Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай

 ХЭСЭГ 2

Бие биедээ үнэнч байх нь

Бие биедээ үнэнч байх нь

«Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» (Матай 19:6).

Ехова биднээс «үнэнч» байхыг шаарддаг (Дуулал 15:2). Үнэнч байх нь гэр бүлд туйлын чухал юм. Учир нь үнэнч бус бол итгэх аргагүй. Итгэдэггүй бол жинхэнэ ёсоор хайрлаж чадахгүй.

Ханьдаа үнэнч байх нь орчин үед их амаргүй болжээ. Гэр бүлээ тогтвортой байлгая гэвэл хоёр зүйлийг анхаарах шаардлагатай.

 1 ГЭР БҮЛЭЭ ЧУХАЛД ҮЗЭХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Илүү чухал юм нь юу болохыг магадал» (Филиппой 1:10, ШЕ). Таны гэр бүл амьдралын тань хамгийн чухал зүйлийн нэг юм. Гэр бүлээ эрхэм чухалд үзэх нь зүйтэй.

Таныг хамаг бүхнээ ханьдаа зориулж, хоёулаа «жаргалтайгаар амьдраасай» гэж Ехова хүсдэг (Номлогчийн үгс 9:9). Ханиа хэзээ ч дорд үзэж болохгүй бөгөөд яавал сайн сайхан байлгахыг хэн хэн нь бодох учиртайг Ехова тодорхой хэлдэг (1 Коринт 10:24). Хэрэгтэй, хүндтэй хүн гэдгийг нь мэдрүүлж байгаарай.

ЗӨВЛӨГӨӨ

  • Ханьдаа цагаа харамгүй зориулж, анхаарал халамжаар бүү дутаагаарай.

  • «Би» гэлгүй, «бид хоёр» гэсэн сэтгэлтэй байгаарай.

 2 ЗҮРХЭЭ ХАМГААЛАХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм» (Матай 5:28). Ёс бус юм боддог хүнийг ханьдаа үнэнч хүн гэж хэлэх аргагүй.

«Зүрхээ хамгаалахыг» Ехова зөвлөдөг (Сургаалт үгс 4:23; Иеремиа 17:9). Үүний тулд нүдээ хамгаалах хэрэгтэй (Матай 5:29, 30). Эмэгтэй хүнийг хэзээ ч тачаадан харахгүй гэж нүдтэйгээ гэрээ хийсэн, Бурхны үнэнч үйлчлэгч Иовыг үлгэр дууриал болгоорой (Иов 31:1). Порно материал хэзээ ч үзэж сонирхохгүй гэж, ханиасаа өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоохгүй гэж бат шийдээрэй.

ЗӨВЛӨГӨӨ

  • Ханиасаа өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоохгүй гэсэн шийдвэрээ үйл хэргээрээ батлан харуулаарай.

  • Ханийнхаа сэтгэлийг бодож байгаарай. Сэтгэлд нь сэв суулгах аливаа харилцааг даруй таслаарай.