Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховадаа эргээд ир

 ХЭСЭГ 3

ХҮНД ГОМДОХ—«Гомдол байвал ...»

ХҮНД ГОМДОХ—«Гомдол байвал ...»

«Нэг эгч намайг мөнгийг нь хулгайлсан гээд ойлгочихсон юм. Хурлынхан маань энэ тухай мэдээд тэр эгчийн талд орсон. Дараа нь, тэр эгч миний буруугүйг мэдээд надаас уучлалт гуйсан. Гэхдээ л түүнийг хэзээ ч уучилж чадахгүй гэж бодогдож байлаа»—Линда.

ТА бас Линда шиг, итгэл нэгтэндээ гомдож байсан уу? Харамсалтай нь, итгэл нэгтнийхээ гаргасан алдаанаас болоод идэвхтэй үйлчлэхээ больдог хүн байдаг. Та бас тэгсэн үү?

Хэн «Бурханы хайраас биднийг салгаж чадах» юм бэ?

Өөрийг маань гомдоосон итгэл нэгтнээ уучлахад хэцүү байдаг. Уг нь Христийн дагалдагчид бид бие биеэ хайрлах ёстой (Иохан 13:34, 35). Гэтэл итгэл нэгтэн маань үндэслэлгүй буруутгахад их гомдож сэтгэлээр унадаг (Дуулал 55:12).

Христианууд заримдаа бие биеэ гомдоодгийг Библи үгүйсгэдэггүй (Колоссай 3:13). Гэхдээ ийм юм яг өөрт тулгараад ирэхлээр яахаа мэдэхгүй үе бий. Ийм үед юуг санах хэрэгтэй вэ? Библийн гурван зарчмыг үзье.

Тэнгэрийн Эцэг маань бүхнийг мэддэг. Бидэнд ямар шударга бус явдал тохиолдсоныг, сэтгэл маань яаж өвдөж байгааг Ехова мэддэг (Еврей 4:13). Ехова биднийг зовоход бас зовдог (Исаиа 63:9). «Гамшиг ч, зүдрэл ч» өөр юу ч биднийг «Бурхны хайраас салгаж» чадахгүй (Ром 8:35, 38, 39). Тийм болохоор хэнээс ч, юунаас ч болсон бай, бид Еховагаас холдох учиргүй.

Уучилна гэдэг нь хүний хийсэн хэргийг тоохгүй өнгөрөөнө гэсэн үг биш. Гомдоосон хүнийг уучилна гэдэг нь хийсэн хэргийг нь зөвтгөж, нүдээ аниад өнгөрөөж байгаа хэрэг биш. Ехова нүглийг сайшаадаггүй, харин нүгэл үйлдсэн хүнийг уучлах үндэслэл байвал уучилдаг (Дуулал 103:12, 13; Хабаккук 1:13). «Намайг дууриаж бусдыг уучил» гэж хэлж захидаг. Тэрбээр «уураа мөнхөд хадгалахгүй» (Дуулал 103:9; Матай 6:14).

Гомдохоо болих нь бидэнд сайн. Ингэж хэлэхийн учир юу вэ? Жишээ татъя. Та өөрийгөө чулуу өргөөд зогсож байна гээд бод доо. Эхэндээ ядах юмгүй өргөх байх. Харин нэлээд удвал яах вэ? Хэдэн минут, бүтэн цаг, эсвэл тэрнээс удаан барьж зогсвол яах вэ? Гар тань чилнэ биз дээ. Чулууны жин өөрчлөгдөхгүй ч өргөсөөр байвал хүнд санагдана. Гомдлоо хадгалаад байх нь үүнтэй адил. Гомдохоо болихгүй бол ялихгүй асуудал ч биднийг зовооно. Тэгэхлээр гомдохоо боль гэж Еховагийн хэлдэг нь бидний л сайн сайхны төлөө юм (Сургаалт үгс 11:17).

Гомдохоо болих нь бидэнд сайн

 «Ехова яг надад хэлээд байгаа юм шиг санагдсан»

Гомдлоо хадгалахгүй байхад Линдад юу тусалсан бэ? Библи уншиж байгаад, яагаад ууч сэтгэлтэй байх ёстойг эргэцүүлэн бодсон байна (Дуулал 130:3, 4). Еховагаар нүглээ уучлуулъя гэвэл бусдыг уучлах ёстойгоо ухаарчээ (Ефес 4:32—5:2). Линда: «Ехова яг надад хэлээд байгаа юм шиг санагдсан» гэсэн юм.

Эцэст нь Линда гомдохоо больсон байна. Өөрийг нь гомдоосон эгчийг уучилж, сайн найз нь болжээ. Одоо Линда Еховад идэвхтэй үйлчилж байна. Ехова таныг ч бас ингээсэй гэж хүсэн туслахаа амладаг.