Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 24

Паул хурлуудад захидал бичсэн нь

Паул хурлуудад захидал бичсэн нь

Паулын захидал І зууны христиануудыг зоригжуулж байлаа

ШИНЭЭР үүсэн байгуулагдсан христиан хурал Еховагийн санаа зорилго биелэхэд чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Гэвч І зууны христианууд тун удалгүй довтолгоонд өртөв. Христиан биш хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарахын зэрэгцээ зарим итгэл нэгтнийхээ зүгээс учрах аюулаас болоод Бурханд үнэнч байх эсэх нь соригдож эхэлжээ. Тэд үнэнч байж чадсан болов уу? Христиан Грек Сударт ашиг тустай зөвлөгөө, урмын үг бүхий 21 захидал байдаг.

«Ром»-оос «Еврей»-г дуусталх 14 захидлыг элч Паул бичжээ. Эдгээр захидлыг хэнд зориулж бичсэнээр нь нэрлэжээ. Зарим захидлыг хэн нэг хүнд бичсэн байхад, заримыг нь хурлуудад хаягласан байдаг. Тэдгээр захидлын зарим сэдвийг авч үзье.

Ёс суртахуун болон биеэ авч явах талаар зөвлөгөө өгсөн нь. Садарлах, завхайрах гэх мэтийн ноцтой нүгэл үйлддэг хүмүүс «Бурхны хаанчлалыг өвлөхгүй» (Галат 5:19–21; 1 Коринт 6:9–11). Бурхныг шүтэгчид ямар ч үндэстэн ястантай эвтэй байх ёстой (Ром 2:11; Ефес 4:1–6). Гачигдаж дутагдсан итгэл нэгтнүүддээ дуртайяа туслах учиртай (2 Коринт 9:7). Паул: «Тасралтгүй залбир» хэмээжээ. Тиймээс Еховаг шүтдэг хүн сэтгэл зүрхээ уудлан залбирч байх нь зүйтэй (1 Тесалоник 5:17; 2 Тесалоник 3:1; Филиппой 4:6, 7). Залбирлаа Бурханд сонсгоё гэвэл итгэлтэйгээр залбирах ёстой (Еврей 11:6).

Гэр бүл яавал аз жаргалтай байх вэ? Нөхрүүд эхнэрээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрүүд нөхрөө гүн хүндэтгэх учиртай. Хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байх шаардлагатай бөгөөд энэ нь Бурханд таалагдана. Эцэг эхчүүд үр хүүхдээ хайрын үүднээс, Бурхны зарчмаар удирдан чиглүүлж, сурган хүмүүжүүлэх ёстой (Ефес 5:22–6:4; Колоссай 3:18–21).

Бурхны санаа зорилгыг тайлбарласан нь. Христийг ирэхээс өмнө Мосегийн хууль израильчуудыг олон талаар хамгаалж, удирдан чиглүүлж байсан (Галат 3:24). Харин христианууд Бурхныг шүтэхдээ уг хуулийг сахих шаардлагагүй болсон. Паул еврейчүүд буюу иудей гаралтай христиануудад бичсэн захидалдаа Мосегийн хуулийн утга учрыг болон Бурхны санаа зорилго Христ дээр хэрхэн биелснийг илүү дэлгэрэнгүй тайлбарласан. Хуульд заасан олон зүйл зөгнөлийн утгатай байсныг бас тайлбарласан. Жишээ нь, амьтнаар тахил өргөдөг нь Есүс өөрийгөө тахил болгон өргөх буюу амиа золиослон үхэхийг бэлгэдэж байжээ. Есүсийн өргөсөн  тэрхүү тахилын үндсэн дээр хүмүүсийн нүгэл жинхэнэ ёсоор уучлагдах байв (Еврей 10:1–4). Хуулийн гэрээ нэгэнт үүргээ гүйцэтгэсэн учир Бурхан уг гэрээг Есүсийн үхлээр хүчингүй болгожээ (Колоссай 2:13–17; Еврей 8:13).

Хурлын үйл ажиллагааны талаар заавар өгсөн нь. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээх хүсэлтэй эрчүүд ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахиж, Библид бичсэн шаардлагуудыг хангасан байх учиртай (1 Тимот 3:1–10, 12, 13; Тит 1:5–9). Ехова Бурхныг шүтдэг хүмүүс итгэл нэгтнүүдтэйгээ хамт тогтмол цуглаж, бие биеийнхээ урмыг сэргээх хэрэгтэй (Еврей 10:24, 25). Цуглаан нь «босгон байгуулдаг» буюу сэргээдэг, үнэнийг зааж сургадаг байх ёстой (1 Коринт 14:26, 31).

Паул Тимотод хоёр дахь захидлаа бичихдээ Ромд, шүүхийн шийдвэр хүлээгээд, шоронд хоригдож байжээ. Эр зоригтой цөөн хэдэн хүн л амь насаараа дэнчин тавьж, түүнийг эргэж очдог байлаа. Паул өөрт нь бага хугацаа үлдсэнийг мэдэж байсан бөгөөд «Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан» гэж хэлжээ (2 Тимот 4:7). Дараахан нь итгэл үнэмшлийнхээ төлөө цаазлагдсан бололтой. Гэвч элчийн бичсэн захидлууд Бурхны жинхэнэ шүтэгчдийг өнөөдөр ч удирдан чиглүүлсээр байна.

«Ром»; «1 Коринт»; «2 Коринт»; «Галат»; «Ефес»; «Филиппой»; «Колоссай»; «1 Тесалоник»; «2 Тесалоник»; «1 Тимот»; «2 Тимот»; «Тит»; «Филемон»; «Еврей» номд үндэслэв.