Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 1 сар 

«Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг»

«Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг»

«Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг» (РОМ 8:16).

ДУУ: 5, 14

1-3. Пентекостын өдөр ямар чухал үйл явдал болсон бэ? Библийн ямар зөгнөл, хэрхэн биелсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

МЭ 33 оны Пентекостын өдөр эхэлжээ. Ням гаргийн өглөө 9 цагийн үе. Амралтын өдөр, баярын өдөр давхацсан тул Иерусалимд байгаа хүмүүсийн хувьд сэтгэл догдлуулсан онцгой өдөр байлаа. Өглөөний тахилыг сүмд хэдийнээ өргөжээ. Харин одоо тэргүүн тахилч шинэхэн буудайн дээд зэргийн гурилаар, хөрөнгөөр эсгэж хийсэн хоёр талхыг даллах өргөл болгохоор бэлтгэж байна (Лев. 23:15–20). Энэ өргөл нь буудайн ургац хураалт эхэлснийг илтгэх аж.

2 Энэ бүхэн сүмийн ойр орчим болж байх зуур хотын нэгэн байшингийн дээд давхрын өрөөнд үүнээс хавьгүй чухал үйл явдал болох гэж байна. Есүсийн 120-оод дагалдагч «өөрсдийгөө залбиралд зориулахаар» цугларчээ (Үйлс 1:13–15). Пентекостын өдөр бүр тэргүүн тахилчийн хийдэг зүйл бол одоо тэдэнд тохиолдох гэж буй үйл явдалтай нягт холбоотой юм. Түүнчлэн 800-гаад жилийн тэртээ зөнч Иоелийн бичсэн зөгнөл энэ өдөр биелэх гэж байна  (Иоел 2:28–32; Үйлс 2:16–21). Тийм чухал ямар үйл явдал болох гэж байна вэ?

3 Үйлс 2:2–4-ийг уншина уу. Дээд давхрын өрөөнд цугласан байсан тэдгээр дагалдагч дээр Бурхны ариун сүнс асгарчээ (Үйлс 1:8). Тэд нүдээрээ үзэж, чихээрээ сонссон гайхамшигтай зүйлээ хүмүүст гэрчилж эхэлсэн. Удалгүй олон хүн хуран цугларахад Петр юу болсныг ярьж, хэр чухал үйл явдал болохыг тайлбарлав. Тэгээд «Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлэг авах болно» гэлээ. Үүнийг сонссон 3 000 орчим хүн баптисм хүртэж, ариун сүнсний бэлэгтэй болжээ (Үйлс 2:37, 38, 41).

4. а) Пентекостын өдөр болсон үйл явдал бидний хувьд яагаад чухал бэ? б) Олон зуун жилийн өмнө үүнтэй төстэй ямар чухал үйл явдал яг энэ өдөр болсон байж болох вэ? (Зүүлт үзнэ үү).

4 МЭ 33 оны Пентекостын өдөр бидний хувьд яагаад чухал бэ? Иерусалимын сүмд үйлчилдэг байсан тэргүүн тахилч нь агуу Тэргүүн Тахилч Есүсийг төлөөлдөг. [1] Пентекостын өдөр тэргүүн тахилч бэлгэдлийн хоёр талхыг Еховад өргөдөг байсан. Сүмд өргөдөг байсан, хөрөнгөөр исгэсэн энэ хоёр талх Есүсийн тослогдсон шавь нарыг төлөөлдөг. Тэд нүгэлт хүн төрөлхтнөөс сонгогдож, Бурхны үрчлэгдсэн хүүхдүүд болсон. Ийнхүү хүн төрөлхтний «анхны үр жимс» гэгддэг энэ хүмүүст тэнгэр лүү явж, Хаанчлалын хаад болох боломж нээгдсэн юм. Бурхны Хаанчлал тоолж баршгүй их ивээлийг дуулгавартай хүмүүст хүртээнэ (Иак. 1:18; 1 Петр 2:9). Тиймээс Есүстэй хамт тэнгэрт амьдрах ч бай, диваажин дэлхийд амьдрах ч бай бидний хувьд МЭ 33 оны Пентекостын өдөр болсон үйл явдал чухал юм!

ХЭРХЭН ТОСЛОГДДОГ ВЭ?

5. Тослогдсон хүмүүс яг адилхан аргаар тослогдоогүй нь юунаас харагддаг вэ?

5 Хэрэв та 120 дагалдагчийн нэг байсан бол тэр өдрийг хэзээ ч мартахгүй биз ээ. Хүн бүрийн толгой дээр галын дөл мэт зүйл бий болж Ехова тэднийг гадаад хэлээр ярих чадвартай болгожээ. Тэд ариун сүнсээр тослогдсон гэдэгтээ огтхон ч эргэлзээгүй (Үйлс 2:6–12). Тэгвэл тослогдсон хүмүүс бүгдээрээ Есүсийн 120 шавьтай яг адилхан аргаар тослогддог гэсэн үг үү? Үгүй. Тэр өдөр Иерусалимд байсан бусад хүн баптисм хүртэж байхдаа ариун сүнсээр тослогдсон (Үйлс 2:38). Тэдний дээр гал хаялах мэт хэлүүд бий болоогүй. Бас зарим хүн баптисм хүртэж байхдаа тослогдоогүй. Жишээлбэл самаричууд баптисм хүртсэнээсээ хойш хэсэг хугацааны дараа тослогджээ (Үйлс 8:14–17). Харин Корнел болон түүний гэрийнхэн баптисм хүртэхээсээ өмнө ариун сүнсээр тослогдсон. Энэ нь онцгой тохиолдол байлаа (Үйлс 10:44–48).

6. Тослогдсон хүмүүс юу олж авдаг вэ? Энэ нь тэдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

6 Хүн бүр яг адилхан аргаар тослогддоггүй байх нь ээ. Зарим хүн тослогдсоноо шууд анзаардаг байхад, зарим нь хэсэг хугацааны дараа мэддэг. Элч Паул тослогдсон хүмүүсийн талаар бичихдээ «Түүнд итгээд, амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан байв. Тэр нь ... бидний өвийн батлан даагч болжээ» гэсэн байдаг (Еф. 1:13, 14). Ехова тэднийг тэнгэрт амьдруулахаар сонгосон гэдгээ ариун сүнсээрээ тодорхой ойлгуулж өгдөг гэсэн үг юм. Тослогдсон хүмүүс ийнхүү баталгаа  олж авдаг учраас дэлхий дээр бус, тэнгэрт амьдарна гэдэгтээ бүрэн итгэдэг (2 Коринт 1:21, 22; 5:5-ыг уншина уу).

7. Тэнгэрийн шагналаа авахын тулд тослогдсон хүн бүр яах ёстой вэ?

7 Ариун сүнсний баталгаа авсан л бол тэнгэрт амьдрах нь гарцаагүй гэсэн үг үү? Үгүй. Энэ бол зөвхөн тэнгэрт амьдрах урилга юм. Тэнгэрийн шагналаа авах уу, үгүй юү гэдэг нь үнэнч байх эсэхээс шалтгаална. Энэ тухай Петр: «Тиймээс ах дүү нар аа, Түүний та нарыг дуудан, сонгосныг бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй. Ингэснээр бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлал уруу хангалттай орох болно» гэжээ (2 Петр 1:10, 11). Тийм учраас тослогдсон хүмүүс үнэнч байхын төлөө хамаг чадлаараа тэмцэх ёстой. Эс тэгвэл тэнгэрт амьдрах урилга нь хүчингүй болно (Евр. 3:1; Илч. 2:10).

ТОСЛОГДСОНОО ЯАЖ МЭДДЭГ ВЭ?

8, 9. а) Хүмүүс яг яаж тослогддогийг Бурхны үйлчлэгчдийн ихэнх нь яагаад ойлгодоггүй вэ? б) Тэнгэрт амьдрах урилга авснаа хэрхэн мэддэг вэ?

8 Хүмүүс яг яаж тослогддогийг Бурхны үйлчлэгчдийн ихэнх нь ойлгож чаддаггүй. Энэ нь ч зүйн хэрэг. Яагаад гэвэл Бурхан хүн төрөлхтнийг дэлхий дээр мөнх амьдруулахаар бүтээсэн билээ (Эх. 1:28; Дуу. 37:29). Харин зарим хүнийг тэнгэрт хаан, тахилч болгохоор сонгосон нь онцгой явдал юм. Тэд ариун сүнсээр тослогдохлоороо өөрөөр бодож, мэдэрдэг болдог. Бас тэнгэрт амьдрахыг тэсэн ядан хүлээдэг болдог (Ефес 1:18, 19-ийг уншина уу).

9 Хүн тэнгэрт амьдрах найдвартай болсноо хэрхэн мэддэг вэ? Паул «ариун хүмүүс байхаар дуудагдсан» Ромын итгэл нэгтнүүддээ юу гэж бичсэнээс энэ асуултын хариуг мэдэж болно. «Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид “Аав! Эцэг минь!” гэж дууддаг. Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг» гэжээ (Ром 1:7; 8:15, 16). Товчхон хэлбэл тухайн хүн Хаанчлалыг өвлөх болсноо Бурхны ариун сүнсний нөлөөгөөр мэддэг ажээ (1 Тес. 2:12).

10. 1 Иохан 2:27-д «Өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй» гэснийг юу гэж ойлгох вэ?

10 Бурхнаас тусгай урилга авсныг нь өөр хэн нэг нь тослогдсон христиануудад гэрчлэх шаардлага байхгүй. Ехова тодорхой ойлгуулсан учраас тэд оюун ухаандаа ч, зүрх сэтгэлдээ ч эргэлздэггүй. Элч Иохан тослогдсон хүмүүст «Та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ» гээд цааш нь «Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун» хэмээн бичжээ (1 Иох. 2:20, 27). Тэд бусадтай адил, Еховагаар заалгах ёстой. Гэхдээ тослогдсоноо хэн нэгнээр батлуулах шаардлагагүй. Орчлонт ертөнц дэх хамгийн агуу хүч баталдаг учраас тэр юм!

ДЭЭРЭЭС ТӨРСӨН

11, 12. Тослогдсон хүнд ямар бодол төрж мэдэх вэ? Юунд эргэлздэггүй вэ?

11 Ариун сүнсээр тослогдсоноо тодорхой  мэдсэн хүн олон юмаа өөрчилдөг. Үүнийг Есүс: «Дээрээс ... төрөх» гэж хэлсэн байдаг (Иох. 3:3, 5). Тэгээд цааш нь «Чи дээрээс төрөх ёстой гэж Би чамд хэлсэнд бүү гайх. Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг» хэмээн тайлбарлажээ (Иох. 3:7, 8). Тослогдсон хүмүүс тэнгэрийн найдварынхаа талаар бусад итгэл нэгтэндээ тайлбарлаж, бүрэн ойлгуулах аргагүй нь эндээс харагдаж байна.

12 Тослогдсон хүн: «Яагаад би гэж? Ямар учраас өөр хүнийг биш, намайг сонгох болов оо?» гэж гайхдаг. Ийм хүндтэй үүрэг хүлээх зохистой эсэхдээ ч эргэлзэж мэднэ. Гэхдээ Бурхнаас урилга авсан гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй. Зүрх сэтгэл нь баяр баяслаар бялхаж, талархах сэтгэлээр дүүрдэг. Тэд Петртэй санал нэг байдаг. Петр: «Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болон Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу, мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв уруу дахин төрүүлсэн» гэжээ (1 Петр 1:3, 4). Тослогдсон хүмүүс энэ үгийг уншаад Тэнгэрийн Эцэг нь өөрт нь хэлж байгааг шууд ойлгодог.

13. Хүн ариун сүнсээр тослогдохлоороо бодлоо хэрхэн өөрчилдөг вэ? Яагаад?

13 Тослогдогсод Бурхнаас энэ онцгой бэлгийг авахаасаа өмнө дэлхий дээр амьдрах найдвараа үнэлж эрхэмлэдэг байсан. Муу муухай бүхэн устгагдах цагийг тэсэн ядан хүлээж, дэлхий дээр мөнх амьдрахыг хүсэн тэмүүлж байсан нь мэдээж. Хайртай хүмүүсээ амилахлаар нь хэрхэн угтаж авахаа ч төсөөлдөг байсан биз ээ. Барьсан байшиндаа аж төрж, тарьсан модныхоо жимсийг иднэ гэж бодож байсан нь лавтай (Ис. 65:21–23). Тэгвэл бодлоо яагаад өөрчилсөн бэ? Энэ бүхэнд сэтгэл үл ханаад эсвэл сэтгэлийн хөөрөлдөө автаад өөрчилсөн юм болов уу? Дэлхий дээр мөнх амьдрах нь сонирхолгүй, уйтгартай санагдсанаас болов уу? Эсвэл тэнгэрт амьдрах нь ямар байдгийг үзэх гэснээс болоод бодлоо өөрчилсөн үү? Үгүй. Бурхан тэднийг уриад зогсохгүй үзэл бодол, хүсэл эрмэлзлийг нь ариун сүнсээрээ өөрчилсөн юм.

14. Тослогдогсод дэлхий дэх амьдралаа юу гэж үздэг вэ?

14 Тэгвэл тослогдсон хүмүүс үхэхийг хүсдэг гэсэн үг үү? Паул ариун сүнсээр удирдуулан энэ асуултад хариулсан байдаг. «Бид энэ майхандаа байх зуураа дарамттай байж, ёолдог юм. Яагаад гэвэл үхлийн бие нь амиар залгигдсан байхын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм» гэжээ (2 Кор. 5:4). Тэд амьдрах хүсэлгүй болж, хурдан үхэхийг боддог юм биш ээ. Харин ч найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ Еховад өдөр бүр баяр хөөртэй үйлчилдэг. Гэхдээ ямар ч үед тэнгэрт амьдрах хосгүй найдвараа санаж явдаг (1 Кор. 15:53; 2 Петр 1:4; 1 Иох. 3:2, 3; Илч. 20:6).

ТА ТОСЛОГДСОН УУ?

15. Ариун сүнсээр тослогдсон эсэхийг ямар шинж тэмдгээр мэдэх боломжгүй вэ?

15 Та: «Ехова намайг урьсан юм биш биз дээ?» гэж боддог байж болох юм. Тэгвэл дараах чухал асуултуудыг өөрөөсөө асуугаарай. «Би өмнөхөөсөө илүү идэвх зүтгэлтэй үйлчилдэг болсон  уу? “Бурханы гүн юмсыг” шимтэн судлах дуртай юу? (1 Кор. 2:10). Дэлгэрүүлэх ажлыг минь Ехова онцгой ивээж байна уу? Еховагийн хүсэл таалалд нийцүүлье гэсэн гал халуун хүсэл надад бий юү? Еховад үйлчлэхэд нь бусдад туслах үүрэгтэй гэдгээ улам бүр ухамсарлаж байгаа юу? Ехова миний амьдралд онцгой аргаар тусалж байгаа нь илт байна уу?». Та эдгээр асуултад тийм гэж хариулж байгаа бол тэнгэрт амьдрахаар дуудагдсан гэж яаран бүү дүгнээрэй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл эдгээр нь тэнгэрт амьдрах найдвартай хүнд л төрдөг онцгой мэдрэмж биш юм. Еховагийн ариун сүнс дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүст ч адилхан үйлчилдэг. Хэрэв та тэнгэрт амьдрах найдвартай болсон эсэхдээ эргэлзэж байгаа бол тослогдоогүй гэсэн үг. Еховагийн урьсан хүмүүс тослогдсон эсэхдээ хэзээ ч эргэлздэггүй! Тэд баттай мэддэг!

16. Бурхны сүнсийг авсан хүмүүс бүгдээрээ тэнгэрт амьдрах найдвартай биш гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

16 Еховагийн ариун сүнсийг авсан үнэнч хүмүүсийн жишээ Библид олон бий. Гэхдээ тэд тэнгэрийн найдвартай байгаагүй. Баптисм хүртээгч Иохан тэдний нэг юм. Есүс түүнийг магтаж «Иоханаас илүү агуу хүн байгаагүй» гэж хэлсэн ч тэнгэрийн Хаанчлалд өөртэй нь хамт хаанчлахгүй гэжээ (Мат. 11:10, 11). Ариун сүнсээр удирдуулдаг байсан бас нэг хүн бол Давид юм (1 Сам. 16:13). Давид Еховагийн тухай гүн юмсыг ойлгодог байснаас гадна Библийн зарим номыг бичсэн билээ (Марк 12:36). Гэлээ ч түүний тухай Петр: «Тэнгэрт гарсан нь Давид биш» хэмээн Пентекостын өдөр хэлсэн байдаг (Үйлс 2:34). Ехова эдгээр үйлчлэгчээ ариун сүнсээр удирдаж байсан ч тэнгэрт амьдруулахаар сонгоогүй. Тэд тэнгэрт амьдрах шаардлага хангаагүй гэсэн үг үү? Үгүй. Ехова тэднийг диваажин болсон дэлхийд амилуулах ажээ (Иох. 5:28, 29; Үйлс 24:15).

17, 18. а) Бурхны үйлчлэгчдийн ихэнх нь ямар цагийг тэсэн ядан хүлээдэг вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн ихэнх нь тэнгэрт амьдрахгүй. Тэд Давид, баптисм хүртээгч Иохан зэрэг эртний үнэнч хүмүүсийнхтэй адилхан найдвартай. Абрахамын адилаар Хаанчлалын харьяат албат болох цагаа тэсэн ядан хүлээдэг (Евр. 11:10). Тэнгэрт амьдрахаар сонгогдсон хүмүүсийн цөөн хэд нь л төгсгөлийн энэ цаг үед дэлхий дээр амьдарч байна (Илч. 12:17). Өөрөөр хэлбэл сонгогдсон 144 000 хүний ихэнх нь нас барсан бөгөөд одоо тэнгэрт байгаа.

18 Хэрэв итгэл нэгтэн маань өөрийгөө тэнгэрт амьдрах найдвартай гэж хэлбэл бид юу гэж үзэх ёстой вэ? Хурлын маань хэн нэг гишүүн Эзний оройн зоог дээр бэлгэдлийн идээнээс хүртвэл яах хэрэгтэй вэ? Тэнгэрт амьдрах найдвартай хүмүүсийн тоо нэмэгдээд байна гэж санаа зовох нь зөв үү? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээр үзнэ.

^ [1] (4-р догол мөр). МЭ 33 оны Пентекостын өдөр нь Синаи уулын бэлд эртний израильчуудад Хууль өгсөн тэр өдөртэй давхацсан байж болох юм (Ег. 19:1). Хэрэв тийм бол Мосе тэр өдөр израильчуудад Хуулийн гэрээг танилцуулсан шиг Есүс Христ шинэ үндэстэн болох сүнслэг Израильд яг тэр өдөр шинэ гэрээг танилцуулсан.