Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 1 сар 

Бурхантай хамтран ажиллах нь баяр баясгалангийн үндэс

Бурхантай хамтран ажиллах нь баяр баясгалангийн үндэс

«Бурхантай хамтран ажиллаж байгаа бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг бүү дэмий хоосон аваарай» (2 КОР. 6:1).

ДУУ: 28, 14

1. Ехова Хамгийн дээд Нэгэн атлаа бусдад ямар боломж олгодог вэ?

ЕХОВА бол бүхнийг Бүтээгч, хосгүй мэргэн ухаантай, хязгааргүй хүчтэй Хамгийн дээд Нэгэн юм. Ехова аливаа зүйлийг хэрхэн бүтээсэн тухайгаа ойлгуулахын тулд Иовд хэдэн асуулт тавьдаг. Тэгэхэд нь Иов ойлгоод «Та бүх юмыг үйлдэж чаддаг бөгөөд Таны төлөвлөсөн зүйлсийн нэг нь ч бүтэлгүйтдэггүй гэдгийг би мэддэг» хэмээн хариулжээ (Иов 42:2). Ехова хүссэн бүхнээ хэний ч тусламжгүйгээр хийж чаддаг хэдий ч санаа зорилгоо биелүүлэхийн тулд бусадтай хамтран ажилладаг нь хайрынх нь илрэл юм.

2. Ехова Есүсийг ямар чухал ажилд урьсан бэ?

2 Бурхны анхны бүтээл нь цорын ганц Хүү нь байлаа. Ехова дараа дараагийн бүх бүтээлээ тэр Хүүтэйгээ хамтарч хийсэн (Иох. 1:1–3, 18). Есүсийн талаар элч Паул: «Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний  төлөө бүтээгдсэн байна» хэмээн бичжээ (Кол. 1:15–17). Тэгэхлээр Ехова бүтээх ажилдаа Хүүгээ оролцуулаад зогсохгүй маш чухал үүрэг гүйцэтгэснийг нь бусдад мэдүүлсэн байх нь ээ. Ямар их хүндэтгэл бэ!

3. Ехова Адамд ямар даалгавар өгсөн бэ? Яагаад?

3 Хамтарч ажиллах саналыг Ехова хүмүүст бас тавьдаг. Жишээлбэл амьтдад нэр өгөх даалгаврыг Адамд өгчээ (Эх. 2:19, 20). Ан амьтдыг ажиглаж, зан авирыг нь судалж, амьтан бүрд ямар нэр тохирохыг бодож олох нь Адамд хэчнээн сонирхолтой байсан бол оо! Ехова амьтдыг бүтээсэн болохоор өөрөө нэр өгч болох л байсан. Гэлээ ч Адамд хайртай учраас ийм даалгавар өгчээ. Бас Едений хил хязгаарыг тэлж, дэлхийг диваажин болгох үүрэг оноосон (Эх. 1:27, 28). Харамсалтай нь Адам Еховатай хамтарч ажиллахаа болихоор шийдсэн. Ингэснээр өөртөө ч, үр удамдаа ч гай тарьжээ (Эх. 3:17–19, 23).

4. Бурхныг санаа зорилгоо биелүүлэхэд нь хүмүүс хэрхэн хамтарч ажилласан бэ?

4 Хожим нь Бурхан санаа зорилгоо биелүүлэх ажилдаа өөр хүмүүсийг ч оролцуулжээ. Ноа хөвөгч авдар хийж, дэлхийг хамарсан усан галаваар гэр бүлийнхэнтэйгээ эсэн мэнд үлдсэн. Мосе Израилийн ард түмнийг Египетээс чөлөөлсөн. Иошуа израильчуудыг Амласан газар луу удирдсан. Соломон Иерусалимд сүм барьсан. Мариа Есүсийг төрүүлсэн. Ийнхүү Еховаг санаа зорилгоо биелүүлэхэд нь олон хүн үнэнчээр хамтран ажиллажээ.

5. Бид ямар ажилд оролцох боломжтой вэ? Ехова биднийг энэ ажилдаа оролцуулах албатай юу? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

5 Ехова биднийг бас хамтран ажиллахыг урьдаг. Бид Хаанчлалыг нь дэмжих учиртай. Бурханд үйлчлэх арга олон. Бүх хүн нэг янзаар үйлчлэх боломжгүй ч Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд бүгдээрээ оролцож чадна. Ехова бидэнгүйгээр энэ ажлыг хийж болох л байсан. Дэлхий дээр байгаа хүмүүстэй тэнгэрээс шууд ярьж чадна. Тэр байтугай Мессиагийн талаар чулуунуудаар ч тунхаглуулж чадна гэж Есүс хэлсэн байдаг (Лук 19:37–40). Гэхдээ Ехова биднийг «хамтран зүтгэгчээ» болгодог (1 Кор. 3:9). Элч Паул: «Бурхантай хамтран ажиллаж байгаа бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг бүү дэмий хоосон аваарай» гэжээ (2 Кор. 6:1). Бурхантай хамтран ажиллана гэдэг бол олдошгүй завшаан юм. Яагаад? Хэдэн шалтгааныг авч үзье.

БУРХАНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАВАЛ БАЯР БАЯСГАЛАНТАЙ БОЛДОГ

6. Бурхны ууган Хүү Эцэгтэйгээ хамтран ажиллахдаа хэр дуртай байсан бэ?

6 Эртний үйлчлэгчид нь Ехова Бурхантайгаа хамтран ажиллахдаа баяр хөөр болдог байжээ. Бурхны ууган Хүү дэлхий рүү ирэхээсээ өмнө ийн хэлсэн. «Замынхаа эхэнд ЭЗЭН намайг эзэмшсэн. Тэгэхэд би Түүний хажууд уран дархан мэт байв. Би Түүний өдөр тутмын баяр бахдал байсан бөгөөд Түүний өмнө үргэлж баярлаж байв» (Сур. 8:22, 30, МБОХ 2000). Тэнгэрийн Эцэгтэйгээ хамт ажиллах нь Есүсийн хувьд баяр жаргал байсан. Хийж буй ажилдаа сэтгэл дүүрэн байж, Ехова өөрийг нь хайрладгийг мэддэг учраас тийнхүү баярладаг байжээ. Тэгвэл бид яадаг вэ?

Хүмүүст үнэнийг заахаас илүү сайхан ажил хаана байна вэ? (7-р догол мөрийг үзнэ үү)

7. Дэлгэрүүлэх ажил хийхлээр яагаад жаргалтай болдог вэ?

7 Өгөх нь ч, авах нь ч жаргалтай гэж Есүс хэлсэн (Үйлс 20:35). Бид үнэнийг  хүлээж аваад баярласан. Бас түүнийгээ хүмүүст мэдүүлээд баярладаг. Хүмүүс Бурхны тухай мэдэж, Библид байдаг маш чухал үнэнийг ойлгож эхлэхлээрээ хэчнээн их баярлаж байгааг бид хардаг. Үзэл бодлоо төдийгүй амьдралаа өөрчилж байгааг нь харахлаар сэтгэл хөдөлдөг. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил амин чухал гэдгийг бид ойлгодог. Бурхантай эвлэрсэн хүмүүст мөнх амьдрах замыг нээж өгдгөөрөө энэ ажил онцгой юм (2 Кор. 5:20). Хүмүүст тусалж, мөнх амьдрах боломж олгодог, баяр баясгалан нэмдэг, сэтгэл дүүрэн болгодог ийм ажил өөр хаана байна вэ?

8. Еховатай хамтран ажиллахын баяр баясгалангийн талаар зарим хүн юу гэж ярьсан бэ?

8 Хүргэдэг мэдээг маань хүмүүс нааштай хүлээж авахад бид баярладаг. Бас Еховагийн таалалд нийцэж байгаагаа мэдээд, хичээл зүтгэлийг маань үнэлдгийг ойлгоод баяр хөөр болдог (1 Коринт 15:58-ыг уншина уу). Италид амьдардаг Марко: «Хийсэн ажлыг маань хэсэгхэн хугацааны дараа мартчихдаг хүнд биш, харин Еховад хамгийн сайныгаа өгч байгаа гэж бодохлоор зүйрлэшгүй ихээр баярладаг» гэжээ. Бас Италид үйлчилдэг Франко: «Ехова биднийг хайрладгаа, хийсэн бүхнийг маань том жижиг гэлгүй, бүгдийг нь өндөр үнэлдгээ Үгээрээ, байгууллагаараа өдөр бүр сануулдаг. Тийм учраас би Бурхантай хамтарч ажиллаад жаргалтай, утга учиртай амьдардаг» хэмээн хэлсэн байна.

БУРХАНТАЙ Ч, БУСАДТАЙ Ч ДОТНОСДОГ

9. Ехова Есүс хоёр хэр дотно вэ? Яагаад?

9 Хайртай хүмүүстэйгээ хамтарч ажиллахлаар улам дотносож, зан чанар гээд бүх юмыг нь мэддэг болдог. Юу хүсэж мөрөөддөг, түүндээ хэрхэн хүрэхийг ч мэднэ. Ехова Есүс хоёр олон тэрбум жил хамт ажиллахдаа дундаршгүй хайраар гагнагджээ. Хэр дотно байдаг тухайгаа Есүс: «Би болон Эцэг нэг юм» гэсэн (Иох. 10:30). Эцэгтэйгээ ажиллахдаа цаг ямагт гар сэтгэл нийлдэг байжээ.

10. Дэлгэрүүлэх ажил хийхлээр яагаад Бурхантай болон бусад хүнтэй дотносдог вэ?

10 Есүс Еховад залбирч байхдаа шавь нарыг маань хамгаалаач гэж гуйжээ. Яагаад тэр юм бол? «Бидний адил тэднийг нэг байлгахын тулд» гэж Есүс хэлсэн (Иох. 17:11). Тогтоосон хэм хэмжээг нь баримталж, дэлгэрүүлэх ажилд оролцох тусам Бурхныхаа сайхан зан чанарыг улам сайн ойлгодог. Еховад найдаж, удирдлага зааврыг нь дагах нь яагаад ухаалаг болохыг сурдаг. Бурхантай дотно болохын хэрээр Бурхан бас бидэнтэй дотносдог (Иаков 4:8-ыг уншина уу). Түүнчлэн адилхан жаргал зовлон амсаж, адилхан зорилго өвөрлөдөг учраас бид итгэл нэгтнүүдтэйгээ дотно болдог. Тийм ээ, бид хамт ажиллаж, хамт баярлаж, бэрхшээлийг хамт  туулдаг. Британид амьдардаг Октэвиа гэдэг эмэгтэй: «Еховатай хамтран ажиллахлаар бусад хүнтэй дотно болдог. Яагаад гэвэл бидний найрамдал нөхөрлөл адилхан хүсэл сонирхол дээр биш, харин нэг зорилго, нэг удирдлага дээр тогтдог» гэжээ. Та бас тэгж боддог уу? Еховагийн таалалд нийцүүлэх гэж хичээж байгаа итгэл нэгтнүүдээ хараад тэдэнд татагддаг уу?

11. Бид шинэ ертөнцөд Ехова болон итгэл нэгтнүүдтэйгээ яагаад бүр илүү дотно болох вэ?

11 Бид Бурхан болон хүмүүстэй хайраар гагнагдсан билээ. Энэ гагнаас шинэ ертөнцөд бүр ч бат бөх болно. Өмнө маань ямар ажил хүлээж байгааг төсөөл дөө! Амилсан хүмүүсийг угтан авч, Еховагийн хууль тушаалыг тэдэнд заана. Дэлхийг диваажин болгон хувиргана. Амархан биш ч гэсэн энэ даалгаврыг биелүүлэхийн тулд бид Хаанчлалын удирдлага заавраар мөр зэрэгцэн ажиллана, аажим аажмаар төгс болцгооно гэж бодохлоор хэчнээн жаргалтай вэ! Бүх хүн бие биетэйгээ дотносно. Бас «бүх амьтны хүслийг хангадаг» Ехова Бурхантайгаа бүр ч дотно болно (Дуу. 145:16).

ХАМГААЛАГДАНА

12. Дэлгэрүүлэх ажил биднийг хэрхэн хамгаалдаг вэ?

12 Еховатай тогтоосон харьцаагаа хайрлан хамгаалах нь туйлын чухал. Яагаад гэвэл амьдарч буй ертөнц маань Сатаны мэдэлд байдаг. Бид бас өөрсдөө төгс бус. Тийм учраас энэ ертөнцийнхний үзэл бодол, үйл хэргийг дуурайх амархан. Үүнийг голын усанд сэлэхтэй зүйрлэж болно. Хүсээгүй зүг рүүгээ урсахгүйн тулд урсгал сөрж хамаг чадлаараа сэлэх ёстой. Үүн шиг, Сатаны ертөнцийн нөлөөнд автахгүйн тулд хамаг чадлаараа хичээх ёстой. Сайн мэдээ дэлгэрүүлэхлээр итгэл бусниулах зүйлийг биш, харин үр ашигтай, чухал зүйлийг анхаардаг (Флп. 4:8). Дэлгэрүүлэх ажил итгэлийг маань бэхжүүлж, Бурхны амлалт, хэм хэмжээг сануулдаг. Бас бэлгэдлийн хуяг дуулгаа өмсөж, зэр зэвсгээ агсахад тус болдог (Ефес 6:14–17-г уншина уу).

13. Австралид амьдардаг нэг Гэрч дэлгэрүүлэх ажлын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

13 Дэлгэрүүлэх ажил гээд Хаанчлалын үйл хэрэгт идэвхтэй оролцвол өөртөө хэтэрхий их санаа зовох цаг гарахгүй. Энэ нь биднийг хамгаалдаг. Австралид амьдардаг Жоэл: «Дэлгэрүүлэх ажлын ачаар би амьдралыг бодитоор харж чаддаг. Хүмүүст ямар бэрхшээл тулгардгийг мэддэг. Библийн зарчмыг баримтлаад ямар ач тус хүртэж байгаагаа санадаг. Даруу байж, Еховад болон итгэл нэгтнүүддээ найдаж сурдаг» гэж ярьсан юм.

14. Дэлгэрүүлэх ажлыг цөхрөлтгүй хийдэг маань яагаад Бурхны сүнсний нөлөө гэж хэлж болох вэ?

14 Дэлгэрүүлэх ажлын үрээр Бурхны сүнсний нөлөөг улам бүр мэдэрч, итгэл бэхэждэг. Дараах жишээг бодоорой. Та нутгийнхаа хүмүүст шим тэжээлтэй талх тараах ажил хийхээр боллоо. Танд ажлын хөлс өгөхгүй, бас зардлыг тань нөхөн олгохгүй. Тэгтэл ихэнх хүн тэр талхыг авахыг хүсэхгүй, зарим нь бүр энэ ажлыг тань үзэн яддагийг удалгүй мэдэв. Та ийм ажлыг хэр удаан хийх бол? Хүмүүсийн таагүй харьцаанаас болоод сэтгэлээр унаж, ажлаа цааш хийх ямар ч тэнхээгүй болох биз ээ. Харин дэлгэрүүлэх ажлыг олон жил хийж, өөрөө зардлаа гаргаж, талархах сэтгэлгүй хүмүүсийн жигшил зэвүүцэл, доромжлолыг тэвчдэг хүн бидний дунд олон байдаг.  Бурхны сүнс бидний дотор ажиллаж байгаагийн баталгаа биш гэж үү?

БУРХАНД БОЛОН БУСДАД ХАЙРТАЙН БАТАЛГАА

15. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил хүн төрөлхтний төлөөх Бурхны санаа зорилготой ямар холбоотой вэ?

15 Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил хүн төрөлхтний төлөөх Еховагийн санаа зорилготой ямар холбоотойг бодоод үзье. Ехова хүмүүсийг дэлхий дээр мөнх амьдруулах санаа зорилготой. Адамыг нүгэл үйлдэхэд ч бодлоо өөрчлөөгүй (Ис. 55:11). Харин ч хүн төрөлхтнийг нүгэл, үхлийн шийтгэлээс чөлөөлөх арга хэмжээ авсан. Яаж? Есүс дэлхийд ирж амиа золиосолсон билээ. Энэхүү золиосны үр шимийг хүртэхийг хүссэн хүн бүр Бурхан өөрсдөөс нь юу хүсдэгийг мэдэж дуулгавартай болох шаардлагатай байлаа. Тиймээс Бурхны хүслийг Есүс мэдүүлсэн бөгөөд хүсэл таалалд нь нийцүүлж амьдрахыг шавь нартаа тушаасан. Хүмүүсийг Бурхантай эвлэрүүлэх ажил хийдэг маань хүн төрөлхтнийг нүгэл, үхлээс чөлөөлөх үйл хэрэгт гар бие оролцож Бурхантай хамтран ажиллаж байгаа хэрэг юм.

16. Дэлгэрүүлэх ажил маань Бурхны өгсөн хамгийн агуу тушаалуудтай ямар холбоотой вэ?

16 Мөнх амийн зам дээр гарахад нь хүмүүст тусална гэдэг бол тэдэнд болон Еховад хайртайгаа харуулж буй хэрэг юм. Ехова «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» (1 Тим. 2:4). Израилийн ард түмэнд өгсөн хуулийн аль нь хамгийн агуу нь болохыг нэг хүн асуухад Есүс: «“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла”. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла”» гэж хариулжээ (Мат. 22:37–39). Бид эдгээр тушаалыг сахин биелүүлж дэлгэрүүлэх ажилд оролцдог (Үйлс 10:42-ыг уншина уу).

17. Та сайн мэдээ дэлгэрүүлэх завшаанаа юу гэж үздэг вэ?

17 Бидэн шиг жаргалтай ард түмэн хаана байна вэ! Ехова бидэнд гайхалтай сайхан ажил даалгажээ. Бид энэ ажлыг хийгээд баяр баясгалантай болдог. Бурхан болон хүмүүстэй дотносдог. Бас Еховатай тогтоосон харьцаагаа хамгаалдаг. Дэлхийн өнцөг булан бүрд буй Бурхны олон сая үйлчлэгчийн амьдрал ахуй, нөхцөл байдал ялгаатай. Гэлээ ч хөгшин залуу, баян ядуу, хүчтэй дорой гэлтгүй бүгд итгэл үнэмшлээ хүмүүст ярих арга замыг эрж хайгаад олж авдаг. Францад амьдардаг Шанталын хэлсэн үгийг та зөвшөөрөх биз ээ. Энэ эмэгтэй: «Орчлонт ертөнц дэх хамгийн хүчтэй Нэгэн, бүх юмсыг Бүтээгч, жаргалтай Бурхан маань надад “Яваарай! Яриарай! Миний өмнөөс чин сэтгэлээсээ яриарай. Би чамд хүч тэнхээ өгнө. Өөрийн Үг Библиэ өгнө. Тэнгэр элчүүдээр, итгэл нэгтнүүдээр чинь туслуулна. Байнга зааж сургана. Цагаа олсон заавар өгнө” гэж хэлсэн. Хий гэснийг нь хийж, Бурхантайгаа хамтран ажиллана гэдэг ямар агуу завшаан бэ!» гэжээ.