Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 19

Есүс ирээдүйг зөгнөсөн нь

Есүс ирээдүйг зөгнөсөн нь

Есүс хааны эрх мэдэлтэйгээр залран байх үеийнхээ шинж тэмдэг болон өнөөгийн тогтолцооны төгсгөлийн тухай зөгнөсөн

ЧИДУН уулан дээрээс үзэсгэлэнт Иерусалим хотыг сүмийнх нь хамт харангаа дөрвөн элч нь Есүсээс түрүүн хэлсэн үгийнх нь талаар аминчлан асуужээ. Есүс Иерусалимын сүм устгагдах тухай ярьсан ажээ. Бүр өмнө нь «энэ үеийн төгсгөлийн» тухай ярьж өгчээ (Матай 13:40, 49). Тиймд элч нар: «Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?» хэмээн асуув (Матай 24:3).

Хариуд нь Есүс Иерусалимыг сүйрэхээс өмнө юу болох тухай ярьж өгөв. Гэхдээ Есүсийн хэлсэн үг илүү гүнзгий утгатай байлаа. Түүний зөгнөл хожим дэлхий дахиныг хамран биелэх учиртай байв. Есүс дэлхий даяар болох үйл явдал болон дэлхийн нөхцөл байдал нийлээд нэг шинж тэмдгийг бүрдүүлнэ гэж зөгнөсөн. Тэр шинж тэмдэг нь Есүсийг тэнгэрт Хаан ширээнд заларсныг илтгэх байв. Өөрөөр хэлбэл, Ехова Бурхан Есүсийг Мессиагийн Хаанчлалын Хаан болгосныг харуулах бөгөөд тэрхүү Хаанчлал ёс бус бүхнийг арилгаж, хүн төрөлхтөнд жинхэнэ энх тайвныг авчрах учиртайг хэлж өгөх ажээ. Тийнхүү Есүсийн зөгнөсөн бүхэн хуучин ертөнц буюу одоогийн шашин, улс төр, нийгмийн тогтолцоо төгсөж, шинэ ертөнц эхлэхийг харуулах юм.

Есүс тэнгэрт хаан ширээнд залран, үйл хэргээ явуулж байх үед нь дэлхий дээр юу болохыг тайлбарлахдаа олон улсыг хамарсан дайн, хоол хүнсний хомсдол, хүчтэй газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан өвчин тахал болно гэжээ. Мөн хууль бус явдал гаарах аж. Есүсийн жинхэнэ шавь нар Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэх бөгөөд энэ бүхний эцэст урьд өмнө хэзээ ч болж байгаагүй «агуу их гай гамшиг» болно (Матай 24:21).

Есүсийн дагалдагчид гамшиг ойрхон байгааг яаж мэдэх вэ? Есүс: «Инжрийн модноос ... сурч ав» гэж хэлсэн (Матай 24:32). Инжрийн модны мөчир нахиалах нь зун ойртсоны шинж байдаг. Түүнтэй адил, Есүсийн зөгнөсөн бүх зүйл нэг цаг үед биелбэл төгсгөл ойртсоны тодорхой шинж илэрлээ гэсэн үг юм. Агуу их гай гамшиг эхлэх өдөр, цагийг хэн ч мэдэхгүй, ганцхан Эцэг нь л мэдэж байсан тул Есүс шавь нартаа: «Сонор сэрэмжтэй байгтун. Учир нь тэрхүү товлосон цаг хэзээ байхыг та нар мэдэхгүй» гэж анхааруулжээ (Марк 13:33).

—«Матай» 24, 25-р бүлэг, «Марк» 13-р бүлэг, «Лук» 21-р бүлэгт үндэслэв.

^ д/м 14 Есүсийн зөгнөлийг цааш нь судалъя гэвэл Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 9-р бүлэгийг үзнэ үү.