Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 10 сар 

Еховагийн амлалтад бат итгэцгээе

Еховагийн амлалтад бат итгэцгээе

«Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал» (ЕВР. 11:1).

ДУУ: 54, 55

1, 2. а) Бурхны үйлчлэгчдийн итгэж найддаг зүйл бусад хүнийхээс юугаараа ялгаатай вэ? б) Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

ЕХОВАГИЙН үйлчлэгчдийг гайхалтай ирээдүй хүлээж байна. Бид тослогдсон ч бай, «өөр хонинууд» ч бай, Бурхны санаа зорилго биелж, нэр нь ариусгагдах цагийг тэсэн ядан хүлээдэг (Иох. 10:16, ШГ; Мат. 6:9, 10). Бас тэнгэр газрын аль нэгэнд мөнх амьдрах шагналаа авахыг хүсэн хүлээдэг (2 Петр 3:13). Үүний зэрэгцээ Ехова эцсийн энэ өдрүүдэд ард түмнээ удирдан чиглүүлж, дэмжиж тэтгэсээр байна гэдэгт бид итгэл төгс байдаг.

2 Еховаг шүтдэггүй хүмүүс ч ямар нэг зүйлд итгэж найддаг. Гэхдээ биелэх эсэхийг нь мэддэггүй. Жишээ нь олон сая хүн мөрийтэй тоглож их мөнгө хожихыг хүсдэг ч хожно гэдэгтээ тийм ч итгэлтэй байдаггүй. Харин жинхэнэ итгэл бол «бидний найддаг зүйлсийн бодит байдал» юм. Өөрөөр хэлбэл Ехова амласан зүйлээ заавал биелүүлнэ гэдэгт бид өчүүхэн ч эргэлздэггүй (Евр. 11:1). Бурхны амлалтад баттай итгэхийн тулд яах хэрэгтэй вэ? Бат итгэлтэй байх нь одоо ямар ач тустай вэ?

3. Бурхны амлалт биелнэ гэдэгт бид яагаад итгэдэг вэ?

3 Бидний хэн нь ч итгэлтэй төрдөггүй, бас итгэл хар аяндаа  бий болдоггүй. Бурхны үйлдэх хүчээр удирдуулж байж итгэлтэй болдог (Гал. 5:22). Харин Еховад тийм итгэл хэрэггүй. Яагаад гэвэл Ехова төгс хүчтэй, мэргэн ухаантай учраас санаа зорилгоо биелүүлэхэд нь хэн ч, юу ч саад болж чадахгүй. Тэнгэрийн Эцэг маань амласан бүхнээ биелүүлнэ гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй. Түүний хувьд амлалтууд нь аль хэдийн биелчихсэн мэт байдаг. Тийм ч учраас тэрээр: «Эдгээр үг ... биеллээ» гэж айлджээ (Илчлэлт 21:3–6-г уншина). Ехова бол амласнаа үргэлж биелүүлдэг «итгэмжит Бурхан». Тиймд ирээдүйн тухай хэлсэн бүхэнд нь бид итгэдэг (Д.хууль 7:9).

БУРХНЫ ЭРТНИЙ ҮЙЛЧЛЭГЧДИЙН ЖИШЭЭ

4. Бурхны эртний үйлчлэгчид юунд итгэдэг байсан бэ?

4 Еховагийн амлалтад бат итгэсэн 16 хүний нэр «Еврей» номын 11-р бүлэгт гардаг. Мөн итгэлээрээ «сайн гэрчлэлийг олсон» өөр олон хүнийг тэнд дурджээ (Евр. 11:39). Сатаны өдөөсөн тэрс явдлыг нухчин дарж Еховагийн санаа зорилгыг биелүүлэх «үр хүүхэд» амласан ёсоор ирнэ гэдэгт тэд бүгдээрээ итгэж байсан (Эх. 3:15). Амласан үр болох Есүс Христ тэр үнэнч хүмүүсийг нас барснаас хойш олон жилийн дараа тэнгэрийн амьдралын үүд хаалгыг нээсэн болохоор тэд тэнгэрт амилахгүй (Гал. 3:16). Гэхдээ диваажин болсон дэлхийд амилж төгс болно (Дуу. 37:11; Ис. 26:19; Хос. 13:14).

5, 6. Абрахамынхан юуг голлон анхаардаг байсан бэ? Яагаад бат итгэлтэй байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

5 Еврей 11:13-т Христээс өмнө амьдарч байсан хүмүүсийн талаар «Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй, харин холоос тэдгээрийг харж, мэндчилсэн» хэмээн бичсэн байдаг. Абрахам тэдний нэг юм. Тэрээр амласан үрийн засаглалын үед амьдрах тэр сайхан цагаа хэр их боддог байсан бол? Есүс эсэргүүцэгчидтэй ярьж байхдаа энэ асуултын хариуг тодорхой хэлж өгсөн. Тэрээр: «Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд баясаж байсан. Үүнийг Тэр хараад, баяртай байсан» гэжээ (Иох. 8:56). Сара Исаак Иаков нарын хүмүүс ч бас Бурхны байгуулах Хаанчлалыг голлон анхаардаг байсан (Евр. 11:8–11).

6 Абрахамын гэр бүлийнхэн яагаад ийм бат итгэлтэй байсан бэ? Үнэнч хүмүүсийн яриаг сонсох, эртний түүх шастираас унших зэргээр Бурхны тухай мэдэж авдаг байсан. Бас Ехова тэдэнд ямар нэгэн зүйлийг ер бусын аргаар үзүүлдэг байжээ. Хамгийн гол нь эргэцүүлэн боддогийнхоо ачаар Бурхны амлалт, хууль тушаалуудыг мартдаггүй байв. Итгэж найддаг зүйл нь тэдний хувьд бодитой учраас ямар ч бэрхшээл зовлонг сөрөхөд бэлэн байжээ.

7. Ехова бидэнд бат итгэлтэй байхад маань тусалж юу өгдөг вэ? Бид яах ёстой вэ?

7 Ехова бидэнд үргэлж бат итгэлтэй байхад маань тусалж өөрийн Үг Библийг өгсөн. Аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн явъя гэвэл Библийг өдөр бүр тогтмол унших хэрэгтэй (Дуу. 1:1–3; Үйлс 17:11-ийг уншина). Тэгээд эртний үнэнч үйлчлэгчдийн жишээгээр Бурхны амлалтуудыг эргэцүүлэн бодож, хууль тушаалыг нь дагах шаардлагатай. Ехова «итгэмжит ухаалаг боолоороо» бэлгэдлийн  «хоол ундыг» элбэг дэлбэг өгүүлдэг (Мат. 24:45). Хэрэв бид сурч мэдсэн зүйлээ үнэлж эрхэмлэдэг бол эртний үйлчлэгчид шиг үнэнч байж, Хаанчлалыг итгэлтэйгээр хүлээнэ.

8. Залбирвал яагаад итгэл бэхэждэг вэ?

8 Эртний үнэнч үйлчлэгчид залбирдаг байсан учраас бат итгэлтэй байжээ. Залбирлынхаа хариуг Бурхнаас авах бүрдээ итгэл нь бэхэждэг байв (Нех. 1:4, 11; Дуу. 34:4, 15, 17; Дан. 9:19–21). Бид бас сэтгэлээ уудлан залбирдаг байх хэрэгтэй. Ехова намайг сонсоно, бэрхшээлийг давах хүч өгнө гэсэн итгэлтэйгээр залбирвал залбирлынхаа хариуг авч, итгэл батажна (1 Иохан 5:14, 15-ыг уншина). Итгэл ариун сүнсний үр жимсний нэг хэсэг учраас Есүсийн захиснаар Бурхнаас ариун сүнсийг нь байнга гуйх хэрэгтэй (Лук 11:9, 13).

9. Бид хэний төлөө залбирах хэрэгтэй вэ?

9 Гэхдээ бид Бурхнаас зөвхөн тусламж гуйдаг байх учиргүй. «Үйлдсэн гайхамшиг» нь «тоолшгүй олон» учраас Еховад өдөр бүр талархаж, магтан алдаршуулах хэрэгтэй (Дуу. 40:5). Бас дэлхий даяар буй ах дүүгийнхээ төлөө залбирах ёстой. Жишээлбэл шоронд орсон итгэл нэгтнүүдээ залбиралдаа дурдахаас гадна хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүдэд хэрэгтэй бүхнийг нь өгөөч гэж залбирах нь чухал. Ийм залбиралд Ехова хэрхэн хариулж байгааг харахлаар итгэл бэхэждэг (Евр. 13:3, 7).

ТЭД ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭСЭЭ НЯЦААГҮЙ

10. Бурхны үнэнч үйлчлэгчид ямар учраас итгэл үнэмшлээсээ няцаагүй вэ?

10 Нэр нь тодорхойгүй өөр олон үйлчлэгчийн амссан янз бүрийн сорилт бэрхшээлийг элч Паул «Еврей» номын 11-р бүлэгт тоочжээ. Тухайлбал зарим эмэгтэйчүүд хүүхдээ алдсан ч «амилалтаар буцаан авч байсан» тухай бичсэн. Мөн цааш нь «Зарим хүн илүү дээр амилалтад хүрэхийн тулд золилтыг хүлээж авалгүй тамлагдсан юм» хэмээн бичжээ (Евр. 11:35). Паул хэнийг бодож байсныг бид мэдэхгүй. Ямар ч байсан, Набот Зехариа нар Бурханд дуулгавартай байж, хүсэл таалалд нь нийцүүлэх гэснээсээ болоод чулуугаар цохиулж амиа алдсан (Х.дээд 21:3, 15; Ш.дэд 24:20, 21). Даниел болон түүний нөхөд итгэл үнэмшлээсээ няцвал шийтгэлээс мултрах боломжтой байсан. Гэхдээ Бурхны хүчинд итгэж байсан учраас, зүйрлэн хэлбэл «арслангуудын амыг хааж, галын хүчийг унтраажээ» (Евр. 11:33, 34; Дан. 3:16–18, 20, 28; 6:13, 16, 21–23).

11. Зарим зөнч ямар сорилтод орсон бэ?

11 Зөнч Микаиа Иеремиа нар итгэл үнэмшлээсээ болоод бусдад доромжлуулж, шоронд хоригдож явжээ. Елиа болон өөр олон хүн «уул, агуй болоод газрын нүх сүвээр тэнүүчлэн байлаа». Найддаг зүйл нь бодитой гэдэгт итгэдэг байсан учраас тэд бүгдээрээ сорилтыг давжээ (Евр. 11:1, 36–38; Х.дээд 18:13; 22:24–27; Иер. 20:1, 2; 28:10, 11; 32:2).

12. Хэн бидэнд хамгийн агуу жишээ үлдээсэн бэ? Юуны ачаар сорилтыг давсан бэ?

12 Паул бат итгэлтэй хүмүүсийг дурдсаныхаа дараа хамгийн агуу жишээ үлдээсэн Есүс Христийг онцолжээ. Еврей 12:2-т «Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм» хэмээн бичсэн байдаг. Хамгийн хүнд сорилтыг  тэвчиж, итгэлийн агуу жишээ үзүүлсэн Есүсийг бид үргэлж санах ёстой (Еврей 12:3-ыг уншина). Нэгдүгээр зуунд амьдарч байсан Антип зэрэг олон хүн Есүсийн адилаар итгэл үнэмшлийнхээ төлөө амиа алдсан (Илч. 2:13). Тэд эртний үнэнч үйлчлэгчдээс ялгаатай нь «илүү дээр амилалт» болох тэнгэрт амьдрах шагналаа хэдийнээ авсан (Евр. 11:35). Нойрссон байсан тэдгээр тослогдогсод Бурхны Хаанчлалыг 1914 онд байгуулагдсаны дараа тэнгэрт амилжээ. Тэд Есүстэй хамт хүн төрөлхтнийг тэнгэрээс захирна (Илч. 20:4).

БУРХНЫ ОРЧИН ҮЕИЙН ҮЙЛЧЛЭГЧДИЙН ЖИШЭЭ

13, 14. Рудольф Грайхэнд ямар сорилт тулгарсан бэ? Бурханд үнэнч байхад нь юу тус болсон бэ?

13 Эдүгээ Бурхны олон сая үйлчлэгч Есүсийн жишээг дагаж байна. Тэд Бурхны амлалтыг эргэцүүлэн боддог бөгөөд сорилтод бууж өгдөггүй. Рудольф Грайхэн 1925 онд Германд төржээ. Түүнийг бага байхад гэрийнх нь хананд Библийн сэдэвтэй зургууд өлгөөстэй байдаг байв. Грайхэн: «Нэг зураг дээр чоно хургатай, ишиг ирвэстэй,  тугал арслантай эв найртай байж бяцхан хүү тэднийг хариулж байгаагаар дүрсэлсэн байсан. ... Тэр зургууд санаанаас ер гардаггүй юм» гэж бичжээ (Ис. 11:6–9). Рудольф эхлээд нацист Германы үед, дараа нь зүүн Германы коммунист дэглэмийн үед харгис хавчлагад өртөж явсан ч диваажин болно гэдэгт хэзээд итгэдэг байв.

14 Рудольф Грайхэн өөр олон бэрхшээлийг үзжээ. Ээж нь Раавэнсбрюкийн хорих лагерьт байхдаа хижиг өвчнөөр нас баржээ. Аав нь итгэл үнэмшлээсээ няцаж Еховагийн Гэрч байхаа болилоо гэсэн бичигт гарын үсгээ зурсан гэнэ. Рудольф шоронгоос гараад дүүрэг хариуцагч болов. Дараа нь Гилеад сургуульд сурч Чилид миссионероор томилогдсон. Тэнд очоод дахиад дүүрэг хариуцагч болж, Пааци гэдэг миссионер бүсгүйтэй гэрлэв. Харамсалтай нь жилийн дараа, дөнгөж төрсөн охиноо алджээ. Хожим нь эхнэр нь 43-хан насандаа хорвоог орхижээ. Хэдийгээр ийм олон зовлон үзсэн ч Рудольф Ехова Бурхандаа үнэнч байсан. Эхлэгчээр үйлчилж, ахлагчийн үүрэг гүйцэтгэхэд нь өндөр нас, өвчин хууч түүнд саад болоогүй юм. Рудольф Грайхэний намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1997 оны 8 дугаар сарын 1-ний дугаарын 20–25-р хуудсанд нийтэлжээ.

15. Хавчлагыг үл тоон Еховад баяр хөөртэй үйлчилж буй Гэрчүүдийн жишээг хэлнэ үү.

15 Харгис хавчлага, ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч Еховад баяр хөөртэй үйлчилж буй итгэл нэгтнүүд өнөөдөр олон бий. Есүсийн үгийг дагаж илд агсахаас татгалзсаны улмаас шоронд орсон ах дүү нар маань Эритре, Сингапур, Өмнөд Солонгос улсад хэдэн зуугаараа байдаг (Мат. 26:52). Жишээлбэл бидний ах дүү Исаак Нэгэдэ Паулос гурав Эритре улсын шоронд хоригдоод 20 гаруй жил болж байна. Тэд өндөр настай эцэг эхээ асрах, гэрлэх зэрэг боломжоо золиослон, шоронгийн ажилчдын зүй бус харьцааг үл тоон Ехова Бурхандаа үнэнч хэвээрээ байна. Манай байгууллагын jw.org саитад тэдний зураг бий. Тэд хэчнээн бат итгэлтэй байгааг баяр баясгалантай царайнаас нь харж болно. Шоронгийн ажилтнууд хүртэл тэднийг хүндэлдэг болжээ.

Та хурлынхаа итгэл нэгтнүүдээс бат итгэлтэй байх талаар сурч байна уу? (15, 16-р догол мөрийг үзнэ үү)

16. Бат итгэл таныг юунаас хамгаалах вэ?

16 Еховагийн үйлчлэгчдийн дийлэнх нь харгис хавчлагад өртдөггүй боловч янз бүрийн сорилттой тулгардаг. Зарим нь өлсгөлөн, иргэний дайн, байгалийн гамшгаас болоод зовж шаналж байна. Нөгөө зарим нь Абрахам Исаак Мосе нарын жишээг даган нэр алдар, баян тансаг амьдралаа орхижээ. Хэдий амархан байгаагүй ч тэд яаж энэ сорилтыг давсан бол? Еховаг гэсэн хайрандаа хөтлөгджээ. Бас шударга бус явдлыг бүрмөсөн арилгаж, үнэнч үйлчлэгчдээ диваажин дэлхийд үүрд мөнх амьдруулна гэсэн Еховагийн амлалтад бат итгэдэг учраас сорилтыг давжээ (Дуулал 37:5, 7, 9, 29-ийг уншина).

17. Та яахаар шийдсэн бэ? Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

17 Энэ өгүүллээр, «бидний найддаг зүйлсийн бодит байдал» болох итгэлийн тухай үзлээ. Ийм итгэлтэй болохын тулд Еховад тогтмол залбирч, амлалтыг нь эргэцүүлэн боддог байх хэрэгтэй. Тэгсэн цагт ямар ч сорилтыг давж чадна. Итгэлтэй байна гэж яахыг хэлдгийг дараагийн өгүүллээр үргэлжлүүлэн ярилцъя.