Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхнаас ирсэн сайн мэдээ

 ХИЧЭЭЛ 5

Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?

Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?

1. Бурхан дэлхийг ямар зорилгоор бүтээсэн бэ?

Ехова хүн амьдруулах зорилгоор дэлхийг бүтээсэн. Тиймээс анхны хүмүүс буюу Адам Ева хоёрын амьдрах газар нь дэлхий байв. Харин хүнийг бүтээхээсээ бүр өмнө тэнгэр элчүүдийг тэнгэрт амьдруулахаар бүтээсэн аж (Иов 38:4, 7). Бурхан анхны хүнийг диваажин буюу Еден гэдэг цэцэрлэгт суулгасан (Эхлэл 2:15–17). Адам болон түүний үр удам дэлхий дээр мөнх, жаргалтай амьдрах ирээдүйтэй байв. Дуулал 37:29; 115:16-г уншина уу.

Эхлээд Еден цэцэрлэг гэдэг хэсэгхэн газар л диваажин байсан. Анхны хос үр хүүхэдтэй болж, дэлхийг дүүргэх учиртай байлаа. Аажмаар дэлхийг бүхэлд нь эзэмшиж, диваажин болгох байв (Эхлэл 1:28). Дэлхий хэзээ ч сөнөхгүй бөгөөд хүн төрөлхтний мөнхийн гэр байх юм. Дуулал 104:5-ыг уншина уу.

2. Одоо дэлхий яагаад диваажин биш байна вэ?

Адам Ева хоёр Еховад дуулгаваргүй загнаж, диваажингаас хөөгджээ. Ийнхүү хүн диваажинд амьдрах эрхгүй болсон. Ямар ч хүн диваажинг сэргээж чадаагүй. Библид «Газар дэлхий хорон муу хүмүүсийн гарт өгөгдсөн юм» гэж бичсэн байдаг (Иов 9:24). Эхлэл 3:23, 24-ийг уншина уу.

Ехова хүн төрөлхтний талаарх анхны санаа зорилгоо өөрчилсөн үү? Өөрчлөөгүй! Тэрбээр төгс хүчтэй бөгөөд санаа зорилгоо биелүүлэх чадалтай (Исаиа 45:18). Ехова хүн төрөлхтнийг анхны санаа зорилгынхоо дагуу амьдруулна. Дуулал 37:11, 34-ийг уншина уу.

3. Дэлхий хэрхэн диваажин болох вэ?

Бурхны томилсон Хаан Есүсийн удирдлага дор дэлхий диваажин болно. Есүс тэнгэр элчүүдийг удирдан, Бурханд дуулгаваргүй бүх хүнийг Хармагедон гэдэг дайнаар устгана. Дараа нь Сатаныг 1 000 жил хорино. Есүс Бурхны ард түмнийг  удирдаж хамгаалах учир тэд энэ дайныг эсэн мэнд давна. Тэгээд Диваажин дэлхийд үүрд мөнх, жаргалтай амьдрах юм. Илчлэлт 20:1–3; 21:3, 4-ийг уншина уу.

4. Зовлон хэзээ дуусах вэ?

Бурхан дэлхий дээрх муу муухай явдлыг хэзээ арилгах вэ? Есүсийн хэлсэн нэгэн «шинж тэмдэг» өнөөгийн нийгмийн төгсгөл ойртсоныг харуулах учиртай байжээ. Өнөөгийн нийгэм энэ янзаараа байвал хүн төрөлхтөн мөхөх аюултай. Байдал ийм болсон нь бид энэ нийгмийн «төгсгөлийн» үед амьдарч байгааг харуулдаг. Матай 24:3, 7–14, 21, 22-ыг уншина уу.

Есүс дэлхийг 1 000 жил захирахдаа зовлон зүдүүрийг бүрмөсөн арилгана (Исаиа 9:6, 7; 11:9). Хаан Есүс Тэргүүн тахилчийн үүрэг гүйцэтгэн, Бурхныг хайрладаг хүмүүсийг нүглээс ангижруулна. Бурхан Есүсийн оролцоотойгоор өвчин, хөгшрөл, үхлийг арилгана. Исаиа 25:8; 33:24-ийг уншина уу.

5. Ямар хүн диваажин дэлхийд амьдрах вэ?

Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очвол Бурхныг хайрлаж, тааллыг нь олохыг хүсдэг хүмүүстэй танилцана

Бурханд дуулгавартай хүмүүс диваажин дэлхийд амьдарна (1 Иохан 2:17). Есүсийн дагалдагчид даруу хүмүүсийг олж, яавал Бурхны таалалд нийцэхийг тэдэнд зааж өгөх даалгавартай. Өнөөдөр олон сая хүн ирээдүйн Диваажинд амьдрахын тулд Еховагаар заалгаж байна (Зефаниа 2:3). Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очдог хүмүүс илүү сайн эхнэр нөхөр, эцэг эх байхад суралцдаг. Эцэг эхчүүд, хүүхдүүд хамтдаа Бурхныг шүтэж, сайн мэдээ амьдралд нь ямар ач тус хүргэхийг мэдэж авдаг. Мика 4:1–4-ийг уншина уу.