Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн сургаалыг зөв ойлгох нь

 ХАВСРАЛТ

Хүн үхэшгүй мөнхийн сүнстэй юү?

Хүн үхэшгүй мөнхийн сүнстэй юү?

НҮДЭНД үл үзэгдэх, үхэшгүй мөнхийн ямар нэг юм хүний биед байдаг гэдэгт олон хүн итгэдэг. Тэдний бодлоор, хүнийг үхэхэд тэр үл үзэгдэх зүйл биеэс нь гарч, цааш үргэлжлэн амьдардаг аж. Гэхдээ Библид тийм сургаал байдаггүй. Тэгвэл, хүн үхэхэд юу болдог вэ? Энэ асуултын хариуг Библиэс үзье.

БИБЛИД ХЭРЭГЛЭДЭГ НЕФЕШ, ПСИХЕ ГЭДЭГ ҮГИЙН ТУХАЙ

Анх Библийг еврей, грек хэлээр бичсэнийг та мэддэг болсон. Еврей хэлний нефеш, грек хэлний психе гэдэг үгийг зарим орчуулгад заримдаа «сүнс» гэж орчуулсан нь хүн үхсэнийхээ  дараа ч амьд байдаг юм байна гэсэн ойлголт төрүүлдэг (АББН, 2004 орчуулгаас Эхлэл 35:18; Сургаалт үгс 23:14; Исаиа 38:17; 1 Петр 4:19; Илчлэлт 6:9; 20:4-ийг үзнэ үү). Гэхдээ энэ нь ташаа орчуулга юм. «Грек Судрын Шинэ ертөнц орчуулга»-д энэ хоёр үгийг «амь» гэж орчуулсан. Нефеш, психе гэдэг үг Библид 800 гаруй удаа гардаг бөгөөд үндсэндээ хүн, амьтан, амь гэсэн гурван утга илэрхийлдэг. Үүнийг Библийн зарим зүйлээр жишээ болгон авч үзье.

Хүн. «Ноагийн үед ... цөөхөн буюу найман хүн [психе] ... үерийг эсэн мэнд давсан билээ» (1 Петр 3:20). Энэ зүйлд психе гэдэг грек үгийг «хүн» гэж орчуулсан нь Ноа болон түүний эхнэр, хөвгүүд, бэрүүдийг хэлсэн хэрэг ажээ. Египетээс гарсан нь 1:5-д «Иаковын үр удам бүгд далан хүн [нефеш] байв» гэж бичжээ. Нефеш, психе гэдэг үгийг «хүмүүс», «хүн» гэж орчуулсан өөр жишээг Египетээс гарсан нь 12:4; Иошуа 11:11; Үйлс 27:37; Ром 13:1-ээс үзэж болно.

Амьтан. Библийн «Эхлэл» номын 1-р бүлэгт «Бурхан: “Уснууд амьтдаар [нефеш] дүүрч, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг ... Газар дэлхий амьтдыг [нефеш] төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг араатныг төрөл төрлөөр нь бий болгог” хэмээн айлдав. Тэр нь ёсоор болжээ» гэж байдаг (Эхлэл 1:20, 24). Энд загас, шувуу, мал адгуус, араатан амьтдыг бүгдийг нь нефеш гэдэг еврей үгээр хэлжээ. Бас Эхлэл 9:10; Левит 11:10, 46-аас өөр жишээ үзэж болно.

Амь. Нефеш, психе гэдэг үгийг заримдаа «амь» гэж орчуулдаг. Ехова Мосед «Египет рүү буцан оч. Чиний амийг [нефеш] эрэлхийлж байсан бүх хүн үхсэн» гэж хэлсэн (Египетээс гарсан нь 4:19). Бас Есүсийн үгийг үзье. Тэрээр: «Би бол сайн хоньчин. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа [психе] өгдөг» гэж хэлжээ (Ёохан 10:11). Бас Элч Паул: «Та нарт үнэхээр их хайртай болсон учир ... та нарын төлөө амиа [психе] өгөхөд бэлэн байсан» хэмээн итгэл нэгтнүүддээ бичжээ (1 Тесалоник 2:8). Эдгээр жишээнээс үзэхэд нефеш, психе гэдэг үг амь гэсэн утга илэрхийлдэг нь тодорхой  байна. Хаадын дээд 17:17–23; Матай 10:39; Ёохан 15:13; 1 Ёохан 3:16-аас өөр жишээ үзээрэй.

Нефеш, психе гэдэг үгийг «Ариун Библи» (АББН, 2004) орчуулгад заримдаа «сэтгэл» гэж орчуулсан байдаг. Жишээ нь, Дуулал 16:10-т «Та миний сэтгэлийг [нефеш] Үхэгсдийн оронд орхихгүй» гэжээ. Бас Иаков 5:20-д «Хуурамч замаас нь нүгэлтнүүдийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг [психе] үхлээс аврах болно» гэж байдаг. Эдгээр зүйлд хэрэглэсэн нефеш, психе гэдэг үг нь угтаа, хүн юм уу амь гэсэн утгатай юм. Бас Дуулал 33:19; Матай 10:28; Үйлс 2:27-г тус тус үзнэ үү. Библид нефеш, психе-г үхэшгүй мөнхийнх гэж огт бичээгүй. Харин ч, үхдэг гэж олон удаа тэмдэглэсэн байдаг. Жишээ нь, Езекиел 18:4-т «Нүглийг үйлдэгч сэтгэл [нефеш] нь үхэх болно» гэж тодорхой бичжээ.

БИБЛИД ХЭРЭГЛЭСЭН РУАХ, ПНЕВМА ГЭДЭГ ҮГИЙН ТУХАЙ

Еврей хэлний руах, грек хэлний пневма гэдэг үгийг «Ариун Библи» (АББН, 2004) орчуулгад ихэнхдээ «сүнс» гэж орчуулжээ. Гэхдээ энэ нь ташаа орчуулга юм. Библид хэрэглэсэн энэ хоёр үг үл үзэгдэх бие (Ёохан 4:24), Бурхны агуу хүч (Ёохан 14:26), давамгайлах хандлага (1 Коринт 2:12), сургаал, мэдээ (1 Ёохан 4:1) гэх зэрэг олон утга илэрхийлдэг.

Тэгвэл «Ариун Библи» орчуулгын Дуулал 146:4-т хэрэглэсэн руах, Иаков 2:26-д гардаг пневма гэдэг үг ямар утгатай вэ? Дуулал 146:4-т «Түүний сүнс [руах] гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо руу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг», Иаков 2:26-д «Учир нь сүнсгүй [пневма] бие үхмэл байдгийн адил, түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой» гэж байдаг. Эдгээрээс харвал руах, пневма гэдэг үг нь хүнийг амьд байлгадаг зүйлийг хэлдэг байна. Тэр зүйл байхгүй бол хүн үхнэ. Тийм учраас, Библид руах гэдэг үгийг «сүнс» гэхээс гадна «амин амьсгаа» гэж орчуулсан байдаг. Жишээ нь, Ноагийн үед болсон Үерийн өмнө Бур хан: «Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай [руах] биетэн бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ» гэж хэлсэн (Эхлэл 6:17; 7:15). Тэгэхлээр, руах, пневма гэдэг нь амьтай бүхнийг амьд байлгадаг хүчийг хэлдэг нь эдгээр жишээнээс харагдаж байна.

Цахилгаан хэрэгслийг ажиллуулахад эрчим хүч хэрэгтэй байдгийн адил хүнийг амьд явахад амьд байлгадаг хүч зайлшгүй хэрэгтэй. Үүнийг жишээгээр тайлбарлая. Радио хүлээн авагчийг «амилуулахын» тулд зай хийх юм уу цахилгаанд залгах хэрэгтэй. Тэгэхгүй бол ажиллахгүй. Үүн шиг, амийн хүч байхгүй бол хүн амьд байж чадахгүй. Цахилгаан, аливаа юмыг мэдэрч, бодож сэтгэдэггүй шиг амийн хүчинд ч бас сэтгэл мэдрэмж, оюун ухаан байдаггүй. Өөрөөр хэлбэл, амийн хүч бол бодгаль биш. Амийн хүч байхгүй бол хүн «үхэж, хөрс шороондоо буцдаг» (Дуулал 104:29).

Номлогчийн үгс 12:7-д «Тоос [буюу бие] нь урьд байсан газар шороондоо буцаж, сүнс [руах] нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу» гэж бичин хүн үхэхэд юу болдгийг тайлбарлажээ. Амьд байлгадаг хүч биеэс гарахад хүн үхэж, бие нь газар шороо руу, харин амьд байлгадаг хүч амийн эх булаг Бурхан руу буцдаг (Иов 34:14, 15; Дуулал 36:9). Амьд байлгадаг хүч Бурхан руу буцдаг гэдэг нь тэнгэр өөд нисээд явчихдаг гэсэн үг биш, харин үхсэн хүн ирээдүйд амьдрах эсэх нь зөвхөн Бурхнаас шалтгаалах буюу тэр хүний амь Бурхны мэдэлд очлоо гэсэн үг. Тийм ээ, зөвхөн Бурхан амийн хүчийг буцааж өгөх буюу хүнийг амилуулж чадна.

Ехова «дурсамжийн булшинд байгч» бүгдийг амилуулна гэдгийг мэдэх нь юутай сайхан бэ! (Ёохан 5:28, 29). Ехова нас барагсдыг шинээр бүтээж, тэдэнд амьд байлгадаг хүч өгнө. Тэр цаг ямар сайхан байх бол оо!