Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 18

Есүс гайхамшиг үйлдсэн нь

Есүс гайхамшиг үйлдсэн нь

Есүс гайхамшиг үйлдэж байсан нь хожим Хаан болоод юу хийхийг нь харуулдаг

БУРХАН Есүст хэний ч чадахгүй зүйлийг хийх хүч, эрх мэдэл өгчээ. Есүс агуу гайхамшгуудаа их төлөв олны нүдэн дээр үйлддэг байв. Тэрбээр төгс бус хүмүүсийн хэзээ ч дийлэхгүй дайснуудыг захирах бөгөөд элдэв саад тотгорыг арилгах хүч, эрх мэдэлтэй гэдэг нь үйлдсэн гайхамшгаас нь харагддаг. Хэдэн жишээ үзье.

Хоол, ундаар хангасан нь. Есүс усыг сайн чанарын дарс болгон хувиргаж анхны гайхамшгаа үйлджээ. Бас хоёр ч удаа, хэдхэн талх, загаснаас өөр юмгүй өлсөж байсан олон мянган хүнийг хооллоход хүн болгонд элбэг хүрч, бүр илүү гарч байжээ.

Өвчнийг анагаасан нь. Есүс «алив төрлийн өвчин эмгэгтэй» хүмүүсийг эдгээж байв (Матай 4:23). Хараа сонсголгүй, уяман өвчтэй, унаж татдаг, хазгар доголон, эрэмдэг зэрэмдэг, гэмтэж бэртсэн бүхнийг өвчин зовлонгоос нь ангижруулжээ. Түүнд анагааж чадахгүй өвчин гэж байгаагүй юм.

Догшин шуургыг номхруулсан нь. Есүсийг шавь нарынхаа хамт Галил нуураар явж байтал хүчтэй шуурга дэгджээ. Шавь нар нь айн сандралдахад Есүс юу ч болоогүй юм шиг далайн шуурга руу хараад, «Чимээгүй. Намд» гэж хэлэв. Тэгмэгц шуурга намджээ (Марк 4:37–39). Бас хүчит шуурганаар нуурын усан дээр алхаж явсан удаатай (Матай 14:24–33).

Муу сүнснүүдээс давуу хүчтэй. Муу сүнснүүд хүнээс хамаагүй хүчтэй. Тийм учраас, хүмүүс Бурхны энэ аюултай дайснуудын гараас мултарч чаддаггүй. Харин Есүс хүмүүсийг зовоож байсан сүнснүүдэд тэднээс гарахыг тушаахад сүнснүүд хүмүүсийг зовоохоо больдог байв. Есүс тэднээс огтхон ч айж байсангүй. Харин муу сүнснүүд Есүсийн эрх мэдэлтэйг мэддэг, бас түүнээс айдаг байсан.

Үхлийг ялсан нь. Үхлийг «эцэст нь устгагдах дайсан» гэж тун онож хэлсэн байдаг бөгөөд энэ дайсныг дийлэх хүн байхгүй (1 Коринт 15:26). Харин Есүс үхэгсдийг амилуулж байсан. Нас барсан залууг амилуулан, орь ганцаар хоцорсон эхэд нь өгч, амьгүй болсон охиныг босгон, уй гашууд автсан эцэг эхэд нь тушааж байлаа. Хамгийн гайхалтай нь, үхээд дөрөв хоносон дотнын анд Лазарыгаа гашуудсан олны нүдэн дээр амилуулсан! Хүчтэй эсэргүүцдэг дайснууд нь хүртэл энэ гайхамшгийг хүлээн зөвшөөрчээ (Иохан 11:38–48; 12:9–11).

Есүс ямар учраас энэ бүх гайхамшгийг үйлдсэн бэ? Тусыг нь хүртсэн хүмүүс эцэстээ бүгдээрээ үхсэн нь үнэн. Гэхдээ Есүсийн үйлдсэн гайхамшиг Мессиа Хааны засаглалын тухай сэтгэл хөдөлгөм бүх зөгнөл заавал биелэхийн баталгаа болж, үүрдийн ач тусаа өгсөн юм. Бурхны томилсон Хаан өлсгөлөн, өвчин, байгалийн аюултай үзэгдэл, муу сүнснүүд, үхлийг үндсээр нь арилгана гэдэгт эргэлзэх хэрэг байхгүй. Учир нь, тэрбээр энэ бүхнийг хийх хүчийг Бурхнаас авснаа аль хэдийн харуулчихсан билээ.

«Матай», «Марк», «Лук», «Иохан» номд үндэслэв.