Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 10

Мэргэн хаан Соломон

Мэргэн хаан Соломон

Ехова Соломон хаанд мэргэн ухаан өгөв. Соломон хааны үед израильчууд зүйрлэшгүй амар тайван, ая тухтай амьдарч байжээ

ХААНААСАА харц хүртлээ Еховаг Хэмжээгүй эрхт Захирагчаа хэмээн үзэж, хууль тушаалыг нь сахидаг бол амьдрал ямар байх байсан бол? Соломон хааны 40 жилийн засаглалын үед ард түмэн хэрхэн амьдарч байсан нь энэ асуултын хариу болно.

Давид нас нөгчихөөсөө өмнө хүү Соломондоо хаан ширээгээ залгамжлуулжээ. Бурхан Соломоны зүүдэнд үзэгдэж, юу хүссэнээ хэлэгтүн гэв. Соломон ард түмнийг шударгаар, ухаалгаар шүүх мэдлэг, мэргэн ухаан гуйсанд Ехова таалан соёрхож, түүнд мэргэн ухаан, ойлгон ухаарах чадвар өгчээ. Бас үргэлж дуулгавартай байвал эд баялаг, алдар хүнд, урт нас өгөхөө амласан.

Соломон мэргэн ухаанаараа алдаршив. Нэгэн удаа хоёр эмэгтэй ганц хүүхэд булаалдан, маргаж гарчээ. Тэгэхэд нь Соломон хүүхдийг хоёр хэсэг болгон цавчиж, тал талаар нь хоёр эмэгтэйд өгөхийг тушаав. Нэг эмэгтэй нь зөвшөөрсөн боловч төрсөн эх нь хүүхдийг эхний эмэгтэйд өгөхийг гуйжээ. Соломон өрөвч сэтгэлтэй эмэгтэйг хүүхдийн төрсөн эх мөн гэдгийг мэдээд хүүг эхэд нь өгчээ. Удалгүй Израиль даяараа энэ тухай сонсоод Соломонд Бурхны мэргэн ухаан байгааг ойлгожээ.

Соломоны үйлдсэн агуу үйлсийн нэг нь Еховагийн сүмийг барьсан явдал байлаа. Иерусалимд барьсан энэ сүм нь Израиль дахь шүтлэгийн төв болох сүрлэг байгууламж байв. Сүмийн нээлтийн ёслол дээр Соломон: «Харагтун, тэнгэр болон дээд тэнгэр ч гэсэн Таныг багтааж чадахгүй. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хэчнээн ч өчүүхэн юм бэ?» хэмээн залбирчээ (Хаадын дээд 8:27).

Соломоны нэр алдар харийн орнуудад, тэр байтугай, алс холын Арабын Шебад хүртэл түгэн дуурьсав. Шебагийн хатан хаан Соломоны алдар суу, эд баялгийг нүдээр үзэж, хэр зэрэг мэргэн ухаантайг нь туршихаар айлчлан иржээ. Соломоны мэргэн ухаан болон Израилийн хөгжил цэцэглэлтийг гайхан биширсэндээ тийм мэргэн хүнийг хаан суудалд суулгасан Еховаг магтан алдаршуулжээ. Эртний Израилийн түүхэнд Соломоны засаглалын үе хамгийн их хөгжил дэвшилтэй, тайван амгалан байсан нь үнэн хэрэгтээ Ехова ивээсний ач байв.

Харамсалтай нь, Соломон Еховагийн мэргэн ухааны дагуу тууштай явж чадалгүй, Бурхны тушаалыг үл тоомсорлон, олон зуун эмэгтэйг хатнаа болгон авсан бөгөөд тэдний дотор харийн бурхад шүтдэг хүн олон байлаа. Яваандаа тэд Соломоныг уруу татан Еховагаас холдуулж, хиймэл шүтээн шүтдэг болгосон юм. Ехова Соломоноос хаанчлалыг нь тасдан авахаа мэдэгджээ. Гагцхүү эцэг Давидыг нь бодож, багахан хэсгийг үр удамд нь үлдээхээр болжээ. Соломон өөрт нь үйлчлэхээ больсон ч Ехова Давидтай байгуулсан Хаанчлалын гэрээндээ үнэнч хэвээрээ байсан юм.

—«Хаадын дээд» 1–11-р бүлэг; «Шастирын дэд» 1–9-р бүлэг; Дэд хууль 17:17-д үндэслэв.