Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхнаас ирсэн сайн мэдээ

 ХИЧЭЭЛ 8

Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?

Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?

1. Муу муухай бүхэн хэрхэн бий болсон бэ?

Бурхан хүн төрөлхтөнд өөрсдийгөө захирах багагүй хугацаа олгосон ч хүн бүх бэрхшээлийг бүрэн шийдвэрлэж чадахгүй нь батлагдсан

Сатаныг анх худал хэлсэн цагаас муу муухай явдал эхэлжээ. Уг нь тэрбээр төгс тэнгэр элч байсан ч «үнэн дотор зогсож» чадаагүй (Иохан 8:44). Өөрийгөө Бурхан мэт шүтүүлэхийг хүсжээ. Тэгээд анхны эмэгтэй Еваг хуурч, Бурхны үгийг зөрчүүлэн үгэндээ оруулжээ. Адам Еватай хамсаж, Бурханд дуулгаваргүй болжээ. Адамын гаргасан энэ шийдвэр хүн төрөлхтнийг хожим зовлон, үхэлд хүргэсэн. Эхлэл 3:1–6, 19-ийг уншина уу.

Сатан Евагаар Бурхны үгийг зөрчүүлэх гэж оролдсон нь Бурхны хэмжээгүй эрх мэдлийг эсэргүүцэж самуун дэгдээсэн хэрэг байв. Хүмүүсийн ихэнх нь Бурхны эрх мэдлийг үл тоомсорлон Сатаны талд оржээ. Ийнхүү Сатан «ертөнцийн захирагч» болсон. Иохан 14:30; 1 Иохан 5:19-ийг уншина уу.

2. Бурхан алдаатай бүтээсэн үү?

Бурхны бүх бүтээл төгс төгөлдөр. Бурхан хүн болон тэнгэр элчийг өөрт нь төгс дуулгавартай байх чадвартай бүтээжээ (Дэд хууль 32:4, 5). Бас сонгох эрх чөлөөтэй бүтээсэн. Ийм эрх чөлөөтэй учир Бурхныг хайрладаг эсэхээ харуулах боломжтой. Иаков 1:13–15; 1 Иохан 5:3-ыг уншина уу.

3. Бурхан зовлон зүдүүрийг өнөөг хүртэл яагаад хүлцэн зөвшөөрсөн бэ?

Ехова хэмжээгүй эрх мэдлийнх нь эсрэг дэгдээсэн самуун явдал үргэлжлэхийг тодорхой хугацаагаар зөвшөөрсөн. Ямар учраас тэр вэ? Өөрөөс нь хараат бус бол хүмүүс яаж ч удирдсан амжилтад хүрэхгүй гэдгийг харуулахын тулд юм (Номлогчийн үгс 7:29; 8:9). Хүмүүс өөрсдийгөө захирсан 6 000 жилийн түүх үүнийг хөдөлгөөнгүй  нотолж байна. Дайн дажин, гэмт хэрэг, шударга бус явдал, өвчин эмгэг гэх мэтийн бэрхшээлийг бүрэн шийдвэрлэсэн нэг ч захирагч байгаагүй. Иеремиа 10:23-ыг уншина уу.

Харин Бурхны эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс одоо ч ач тус хүртдэг (Исаиа 48:17, 18). Ехова хүний бүх засгийн газрыг удахгүй хална. Бурхнаар удирдуулна гэж шийдсэн хүмүүс л дэлхий дээр амьдарна (Исаиа 11:9). Даниел 2:44-ийг уншина уу.

4. Бурхан өнөөг хүртэл тэвчсэн нь бидэнд ямар боломж олгосон бэ?

Еховад чин сэтгэлээсээ үйлчлэх хүн нэг ч байхгүй гэж Сатан мэтгэсэн. Хэрэв та хүсвэл Сатаны гүтгэлгийг няцааж чадна. Бурхан өнөөг хүртэл тэвчээгүй бол бидэнд Бурхан хүн хоёрын хэнээр нь удирдуулахаа сонгох боломж олдохгүй байх байсан. Бид хэнд нь захирагдахаар шийдсэнээ үйл хэргээрээ харуулах учиртай. Иов 1:8–12; Сургаалт үгс 27:11-ийг уншина уу.

5. Бурхнаар удирдуулъя гэвэл яах хэрэгтэй вэ?

Бидний үйл хэрэг Бурханд захирагдахыг хүсдэг эсэхийг маань харуулдаг

Бурхны Үг буюу Библид үндэслэн жинхэнэ шашныг таньж мэдээд Бурхныг Үгийнх нь дагуу шүтэх нь Бурхнаар удирдуулахаар шийдэж байгаа хэрэг юм (Иохан 4:23). Есүсийг дууриан дайн, улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй бол Сатанд захирагддаггүйгээ харуулна. Иохан 17:14-ийг уншина уу.

Сатан ёс журамгүй явдал, муу зуршил гэх мэтийг хал балгүй юм мэтээр бодуулахыг их оролддог. Биднийг иймэрхүү юм хийхээ болиход зарим найз нөхөд, хамаатан садан маань харин ч шоолох юм уу эсэргүүцэж мэднэ (1 Петр 4:3, 4). Ийм үед шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Бурхныг хайрладаг хүмүүстэй нөхөрлөе, мэргэн ухаантай, хайрын Бурхны хууль тушаалыг дуулгавартай сахья гэж шийдвэл бэрхшээл тулгарахад Бурханд дуулгавартай байх хүн нэг ч гарахгүй гэж Сатан худал хэлснийг батална. 1 Коринт 6:9, 10; 15:33-ыг уншина уу.

Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг учир зовлон зүдүүр, муу муухай бүхнийг заавал арилгана. Итгэлээ үйл хэргээрээ харуулдаг хүн дэлхий дээр үүрд мөнх, жаргалтай амьдарна. Иохан 3:16-г уншина уу.

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?

Хүн зовж байгаа нь Бурхны буруу гэж олон хүн боддог. Та юу гэж боддог вэ? Зовлонгийн учир шалтгааныг Бурхан хэрхэн тайлбарладгийг мэдэж аваарай.