Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 11 сар 

Та Еховагийн Номыг өндөр үнэлдэг үү?

Та Еховагийн Номыг өндөр үнэлдэг үү?

«Та нар . . . Бурханы захиасын үгийг хүлээн авахдаа . . . Бурханы үг хэмээн хүлээн авсан» (1 ТЕС. 2:13).

ДУУ: 37, 2

1-3. Юодиа Сунтухе хоёрын дунд юу болсон байж болох вэ? Тийм асуудлыг хэрхэн шийдэх вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

БИД Библийг Бурхнаас ирсэн Ном гэж мэддэг учраас үнэлж эрхэмлэдэг. Библид маргаанаас хэрхэн зайлсхийх, алдаагаа хэрхэн засах талаар зөвлөгөө бий. Ийм зөвлөгөөг та яаж хүлээж авдаг вэ? Нэгдүгээр зуунд амьдарч байсан Юодиа, Сунтухе гэдэг тослогдсон хоёр эмэгтэйн тухай ярилцъя. Тэдний дунд гарсан маргаан юунаас болсныг Библид бичээгүй. Юу болсон байж болохыг ургуулж бодъё.

2 Юодиа итгэл нэгтнүүдээ гэртээ урьжээ. Гэвч Сунтухег урьсангүй. Тэднийг сайхан хоол идэж, цагийг хөгжилтэй өнгөрүүлснийг Сунтухе сүүлд мэджээ. Тэгээд дотроо «Арай ч дээ, Юодиа намайг урьсангүй гэж үү? Сайн найз минь гэж бодсон юм сан!» хэмээн тунив. Гомдсондоо Юодиагаас хөндийрч эхлэв. Ингээд нэг өдөр гэртээ үдэшлэг зохиохоор болж Юодиагийн урьсан яг тэр хүмүүсийг гэртээ урьсан боловч Юодиаг урьсангүй! Юодиа Сунтухе хоёрын дунд гарсан асуудал хурлын эв нэгдлийг ч эвдэж мэдэхээр болжээ. Паул энэ хоёр эмэгтэйд зөвлөгөө өгч  эвлэрэхийг ятгасан. Дараа нь яасныг Библид бичээгүй ч тэд Паулын зөвлөгөөг хүлээж аваад эвлэрсэн биз ээ (Флп. 4:2, 3).

3 Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн дунд ч иймэрхүү асуудал гарах нь бий. Гэхдээ Библийн зөвлөгөөг хэрэгжүүлдэг бол маргаан, үл ойлголцлыг шийдэж болдог. Тэр байтугай ийм байдалд орохгүй байх боломжтой. Еховагийн Номыг үнэлж эрхэмлэдэг хүн зааврынх нь дагуу амьдардаг (Дуу. 27:11).

СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ БАРИХАД БИБЛИ ТУСТАЙ

4, 5. Сэтгэл хөдлөлөө барих талаар Бурхны Үгэнд ямар зөвлөгөө байдаг вэ?

4 Басамжлуулан доромжлуулахлаараа уурлаж бухимдахгүй, гомдож гутрахгүй байх амархан биш. Хэрвээ хүмүүс биднийг нутаг ус, яс үндэс, бие галбир зэргээс маань болоод гоочилж ад үзвэл хэн маань ч дуртай байхгүй. Тэр тусмаа итгэл нэгтэн маань ингэж хандвал яасан их эмзэглэх бол! Ийм үед тус болох ямар зөвлөгөө Бурхны Үгэнд байдаг вэ?

5 Ехова хүн төрөлхтнийг бий болсон цагаас нь хүмүүсийн хоорондох харилцааг ажиглаж ирсэн. Хүн уурлах юм уу гомдохлоороо хожим нь амаа барих юм хийчихдэг эсвэл хэлчихдэгийг тэрээр мэддэг. Уурлах, гомдохыг урьтал болгохгүй байхад тустай Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэх нь хэчнээн ухаалаг вэ! (Сургаалт үгс 16:32; Номлогчийн үгс 7:9-ийг уншина). Бага туньж, их уучилдаг болохын тулд бүгдээрээ хичээх хэрэгтэй. Бусдыгаа уучлахгүй бол Ехова Есүс хоёр биднийг уучлахгүй (Мат. 6:14, 15). Та илүү их биеэ барьдаг эсвэл илүү их уучилдаг болох хэрэгтэй юм биш биз?

6. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй бол юу болох вэ?

6 Хэрвээ хүн уур, гомдлоо барихгүй бол дотроо өширхөн хорсож эхэлнэ. Эргэн тойрныхоо хүмүүст муугаар нөлөөлж ч мэднэ. Сэтгэл хөдлөлөө нуух гэж оролдлоо ч бусад нь анзаараад тэр хүнээс хөндийрнө (Сур. 26:24–26). Ахлагчид тийм хүмүүстэй ярилцаж уур хорсол, үзэн ядалт, атаа жөтөө өвөрлөх нь Бурхны байгууллагад байж болшгүй зүйл гэдгийг ойлгуулах ёстой. Еховагийн Номд энэ талаар маш тодорхой бичсэн байдаг (Лев. 19:17, 18; Ром 3:11–18). Танд ийм юм тохиолдвол та удирдамж зааврыг дагах уу?

ЕХОВА БИДНИЙГ УДИРДАЖ БАЙНА

7, 8. а) Ехова байгууллагынхаа дэлхий дэх хэсгийг хэрхэн удирддаг вэ? б) Бурхны Үгэнд байдаг заавруудаас дурдана уу. Тэдгээр зааврыг яагаад дагах хэрэгтэй вэ?

7 Өнөөдөр Ехова байгууллагынхаа дэлхий дэх хэсгийг удирдан чиглүүлж байна. Яаж? Христийг хурлын Тэргүүнээр томилсон. Христ «итгэмжит ухаалаг боолд» Бурхны ард түмнийг залж чиглүүлэн, зааж сургах үүрэг даалгавар оноосон (Мат. 24:45–47; Еф. 5:23). Энэ «боол» нэгдүгээр зууны удирдах зөвлөлтэй адил, Библийг Бурхны үг хэмээн үнэлж эрхэмлэдэг (1 Тесалоник 2:13-ыг уншина). Бидэнд тустай ямар заавар Библид байдаг вэ?

8 Цуглаанд тогтмол яваарай гэсэн заавар бий (Евр. 10:24, 25). Библийн сургаалыг нэг л янзаар ойлгохыг уриалдаг (1 Кор. 1:10). Хаанчлалыг эн тэргүүний зорилт болгож амьдрахыг зөвлөдөг (Мат. 6:33). Айлаар, олон нийтийн газраар, албан бусаар дэлгэрүүлэх заавар өгдөг (Мат. 28:19, 20; Үйлс 5:42; 17:17; 20:20). Бурхны байгууллагыг цэвэр  ариун байлгахыг ахлагчдад зааварладаг (1 Кор. 5:1–5, 13; 1 Тим. 5:19–21). Түүнчлэн Еховагийн байгууллагын гишүүн бүр биеийн ариун цэвэр сахиж, зохисгүй юм бодохгүй, бузар булай зуршилгүй байх ёстой (2 Кор. 7:1).

9. Бурхны Үгийг ойлгуулах үүргийг Есүс хэнд өгсөн бэ?

9 Библийг тайлбарлуулахгүй, өөрөө ойлгочихно гэж боддог хүн байдаг. Гэхдээ Есүс итгэмжит боолыг 1919 онд томилж Бурхны Үгийг бидэнд ойлгуулж, удирдамж зааврыг нь мэдүүлэх үүрэг өгсөн. Хэрэв бид Библийн зааврыг дагадаг бол хурал маань цэвэр ариун, амар тайван, гишүүд нь хоорондоо эв нэгдэлтэй байна. Тиймээс хүн бүр өөрөөсөө «Би Есүст үнэнч байж, итгэмжит ухаалаг боолын зааврыг дагадаг бил үү?» гэж асуух хэрэгтэй.

ЕХОВАГИЙН ТЭРЭГ ХУРДАЛЖ БАЙНА!

10. Еховагийн байгууллагын тэнгэр дэх хэсгийг «Езекиел» номд хэрхэн дүрсэлсэн бэ?

10 Еховагийн байгууллагын тэнгэр дэх хэсгийн талаар бид Библиэс мэдэж авсан. Жишээ нь «Езекиел» номд үүнийг тэнгэрийн тэрэг хэмээн дүрсэлсэн байдаг (Езе. 1:4–28). Ехова энэ тэргээ унасан байх бөгөөд тэрэг нь хүссэн зүг рүү нь хурдлах ажээ. Еховагийн байгууллагын тэнгэр дэх хэсэг хурдлахад дэлхий дэх хэсэг бас хурдаа авдаг. Бурхны байгууллагад сүүлийн арван жилийн дотор янз бүрийн өөрчлөлт гарсныг бод доо. Энэ бүхнийг Ехова удирдсаныг бүү мартаарай. Христ болон тэнгэр элчүүд өнөөгийн бузар муу ертөнцийг тун удахгүй устгана. Тэр цагт Еховагийн ариун нэрийг гутаах, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдлийг нь үгүйсгэх хэн ч байхгүй болно!

Барилгын ажилд сайн дураараа оролцдог итгэл нэгтнүүддээ баярлалаа (11-р догол мөрийг үзээрэй)

11, 12. Еховагийн байгууллага юу хийж бүтээж байна вэ?

11 Бурхны байгууллагын дэлхий дэх хэсэг эцсийн энэ өдрүүдэд юу хийж бүтээж байгааг бодоод үзье. Барилгын ажил. АНУ-ын Нью-Йорк мужийн Уорвик хотод Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төвийн барилга дээр хэдэн зуун хүн чөлөө завгүй ажилласан. Цуглааны танхим барих, салбарын барилгыг өргөтгөх ажилд мянга мянган хүн сайн дураараа оролцож Олон улсын барилга төлөвлөлтийн хэлтсийн зааврын дагуу ажиллаж байна. Ийм үйл хэрэгт цаг зав, хүч хөрөнгөө дуртайяа зориулж буй итгэл нэгтнүүддээ баярлалаа! Дэлхийн өнцөг булан бүрд буй Еховагийн үйлчлэгчид энэ төслүүдэд чадах ядахаараа санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Ехова даруу, үнэнч тэдгээр үйлчлэгчээ ивээдэг (Лук 21:1–4).

12 Боловсрол. Бурхны боловсрол олгодог сургуулиудын талаар ярилцъя (Ис. 2:2, 3). Үүнд: Эхлэгчийн сургууль, Сайн мэдээ тунхаглагчийн сургууль,  Гилеад сургууль, Шинэ бетелчний сургууль, Дүүрэг хариуцагч ба эхнэрүүдэд нь зориулсан сургууль, Ахлагчийн сургууль, Христиан үйлчлэлийн сургууль, Салбарын хорооны гишүүд ба эхнэрүүдэд нь зориулсан сургуулийг дурдаж болно. Үйлчлэгчид нь сурч боловсроход Ехова дуртай! Бид jw.org вэб саитаасаа хэдэн зуун хэлээр ном хэвлэл унших боломжтой. Манай саитад хүүхэд багачуудад, гэр бүлүүдэд зориулсан тусгай булан байхаас гадна мэдээллийн булан бий. Та дэлгэрүүлэх ажилдаа, гэр бүлийн хичээлдээ jw.org саитыг ашигладаг уу?

ЕХОВАД ҮНЭНЧ БАЙЖ БАЙГУУЛЛАГЫГ НЬ ДЭМЖЬЕ

13. Еховагийн үйлчлэгчид ямар үүрэгтэй вэ?

13 Еховагийн байгууллагын гишүүн байна гэдэг ямар их завшаантай хэрэг вэ! Бид Бурхны тавьдаг шаардлага, тогтоосон хэм хэмжээг нь мэддэг учраас зөв юм хийж, Бурхныхаа хэмжээгүй эрх мэдлийг дэмжих үүрэгтэй. Энэ ертөнц улам бүр завхран гажуудаж байгаа ч бид Еховаг дуурайн «бузар мууг үзэн яддаг» байх ёстой (Дуу. 97:10). «Мууг сайн, сайныг муу» гэж боддог хүмүүс шиг болохыг хэн маань ч хүсэхгүй (Ис. 5:20). Бурхныхаа таалалд багтахыг хүсдэг учраас бүх л байдлаараа цэвэр ариун байхыг хичээдэг (1 Кор. 6:9–11). Бид Еховаг хайрлаж, итгэж найддаг учраас үнэнч байж Номд нь тодорхой бичсэн хэм хэмжээнийх нь дагуу амьдрахаар шийдсэн билээ. Тийм болохоор гэртээ, итгэл нэгтнүүдийнхээ дунд, ажил сургууль дээрээ гээд хаана ч байсан тэр л хэм хэмжээг баримтлахын төлөө хамаг хүчээ дайчилдаг (Сур. 15:3). Бурханд үнэнчээ батлах өөр аргуудыг ярилцъя.

14. Бурханд үнэнч эцэг эхчүүд юу хийдэг вэ?

14 Хүүхэд хүмүүжүүлэх. Гэрч эцэг эхчүүд үр хүүхдээ Еховагийн Үгийн дагуу сургаж хүмүүжүүлдэг бол үнэнч байна гэсэн үг. Тэд Бурхнаас эмээдэг учраас хүүхэд өсгөхдөө нутгийнхаа ёс заншлыг сохроор дагадаггүй. Энэ ертөнцөд давамгайлж буй хандлагад автах учиргүй (Еф. 2:2). Жишээ нь баптисм хүртсэн эрэгтэй: «Манай нутагт эмэгтэйчүүд хүүхдээ хүмүүжүүлдэг» гэж бодох ёсгүй. Библид маш тодорхой заавар бий. «Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ . . . Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл» гэдэг (Еф. 6:4). Еховагаас эмээдэг ээж аавууд хүүхдээ Самуел шиг болгохыг хүсдэг. Самуел бүр багаасаа Еховатай дотно байсан шүү дээ (1 Сам. 3:19).

15. Том шийдвэр гаргахдаа Еховад үнэнчээ хэрхэн харуулах вэ?

15 Шийдвэр гаргах. Амьдралдаа чухал чухал шийдвэр гаргахдаа Бурхны Үгнээс, байгууллагаас нь тусламж эрдэг бол үнэнчийн шинж болно. Энэ нь маш чухал. Олон эцэг эхчүүдэд тулгардаг нэг ярвигтай асуудлыг жишээ болгон авъя. Ажил хийж мөнгө олохын тулд дөнгөж төрсөн хүүхдээ нутаг руугаа явуулж эцэг эхээрээ өсгүүлэх нь цагаачдын дунд түгээмэл байдаг. Энэ нь мэдээж хувь хүний асуудал. Гэхдээ гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүн бүр Бурхны өмнө хүлээдгийг санах ёстой (Ром 14:12-ыг уншина). Эхлээд Библиэс удирдлага заавар хайхгүйгээр гэр бүл, аж амьдралтай холбоотой том шийдвэр гаргах нь зөв үү? Мэдээж буруу! Хүн өөрөө амьдралаа зөв залж чиглүүлэх чадваргүй учраас тэнгэрийн Эцгээсээ тусламж авах шаардлагатай (Иер. 10:23).

16. Нэг эмэгтэй хүүгээ төрөхөд нь яахаар шийдсэн бэ? Зөв шийдэхэд нь юу тус болсон бэ?

 16 Нэгэн залуу хос ажил хийхээр гадаадад очсоныхоо дараа хүүхэдтэй болжээ. Тэд хүүгээ өвөө эмээгээр нь өсгүүлэхээр нутаг руугаа явуулах гэж байлаа. Яг тэр үеэр эхнэр нь Еховагийн Гэрчээр Библийн хичээл заалгаж эхлэв. Библийн үнэнд зүрх сэтгэл нь хөдөлжээ. Хүүхдэдээ Еховагийн тухай заах үүрэгтэйгээ мэдэж авав (Дуу. 127:3; Сур. 22:6). Ингээд залуу бүсгүй Библид бичсэний дагуу Еховад сэтгэлээ уудлан залбирч зөв юм хийхэд туслаач хэмээн гуйжээ (Дуу. 62:7, 8). Бас тохиолдоод буй асуудлаа Библийн багшдаа хэлж, хурлынхантайгаа ч ярилцжээ. Төрөл садан, найз нөхөд нь хүүхдээ өвөө эмээ рүү нь явуул гэж ятгаж байсан ч буруу юм хийх гэж байгаагаа мэдээд тэдний үгэнд орсонгүй. Гэрчүүд эхнэр хүүхдэд нь маш сайн тусалж байгааг нөхөр нь ажиглаад сэтгэл нь хөдөлжээ. Тэгээд Библийн хичээл хийж, эхнэр хүүхэдтэйгээ цуглаанд очдог болсон байна. Чин сэтгэлийн залбиралд нь Ехова хариулсан гэдэгт тэр эмэгтэй итгэл төгс байдаг гэнэ.

17. Суралцагчтайгаа Библийн хичээл хийхдээ ямар зааврыг дагах хэрэгтэй вэ?

17 Зааврыг дагах. Бурханд үнэнчээ батлах нэг чухал арга бол Бурхны байгууллагаас ирсэн зааврыг дагах явдал юм. Жишээлбэл Библийн суралцагчийн талаар ямар заавар өгснийг бодъё. «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номоор хичээл хийж эхэлсэн бол хичээл бүрийн дараа суралцагчийнхаа анхаарлыг Еховагийн байгууллага руу хандуулах хэрэгтэй. Ингэхдээ «Хаанчлалын танхимд юу болдог вэ?» гэсэн видеог үзүүлж, «Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?» гэдэг товхимлыг ашиглан тайлбарлаарай. «Библийн сургаал» номыг судлаад дууссан бол суралцагч баптисм хүртсэн байлаа ч «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номыг судлаарай гэсэн зааврыг бид байгууллагаас авсан. Энэ нь «итгэл дотроо баталгаажихад» нь шинэ шавьд туслах зорилготой (Кол. 2:7). Та Еховагийн байгууллагаас ирсэн эдгээр зааврыг дагаж байгаа юу?

18, 19. Еховад талархах ямар ямар шалтгаан байдаг вэ?

18 Еховад талархах шалтгаан өчнөөн олон байна! Хэрэв Ехова амь өгөөгүй бол бид хөдлөх ч, оршин байх ч боломжгүй (Үйлс 17:27, 28). Бидэнд бас өөрийнхөө номыг буюу Библийг өгсөн. Бид Библийг эртний Тесалоникийн дагалдагчид шиг үнэлж баршгүй бэлэг хэмээн эрхэмлэж, Бурхны үг, Бурхнаас ирсэн мэдээ гэж талархалтайгаар хүлээн авдаг (1 Тес. 2:13).

19 Библи байдаг учраас бид Еховатай ойртон дотносож, Ехова ч бидэнтэй ойртон дотносож байна (Иак. 4:8). Тэнгэрийн Эцэг маань бидэнд байгууллагынх нь гишүүн байх хосгүй завшаан өгсөн. Ийм гайхалтай ивээл хүртсэндээ баярлаад баршгүй! «ЭЗЭНд талархагтун. Учир нь Тэр сайн, учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх» хэмээсэн дуулалчтай бид санал нэгтэй байдаг (Дуу. 136:1). 136-р дуулалд «Түүний хайр энэрэл мөнхийнх» гэдэг үг 26 удаа гардаг. Хэрэв бид Еховад үнэнч байж, байгууллагаараа дамжуулж өгсөн удирдамж зааврыг нь дагадаг бол мөнхийн амиар шагнуулж, дээрх үгийн үнэнийг биеэрээ үзнэ!