Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 95: Есүс хэрхэн заадаг байсан нь

Өгүүллэг 95: Есүс хэрхэн заадаг байсан нь

НЭГЭН удаа Есүс нэг хүнд «хөршөө» буюу бусдыг хайрлах ёстой гэж хэлжээ. Тэр хүн Есүсээс: «Миний хөрш хэн юм бэ?» гэж асуув. Үнэндээ, Есүс энэ хүний юу бодож байгааг мэдэж байлаа. Нэг үндэстний, адилхан шашинтай хүмүүсийг л хайрлах хэрэгтэй гэж тэр хүн бодож байсан юм. Тэгвэл Есүс түүнд юу гэж хэлснийг үзье.

Есүс хүмүүст заахдаа заримдаа ямар нэгэн түүх ярьж өгдөг байв. Энэ удаад ч бас ингэв. Иудей самари хоёр хүний түүхийг ярьжээ. Бид өмнө нь ихэнх иудей хүн самаричуудад дургүй байсан тухай үзсэн билээ. Ингээд Есүсийн ярьсан түүхийг сонсоцгооё.

Нэгэн өдөр нэг иудей хүн Иерихо хот орохоор уулын замаар уруудан явж байжээ. Гэтэл дээрэмчид түүн уруу дайрч, мөнгийг нь аваад, үхтэл нь зодчихоод яваад өгчээ.

Тэгтэл нэлээд хожуу нэг иудей тахилч замаар явж байгаад, өнөөх зодуулсан хүний хэвтэж байхыг харжээ. Тэр тахилч яасан гэж чи бодож байна? Замын нөгөө талд гараад л, цааш яваад өгчээ. Дараа нь сүсэг бишрэл ихтэй өөр нэг хүн явж байв. Тэр нь леви хүн байлаа. Тэр яасан бол? Зодуулсан хүнд туслахын оронд мөн л дэргэдүүр нь өнгөрөв. Тахилч леви хоёр замаар уруудан одсоныг зураг дээр дүрсэлжээ.

Гэхдээ энэ зодуулсан хүнтэй хамт хэн байгааг хар даа. Энэ бол самари хүн. Тэгсэн мөртлөө иудей хүнд тусалж байна. Шархан дээр нь эм түрхээд боож байна. Тэгээд дараа нь амрааж, сувилуулахаар нэг газар уруу авч явдаг.

Сайхан сэтгэлт самари хүн

Есүс энэ түүхийг ярьсныхаа дараа асуулт асуусан хүнээс: «Энэ гурвын аль нь зодуулсан хүний жинхэнэ "хөрш“ гэж чи бодож байна вэ? Тахилч уу, леви юү, аль эсвэл самари хүн үү?» гэж асуухад,

— Самари хүн. Зодуулсан хүнийг тэр асарсан гэж хариуллаа.

Есүс: «Чиний зөв. Чи ч гэсэн явж, бусдад мөн тийм сайхан сэтгэл гаргаж бай» гэжээ.

Есүс ийм аргаар заадаг байсан нь чамд таалагдаж байна уу? Хэрэв бид Библид бичсэн Есүсийн үгэнд дуулгавартай байвал олон чухал зүйлийг сурна. Тийм биз дээ?

Лук 10:25—37.



Асуулт

  • Нэг хүн Есүсээс юу гэж асуусан бэ? Яагаад?
  • Есүс хүмүүст заахдаа заримдаа юу ярьж өгдөг байсан бэ? Бид өмнө нь иудей, самари хүмүүсийн тухай юу мэдэж авсан бэ?
  • Есүсийн ярьснаар, иудей хүнийг Иерихо орохоор явж байхад юу тохиолдсон бэ?
  • Тэр замаар явж байсан тахилч леви хоёр яасан бэ?
  • Шархадсан иудейд хэн тусалж байна вэ?
  • Есүс энэ түүхийг ярьж дуусаад юу гэж асуусан бэ? Тэр хүн юу гэж хариулсан бэ?

Нэмэлт асуулт

  • Лук 10:25—37-г уншина уу.

    Мосегийн хуулийг мэддэг хүнд Есүс шууд хариу хэлэхийн оронд өөрөөр нь яаж зөв дүгнэлт хийлгэсэн бэ? (Лук 10:26; Мат. 16:13—16)

    Есүс сонсогчдынхоо буруу үзэл бодлыг засахын тулд жишээг яаж ашигладаг байсан бэ? (Лук 10:36, 37; 18:9—14; Тит 1:9)