Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 3: Анхны эрэгтэй эмэгтэй хүн

Өгүүллэг 3: Анхны эрэгтэй эмэгтэй хүн

ЭНЭ зураг өмнөх зургаас ямар ялгаатай байна вэ? Тийм ээ, энд хүмүүс байна. Энэ хоёр бол анхны эрэгтэй эмэгтэй хүн юм. Тэднийг хэн бүтээсэн бэ? Бурхан бүтээжээ. Бурхны нэрийг чи мэдэх үү? Ехова гэдэг. Харин эрэгтэйг Адам, эмэгтэйг Ева гэж нэрлэжээ.

Адам Ева хоёр Еден цэцэрлэгт

Ехова Бурхан газраас шороо авч, эрэгтэй хүний төгс бие хийгээд хамар уруу нь үлээмэгц амилжээ. Адамыг ингэж бүтээжээ

Ехова Бурхан Адамд ажил өгсөн. Энэ нь бүх амьтанд нэр өгөх ажил байлаа. Хамгийн тохиромжтой нэр сонгож өгөхийн тулд Адам тэднийг их удаан ажигласан байх аа. Адам амьтдад нэр өгөх зуураа нэг зүйлийг анзаарчээ. Энэ нь юу байсныг чи мэдэх үү?

Бүх амьтан хос хосоороо байлаа. Тэнд аав заан, ээж заан, мөн аав, ээж арслан байв. Ганцхан Адамд л хос олдсонгүй. Тэгэхлээр нь Ехова Адамыг бөх гэгч нь унтуулж байгаад, нэг хавиргыг нь авч, тэр хавиргаар эмэгтэй хүн бүтээгээд Адамд эхнэр болгон өгчээ.

Одоо Адам хэчнээн жаргалтай болсон гэж санана! Бас ийм үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэгт амьдрах болсондоо Ева ямар их баярлаж байсныг бодоод үз дээ! Тэд хүүхэдтэй болж, хамтдаа сайхан амьдарч болох байв.

Ехова, Адам Ева хоёрыг мөнх амьдруулахыг хүсэж байлаа. Мөн Адам Ева хоёрыг дэлхийгээ бүхэлд нь Еден цэцэрлэг шиг үзэсгэлэнтэй сайхан болгоосой гэж хүсэж байв. Энэ даалгаврыг биелүүлнэ гэж бодохоос Адам Ева хоёрт хэчнээн сайхан байсан бол оо! Дэлхийг үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэг болгох ажилд чи оролцох хүсэлтэй юү? Гэвч Адам Ева хоёрын жаргал удаан үргэлжлээгүй юм. Яагаад гэдгийг мэдэж авцгаая.

Эхлэл 1:26—31; 2:7—25, «Эхлэл», 1994 он.



Асуулт

  • 3-р өгүүллэгийн зураг 2-р өгүүллэгийн зургаас ямар ялгаатай байна вэ?
  • Анхны эрэгтэй хүнийг хэн бүтээсэн бэ? Тэр хүнийг хэн гэдэг байсан бэ?
  • Бурхан Адамд ямар ажил өгсөн бэ?
  • Бурхан Адамыг яагаад бөх гэгч нь унтуулсан бэ?
  • Адам Ева хоёр хэр удаан амьдрах байсан бэ? Бурхан тэднээр ямар ажил хийлгэхийг хүсэж байсан бэ?

Нэмэлт асуулт

  • Дуулал 83:18-ыг уншина уу.

    Ехова дэлхий дээр ямар хосгүй байр суурьтай вэ? (Дан. 4:17)

  • Эхлэл 1:26—31-ийг уншина уу.

    «Зургаа дахь өдөр» Бурхан ямар сор бүтээл туурвисан бэ? Энэ бүтээл нь амьтдаас юугаараа ялгаатай вэ? (Эх. 1:26)

    Ехова, хүн амьтан хоёрт юу өгсөн бэ? (Эх. 1:30)

  • Эхлэл 2:7—25-ыг уншина уу.

    Адам амьтдад нэр өгөх даалгавраа биелүүлэхийн тулд яах ёстой байсан бэ? (Эх. 2:19)

    Гэрлэх, тусдаа амьдрах, салалтын тухай Еховагийн үзлийг ойлгоход Эхлэл 2:24 хэрхэн тусалдаг вэ? (Мат. 19:4—6, 9)