Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 3

Усан галавыг эсэн мэнд давсан нь

Усан галавыг эсэн мэнд давсан нь

Бурхан ёс бус ертөнцийг устгасан ч Ноаг гэр бүлээр нь амьд үлдээв

ХҮМҮҮС өсөж үржих тусам нүгэл, ёс бус явдал дэлхий даяар хурдан тархав. Бурхан нэг л өдөр муу хүмүүсийг устгана гэдгийг зөнч Енох олон түмэнд ганцаараа сэрэмжлүүлж байлаа. Гэвч ёс бус явдал гаарч, улам хүчээ авчээ. Зарим тэнгэр элч Еховад тэрслэн тэнгэрийн байраа орхиж, дэлхий дээр ирээд хүнтэй адилхан төрхтэй болж, эмэгтэйчүүдийг эхнэрээ болгов. Ийм гаж гэр бүлд төрсөн эрлийз хүүхдүүд Нефилим гэгч аварга биетэй, зэрлэг танхай этгээдүүд болцгоожээ. Тэд хаа сайгүй харгис хэрцгий хэрэг үйлдэн, хүмүүсийн цусыг урсгаж байлаа. Энэ бүхнийг харахад Бурханд туйлын хүнд байв.

Енохыг нас барсны дараа нэгэн хүн ёс бус хүмүүсээс ялгарч байжээ. Ноа гэдэг тэр хүн гэрийнхнийхээ хамтаар Бурхны нүдэнд зөв юм хийхийг хичээдэг байв. Бурхан ёс бус хүмүүсийг устгахаар болжээ. Тэгэхдээ Ноа болон ан амьтдыг аврахыг хүссэн тул хөвөгч авдар буюу нүсэр том, дөрвөлжин хэлбэртэй усан онгоц хийхийг Ноад даалгав. Энэ авдар дотор орсон цагт Ноа, түүний гэр бүлийнхэн болон олон төрөл зүйлийн амьтад дэлхийг хамарсан их үерийг эсэн мэнд давах байлаа. Ноа Бурханд дуулгавартай захирагдав. Тэрбээр хэдэн арван жил хөвөгч авдар барихын зэрэгцээ «зөвт байдлыг тунхаглагч» болж байлаа (2 Петр 2:5). Галав юүлэх гэж байгааг сануулж сэрэмжлүүлж байсан боловч хүмүүс тоогоогүй аж. Ноа болон түүний гэр бүлийнхний хувьд амьтдыг аваад хөвөгч авдарт орох цаг нь ч иржээ. Тэднийг авдарт ороход Бурхан хаалгыг нь хаав. Ингээд бороо орж эхлэв.

Ширүүн аадар 40 өдөр, 40 шөнө цутгаж, дэлхий тэр чигээрээ усанд автав. Ёс бус бүхэн устжээ. Хэдэн сарын дараа ус татрахад хөвөгч авдар уулан дээр тогтлоо. Хэсэг хугацаа өнгөрч, хөвөгч авдарт байсан бүхэн гадагш гарав. Тэд авдарт бүтэн жилийг өнгөрүүлжээ. Ноа Еховад талархан, тахил өргөв. Хариуд нь Бурхан амьтай бүхнийг дахин хэзээ ч үерээр устгахгүй гэдгээ Ноа болон түүний гэрийнхэнд амлав. Энэ амлалтад бүрэн итгэж болохын баталгаа, сануулга болгож солонго татуулжээ.

Бурхан Усан галавын дараа хүн төрөлхтөнд шинэ тушаал өгөхдөө амьтны мах идэхийг зөвшөөрсөн боловч цус идэхийг хоригложээ. Бас Ноагийн үр удмыг дэлхий даяар тарж суурьшихыг тушаажээ. Гэвч зарим хүн уг тушаалд захирагдсангүй. Хүмүүс Нимрод гэдэг хүний удирдлага дор эвлэлдэн нэгдэж, хожмоо Вавилон гэгдэх болсон Бабел хотод аварга том цамхаг барьж эхэлжээ. Тэд дэлхийгээр тарж суурьш хэмээсэн Бурхны тушаалыг үл тоомсорлосон юм. Гэсэн хэдий ч Бурхан тэдгээр тэрслэгчдийн төлөвлөгөөг нураахын тулд хэлийг нь хутгалдуулан, янз бүрийн хэлээр ярьдаг болгов. Тэд ойлголцохоо болимогцоо цамхаг барих ажлаа зогсоож, зүг зүгт таран оджээ.

«Эхлэл» 6–11-р бүлэг; Иуда 14, 15-д үндэслэв.