Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 7

Бурхан израильчуудыг чөлөөлсөн нь

Бурхан израильчуудыг чөлөөлсөн нь

Ехова Египетэд гамшиг учруулсан бөгөөд Мосе израильчуудыг удирдан, Египет нутгаас гаргажээ. Бурхан израильчуудад Мосегоор хууль өгүүлэв

ИЗРАИЛЬЧУУД Египетэд олон жил амьдрахдаа өсөж үржин, өнөр өтгөн болжээ. Гэтэл Иосефыг мэддэггүй шинэ фараон гарч ирэв. Харгис дарлагч тэрбээр улам бүр өсөн нэмэгдэж буй израильчуудаас айсандаа тэднийг боолоо болгож, дөнгөж төрсөн эрэгтэй хүүхэд бүрийг Нил мөрөнд живүүлэн алах зарлиг буулгажээ. Гэвч зоригт нэгэн эх нялх хүүгээ хамгаалж, сагсан дотор хийгээд, зэгсэн дунд нуусанд фараоны охин тэр хүүхдийг олж, Мосе гэдэг нэр хайрлан, Египетийн хааны гэр бүлд өсгөв.

Мосе 40 настай байхдаа нэгэн еврей боолыг харгис египет захирагчаас хамгаалснаас болоод өөртөө гай уджээ. Тэгээд алс холын нутаг руу дүрвэн зугтаж, тэндээ амьдрах болов. Харин 80 настай байхдаа Еховагийн тушаалаар Египет рүү очиж, Бурхны ард түмнийг чөлөөлөхийг фараоноос шаардах ёстой болжээ.

Фараон эрс татгалзав. Тэгэхэд нь Бурхан Египетэд арван гамшиг учруулжээ. Мосе фараоныг дараагийн гамшгаас сэрэмжлүүлэх бүрд фараон Мосе болон түүний Бурхан Еховаг үл тоомсорлон, зөрүүдэлсээр байлаа. Эцэст нь арав дахь гамшиг болж, тэр нутгийн ууган хүүхэд, анхны төл мал цөм үхэв. Харин хаалганыхаа хоёр хатавч болон тотгонд тахилын хурганы цусаар тэмдэг тавь гэсэн Еховагийн тушаалыг дуулгавартай биелүүлсэн айлууд сүүлчийн гамшигт өртсөнгүй. Хүн, малын уугануудыг устгахаар ирсэн Бурхны тэнгэр элч тэр айлуудын дээгүүр өнгөрчээ. Тэр цагаас хойш израильчууд гайхамшгаар аврагдсанаа Дээгүүр өнгөрөх гэдэг баяраар дурсан тэмдэглэдэг болсон түүхтэй.

Фараон ууган хүүгээ алдсаныхаа дараа Мосег израильчуудтай хамт Египетээс явахыг тушаахад үй олон хүн нарийн зохион байгуулалттайгаар гарчээ. Гэтэл фараон бодлоо өөрчилж, их цэрэг, дайны тэрэгнүүдээ аваад араас нь мөшгөн хөөв. Израильчуудын өмнө Улаан тэнгис хөндөлсөж, тэд занганд орсон мэт болжээ. Гэвч Ехова тэнгисийг хуваасанд израильчууд хуурай ёроолоор нь гатлав. Фараоныг цэрэгтэйгээ араас нь нэхэн ормогц Бурхан усан ханыг буулгаж, тэднийг живүүлжээ.

Хожим нь израильчуудыг Синаи уулын бэлд буудаллаад байхад нь Ехова тэдэнтэй гэрээ байгуулж, Мосегоор хууль өгүүлсэн. Тэр хууль израильчуудыг амьдралынх нь бүхий л хүрээнд удирдан чиглүүлж, авран хамгаалах байлаа. Удирдамж зааврыг нь үнэнчээр биелүүлбэл Ехова Израилийн ард түмэнтэй хамт байж, тэднээр дамжуулан бусад ард түмэнд ивээл хайрлах байв.

Гэвч израильчуудын ихэнх нь Бурханд итгэлгүй хандаж, түүнийг гонсойлгосон учраас, 40 жил цөлөөр тэнүүчлэхэд хүрсэн юм. Дараа нь Мосе, Иошуа гэдэг шулуун шударга хүнийг залгамжлагчаа болгон томилжээ. Израильчууд Бурхны Абрахамд өгөхөөр амласан газар руу ороход бэлэн боллоо.

«Египетээс гарсан нь», «Левит», «Тооллого», «Дэд хууль», Дуулал 136:10–15; Үйлс 7:17–36-д үндэслэв.