Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 97: Есүс хааны ёсоор ирсэн нь

Өгүүллэг 97: Есүс хааны ёсоор ирсэн нь

ЕСҮС гуйлга гуйдаг хоёр сохор хүнийг эдгээснийхээ дараахан Иерусалимын ойро лцоох жижиг тосгонд хүрч иржээ. Тэр, хоёр шавьдаа: «Тосгон уруу оч. Тэнд нэг дудран байгаа. Уяаг нь тайлаад, надад аваад ир» гэж хэлэв.

Дудранг авчирж өгөхөд Есүс мордлоо. Тэгээд дудрангаа унаад, холгүйхэн байх Иерусалим уруу явав. Түүнийг хотод дөхөж ирэхэд асар олон хүн угтахаар гарч ирлээ. Олонх нь гадуур хувцсаа тайлаад, зам дээр дэвсжээ. Зарим нь модны мөчир огтлон авч, зам дээр тавиад: «Еховагийн нэрээр ирж байгаа хааныг Бурхан ивээх болтугай!» гэж хашгиралдаж байлаа.

Ард олон Есүсийг угтан авсан нь

Эрт дээр үед Израилийн шинэ хаад ард түмэнд өөрсдийгөө харуулахын тулд дудран унаад, Иерусалим уруу орж ирдэг байжээ. Одоо ч бас ингэж байна. Энэ хүмүүс ч гэсэн Есүсийг хаанаа болгохыг хүссэнээ харуулж байна. Гэвч хүн бүр ийм хүсэлтэй байсангүй. Есүсийг сүмд очиход болсон явдлаас бид үүнийг мэдэж болно.

Есүс сүмд сохор, тахир дутуу хүмүүсийг эдгээв. Хүүхдүүд үүнийг үзээд, Есүсийг магтан хашгиралдлаа. Гэтэл үүнд нь тахилчид ихэд дургүйцэн: «Энэ хүүхдүүдийн юу хэлж байгааг сонсож байна уу?» гэж Есүсээс асуув.

Есүс: «Тийм ээ, сонсож байна. Библид: "Бурхан бяцхан хүүхдүүдийн амнаас магтаал гаргана“ гэж байдгийг та нар уншаагүй хэрэг үү?» гэлээ. Хүүхдүүд Бурхны томилсон хааныг магтсаар байлаа.

Бид ч бас тэр хүүхдүүд шиг байхыг хүсдэг, тийм биз дээ? Зарим хүн Бурхны Хаанчлалын тухай ярихыг маань болиулахыг оролдож магадгүй. Гэвч бид ирээдүйд хүмүүсийн төлөө Есүсийн хийх тэр сайхан зүйлийн тухай бусдад ярьсаар байх нь зүйтэй.

Есүсийг дэлхийд байхад хаанчлах цаг нь болоогүй байсан. Энэ цаг хэзээ ирэх вэ? Есүсийн шавь нар ч үүнийг мэдэхийг хүсэж байсан. Энэ тухай үзье.

Матай 21:1—17; Иохан 12:12—16.



Асуулт

  • Есүс Иерусалимын ойролцоох жижиг тосгонд хүрч ирээд, шавь нартаа ямар даалгавар өгсөн бэ?
  • Есүсийг Иерусалим хотод дөхөж ирэхэд ямар үйл явдал болсныг зурагт дүрсэлсэн байна вэ?
  • Хүүхдүүд сохор, тахир дутуу хүмүүсийг эдгээж байгаа Есүсийг хараад яасан бэ?
  • Есүс уур нь хүрсэн тахилчдад юу гэж хэлсэн бэ?
  • Есүсийг магтан хашгиралдсан хүүхдүүдийг яаж дуурайж болох вэ?
  • Шавь нар юу мэдэхийг хүссэн бэ?

Нэмэлт асуулт

  • Матай 21:1—17-г уншина уу.

    Есүс Иерусалимд хааны ёсоор орж ирэхдээ ялалт байгуулсан Ромын жанжнуудаас ямар ялгаатай байсан бэ? (Мат. 21:4, 5; Зех. 9:9; Флп. 2:5—8; Кол. 2:15)

    Есүсийг сүмд ороход 118-р дууллаас иш татаж хашгиралдсан израиль хүүхдүүдээс орчин үеийн хүүхэд залуус юу сурч болох вэ? (Мат. 21:9, 15; Дуу. 118:25, 26; 2 Тим. 3:15; 2 Петр 3:18)

  • Иохан 12:12—16-г уншина уу.

    Хүмүүс модны мөчир барьж Есүсийг угтсан нь бэлэгдлийн ямар утгатай вэ? (Иох. 12:13; Флп. 2:10; Илч. 7:9, 10)