Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 87: Есүс хүү сүмд

Өгүүллэг 87: Есүс хүү сүмд

ТОМЧУУДТАЙ ярилцаж байгаа жаал хүүг хараач. Тэр хүмүүс нь Иерусалим дахь Бурхны сүмийн багш нар аж. Харин хүү бол Есүс юм. Есүс овоо том болж, 12 нас хүрчээ.

Тэр багш нар Есүсийг Бурхан болон Библийн тухай тийм их юм мэдэж байгаад гайхаж байв. Харин Мариа Иосеф хоёр яагаад энд байхгүй байна вэ? Хаана байгааг нь мэдэцгээе.

Есүс хүү багш нартай ярилцаж байгаа нь

Иосеф жил бүр «Дээгүүр өнгөрөх баяр» гэдэг онцгой баяраар гэрийнхнээ аваад Иерусалим уруу явдаг байв. Назараас Иерусалим хүрэхэд урт аялал болдог байжээ. Машинтай хүн нэг ч байсангүй, бас галт тэрэг ч байсангүй. Тэр үед машин, галт тэрэгний аль аль нь ерөөсөө байгаагүй юм. Ихэнх хүн явган явж, бараг 3 өдрийн дараа Иерусалимд хүрдэг байлаа.

Одоо Иосефынх бүл нэмжээ. Тийм болохоор Есүсээс гадна дүү нарыг нь харж хандах хэрэгтэй болсон байна. Энэ жил Иосеф Мариа хоёр, хүүхдүүдтэйгээ хамт баяраа тэмдэглэчихээд, Назарт байдаг гэртээ харихаар холын замд гарлаа. Тэд Есүсийг бусад аянчинтай хамт яваа гэж боджээ. Гэтэл тэр өдрийнхөө орой амрахаар буудаллахдаа Есүсийг эрээд олсонгүй. Хамаатнууд, найз нөхдийнхөө дундаас ч олсонгүй! Тэгээд түүнийг эрж олохоор Иерусалим уруу буцлаа.

Эцэст нь Есүсийг энэ багш нартай хамт байхад нь олов. Есүс багш нарын ярихыг сонсож, асуулт асууж байлаа. Түүний мэргэн ухаантайг бүгд гайхан шагшиж байв. Харин Мариа: «Хүү минь, чи яах гэж ингэв? Эцэг бид хоёр чинь чамайг олохгүй, сэтгэл их зовлоо» гэв.

Есүс хариуд нь: «Та нар юунд намайг хайсан юм бэ? Эцгийнхээ гэрт байх ёстойг минь мэдээгүй юм уу?» гэлээ.

Тийм ээ, Есүс Бурхны тухай ихийг мэдэж болох газарт байхдаа дуртай байсан. Бид ч бас тэгэх ёстой биш үү? Есүс Назарт гэртээ ирээд, цуглаанд долоо хоног бүр явдаг байсан. Дандаа анхааралтай сонсдог учраас Библийг сайн мэддэг болжээ. Есүсийн жишээг дагаж, түүн шиг байцгаая.

Лук 2:41—52; Матай 13:53—56.



Асуулт

  • Зураг дээр байгаа Есүс хэдэн настай вэ? Тэр хаана байна вэ?
  • Иосеф жил бүр гэрийнхэнтэйгээ юу хийдэг байсан бэ?
  • Гэртээ харих замд гарсан өдрийнхөө орой Иосеф Мариа хоёр яагаад Иерусалим уруу буцахаар шийдсэн бэ?
  • Иосеф Мариа хоёр Есүсийг хаанаас олсон бэ? Хүмүүс Есүсийг яагаад гайхан шагшиж байсан бэ?
  • Есүс ээждээ юу гэж хэлсэн бэ?
  • Бид Бурхны тухай мэдэх талаар яаж Есүс шиг байж болох вэ?

Нэмэлт асуулт

  • Лук 2:41—52-ыг уншина уу.

    Хуульд зааснаар, жил бүрийн баяр наадамд зөвхөн эрчүүд очих ёстой байсан ч, Иосеф Мариа хоёр өнөөгийн эцэг эхчүүдэд ямар сайхан жишээ үлдээсэн бэ? (Лук 2:41; Д.хууль 16:16; 31:12; Сур. 22:6)

    Есүс эцэг эхдээ захирагдах талаар хүүхдүүдэд ямар сайн жишээ үзүүлсэн бэ? (Лук 2:51; Д.хууль 5:16; Сур. 23:22; Кол. 3:20)

  • 2. Матай 13:53—56-г уншина уу.

    Есүсийн дөрвөн эрэгтэй дүүгийн нэрийг хэн гэдэг вэ? Хожим тэдний хоёр нь христиан хуралд ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ? (Мат. 13:55; Үйлс 12:17; 15:6, 13; 21:18; Гал. 1:19; Иак. 1:1; Иуда 1)