Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 88: Иохан Есүст баптисм хүртээсэн нь

Өгүүллэг 88: Иохан Есүст баптисм хүртээсэн нь

ЭНЭ хүний толгой дээр тагтаа буун ирж байгааг хараач. Энэ хүн бол Есүс. Одоо тэр 30 орчим настай. Түүнтэй хамт байгаа хүнийг Иохан гэдэг. Бид Иоханы тухай зарим нэг зүйлийг аль хэдийн мэдэх болсон билээ. Мариаг хамаатныхаа Елизабетынд очиход Елизабетын гэдсэн дэх хүүхэд баярлан хөдөлснийг чи санаж байна уу? Тэр төрөөгүй хүүхэд Иохан байсан юм. Харин одоо Иохан Есүс хоёр юу хийж байна вэ?

Есүс баптисм хүртсэн нь

Дөнгөж сая Иохан Есүсийг Иордан голын усанд дүрээд гаргажээ. Хүн «баптисм хүртэнэ» гэдэг нь энэ юм. Эхлээд хүнийг усанд дүрнэ, дараа нь буцаагаад гаргана. Иохан хүмүүст ингэж баптисм хүртээдэг учраас түүнийг «Баптисм хүртээгч Иохан» гэдэг байв. Гэтэл тэр юунд Есүст баптисм хүртээсэн юм бол?

Есүс Иохан дээр хүрч ирээд, баптисм хүртээхийг гуйсан учраас л тэр шүү дээ. Хийсэн хэрэгтээ гэмшсэнээ үзүүлэхийг хүссэн хүмүүст Иохан баптисм хүртээдэг байв. Гэтэл Есүс гэмшихээр ямар нэг муу юм хийсэн гэж үү? Үгүй ээ, муу юм огтхон ч хийгээгүй. Учир нь Есүс тэнгэрээс ирсэн, Бурхны Хүү шүү дээ. Тэгэхлээр, өөр шалтгаанаар баптисм хүртээхийг Иоханаас хүсжээ. Тэр шалтгаан нь юу байсныг үзэцгээе.

Есүс Иохан дээр ирэхээсээ өмнө мужаан хийдэг байв. Мужаан гэдэг бол модоор ширээ сандал вандан зэргийг хийдэг хүн юм. Мариагийн нөхөр Иосеф мужаан байсан бөгөөд мужааны эрдмээ Есүст бас заажээ. Гэвч Ехова Хүүгээ мужаан болгохоор дэлхий уруу илгээгээгүй. Ехова түүнд тусгай ажил өгсөн бөгөөд одоо ажлаа эхлэх цаг нь болжээ. Тийм учраас Есүс, Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэх болсноо үзүүлэх гэж Иоханаас баптисм хүртээж өгөхийг гуйсан. Бурхан үүнийг нь таалсан уу?

Тийм ээ, таалсан. Учир нь Есүсийг уснаас гарч ирэхэд тэнгэрээс: «Энэ бол миний Хүү, түүнийг би таалан соёрхдог» гэх дуу гарсан. Бас тэнгэр заагдах шиг болж, Есүс дээр тагтаа бууж ирэв. Гэхдээ энэ бол жинхэнэ тагтаа биш юм. Ердөө л тэгж харагдаж байгаа хэрэг. Үнэндээ бол Бурхны ариун сүнс билээ.

Есүст бодох юм их байсан болохоор зэлүүд газар очиж, 40 хонов. Түүнийг тэнд байхад Сатан хүрч ирлээ. Сатан Есүсээр Бурхны хуулийг зөрчүүлэх гэж гурван удаа оролджээ. Гэвч Есүс огтхон ч зөрчсөнгүй.

Дараа нь эргэж ирээд, анхны дагалдагч буюу шавь нь болсон хэдэн хүнтэй уулзав. Тэдний заримын нэр гэвэл: Андрей, Петр (бас Симон гэдэг), Филип, Натанаел (бас Бартоломай гэдэг). Есүс шинэ шавь нартайгаа Галил муж уруу явав. Галилд тэд Натанаелын төрсөн Кана хотод хэсэг зуур байх болов. Тэнд Есүс том хуримд очиж, анхны гайхамшгаа үйлдэв. Ямар гайхамшиг үйлдсэнийг чи мэдэх үү? Усыг дарс болгон хувиргасан юм.

Матай 3:13—17; 4:1—11; 13:55; Марк 6:3; Иохан 1:29—51; 2:1—12.



Асуулт

  • Зураг дээрх хоёр хүн хэн бэ?
  • Хүн яаж баптисм хүртдэг вэ?
  • Иохан ямар хүмүүст баптисм хүртээдэг байсан бэ?
  • Есүс ямар онцгой шалтгаанаар баптисм хүртээж өгөхийг Иоханаас гуйсан бэ?
  • Есүсийн баптисм хүртсэнийг Бурхан таалснаа яаж харуулсан бэ?
  • Есүсийг зэлүүд газар очиж, 40 хонох үед ямар явдал болсон бэ?
  • Есүсийн анхны дагалдагч буюу шавь нь хэн хэн байсан бэ? Есүсийн үйлдсэн анхны гайхамшиг юу вэ?

Нэмэлт асуулт

  • Матай 3:13—17-г уншина уу.

    Есүс баптисм хүртэх тухайд шавь нартаа ямар жишээ үзүүлсэн бэ? (Дуу. 40:7, 8; Мат. 28:19, 20; Лук 3:21, 22)

  • Матай 4:1—11-ийг уншина уу.

    Есүс Судрыг чадварлаг ашигладаг байсан нь бидэнд Библи тогтмол судлах хүслийг хэрхэн төрүүлдэг вэ? (Мат. 4:5—7; 2 Петр 3:17, 18; 1 Иох. 4:1)

  • Иохан 1:29—51-ийг уншина уу.

    Баптисм хүртээгч Иохан шавь нарынхаа анхаарлыг хэнд хандуулсан бэ? Бид түүнийг яаж дуурайж болох вэ? (Иох. 1:29, 35, 36; 3:30; Мат. 23:10)

  • Иохан 2:1—12-ыг уншина уу.

    Ехова үйлчлэгчдээсээ сайн юмыг нуудаггүй нь Есүсийн үйлдсэн анхны гайхамшгаас яаж харагддаг вэ? (Иох. 2:9, 10; Дуу. 84:11; Иак. 1:17)