Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 89: Есүс сүмийг цэвэрлэсэн нь

Өгүүллэг 89: Есүс сүмийг цэвэрлэсэн нь

ЕСҮС үнэхээр их уурлаж байх шиг байна, тийм үү? Яагаад ийм их ууртай байгааг нь чи мэдэх үү? Иерусалим дахь Бурхны сүмд байгаа энэ хүмүүс маш шунахай болохоор л тэр. Тэд Бурханд мөргөл үйлдэхээр ирсэн хүмүүсээс их мөнгө салгахыг хичээдэг.

Есүс мөнгө солигчдын ширээг хөмрөв

Чи тэнд байгаа үхэр, хонь, тагтааг харж байна уу? Хүмүүс энэ амьтдыг бүр сүм дотор зарж байна. Яагаад гэдгийг мэдэх үү? Израильчууд Бурханд мал, шувуугаар тахил өргөдөг ёстой ажээ.

Бурхны хуулинд, израиль хүн буруу хэрэг хийвэл Бурханд амьтнаар тахил өргөх ёстой гэж заажээ. Бас өөр үед ч тахил өргөдөг байсан. Тэгвэл израильчууд Бурханд тахил болгон өргөх мал, шувуугаа хаанаас авдаг байв аа?

Зарим нь өөрийн гэсэн шувуу, малтай учир тэднийгээ тахил болгон өргөдөг байлаа. Гэхдээ израильчуудын ихэнх нь өөрийн гэсэн мал юм уу шувуугүй байв. Харин зарим нь Иерусалимаас хол газар амьдардаг тул амьтнаа сүмд авчрах аргагүй байжээ. Тийм учраас энд ирж, хэрэгтэй мал юм уу шувуугаа авдаг байв. Гэтэл худалдаачид хүмүүсээс их мөнгө нэхдэг байлаа. Тэд хүмүүсийг мэхэлдэг байжээ. Угтаа бол Бурхны сүм дотор худалдаа хийх ёсгүй байсан шүү дээ.

Ийм л учраас Есүс уурлаад мөнгө солигчдын ширээг хөмөрч, зооснуудыг нь тараан хаясан хэрэг. Бас дээсээр шилбүүр хийж, бүх амьтныг сүмээс тууж гаргажээ. Тагтаа зарж байсан хүмүүст: «Эднийг эндээс гарга! Эцгийн минь гэрийг наймааны газар болгохоо зогсоо» гэж тушаав.

Есүсийн зарим дагалдагч Иерусалимын сүмд өөртэй нь хамт байсан билээ. Тэд Есүсийн юу хийж байгааг хараад гайхжээ. Бурхны Хүүгийн тухай Библид: «Бурхны гэрийг хайрлах хайр түүний дотор гал шиг шатах болно» гэж бичсэн байдгийг тэд тэгэхэд санасан юм.

Есүс Дээгүүр өнгөрөх баяраар Иерусалимд байхдаа олон гайхамшиг үйлдсэн. Баярын дараа Иудейгээс гарч, Галил уруу буцах аяллаа эхэлжээ. Замдаа Самари мужаар дайрав. Тэнд юу болсныг мэдэж авцгаая.

Иохан 2:13—25; 4:3, 4.



Асуулт

  • Амьтдыг яагаад сүм дотор зарж байсан бэ?
  • Есүс юунаас болоод уурласан бэ?
  • Зургаас харахад, Есүс юу хийж байна вэ? Тагтаа худалдаж байсан хүмүүст юу гэж тушаасан бэ?
  • Дагалдагчид нь Есүсийн хийж байгааг хараад юу санасан бэ?
  • Есүс Галил уруу буцах замдаа ямар мужаар дайрсан бэ?

Нэмэлт асуулт

  • Иохан 2:13—25-ыг уншина уу.

    Есүс сүмд байсан мөнгө солигчдод уурласныг бодож үзвэл, Хаанчлалын танхимд худалдаа арилжаа хийхийг хэрхэн үзэх нь зүйтэй вэ? (Иох. 2:15, 16; 1 Кор. 10:24, 31—33)