Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи юун тухай өгүүлдэг вэ?

 Хэсэг 4

Бурхан Абрахамтай гэрээ байгуулсан нь

Бурхан Абрахамтай гэрээ байгуулсан нь

Абрахам бат итгэлтэйгээр Бурханд захирагдаж байсан бөгөөд Ехова ч түүнийг ивээж, үр удмыг нь өнөр өтгөн болгохоо амлав

НОАГИЙН үед болсон Усан галаваас хойш 350 жил өнгөрчээ. Абрахам гэгч хүн Ур хэмээх хөгжин цэцэглэсэн их хотод (одоогийн Иракийн нутаг) амьдарч байлаа. Тэрбээр Бурханд бат итгэдэг хүн байв. Гэтэл нэг удаа итгэл нь соригджээ.

Ехова Абрахамд төрсөн нутгаа орхиж, харийн нутаг руу нүүхийг тушаажээ. Тэр нь Канаан нутаг байлаа. Абрахам огтхон ч тээнэгэлзэлгүй тушаалыг дагав. Эхнэр Сара, ач дүү Лот, зарц шивэгчдээ дагуулан бүх гэр бүлээрээ урт зам туулан явсаар Канаан нутагт очиж, майханд амьдрах болжээ. Ехова Абрахамтай гэрээ байгуулж, түүнийг агуу үндэстэн болгохоо амлав. Дэлхийн бүх хүн төрөлхтөн тэр үндэстнээр дамжин ивээл хүртэх бөгөөд Абрахамын үр удам Канаан нутгийг өвлөн авах байлаа.

Абрахам Лот хоёрын мал сүрэг өсөж үржин, тэд ихэд хөрөнгөжив. Абрахам хувиа бодолгүй, Лотоор хүссэн нутгийг нь сонгуулсанд Лот Иордан голын үржил шимт тал хөндийг сонгож, Содом хотын ойролцоо суурьшжээ. Гэтэл Содомын эрчүүд Еховагийн эсрэг ноцтой нүгэл үйлддэг, ужид самуун явдалтай хүмүүс байв.

Ехова Бурхан Абрахамын үр удмыг тэнгэрийн од шиг олон болгохоо амлав. Абрахам уг амлалтад бат итгэжээ. Гэвч хайртай эхнэр Сара нь хүүхэд төрүүлэхгүй л байлаа. Абрахамыг 99, Сараг 90 настай байхад Бурхан Абрахамыг хүүтэй болно гэж хэлжээ. Үнэхээр Бурхны үг биелж, Сара Исаак гэдэг хүү төрүүлэв. Абрахамд өөр хүүхдүүд байсан ч Еден цэцэрлэгт Бурхны амлаж байсан Аврагч Исаакийн удмаас гарах байв.

Энэ хугацаанд зөв шударга Лот гэрийнхнийхээ хамт Содомд амьдарч байсан ч тэндхийн ёс журамгүй хүмүүс шиг болоогүй юм. Ехова Содомыг устгахынхаа өмнө Лотыг аюулаас сэрэмжлүүлэхээр тэнгэр элчүүдээ илгээжээ. Тэнгэр элчүүд Лот болон гэр бүлийнхэнд нь Содомоос зугтахыг ятгаж, замдаа эргэж харахгүй байхыг сануулав. Дараа нь Бурхан Содом болон түүний ойролцоох, ёс бус явдлаар дүүрсэн Гоморра гэдэг хотын дээр гал, хүхрээр бороо оруулж, оршин суугчдыг нь газрын хөрснөөс арчжээ. Лот хоёр охиныхоо хамт зугтав. Харин эхнэр нь ард үлдсэн юмандаа сэтгэл хоргодсондоо тэр үү, эргээд харчихжээ. Ингэж дуулгаваргүй загнасны балгаар амиа алдсан юм.

Эхлэл 11:10–19:38-д үндэслэв.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

ИТГЭЛИЙН ЖИШЭЭ

Абрахам—Итгэдэг бүх хүний эцэг

Абрахам итгэлтэй байсан нь юунаас харагддаг вэ? Итгэлийн сайхан жишээ болсон Абрахамыг та яаж дуураймаар байна вэ?