Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 16

Мессиа ирсэн нь

Мессиа ирсэн нь

Ехова Назарын Есүсийг эрт үед амласан Мессиа хэмээн батлав

АМЛАСАН Мессиаг ялгаж танихад нь Ехова хүмүүст тусалсан болов уу? Тийм ээ, тусалсан. Чухам яаж тусалсныг үзье. Еврей Судар бичигдэж дуусаад дөрвөн зуун жил өнгөрчээ. Галил мужийн хойд хэсэгт орших Назар хэмээх хотод амьдардаг Мариа гэдэг залуухан бүсгүй дээр ер бусын зочин иржээ. Габриел гэгч тэнгэр элч түүний өмнө зогсож байлаа. Мариа хэдийгээр онгон байсан ч Бурхан түүнийг ариун сүнс буюу үйлдэх хүчээрээ хүүтэй болгох гэж байгааг тэнгэр элч хэлжээ. Хүүхэд нь мөнхөд захирах, амласан Хаан болох байв! Бурхан тэнгэрт байсан Хүүгийнхээ амийг Мариагийн хэвлийд шилжүүлсэн юм.

Сэтгэл догдлуулсан энэ даалгаврыг Мариа даруухнаар хүлээн авчээ. Түүнтэй сүй тавьсан Иосеф гэдэг мужаан залуу Мариаг ер бусаар хөл хүнд болсныг Бурхны илгээсэн тэнгэр элчээс сонссоныхоо дараа Мариатай гэрлэжээ. Тэгвэл Мессиаг Бетлехемд төрнө гэсэн зөгнөл яаж биелсэн бэ? (Мика 5:2). Энэ жижигхэн хот Назар хотоос 140 километр зайтай байсан шүү дээ!

Ромын захирагч хүн амын тооллого хийх зарлиг гаргасанд иргэд уугуул хотдоо очиж бүртгүүлэх шаардлагатай болжээ. Иосеф Мариа хоёр Бетлехемээс гаралтай тул Иосеф жирэмсэн эхнэрээ аваад тийш явжээ (Лук 2:3). Мариа малын саравчинд нярайлж, хүүхдээ тэжээлийн тэвшинд тавив. Дараа нь Бурхан нэг тэнгэр элчийг уулын бэлд байсан хэдэн хоньчин руу илгээж, дөнгөж сая төрсөн хүүхэд бол амласан Мессиа буюу Христ мөн гэдгийг хэлүүлжээ.

Хожим нь бусад хүн ч бас Есүсийг амласан Мессиа мөн гэдгийг баталжээ. Исаиагийн зөгнөснөөр, нэг хүн Мессиагийн хийх амин чухал ажилд зориулан зам бэлдэх учиртай байв (Исаиа 40:3). Тэр хүн нь баптисм хүртээгч Иохан байлаа. Тэрбээр Есүсийг хармагцаа: «Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!» хэмээн дуу алддаг. Иоханы зарим шавь тэр дороо л Есүсийг дагах болжээ. Тэдний нэг нь: «Бид Мессиаг оллоо» гэж хэлсэн байдаг (Иохан 1:29, 36, 41).

Иоханыг Есүст баптисм хүртээх үед Ехова өөрөө тэнгэрээс ярьсан нь бас нэг баталгаа юм. Тэрбээр Есүсийг ариун сүнсээрээ Мессиа болгон томилоод, «Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» гэж хэлсэн (Матай 3:16, 17). Эрт үед амласан Мессиа ийнхүү иржээ!

Энэ явдал хэзээ болсон бэ? МЭ 29 онд буюу Даниелын зөгнөсөн 483 жил яг дуусмагц болжээ. Энэ бол Есүсийг Мессиа буюу Христ гэдгийг батлах няцаахын аргагүй нотолгооны нэгээхэн хэсэг юм. Тэгвэл Есүс дэлхийд байхдаа ямар мэдээ тунхагласан бэ?

—«Матай» 1–3-р бүлэг; «Марк» 1-р бүлэг; «Лук» 2-р бүлэг; «Иохан» 1-р бүлэгт үндэслэв.