Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 1

Бурхан хүмүүст диваажин өгсөн нь

Бурхан хүмүүст диваажин өгсөн нь

Бурхан орчлонт ертөнц хийгээд дэлхийг бүтээж, дэлхий дээр амьдрал бий болгов. Бас эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээж, үзэсгэлэнт цэцэрлэгийг орон гэр болгон өгөөд, өөрт нь дуулгавартай байхыг тушаав

«ЭХЭНД Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» (Эхлэл 1:1). Энэ бол хамгийн алдартай оршил үг юм. Энгийн хэр нь агуу энэ өгүүлбэр биднийг Ариун Судрын гол Бодгаль болох Төгс хүчит Ехова Бурхантай танилцуулдаг. Бурхан бол орчлонт ертөнц, түүний дотор манай гаригийг бүтээсэн Бүтээгч гэдэг нь Библийн эхний зүйлээс тодорхой харагддаг. Бурхан бэлгэдлийн утгаар хэдэн өдрийн турш, харин үнэн хэрэгтээ урт удаан он жилүүдийн явцад дэлхийг хүмүүст орон гэр болгон бэлдэж, амьд байгалийн түмэн гайхамшгийг буй болгосон тухай дараагийн зүйлүүдэд бичжээ.

Дэлхий дээрх Бурхны бүтээлүүдээс хамгийн агуу нь хүн юм. Учир нь Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээжээ. Энэ нь Еховагийн хайр, мэргэн ухаан гэх мэтийн зан чанарыг тусган харуулах чадвартай гэсэн үг. Бурхан хүнийг тоос шороогоор бүтээгээд, Адам гэж нэрлэн, диваажин буюу Еден цэцэрлэгт суулгажээ. Бурхан өөрөө энэ цэцэрлэгийг бий болгож, тэндээ үзэсгэлэнт жимсний моддыг ургуулсан юм.

Хүнд хань ижил хэрэгтэйг Бурхан анзаарчээ. Адамын нэг хавиргаар эмэгтэй хүн бүтээгээд, түүнд эхнэр болгон өгөв. Сүүлд түүнийг Ева гэх болжээ. Хөөрөн баярласан Адамыг: «Энэ бол яснаас минь авсан яс, махнаас минь тасалсан мах» хэмээн яруу сайхнаар өгүүлэхэд нь Бурхан: «Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» хэмээн айлджээ (Эхлэл 2:22–24; 3:20).

Бурхан Адам Ева хоёрт хоёр зүйлийг тушаажээ. Нэгдүгээрт, орон гэр болсон дэлхийгээ арчлан сахиж, үр хүүхэд төрүүлэн, дэлхийг дүүргэ гэсэн тушаал өгсөн. Хоёрдугаарт, өргөн уудам цэцэрлэгийн бүх моддын дотроос «сайн мууг мэдүүлэгч» ганц л модноос жимс идэхийг хоригложээ (Эхлэл 2:17). Идвэл үхэх байв. Бурхан анхны хосод ийм тушаал өгснөөрөө өөрийг нь Захирагчаа хэмээн хүлээн зөвшөөрдгөө харуулах боломж олгосон. Түүнчлэн тэд дуулгавартай байвал Бурханд хайртайгаа, талархаж байгаагаа харуулах байв. Өөрсдийнх нь сайн сайхны төлөө гэсэн Бурхандаа захирагдахгүй байхын аргагүй байлаа. Тэд өөгүй, төгс хүмүүс байсан. Библид: «Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ» гэж бичжээ (Эхлэл 1:31).

«Эхлэл» 1, 2-р бүлэгт үндэслэв.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БУРХНААС ИРСЭН САЙН МЭДЭЭ

Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?

Бурхан дэлхийг ямар зорилгоор бүтээснийг, зовлон хэзээ дуусахыг, дэлхий болон дэлхий дээр амьдарч буй хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байгааг Библид тайлбарладаг.