Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 1 сар 

«Зүйрлэшгүй бэлэг» өгсөн Бурхандаа талархагтун!

«Зүйрлэшгүй бэлэг» өгсөн Бурхандаа талархагтун!

«Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай» (2 КОР. 9:15).

ДУУ: 53, 18

1, 2. а) Юуг Бурхны «зүйрлэшгүй бэлэг» гэх вэ? б) Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

ЕХОВА хүн төрөлхтний төлөө цорын ганц Хүүгээ дэлхий рүү илгээжээ. Энэ бол хамгийн агуу хайрын бэлэг юм (Иох. 3:16; 1 Иох. 4:9, 10). Үүнийг элч Паул «зүйрлэшгүй бэлэг» гэжээ (2 Кор. 9:15). Яагаад ингэж хэлсэн бэ?

2 Есүсийн золиос Бурхны амласан бүхэн биелэхийн хөдөлшгүй баталгаа болдог (2 Коринт 1:20-ийг уншина уу). Эндээс үзвэл «зүйрлэшгүй бэлэг» гэдэг нь зөвхөн золиос биш ажээ. Ехова ирээдүйд бидний төлөө сайхан сэтгэл, үнэнч хайрандаа хөтлөгдөн олон зүйлийг хийнэ. Тэр бүхнийг бэлэг гэж хэлж болно. Үгээр илэрхийлэхийн аргагүй энэ хосгүй бэлгийн талаар бодохлоор юу хийх хүсэл төрдөг вэ? 2016 оны 3 дугаар сарын 23-ны лхагва гарагт болох Христийн нас барсныг дурсах цуглаанд бэлдэхдээ энэ бэлгийг үнэлж эрхэмлэдгээ хэрхэн харуулах вэ?

 БУРХНЫ ӨГСӨН ОНЦГОЙ БЭЛЭГ

3, 4. а) Та бэлэг авахлаараа яадаг вэ? б) Онцгой бэлэг авбал та амьдралаа хэрхэн өөрчлөх вэ?

3 Бэлэг өгөхлөөр хэн ч гэсэн баярлаж сэтгэл нь хөдөлдөг. Хүний амьдралыг эрс өөрчилдөг онцгой бэлэг ч бий. Жишээ авъя. Та гэмт хэрэгт холбогдсоноос болоод цаазаар авах ял сонслоо. Гэнэт нэг хүн олны дундаас гарч ирээд таны өмнөөс сайн дураараа ял эдлэхээр болов. Тэр хүн огт танихгүй мөртлөө таны төлөө амиа өгөхөд бэлэн байна! Ийм онцгой бэлэг өгч байхад та яах вэ?

4 Юу хийж яваагаа эргэн нэг харж, тэр байтугай, амьдралаа өөрчлөхөөр шийдэх биз ээ. Бусдыг улам их хайрладаг болно. Байгаа бүхнээ харамгүй хуваалцдаг болно. Бас таныг гомдоосон хэнийг ч болов уучлах хүсэлтэй болох нь дамжиггүй. Таны төлөө амиа золиосолсон тэр хүнд өртэй гэдгээ насан туршдаа ухамсарлаж амьдрах нь лавтай.

5. Еховагийн өгсөн бэлгийг юутай ч харьцуулшгүй агуу гэхийн учир юу вэ?

5 Еховагийн өгсөн бэлэг дээрх жишээнд гардагтай харьцуулшгүй агуу (1 Петр 3:18). Яагаад тэгж хэлж болох вэ? Хүмүүс бид Адамаас нүгэл өвлөж авсан учраас нүглийн шийтгэл болох үхлээс зугтаж чаддаггүй (Ром 5:12). Харин Ехова хайрандаа хөтлөгдөн «хүн бүрийн төлөө үхлийг амсуулахын» тулд Есүсийг дэлхий рүү илгээсэн (Евр. 2:9). Есүсийн золиос одоо ач тусаа өгөөд зогсохгүй ирээдүйд «үхлийг мөнхөд залгих» үндэс болдог (Ис. 25:7, 8; 1 Кор. 15:22, 26). Есүст итгэдгээ үйл хэргээрээ харуулдаг бүх хүн Бурхны Хаанчлалын хаад болох ч бай, харьяат албатууд болох ч бай үүрд амар тайван, аз жаргалтай амьдарна (Ром 6:23; Илч. 5:9, 10). Еховагаас ийм бэлэг авсан хүн өөр ямар ивээл хүртэх вэ?

6. а) Та ямар ивээл хүртэхийг тэсэн ядан хүлээдэг вэ? б) Бурхны хайрын талаар эргэцүүлэн бодохлоор юу хийх хүсэл оргилдог вэ?

6 Дэлхий диваажин болж, аливаа өвчин эмгэг устаж, нас барагсад амилна (Ис. 33:24; 35:5, 6; Иох. 5:28, 29). Ийм «зүйрлэшгүй бэлэг» өгсөн Ехова Есүс хоёрыг хайрлахгүй байхын аргагүй. Харин одоо нэг асуулт гарч байна. «Бурхны хайрын тухай эргэцүүлэн бодохлоор юу хийх хүсэл оргилдог вэ?». 1) Есүс Христийн мөрөөр алдалгүй дагах, 2) итгэл нэгтнүүддээ хайраа илэрхийлэх, 3) бусдыг чин зүрхнээсээ уучлах хүсэлтэй болдгийг энэ өгүүллээр ярилцъя.

«ХРИСТИЙН ХАЙР БИДНИЙГ АЛБАДДАГ»

7, 8. «Христийн хайр биднийг албаддаг» гэдэг нь юу гэсэн үг вэ? Христийн төлөө амьдрах хүсэлтэйгээ хэрхэн харуулах вэ?

7 Нэгдүгээрт, бид Есүс Христийн төлөө амьдаръя гэсэн хүсэлтэй болох ёстой. «Христийн хайр биднийг албаддаг» хэмээн элч Паул бичжээ (2 Коринт 5:14, 15-ыг уншина уу). Христийн агуу хайрыг мэдэрсэн хүн түүний төлөө амьдрах хүсэлтэй болдог гэсэн үг. Ехова хайрандаа хөтлөгдөн бидний төлөө юу хийснийг бүрэн ойлговол Христийн төлөө амьдрах чин хүсэл өөрийн эрхгүй төрнө. Энэ хүслээ хэрхэн харуулах вэ?

8 Еховаг хайрладаг хүн Есүсийн мөрөөр алдалгүй дагаж, үйл хэргийг нь дуурайхыг хичээдэг (1 Петр 2:21;  1 Иох. 2:6). Ехова Есүс хоёрт дуулгавартай байдаг бол тэднийг хайрлаж байгаа хэрэг юм. Есүс: «Миний тушаалуудыг сахьдаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ» гэжээ (Иох. 14:21; 1 Иох. 5:3).

9. Бид ямар дарамтад байдаг вэ?

9 Хэрхэн амьдарч байгаагаа эргэцүүлэн бодох боломж Дурсах цуглааны улирлаар олддог. «Би Есүсийн мөрөөр алдалгүй дагаж байна уу? Юугаа засах шаардлагатай байна вэ?» гэж өөрийгөө шалгаарай. Энэ ертөнц өөрийнхөөрөө байлгах гэж байнга дарамталдаг учраас ийнхүү шалгах нь амин чухал (Ром 12:2). Болгоомжтой байхгүй бол ертөнцийн гүн ухаантнууд болон урлаг спортын оддыг даган дуурайж мэднэ (Кол. 2:8; 1 Иох. 2:15–17). Ийм урхинд орохгүйн тулд яах вэ?

10. Энэ Дурсах цуглааны улирлаар өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? Ийн асуух нь ямар ач тустай вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

10 Хувцасны шүүгээ, киноны цуглуулга, хөгжмийн цомог болон утас, таблет, компьютерт хадгалсан материалуудаа шалгах боломж Дурсах цуглааны улирлаар олддог. Хувцасны шүүгээгээ үзэж байхдаа дараах асуултыг өөртөө тавиарай. «Хэрэв би энэ хувцсыг өмсөөд Есүсийн дэргэд очвол санаа зовохгүй байж чадах уу? (1 Тимот 2:9, 10-ыг уншина уу). Хүмүүс намайг хараад Есүс Христийн дагалдагч гэж шууд хэлэх үү?». Кино, хөгжим сонгохдоо «Есүс энэ киног үзэж, энэ хөгжмийг сонсох байсан болов уу? Би Есүст утас юм уу таблетаа түр өглөө гэхэд татаж авсан материалыг маань үзчих вий гэж санаа зовох уу?» хэмээн өөрөөсөө асуугаарай. Видео тоглоомын талаар «Би энэ тоглоомд яагаад дуртайгаа Есүст тайлбарлаж чадах уу?» гэж бодоорой. Хэрэв бид Еховаг хайрладаг бол Есүсийн дагалдагч хүнд зохихгүй ямар ч зүйлийг, хэчнээн үнэтэй байлаа ч хаяж чадна (Үйлс 19:19, 20). Тэгээд ч Еховад амь амьдралаа зориулахдаа өөрийнхөө төлөө бус, Христийн төлөө амьдрахаа амласан шүү дээ. Тиймээс Есүсийн мөрөөр алдалгүй дагахад саад болдог бүхнээс зуураад байж болохгүй (Мат. 5:29, 30; Флп. 4:8).

11. а) Ехова Есүс хоёрыг хайрладаг хүн юу хийдэг вэ? б) Бурхныг хайрладаг хүн хурлынхандаа хэрхэн тусалдаг вэ?

11 Есүсийг хайрладаг хүн дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд бүхий л зүрх сэтгэлээрээ идэвхтэй оролцдог (Мат. 28:19, 20; Лук 4:43). Дурсах цуглааны улиралд туслах эхлэгчээр үйлчилж, 30 юм уу 50 цаг дэлгэрүүлэх боломжтой. Та ажлаа зохицуулж байгаад энэ боломжийг ашиглаж чадах уу? Наян дөрвөн настай Гэрч эрэгтэй өндөр нас, өвчин хуучаасаа болоод өөрийгөө туслах эхлэгчээр үйлчилж чадна гэж бодоогүй ажээ. Харин эхлэгчид түүнд тусламжийн гараа сунгав. Тохиромжтой хэсэг сонгон өгч, унаа тэргээр үйлчилжээ. Тэдний ачаар өнөөх Гэрч 30 цаг дэлгэрүүлнэ гэсэн зорилгодоо хүрсэн гэнэ. Та бас итгэл нэгтэн дээрээ өөрийнхөө санаачилгаар очиж, Дурсах цуглааны улирлаар эхлэгчээр үйлчлэхэд нь тусалж болно шүү дээ. Бүх хүн туслах эхлэгчээр үйлчлэх боломжгүй нь үнэн. Гэхдээ Еховагийн төлөө илүү ихийг хийхийн тулд цаг зав, хүч чадлаа зориулж чадна. Ингэдэг бол «Христийн хайр  биднийг албаддаг» гэсэн үг. Бурхныг хайрладаг хүн өөр юу хийх вэ?

БИД БИЕ БИЕЭ ХАЙРЛАХ ЁСТОЙ

12. Бурхныг хайрладаг хүн яадаг вэ?

12 Хоёрдугаарт, Бурхныг хайрладаг хүн итгэл нэгтнүүддээ хайраа илэрхийлэх хүсэлтэй болдог. Элч Иохан үүнийг ойлгосон учраас «Хайртууд минь, хэрэв Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биеэ хайрлах ёстой» гэж бичжээ (1 Иох. 4:7–11). Үнэндээ ах дүүгээ хайрлах ёстойгоо ухамсарлахгүй бол Бурхны хайрыг хүлээж чадахгүй шүү дээ (1 Иох. 3:16). Хайраа хэрхэн илэрхийлэх вэ?

13. Есүс хүмүүст хайраа илэрхийлэх талаар ямар сайхан жишээ үлдээсэн бэ?

13 Есүсийн жишээг бодож үзье. Есүс дэлхийд байхдаа дорой буурай хүмүүсийг онцгой анхаардаг байсан. Доголон, хараагүй, сонсголгүй, хэлгүй хүмүүс дээр өөрөө очоод тусалдаг байв (Мат. 11:4, 5). Есүс хүссэн бүхэнд Бурхны тухай дуртайяа заадгаараа шашны удирдагчдаас ялгаатай байсан (Иох. 7:49). Шашны удирдагчдад дорд үзэгддэг тэр хүмүүсийг хайрлаж, тусалж дэмждэг байв (Мат. 20:28).

Та өндөр настай итгэл нэгтнүүдтэйгээ хамт дэлгэрүүлдэг үү? (14-р догол мөрийг үзнэ үү)

14. Та итгэл нэгтнүүддээ хайраа хэрхэн илэрхийлмээр байна вэ?

14 Дурсах цуглааны улирлаар хурлынхандаа, ялангуяа өндөр настай итгэл нэгтнүүддээ туслах боломж олддог. Гэр оронд нь очоод эргэж тойрч болно. Хоол аваачиж өгөх, гэрийнх нь ажилд туслах, цуглаанд унаагаар хүргэж өгөх юм уу эсвэл хамт дэлгэрүүлж болохгүй нь юу билээ? (Лук 14:12–14-ийг уншина уу). Хэрэв бид Бурхныг хайрладаг бол санаачилга гарган итгэл нэгтнүүд дээрээ очиж, хайраа илэрхийлнэ. Итгэл нэгтнүүд маань бидний хайрыг мэдрээд хэрхэн баярлаж буйг харах сайхан шүү дээ.

БИД ИТГЭЛ НЭГТНҮҮДЭЭ УУЧЛАХ ЁСТОЙ

15. Хүн бүр юуг хүлээн зөвшөөрөх ёстой вэ?

15 Гуравдугаарт, Еховаг хайрладаг хүн итгэл нэгт ах дүүгээ уучлах ёстой. Бид бүгдээрээ анхны хүн Адамын үр удам учраас нүгэл, үхлийг өвлөн авсан билээ. Тиймээс «Надад золиос хэрэггүй» гэж хэн маань ч хэлж чадахгүй. Бурханд чин үнэнч хүнд ч золиос хэрэгтэй. Ехова биднийг асар их өрнөөс хэлтрүүлснийг  хүн бүр хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь яагаад чухал бэ? Есүсийн ярьсан нэг ёгт үлгэрт хариу нь бий.

16, 17. а) Хаан ба боолуудын тухай ёгт үлгэрээс бид ямар сургамж авах ёстой вэ? б) Та Есүсийн ярьсан ёгт үлгэрийг эргэцүүлэн бодоод яахаар шийдсэн бэ?

16 Есүсийн ярьсан ёгт үлгэрт төлж баршгүй их өртэй боолоо хэлтрүүлсэн хааны тухай гардаг. Тэр хаан боолынхоо 10 мянган талант буюу 60 сая денарын өрийг тэглэжээ. Гэтэл өнөөх боол 100-хан денарын өртэй хүнийг уучлаагүй. Асар их өршөөл хүртсэн атлаа хатуу сэтгэл гаргасан тэр боолын тухай хаан сонсоод ихэд хилэгнэжээ. Тэгээд «Бузар муу боол оо, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. Би чамайг өршөөсний адил чи бас анд нөхөр чинь болох тэр боолыг өршөөх ёстой байсан бус уу?» гэжээ (Мат. 18:23–35). Уг нь тэр боол өршөөнгүй сэтгэлтэй хаанд талархан найз боолоо өршөөх ёстой байлаа. Бид бас Еховагийн хайр, өршөөнгүй сэтгэлийг бодоод яах ёстой вэ?

17 Дурсах цуглаанд бэлдэхдээ «Би итгэл нэгтнээ уучилж чадахгүй, уурлаж дургүйцээд байгаа юм биш биз?» гэж өөрөөсөө асуугаарай. Хэрэв тийм бол «өршөөл уучлалын Бурхан» Еховаг дуурайх сайхан боломж танд олдож байна (Нех. 9:17; Дуу. 86:5). Ехова төлж баршгүй өрийг тань хэрхэн хэлтрүүлснийг ойлговол бусдыг чин зүрхнээсээ уучлах хүсэл төрнө. Итгэл нэгтнээ хайрлаж, уучилж чадахгүй бол Бурхны хайр, өршөөлийг хүртэхгүй (Мат. 6:14, 15). Уучиллаа гээд өнгөрснийг өөрчилж чадахгүй нь үнэн. Гэхдээ ирээдүй маань сайхан болно.

18. Итгэл нэгтнийхээ төгс бус байдлыг тэвчихэд нэг Гэрчид Бурхныг хайрлах хайр нь хэрхэн нөлөөлсөн бэ?

18 Итгэл нэгтнүүдийнхээ алдааг өдөр бүр тэвчих амаргүй (Колоссай 3:13, 14; Ефес 4:32-ыг уншина уу). Лили гэдэг Гэрч бүсгүй хурлынхаа Кэрл [1] гэдэг бэлэвсэн эмэгтэйд дуртайяа тусалдаг байжээ. Кэрлийг машинаараа хүргэж өгөх, дэлгүүрээс хоол хүнсийг нь цуглуулах зэргээр сайхан сэтгэл гаргана. Гэтэл Кэрл бүх юмыг шүүмжилдэг, харьцахад амаргүй хүн байв. Гэлээ ч Лили Кэрлийн сайхан зан чанарыг хардаг байсан болохоор тусламжийн гараа хэзээ ч татаж байсангүй. Кэрлийг хүнд өвчтэй болж, нас бартал нь олон жил тусалжээ. Лили: «Би Кэрл эгчийн амилахыг тэсэн ядан хүлээж байна. Төгс болохлоороо ямар хүн болохыг нь хармаар байна» гэжээ. Хэрэв бид Бурхныг хайрладаг бол ах дүүгээ уучилж, төгс бус байдлаасаа ангижрах цагийг нь тэсэн ядан хүлээнэ.

19. Бурхны «зүйрлэшгүй бэлгийн» тухай бодохлоор юу хийх хүсэл төрж байна вэ?

19 Еховагийн өгсөн бэлэг үнэхээр зүйрлэшгүй ажээ. Энэ бэлгээ цаг ямагт нандигнаж явъя! Ехова Есүс хоёрын хийсэн бүхнийг энэ Дурсах цуглааны улирлаар эргэцүүлэн бодоцгооё. Тэднийг хайрлах хайрандаа хөтлөгдөн Есүсийн мөрөөр алдалгүй дагаж, итгэл нэгтнүүддээ хайраа илэрхийлэн, алдаа гаргахад нь чин зүрхнийхээ угаас уучилж явцгаая.

^ [1] (18-р догол мөр) Энэ өгүүлэлд гарсан зарим нэрийг өөрчлөв.