Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 14

Бурхан зөнчдөөрөө дамжуулан ярьсан нь

Бурхан зөнчдөөрөө дамжуулан ярьсан нь

Ехова шүүх мэдээ, цэвэр шүтлэг, Мессиагийн ирэх тухай мэдээ хүргүүлэхээр зөнчдийг томилжээ

ИЗРАИЛЬ болон Иудагийн хаадын үед зөнчид гэдэг тусгай бүлэг хүн чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Тэд Бурхны мэдээг зарлан тунхагладаг гайхалтай итгэлтэй, гарамгай эр зоригтой хүмүүс байв. Бурхны зөнчдийн хүргэж байсан мэдээнээс дөрвөн чухал сэдвийг авч үзье.

1. Иерусалим сүйрэх тухай. Бурхны зөнчид, ялангуяа Исаиа Иеремиа нар Иерусалим устгагдаж, эзгүйрнэ гэдгийг бүр эртнээс анхааруулж байжээ. Энэ хот ямар учраас Бурхны уур хилэнгийн бай болохыг тэд хурц тодоор илчилж байлаа. Иерусалим хотынхон хуурамч шашны зан үйл, завхрал гажуудал, хүчирхийлэлд автсаны улмаас Иерусалим Бурхныг төлөөлөх эрхгүй болсон ажээ (Хаадын дэд 21:10–15; Исаиа 3:1–8, 16–26; Иеремиа 2:1–3:13).

2. Цэвэр шүтлэг сэргэх тухай. Бурхны ард түмэн 70 жил цөлөгдсөний эцэст Вавилоноос чөлөөлөгдөн, эзгүйрэн хоосорсон эх нутагтаа ирж, Иерусалимд Еховагийн сүмийг дахин барих учиртай байжээ (Иеремиа 46:27; Амос 9:13–15). Вавилоныг эзэлж, Бурхны ард түмэнд цэвэр шүтлэгээ сэргээхийг зөвшөөрөх хүн нь Кореш байх болно гэдгийг Исаиа бүр 200-аад жилийн өмнө нэр устай нь зөгнөжээ. Тэр бүү хэл, Корешийн байлдааны хосгүй төлөвлөгөөг нэг бүрчлэн хэлсэн байдаг (Исаиа 44:24–45:3).

3. Мессиагийн ирэх ба түүний амьдралын тухай. Мессиа Бетлехем хотод төрөх байв (Мика 5:2). Иерусалимд илжиг унан, даруухнаар орж ирэх ажээ (Зехариа 9:9). Уян зөөлөн, сайхан сэтгэлтэй түүнийг олон хүн үл хүндэтгэх бөгөөд шоовдорлон гадуурхах байлаа (Исаиа 42:1–3; 53:1, 3). Мессиа тамлагдан үхэх боловч амьдрал нь үүгээр дуусах учиргүй байжээ. Тэрбээр амиа золиосолсноор олон түмний нүгэл уучлагдах боломж бүрдэх байсан билээ (Исаиа 53:4, 5, 9–12). Мессиа дахин амилж байж л энэ бүхэн бүтэх байлаа.

4. Мессиа дэлхийг захирах тухай. Төгс бус хүмүүсийн гарт захирах эрх байсан цагт энх амгалан байдал хэзээ ч тогтохгүй. Харин Мессиа Хааныг Энхийн Жонон гэх болно (Исаиа 9:6, 7; Иеремиа 10:23). Мессиагийн засаглалын үед бүх хүн өөр хоорондоо төдийгүй, ан амьтадтай эв найртай амьдарна (Исаиа 11:3–7). Өвчин ул мөргүй арилна (Исаиа 33:24). Үхэл хүртэл мөнхөд залгигдана (Исаиа 25:8). Нас барагсад дэлхий дээр дахин амилна (Даниел 12:13).

«Исаиа», «Иеремиа», «Даниел», «Амос», «Мика», «Зехариа» номд үндэслэв.