Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Охид хөвгүүдийн 10 асуултын хариу

 АСУУЛТ 8

Бэлгийн хүчирхийллийн тухай би юу мэдэх хэрэгтэй вэ?

Бэлгийн хүчирхийллийн тухай би юу мэдэх хэрэгтэй вэ?

ЯАГААД ҮҮНИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Жил бүр олон сая хүн бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Охид хөвгүүд хамгийн их өртдөг.

ЧИ ЯАХ ВЭ?

Алимааг нэг хүн яах ийхийн зуургүй дарж унагав. Алимаа: «Би тэр хүнийг хамаг чадлаараа эсэргүүцсэн. Хашхирах гэсэн боловч дуу минь гарахгүй байсан. Түүнийг түлхэж, өшиглөж, маажсан. Тэгтэл надад хутга тулгав. Би яаж ч чадаагүй» хэмээн ярьсан юм.

Чамд ийм юм тохиолдвол яах вэ?

САЙН БОДООРОЙ!

Орой үдшийн цагаар сонор сэрэмжтэй явсан ч муу юм тохиолдохгүй гэх аргагүй. Библид «хурдан гээд уралддаг юм биш, ... ур дүйтэй гээд чадвар заяадаг юм биш, харин цаг үе хийгээд санамсаргүй тохиолдол л тэр бүгдэд хамаатай ажээ» гэсэн байдаг (Номлогчийн үгс 9:11, ШЕ).

Алимаагийн адилаар, танихгүй хүний зүгээс бэлгийн халдлагад өртдөг залуус бий. Зарим нь танил, бүр гэр бүлийнхээ гишүүний зүгээс ийм халдлагад өртдөг. Натали гэдэг охиныг аравхан настай байхад хөршийнх нь өсвөр насны хүүхэд хүчиндсэн байна. Натали: «Би маш их айж, ичиж байсан. Эхэндээ хэнд ч хэлээгүй» гэжээ.

 ӨӨРИЙГӨӨ БИТГИЙ БУРУУТГААРАЙ

Болсон явдалд Алимаа өөрийгөө буруутгадаг ажээ. Тэрбээр: «Тэр аймшигт явдал миний санаанаас огт гардаггүй. Би илүү их эсэргүүцэх ёстой байсан юм. Хутга тулгачихсан болохоор айгаад яаж ч чадаагүй. Би өөр ямар нэг юм хийх ёстой байсан юм» хэмээн ярьжээ.

Натали бас өөрийгөө буруутгадаг. Тэрбээр: «Итгэмтгий байсан нь миний буруу. Гадаа гарч тоглохдоо эгчээсээ холдож болохгүй гэж аав ээж хоёр байнга захидаг байсан. Би үгэнд нь ороогүй. Болгоомжгүй байснаас минь болсон юм. Надаас болоод гэрийнхэн маань зовсон. Миний л буруу. Гэрийнхнийгээ зовоосон гэж бодохоор надад их хэцүү байдаг» хэмээн ярьжээ.

Хэрэв чи Алимаа Натали хоёрын адилаар, өөрийгөө буруутгадаг бол, юуны түрүүнд чамайг хүсээгүй байхад ийм зүйл болсон гэдгийг санаарай. Хөвгүүд ер нь ингэдэг, эсвэл хохирогчид өөрсдөөсөө болдог гэх зэргээр асуудлыг ноцтойд тооцдоггүй хүмүүс бий. Хэн ч ингэж доромжлуулах ёсгүй. Хэрэв чи ийм аймшигтай хэргийн золиос болсон бол өөрийгөө битгий буруутгаарай.

«Чи буруугүй» гэж хэлэхийг сонсох амархан, харин итгэхэд хэцүү байж болох юм. Зарим нь болсон явдлын тухай ярихыг хүсдэггүй. Өөрийгөө буруутгадаг. Дуугүй байлаа гээд хэн хожих вэ? Чи юү? Чамайг хохироосон хүн үү? Тийм болохоор дуугүй байж болохгүй.

БОЛСОН ЯВДЛЫГ ЯРИХ НЬ

Иов гэдэг зөв шударга хүн цөхрөнгөө барахдаа «Би өөрийн гомдлоо бүрэн гаргана» гэж хэлжээ (Иов 10:1). Чи ч бас ингэх хэрэгтэй. Итгэл хүлээсэн хүнд яриарай. Ингэвэл өөрийгөө буруутгахаа больж, сэтгэл санаа тайвширна.

Сэтгэл дотор чинь бул чулуу байгаа юм шиг санагдаж болох юм. Тиймээс хэн нэгэнтэй дотроо онгойтол ярилцаарай

Алимаа юу болсныг ярьжээ. Тэрбээр: «Би дотныхоо найзад ярьсан. Тэр найз маань намайг хурлынхаа ахлагчдад хэл гэсэн. Хэлсэн нь ч болсон юм. Ахлагчид хэд хэдэн удаа надтай ярилцсан. Ийм юм болсонд өөрийгөө буруутгах хэрэггүй гэж тэд хэлсэн. Би ийм л үг сонсмоор байсан юм. Надад ямар ч буруу байгаагүй» хэмээн ярьжээ.

Натали аав ээждээ юу болсныг ярьжээ. Натали: «Аав ээж хоёр надад их тус болсон. Юу болсныг яриарай гэсэн. Тэдэнд зовлонгоо ярьсны ачаар дотроо шаналаад, уурлаж бухимдаад байхаа больсон» гэж ярьсан юм.

Натали залбирлын ачаар бас тайвширчээ. Тэрбээр: «Бурханд залбирах нь надад тустай байдаг. Ялангуяа, бусдад сэтгэлээ уудалмааргүй санагдсан үедээ залбирдаг байсан. Залбирахлаар надад ичиж зовох юм байдаггүй. Би их тайвширдаг» гэжээ.

«Анагаах цаг» гэж байдаг гэдгийг чи бас мэдэх хэрэгтэй (Номлогчийн үгс 3:3). Бие болон сэтгэл санааны байдлаа анхаараарай. Сайн амраарай. Бүх тайвшралын Бурхан Еховад найдаарай (2 Коринт 1:3, 4).

 БОЛЗООНД ЯВАХ НАСАНД ХҮРСЭН БОЛ

Үерхдэг залуу чинь чамайг садар самуун явдалд уруу татсан бол «Болиоч!», «Надад битгий хүр!» гэж зоригтой хэлээрэй. Найз залуугаа алдана гэж битгий айгаарай. Үүнээс болоод холбоогоо тасалъя гэвэл чи ийм хүнтэй үерхэх хэрэггүй! Үерхдэг хүн чинь чамайг, бас баримталдаг зарчмыг чинь хүндэтгэдэг жинхэнэ эр хүн байх ёстой.

МЭДЛЭГЭЭ ШАЛГАЯ

«Дунд сургуульд байхад хөвгүүд миний хөхний даруулгаас татаад намайг шоолж доромжилдог байсан. “Бэлгийн харьцаанд оръё” гэсэн утгатай үг хэлсэн»—Коретта.

Чиний бодлоор, тэр хөвгүүд...

  1. А. өдөж байсан уу?

  2. Б. сээтгэнэж байсан уу?

  3. В. бэлгийн дарамт учруулж байсан уу?

«Автобусанд нэг эрэгтэй хүүхэд надад их муухай юм хэлсэн. Тэгээд намайг бариад авсан. Би гарыг нь түлхээд “холд” гэсэн. Над руу аймаар муухай харсан»—Кандис.

Кандисыг тэр эрэгтэй хүүхэд яасан бэ?

  1. А. өдөж байсан уу?

  2. Б. сээтгэнэж байсан уу?

  3. В. бэлгийн дарамт учруулж байсан уу?

«Өнгөрсөн жил нэг залуу надад сайн гээд, болзоонд явъя гэсэн. Би зөвшөөрөөгүй ч гэсэн шалсаар байсан. Заримдаа миний гарыг атгаад авдаг байлаа. Дургүйцээд байхад больдоггүй байсан. Нэг удаа гутлаа үдэж байсан чинь өгзгөнд хүрсэн»—Бетани.

Чиний бодлоор энэ залуу ...

  1. А. өдөж байсан уу?

  2. Б. сээтгэнэж байсан уу?

  3. В. бэлгийн дарамт учруулж байсан уу?

Дээрх гурван асуултын зөв хариу нь В юм.

Бэлгийн дарамт нь өдөх, сээтгэнэхээс юугаараа ялгаатай вэ?

Бэлгийн дарамт нь нэг талынх байдаг. Хохирогчийг боль гэж шаардсан ч болихгүй байхыг хэлдэг.

Энэ бол ноцтой асуудал. Эцэстээ бэлгийн хүчирхийлэлд хүргэж мэднэ.