Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай

 ХЭСЭГ 7

Хүүхэд хүмүүжүүлэх нь

Хүүхэд хүмүүжүүлэх нь

«Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн заа» (Дэд хууль 6:6, 7).

Гэр бүлийг Санаачлагч Ехова хүүхэд сургаж хүмүүжүүлэх үүргийг эцэг эхэд оноосон (Колоссай 3:20). Эцэг эхийн үүрэг бол хүүхдээ Еховад хайртай, хариуцлагаа ухамсарладаг хүн болгон хүмүүжүүлэх явдал юм (2 Тимот 1:5; 3:15). Бас хүүхдийнхээ юу бодож санаж явдгийг мэдэх хэрэгтэй. Хүүхэд эцэг эхийнхээ үлгэр жишээнээс ихийг сурдаг. Хүүхдэдээ Еховагийн тухай сайн заая гэвэл үг сургаалыг нь зүрх сэтгэлдээ шингээсэн байх учиртай (Дуулал 40:8)

 1 ХАЛГАЖ ДӨЛӨХӨӨРГҮЙ ХҮН БАЙХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Сонсохдоо түргэн, ярихдаа удаан ... бай» (Иаков 1:19). Хүүхэд минь надтай ний нуугүй ярилцдаг байгаасай гэж эцэг эх хүсэх нь зүйн хэрэг. Яриаг нь анхааралтай сонсдог тань илэрхий байх ёстой. Санасан бодсоныг нь чөлөөтэй яриулахын тулд тайван байгаарай (Иаков 3:18). Аашилж загнана, буруутгаж шүүмжилнэ гэж боддог бол чин сэтгэлээсээ ярихгүй болов уу. Тэвчээртэй байж, хайрладгаа илэрхийлж байгаарай (Матай 3:17; 1 Коринт 8:1).

ЗӨВЛӨГӨӨ

  • Ярилцах гэхэд нь хүүхдэдээ зав гаргаарай.

  • Хэрэг гарахаар л биш, байнга ярилцаж байгаарай.

2 ЧУХАМ ЮУ ХЭЛЭХ ГЭЭД БАЙГААГ НЬ ОЙЛГОХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Хэрсүү хүн болгон ухаанаар үйлддэг» (Сургаалт үгс 13:16). Хүүхдийн сэтгэлийг ойлгохын тулд яагаад ингэж ярив гэж бодох хэрэг гардаг. Хүүхэд залуус юмыг хэтрүүлж эсвэл бодолгүй ярьдаг талтай. «Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь хүнд өөрт нь мунхаг хэрэг» (Сургаалт үгс 18:13). Юу юугүй уурлаж бухимдах хэрэггүй (Сургаалт үгс 19:11).

ЗӨВЛӨГӨӨ

  • Хүүхэд тань юу ч ярьсан яриаг нь таслахгүй сонсоорой, сэтгэлээ бариарай.

  • Хүүхдийнхээ насан дээр ямар байснаа, юуг чухалд үздэг байснаа санаарай.

 3 САНАА НЭГТЭЙ БАЙХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс. Эхийнхээ зааврыг бүү огоор» (Сургаалт үгс 1:8). Хүүхдээ захирах эрхийг Ехова эцэг эхийн хэн хэнд нь оноосон. Эцэг эх нь заахгүй бол хүүхэд эцэг эхээ хүндэтгэж, дуулгавартай байж сурахгүй (Ефес 6:1–3). Та хоёр «адил бодол ... дотор нягт нэгдэх[гүй]» бол хүүхэд үүнийг анзаарна (1 Коринт 1:10). Хүүхдийнхээ дэргэд зөрөлдөх хэрэггүй. Эс бөгөөс та хоёрыг хүндэтгэхээ болино.

ЗӨВЛӨГӨӨ

  • Ханьтайгаа ярилцаж байгаад хүүхдээ хэрхэн сахилгажуулахаа шийдээрэй.

  • Хүүхэд хүмүүжүүлэх асуудлаар санал зөрөлдвөл ханийнхаа үзэл бодлыг харгалзан үзэхийг хичээгээрэй.

 4 ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга» (Сургаалт үгс 22:6). Зүгээр сууж байгаад хүмүүжилтэй хүүхэдтэй болчихгүй. Яаж хүмүүжүүлэхээ төлөвлөх хэрэгтэй. Хүмүүжүүлэх явцад сахилгажуулах шаардлага гардаг (Дуулал 127:4; Сургаалт үгс 29:17). Сахилгажуулна гэдэг зөвхөн шийтгэнэ гэсэн үг бус, ямар учраас дүрэм журам сахих хэрэгтэйг хүүхдэдээ ойлгуулна гэсэн үг (Сургаалт үгс 28:7). Еховагийн Үгийг хайрладаг, зарчмыг нь ойлгодог болгоорой (Дуулал 1:2). Энэ нь мөс сайтай хүн болоход нь тустай (Еврей 5:14).

ЗӨВЛӨГӨӨ

  • Бурхныг итгэж болох Нэгэн гэж үздэг болоход нь туслаарай.

  • Ёс суртахууны доройтолд хүргэх аюултай зүйл интернет, олон нийтийн сүлжээ гэх мэтэд нуугдаж байдгийг ойлгуулж, зайлсхийхэд нь туслаарай. Садар самуунд уруу татдаг хүнээс хол байхыг зааж сургаарай.

«Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга»