ПАУЛ гав гинжтэй байгааг, бас Ромын цэрэг түүнийг харгалзаж байгааг хараач. Паул Ромд хорионд байна. Ромын цезарь өөртэй нь холбоотой ямар шийдвэр гаргахыг хүлээж байна. Хэдийгээр хоригдож байсан ч гэсэн хүмүүс түүнийг эргэж болдог байжээ.

Паул Ромд ирснээсээ хойш гурван өдрийн дараа иудейчүүдийн удирдагчдыг өөр дээрээ ирээч гэж хэлүүлжээ. Тэгэхэд Ромд байдаг олон иудей хүн түүн дээр ирэв. Паул тэдэнд Есүсийн тухай, Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлэв. Зарим нь итгэж, христиан болсон боловч зарим нь итгэсэнгүй.

Паул хорионд байхдаа

Паул өөрийг нь харгалзах үүрэгтэй цэргүүдэд ч мөн сайн мэдээ дэлгэрүүлэв. Тэрбээр хоригдол байх хоёр жилийн хугацаандаа уулзсан хүн бүрд дэлгэрүүлж байлаа. Үүний үр дүнд цезарийн гэрийнхэн хүртэл Хаанчлалын тухай сайн мэдээ сонсож, зарим нь христиан болжээ.

Тэгвэл ширээний ард суугаад, юм бичиж байгаа энэ хүн хэн бэ? Таасан уу? Тийм ээ, энэ бол Тимот. Тимот Хаанчлалын тухай дэлгэрүүлснээсээ болоод бас шоронд орсон боловч суллагдсан байна. Одоо тэр Паулд туслахаар энд иржээ. Тимот юу бичиж байгаа юм бол? Мэдэцгээе.

110-р өгүүллэгт гардаг Филиппой, Ефес хотыг санаж байна уу? Паул энэ хоёр хотод христиан хурал үүсгэн байгуулалцсан билээ. Одоо хорионд байх зуураа тэдгээр хотын христиануудад захиа бичиж байна. Тэр захидлууд нь Библид байдаг бөгөөд «Ефес», «Филиппой» гэдэг нэртэй. Паул, Филиппойд байдаг итгэл нэгтнүүддээ бичих үгээ Тимотод хэлж өгч байна.

Филиппойн христианууд Паулд сайхан сэтгэлээр ханддаг байжээ. Тэд түүнийг энэ шоронд байхад нь бэлэг өгч явуулсан байна. Үүнд нь Паул их талархаж сууна. Епафродит гэдэг хүн тэр бэлгийг авчирсныхаа дараа хүндээр өвдөж, үхэх шахжээ. Харин одоо бие нь сайжирч, гэртээ харихад бэлэн болсон байна. Тэр Филиппой уруу буцахдаа Паул Тимот хоёрын энэ захиаг авч явах аж.

Паул хорионд байхдаа бас өөр хоёр захиа бичсэн бөгөөд тэдгээр нь Библид байдгийг бид мэднэ. Нэг нь Колоссай хотын христиануудад бичсэн захиа. Тэр захиаг юу гэж нэрлэдэг билээ? Зүйтэй, «Колоссай» гэдэг. Нөгөө захиагаа Колоссайд амьдардаг Филемон гэдэг дотнын найздаа бичжээ. Тэр захианд Филемоны зарц Онесимын тухай гардаг.

Онесим Филемоноос зугтаж, Ромд иржээ. Паулыг энд хорионд байгааг Онесим ямар нэг аргаар мэдсэн юмсанж. Тэгээд Паул дээр очтол, өөрт нь дэлгэрүүлжээ. Удалгүй Онесим ч бас христиан болов. Тэр зугтсандаа харамсаж байлаа. Тэгэхлээр, Паул Филемонд хаягласан энэ захиандаа юу гэж бичсэн гэж чи бодож байна вэ?

Паул Филемоноос Онесимыг уучлахыг гуйжээ. «Би түүнийг чам уруу буцаалаа. Харин одоо тэр чиний зарц төдийгүй сайн христиан анд чинь байх болно» гэж бичжээ. Онесим Колоссай уруу буцахдаа тэндхийн хуралд бичсэн нэг захиа, Филемонд бичсэн бас нэг захиа авч явлаа. Зарцыгаа христиан болсныг мэдээд, Филемон ямар их баярласныг төсөөлөхөд төвөггүй.

Паул Филиппойн христианууд болон Филемонд явуулсан захиандаа үнэхээр сайн мэдээ бичжээ. «Би та нар уруу Тимотыг илгээж байна. Би ч гэсэн удахгүй очно» гэж бичсэн аж. Филемонд бичсэн захиандаа: «Байх газрыг минь бэлдэж байгаарай» гэжээ.

Паул суллагдсаныхаа дараа олон газарт байгаа итгэл нэгтнүүдийндээ очжээ. Гэвч сүүлд Ромд дахин шоронд оров. Энэ удаа цаазлагдана гэдгээ мэдэж байлаа. Тийм учраас Тимотод захидал бичиж, хурдан ирээч гэжээ. Паул захиандаа: «Би Бурханд үргэлж үнэнч байсан. Ехова намайг шагнана» гэж бичжээ. Паулыг цаазлагдсанаас хойш хэдхэн жилийн дараа Иерусалим дахин устгагдсан бөгөөд энэ удаа ромчууд устгажээ.

Гэхдээ Библид байдаг зүйл ингээд л дуусчихаж байгаа юм биш ээ. Ехова Бурхан Библийн сүүлчийн номуудыг, тэр дундаа «Илчлэлт» номыг элч Иоханаар бичүүлсэн. «Илчлэлт» гэдэг энэ ном ирээдүйн тухай өгүүлдэг. Ирээдүй ямар байхыг үзэцгээе.

Үйлс 28:16—31; Филиппой 1:13; 2:19—30; 4:18—23; Еврей 13:23; Филемон 1—25; Колоссай 4:7—9; 2 Тимот 4:7—9.



Асуулт

  • Паул Ромд хорионд байхдаа хэнд дэлгэрүүлсэн бэ?
  • Зураг дээр, ширээний ард суугаа хүн хэн бэ? Энэ хүн Паулд юу хийж өгч байна вэ?
  • Епафродит гэж хэн бэ? Тэр хүн Филиппой уруу буцахдаа юу авч явсан бэ?
  • Паул яагаад дотнын найз Филемондоо захиа бичсэн бэ?
  • Паул суллагдсаныхаа дараа юу хийсэн бэ? Гэвч сүүлд яасан бэ?
  • Ехова Библийн сүүлчийн номыг хэнээр бичүүлсэн бэ? «Илчлэлт» номд юун тухай гардаг вэ?

Нэмэлт асуулт

  • Үйлс 28:16—31; Филиппой 1:13-ыг уншина уу.

    Паул Ромд хоригдож байхдаа цагаа хэрхэн ашигласан бэ? Түүний гуйвшгүй итгэл христиан хуралд ямар нөлөө үзүүлсэн бэ? (Үйлс 28:23, 30; Флп. 1:14)

  • Филиппой 2:19—30-ийг уншина уу.

    Паул, Тимот Епафродит хоёрт хэрхэн талархсан бэ? Бид Паулаас ямар жишээ авч болох вэ? (Флп. 2:20, 22, 25, 29, 30; 1 Кор. 16:18; 1 Тес. 5:12, 13)

  • Филемон 1—25-ыг уншина уу.

    Паул юуны улмаас, «хийвэл зохих зүйл» хийхийг Филемоноос гуйсан бэ? Энэ нь ахлагчдад ямар жишээ болдог вэ? (Флм. 9; 2 Кор. 8:8; Гал. 5:13)

    Паул итгэл нэгтнүүдийнхээ мөс чанарыг хүндэтгэдэг байсныг Филемон 13, 14-т бичигдсэн үг нь хэрхэн харуулдаг вэ? (1 Кор. 8:7, 13; 10:31—33)

  • 2 Тимот 4:7—9-ийг уншина уу.

    Хэрэв «төгсгөл хүртэл» үнэнч байвал Ехова биднийг шагнана гэдэгт Паулын адил яаж итгэлтэй байж болох вэ? (Мат. 24:13, ШЕ; Евр. 6:10)