэг залуутай Кимберли маань танилцсан. Стефани 23 хүрээд Поолтой гэрлэж, Кимберли дараа жил нь 25-тайдаа Браинтай гэрлэсэн. Хоёр охин маань ядаж 23 хүртлээ ганц бие явсан нь тэр. Ханиа зөв сонгосонд нь эхнэр бид хоёр баярлаж явдаг.

Поол, Стефани, Кимберли, Браин нартай Малавийн салбарт, 2002 он

Манай хүүхдүүд мөнгө төгрөгөөр гачигдсан үедээ ч бидний болон өвөө эмээгийнхээ үзүүлсэн жишээг санаад, Хаанчлалыг эн тэргүүнд тавь гэсэн Есүсийн тушаалыг биелүүлдэг байснаа хэлсэн юм (Мат. 6:33). Поол Стефани хоёр 1998 оны 4 дүгээр сард Гилеадын 105 дахь ангид суралцах урилга авч, төгсөөд Африкийн Малави улсад томилогдсон. Тэр үед Браин Кимберли хоёр Лондонгийн Бетелд уригдсан. Дараа нь Малавийн Бетел рүү шилжсэн. Залуучуудын хувьд энэ нь амьдралын хамгийн сайн зам учраас бид магнай тэнийн баярлаж билээ.

БАС НЭГ УРИЛГА

2001 оны 1 дүгээр сард утсаар ярьсан яриаг намтрынхаа эхэнд дурдсан. Орчуулагчдад туслах хэлтсийг хариуцдаг Марей надтай ярив. Дэлхий дахинд буй орчуулагчдын англиар ойлгох чадварыг сайжруулах курс зохион байгуулж байгаа  тухай тайлбарлаад 64-тэй намайг багш болгож бэлтгэхийг хүсэж байгаагаа хэлэв. Бээтл бид хоёр энэ талаар залбирч, ээж нартайгаа зөвлөлдөв. Хэн хэн нь нас өндөр болж, бидний тусламжгүйгээр амьдрах аргагүй болсон хэр нь явуулахыг хүсэж байлаа. Би төв рүү утасдаж энэ гайхалтай даалгаврыг биелүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн.

Тэгтэл ээж маань хорт хавдартай гэсэн онош сонсов. Бид хоёр явахаа болиод дүү Линдатай хамт таныг асаръя гэсэнд ээж: «Та хоёр тийшээ явбал л хамгийн том тус болно. Харин явахгүй бол ээжид нь хэцүү» гэж хариулж билээ. Линда бас тэгж бодож байлаа. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй тэдэндээ, бас маш их тус дэм болсон тэндхийн итгэл нэгтнүүддээ бид хэчнээн их талархсан гээч! Бид хоёрыг Паатерсон дахь Харуулын Цамхаг Нийгэмлэгийн сургалтын төвийг зорьсны маргааш нь Линда утасдаж ээжийн нас барсныг дуулгасан. Ээжийнхээ захиснаар бид шинэ ажилдаа ханцуй шамлан орлоо.

Анхны томилолт охид, хүргэдийн маань үйлчилдэг Малави салбар байсан болохоор хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Ингээд халуун ам бүлээрээ цугладаг байжээ! Дараа нь Зимбабвэ, тэгээд Замбид очиж сургалт явуулсан. Гурван жил хагас багшилж байтал Малави салбараас дуудаж, төвийг сахих байр сууриасаа болоод хавчигдаж байсан Гэрчүүдийн намтрыг бичих үүрэг өгөв. *

Зээ охидтойгоо дэлгэрүүлэхээр явж байгаа нь

2005 онд гэр лүүгээ буцах болоход дахиад л хоолой дээр бөөн юм тээглэх шиг болсон. Колорадогийн Базальтдаа ирснээсээ хойш бид эхлэгчээр үйлчилж байна. Браин Кимберли хоёр 2006 онд нүүж ирээд манай хөрш болов. Тэднийх Мэкензи, Элизабет гэдэг хоёр охинтой. Поол Стефани хоёр одоо ч Малавид байгаа. Поол салбарын хорооны гишүүн. Одоо би 80 хүрч байгаа болохоор хамт ажиллаж ирсэн залуучуудад миний үүрэг шилжиж байгааг харах сайхан юм аа. Бээтл бид хоёр баяр хөөртэй амьдардаг маань сайн үлгэр дуурайлтай хүмүүстэй тодорхой хэмжээгээр холбоотой. Бас бид өөрсдөө хүүхдүүд, зээ нартаа үлгэр дуурайл болохыг хичээж ирсний ач юм.

^ д/м 30 Жишээлбэл Трофим Нсомбагийн намтар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2015 оны 4-р сарын 15-ны дугаарын 14–18-р хуудсанд бий.