Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 12

Амьдралд хэрэгтэй Бурхны мэргэн ухаан

Амьдралд хэрэгтэй Бурхны мэргэн ухаан

«Сургаалт үгс» ном бол Бурхны бичүүлсэн зөвлөгөөний эмхтгэл юм. Ихэнхийг нь Соломон бичсэн бөгөөд эдгээр зөвлөгөө бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй

ЕХОВА мэргэн ухаантай Захирагч мөн үү? Энэ асуултад хариулахын тулд өгдөг зөвлөгөөг нь авч үзье. Еховагийн зөвлөгөө ашигтай юу? Хэрэгжүүлбэл амьдрал сайжирч, илүү утга учиртай болох болов уу? Мэргэн хаан Соломон, хүний амьдралын бүх хүрээнд хамаатай олон зуун сургаал үг бичжээ. Хэдэн жишээ үзье.

Бурханд итгэ. Итгэл бол Еховатай дотно нөхөрлөх түлхүүр юм. Соломон: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» хэмээн бичжээ (Сургаалт үгс 3:5, 6). Бурханд итгэх гэдэг нь түүгээр удирдуулж, дуулгавартай захирагдана гэсэн үг бөгөөд үүний ачаар амьдрал утга учиртай болдог. Ийм байвал бид Бурхнаа баярлуулна. Ехова ч Сатан гэгч дайсныхаа босгосон маргаантай асуудалд хариу өгнө (Сургаалт үгс 27:11).

Бусадтай харьцахдаа ухаалаг бай. Нөхөр, эхнэр, хүүхдүүдэд өгсөн Бурхны зөвлөгөө өнөө үед бүр ч их үнэ цэнэтэй. Бурхан нөхрүүдэд эхнэртээ үнэнч байхыг уриалж: «Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс» хэмээн зөвлөжээ (Сургаалт үгс 5:18–20). Нөхөртэй эмэгтэйчүүд «Сургаалт үгс» номоос эр нөхөр, үр хүүхдийнхээ бахархал болдог арван хуруу тэгш эхнэрийг хэрхэн тодорхойлсныг үзэж болно («Сургаалт үгс» 31-р бүлэг). Хүүхдүүдэд эцэг эхдээ дуулгавартай байхыг зөвлөсөн байдаг (Сургаалт үгс 6:20). Түүнчлэн, үерхэл нөхөрлөлийн чухлыг хэлж, бусдаас зожигрох нь хувиа хичээдгийн шинж гэдгийг сануулдаг (Сургаалт үгс 18:1). Найз нөхөд сайн муу, янз янзаар нөлөөлж болдог учраас найз нөхдөө сонгохдоо ухаалаг байх хэрэгтэй (Сургаалт үгс 13:20; 17:17).

Өөртөө ухаалаг ханд. «Сургаалт үгс» номд архи дарсыг согттолоо уухгүй байх тухай, сэтгэл санаагаа тайван байлгаж, муу юм бодохгүй байх тухай, ажилч хөдөлмөрч байх тухай үнэтэй зөвлөгөөнүүд бий (Сургаалт үгс 6:6; 14:30; 20:1). Бурхны зөвлөгөөг үл тоомсорлон, хүний ухаанд найдах нь сүйрэлд хүргэдгийг анхааруулдаг (Сургаалт үгс 14:12). Түүнчлэн «[зүрхнээс] амийн булгууд ундран гардгийг» сануулан, зүрх буюу дотор хүнээ муу нөлөөнөөс хамгаалахыг зөвлөдөг (Сургаалт үгс 4:23).

Дэлхийн олон сая хүн иймэрхүү зөвлөгөөг хэрэгжүүлээд, илүү сайхан амьдардаг болсон. Энэ бол Еховад захирагдах хангалттай шалтгаан юм.

«Сургаалт үгс» номд үндэслэв.