Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 20

Есүс Христ алагдсан нь

Есүс Христ алагдсан нь

Есүс шинэ арга хэмжээ зохиов. Тэрбээр дайсанд баригдаж, шонд хадуулав

ЕСҮС дэлгэрүүлэх, заах ажлыг гурван жил хагас хийжээ. Дэлхийд байх хугацаа нь удахгүй дуусна гэдгийг тэрбээр мэдэж байлаа. Иудейн шашны удирдагчид Есүсийг алахаар хуйвалдсан боловч түүнийг зөнч гэж итгэж байсан олон түмний үймээнээс айжээ. Тэр хооронд Сатан Есүсийн 12 элчийн нэг болох Искариотын Иудасыг Есүсээс урвуулав. Шашны удирдагчид Иудаст Есүсийг барьж өгвөл 30 мөнгөн зоос өгөхөө амлажээ.

Сүүлчийн шөнөө Есүс элч нартайгаа хамт Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр болжээ. Иудасыг явуулсныхаа дараа Эзний оройн зоог гэдэг шинэ арга хэмжээ зохиов. Есүс талх авч, залбираад, 11 элчдээ хуваан өгч: «Энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд» гэж айлдав. Дараа нь аягатай дарс авч залбираад тэдэнд өгөхдөө: «Энэ нь ... Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм» гэж хэлжээ (Лук 22:19, 20).

Тэр шөнө Есүст элч нартаа хэлэх зүйл их байлаа. Тэдэнд хувиа бодолгүй бие биеэ хайрла гэсэн шинэ тушаал өгч: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» хэмээн айлджээ (Иохан 13:34, 35). Бас удахгүй болох аймшигт үйл явдлаас болж сэтгэл зовохгүй байхыг захиад, тэдний төлөө шаргуу залбирчээ. Тэгээд хамтдаа дуу дуулаад шөнө дүл болсон хойно гарч явав.

Гетсемани цэцэрлэгт ирээд Есүс сөхрөн сууж, хамаг зүрх сэтгэлээ уудлан залбирав. Төдөлгүй зэвсэг агссан олон цэрэг, тахилчид тэргүүтэй бөөн хүн түүнийг барихаар ирэв. Иудас Есүс рүү ойртож ирээд, түүнийг үнсэж, хүмүүст мэдэгдэн дохио өгчээ. Цэргүүд Есүсийг хүлж байх зуур элч нар зугтан одов.

Есүс Иудейн дээд шүүхэд шүүгдэж байхдаа Бурхны Хүү мөн гэдгээ гэрчилсэнд шүүх түүнийг, Бурхныг доромжиллоо хэмээн буруутгаад, цаазаар авах ял оноох нь зүйтэй гэж үзжээ. Дараа нь Ромын амбан захирагч Понти Пилат руу хүргэв. Понти Пилат Есүсийн гэмт хэрэгт холбогдолгүйг олж мэдсэн ч түүнийг цаазлахыг шаардан хашгиралдаж байсан олон түмний талд оржээ.

Ромын цэргүүд Есүсийг Голгота гэдэг газар шонд хадав. Үд дундын алдад гэнэт тэнгэр харанхуйлж, үд хэвийхэд Есүс амьсгал хураасан бөгөөд газар асар хүчтэй хөдлөв. Есүсийн цогцсыг хад ухаж хийсэн булшинд тавьжээ. Маргааш нь тахилчид булшийг лацдаж, үүдэнд нь харуул тавив. Есүс тэндээ үүрд нойрссон болов уу? Үгүй. Нэгэн агуу гайхамшиг болжээ.

—«Матай» 26, 27-р бүлэг, «Марк» 14, 15-р бүлэг, «Лук» 22, 23-р бүлэг, «Иохан» 12–19-р бүлэгт үндэслэв.

^ д/м 15 Есүс амиа золиослон үхсэн нь ямар ач холбогдолтой байсныг «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 5-р бүлэгийг үзнэ үү.