Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн сургаалыг зөв ойлгох нь

 БҮЛЭГ 10

Үл үзэгдэх бүтээлүүд хүмүүст нөлөө үзүүлдэг үү?

Үл үзэгдэх бүтээлүүд хүмүүст нөлөө үзүүлдэг үү?
  • Тэнгэрийн элчүүд хүнд тусалдаг уу?

  • Чөтгөрүүд яадаг вэ?

  • Чөтгөрүүдээс айх хэрэгтэй юү?

1. Ямар учраас тэнгэрийн элчүүдийн тухай мэдэх хэрэгтэй вэ?

ЕР НЬ, гэр бүлийнх нь тухай мэдэхгүйгээр хүнийг сайн таньж мэдэх аргагүй. Түүнтэй адилаар, Ехова Бурхныг сайн таньж мэдье гэвэл тэнгэрийн элчүүдээс бүрддэг гэр бүлтэй нь сайн танилцах хэрэгтэй. Тэнгэрийн элчүүдийг Библид «Бурхны хөвгүүд» гэдэг (Иов 38:7). Бурхны санаа зорилгыг биелүүлэх үйлсэд тэнгэрийн элчүүд хэрхэн оролцдог вэ? Тэд хүн төрөлхтний түүхэнд ямар нэг үүрэг гүйцэтгэсэн үү? Тэнгэрийн элчүүд хүмүүст нөлөө үзүүлдэг үү? Яаж нөлөөлдөг вэ? Эдгээр сонирхолтой асуултыг авч үзье.

2. Тэнгэрийн элчүүд хэрхэн бий болсон бэ? Тэдний тоо хэд вэ?

2 Тэнгэрийн элчүүдийн талаар Библид олон зуун удаа дурдсан байдаг. Тэдний талаар ихийг мэдэж авахын тулд Библийн зарим зүйлийг авч үзье. Тэнгэрийн элчүүд хэрхэн бий болсон талаар Колосай 1:16-д «Бурхан ... тэнгэр, газар дээрх ... бүх юмыг бүтээхдээ Хүүгээ [Есүс Христийг] оролцуулсан» гэж байдаг. Эндээс, Ехова бүх тэнгэрийн элчийг ууган Хүүтэйгээ хамтран бүтээсэн нь тодорхой байна. Хэдэн тэнгэрийн элч байдаг вэ? Библид бичсэнээр, Ехова Бурхан олон зуун сая хүчирхэг тэнгэрийн элчийг бүтээжээ (Дуулал 103:20; Илчлэл 5:11).

3. Иов 38:4–7-д тэнгэрийн элчүүдийн тухай юу гэж байдаг вэ?

 3 «Газар дэлхийн суурийг тавихад» «Бурхны бүх хөвгүүд баярлалдан уухайлж» байжээ (Иов 38:4–7). Тэгэхээр, Ехова дэлхийг, хүмүүсийг бүтээхээсээ бүр өмнө тэнгэрийн элчүүдийг бүтээсэн байна. Тэнгэрийн элчүүдийг «баярлалдан уухайлсан» гэж байгааг үзвэл тэд ч бас хүмүүс шиг сэтгэлийн хөдөлгөөнтэй ажээ. Түүнээс гадна, «Бурхны бүх хөвгүүд» «хамтдаа дуулцгааж» байсан гэснийг анхаараарай. Тэр үед тэнгэрийн элчүүд бүгдээрээ Ехова Бурханд үйлчилдэг байжээ.

ТЭНГЭРИЙН ЭЛЧҮҮД ХҮМҮҮСТ ХЭРХЭН ТУСАЛДАГ ВЭ?

4. Тэнгэрийн элчүүд хүмүүсийг анхааралтай ажиглаж байдгийг Библи хэрхэн харуулдаг вэ?

4 Анхны хүмүүсийг бүтээсэн тэр цагаас хойш хүн төрөлхтөн хэрхэн өсөн нэмэгдэж, Бурхны санаа зорилго дэлхий дээр хэрхэн биелж байгааг тэнгэрийн элчүүд анхааралтай ажигласаар ирсэн (Сургаалт үгс 8:30, 31; 1 Петр 1:11, 12). Гэхдээ цагийн аясаар ихэнх хүнийг халамжит Бүтээгчээсээ нүүр буруулахыг үзээд тэд харамссан нь эргэлзээгүй. Гэхдээ, ганц ч болов хүнийг Ехова руу эргэхэд «тэнгэрийн элчүүд баяр хөөр болдог» (Лук 15:10). Тэнгэрийн элчүүд үйлчлэгчдэд нь санаа тавьдаг учир Ехова үнэнч үйлчлэгчдэдээ туслуулахаар тэднийг дэлхий рүү илгээдэг байжээ (Еврей 1:7, 14-ийг уншина). Хэдэн жишээ үзье.

«Миний Бурхан тэнгэр элчээ илгээж,арслангуудын амыг тагласан»(Даниел 6:22)

5. Тэнгэрийн элчүүд хүмүүст тусалдгийг Библийн ямар ямар жишээ харуулдаг вэ?

5 Муу муухай явдлаар дүүрсэн Содом, Гоморра хотыг устгах үед хоёр тэнгэрийн элч Лотыг охидтой нь хамт тэндээс гаргаж, амийг нь аварчээ (Эхлэл 19:15, 16). Түүнээс хойш олон зууны дараа зөнч Даниел арслангийн нүхэнд хаягдсан боловч эсэн мэнд үлдсэн. Тэрээр: «Миний Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан» гэж хэлсэн байдаг (Даниел 6:22).  МЭ І зуунд нэгэн тэнгэрийн элч, Есүсийн шавь Петрийг шоронгоос суллажээ (Үйлс 12:6–11). Түүнээс гадна, Есүсийг дэлхий дээр үйлчилж эхлэхэд тэнгэрийн элчүүд зоригжуулж байв (Марк 1:13). Бас үхэхээс нь өмнөхөн нэгэн тэнгэрийн элч Есүст «үзэгдэн, түүнийг тэнхрүүлж байлаа» (Лук 22:43). Есүс амьдралынхаа чухал үед тэнгэрийн элчүүдийн дэмжлэгийг аваад, сэтгэл амар байсан биз ээ.

6. а) Тэнгэрийн элчүүд Бурхны үйлчлэгчдийг өнөөдөр хэрхэн хамгаалдаг вэ? б) Ямар ямар асуулт авч үзэх вэ?

6 Өнөөдөр тэнгэрийн элчүүд урьдынх шигээ хүмүүст үзэгддэггүй ч, Бурхны үйлчлэгчдийг хамгаалсаар байгаа. Ялангуяа, Бурхантай тогтоосон харьцаанд нь аюул учруулж болзошгүй аливаа бүхнээс хамгаалдаг. «ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, тэднийг авардаг» гэж Библид бичжээ (Дуулал 34:7). Тэнгэрийн элчүүдийн хамгаалалт бидэнд үнэхээр хэрэгтэй. Яагаад гэвэл, биднийг хөнөөхийг хүсдэг муу тэнгэрийн элчүүд ч бас байдаг. Тэгвэл муу тэнгэрийн элчүүд хэрхэн бий болсон бэ? Бидэнд яаж хор хөнөөл учруулдаг вэ? Эдгээр асуултад хариулахын тулд хүн төрөлхтний түүхийн эхэнд болсон нэгэн явдлыг товчхон авч үзье.

ҮЛ ҮЗЭГДЭХ ДАЙСНУУД

7. Сатан ямар амжилтад хүрсэн бэ?

7 Нэгэн тэнгэрийн элч бусдыг захирах хүсэлдээ дийлдэн, Бурхны эсрэг босож, хожим Сатан Диавол гэгдэх болсныг бид энэ номны 3-р бүлгээс үзсэн (Илчлэл 12:9). Сатан Еваг хуурснаасаа хойш 16 зууны туршид Абел Енох Ноа гэх мэтийн цөөн хэдэн хүнээс бусдыг нь Бурхнаас холдуулж чаджээ (Еврей 11:4, 5, 7).

8. а) Зарим тэнгэрийн элч хэрхэн чөтгөр болсон бэ? б) Чөтгөрүүд Ноагийн үед болсон Үерийг яаж эсэн мэнд давсан бэ?

8 Ноагийн үед Сатанаас гадна өөр тэнгэрийн эл чүүд Еховагийн эсрэг боссон ажээ. Тэд тэнгэрийн гэр бүлээ орхиод дэлхий рүү буун ирж, хүний биетэй болон хувирчээ. Үүний учрыг Эхлэл 6:2-т «Бурхны хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов» гэж тайлбарлажээ. Гэхдээ дуулгаваргүй тэнгэрийн элчүүд хүн төрөлхтнийг завхруулж байгааг Ехова Бурхан хүлцэн тэвчээгүй. Бурхан бүх дэлхийг хамарсан Үер буулгаж, ёс бус хүмүүсийг устгаж, үнэнч үйлчлэгчдээ эсэн мэнд үлдээсэн (Эхлэл 7:17, 23). Дуулгаваргүй тэнгэрийн элчүүд буюу «чөтгөрүүд» махан биеэ орхиж, тэнгэр өөд  буцахаас өөр аргагүй болжээ. Тэд Сатаны талд орж, Сатан «чөтгөрүүдийн захирагч» болсон (Матай 9:34).

9. а) Чөтгөрүүд тэнгэрт буцаж очоод яасан бэ? б) Одоо юуны тухай үзэх вэ?

9 Ехова чөтгөрүүдийг тэнгэрт буцаж ирэхэд нь захирагч Сатаных нь адилаар гэр бүлдээ хүлээж аваагүй (2 Петр 2:4). Тэд хүний биетэй болон хувирах чадваргүй болсон ч хүмүүсийг урьдын адил уруу татаж, эрхшээлдээ оруулсаар байна. Сатан тэднийг гар хөлөө болгон, «дэлхийн суугчдыг бүгдийг нь мэх[элдэг]» (Илчлэл 12:9; 1 Ёохан 5:19). Чөтгөрүүд хүмүүсийг хуурч мэхлэхдээ янз бүрийн арга хэрэглэдэг (2 Коринт 2:11-ийг уншина). Заримыг нь үзье.

ЧӨТГӨРҮҮД ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН ХУУРЧ МЭХЭЛДЭГ ВЭ?

10. Чөтгөрүүд хүмүүсийг эрхшээлдээ оруулахын тулд яадаг вэ?

10 Чөтгөрүүдийн эрхшээлд орсон хүн өнөөдөр олон байдаг. Тэд мэргэ төлөг буулгах, зурхай зурах, ид шид үзүүлэх, хараал шившлэг хийх зэргээр чөтгөрүүдтэй шууд харьцах эсвэл тийм юм хийдэг хүмүүсээр зуучлуулан харьцдаг. Библид ийм үйл хэргийг буруушааж, эдгээртэй холбоотой бүхнээс хол байхыг анхааруулдаг (Галат 5:19–21). Загасчин янз бүрийн өөш хэрэглэдэг шиг чөтгөрүүд хүмүүсийг эрхшээлдээ оруулахын тулд дээрхтэй төстэй олон арга хэрэглэдэг.

11. Мэргэ төлгийн зарим хэлбэрийг нэрлэнэ үү. Мэргэ төлгөөс зайлсхийх ёстойн учир юу вэ?

11 Чөтгөрүүдийн хэрэглэдэг нэг «өөш» бол мэргэ төлөг бөгөөд энэ нь тодорхой бус зүйлийг буюу ирээдүйг мэдэх гэсэн оролдлого юм. Зүүд, совин тайлах, хөзөр, шагай, алганы хээгээр мэргэлэх, чулуу болон эрхи татах, зоос гүйлгэх, дал түлэх гэх зэрэг нь мэргэ төлгийн зарим хэлбэр юм. Олон хүн мэргэ төлгийг  гэм хоргүй, хал балгүй гэж үздэг. Гэвч мэргэ төлөгчид ба чөтгөрүүд хоорондоо холбоотойг Библид бичсэн байдаг. Жишээ нь, Үйлс 16:16–18-д «чөтгөрт эзэмдүүлсэн» буюу чөтгөрийн тусламжтайгаар мэргэ төлөг буулгадаг зарц охиноос чөтгөрийг нь хөөж явуулахад мэргэлэх чадваргүй болсон тухай бичжээ.

Чөтгөрүүд хүмүүсийг олон аргаар хуурч мэхэлдэг

12. Сүнс дуудах нь яагаад аюултай вэ?

12 Чөтгөрүүд хүмүүсийг хуурч мэхлэх зорилгоор өөр нэг арга хэрэглэдэг. Энэ нь хүн нас барахад сүнс нь үргэлжлэн амьдардаг бөгөөд сүнстэй харьцаж болно гэдэгт итгүүлэх явдал юм. Дотнын хүнээ алдаад эмгэнэн гашуудаж байгаа хүн хууртаж төөрөлдөхдөө амархан байдаг. Сүнс дууддаг хүмүүс нас барсан хүний дуугаар ярих юм уу түүнтэй холбоотой нарийн ширийн зүйл хэлж болох юм. Үүний улмаас, хүмүүс талийгаачийнхаа сүнстэй харьцаж болдог гэдэгт итгэн, тайвширдаг. Гэхдээ энэ нь өөрийгөө хуурч байгаа хэрэг бөгөөд аюултай. Учир нь чөтгөрүүд нас барсан хүнтэй адилхан дуугарч, үхсэн хүний тухай  мэдээллийг сүнс дуудагчид өгдөг (1 Самуел 28:3–19). Түүнээс гадна, хүн үхэхлээрээ оршин байхаа больдог гэдгийг бид 6-р бүлгээс үзсэн (Дуулал 115:17). Тэгэхлээр, «сүнс дуудагчтай» харьцдаг хүн чөтгөрүүдэд хууртахын зэрэгцээ Бурхны хуулийг зөрчиж байгаа хэрэг (Дэд хууль 18:10, 11-ийг уншина; Исаиа 8:19). Тиймээс, чөтгөрүүдийн хэрэглэдэг энэ аюултай «өөшинд» хууртахаас болгоомжлох хэрэгтэй.

13. Урьд нь чөтгөрүүдээс үргэлж айж явсан олон хүн яасан бэ?

13 Сатан болон чөтгөрүүд хүмүүсийг хуурч мэхлээд зогсохгүй, бүр айлган сүрдүүлдэг. Тэд өөрсдөд нь «богинохон хугацаа» үлдсэнийг мэддэг учир хэзээ хэзээнээс илүү харгис догшин авирлаж байна (Илчлэл 12:12, 17). Гэхдээ чөтгөрүүдээс айдаг байсан олон мянган хүн тэдний эрхшээлээс ангижирч чаджээ. Хэрхэн ангижирсан бэ? Хэрэв ийм «өөшинд» орсон бол яах хэрэгтэй вэ?

ЧӨТГӨРҮҮДИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ НЬ

14. Эртний Эфэс хотынхны жишээгээр чөтгөрүүдийн эрхшээлээс хэрхэн ангижирч болох вэ?

14 Чөтгөрүүдийг эсэргүүцэж, эрхшээлээс нь ангижрах аргыг Библи зааж өгдөг. МЭ І зууны Эфэс хотынхны жишээг авч үзье. Тэдний зарим нь Есүсийн шавь болохоосоо өмнө «ид шид үйлддэг» байжээ. Тэд чөтгөрүүдийн эрхшээлээс ангижрахын тулд яасан бол оо? «Ид шид үйлддэг байсан олон хүн номнуудаа авчирч олны өмнө шатаав» (Үйлс 19:19). Тэд ид шидтэй холбоотой номнуудаа устгасан нь чөтгөрүүдийг эсэргүүцэхээр шийдсэн хүмүүст үлгэр жишээ болдог. Еховад үйлчлэхийг хүсдэг хэн боловч мэргэ төлөг, ид шид гэх мэтийг сонин содон, анхаарал татам болгон дүрсэлсэн ном, сэтгүүл, кино, зураг, хөгжим, мөн гай барцдаас хамгаалдаг гэх сахиус болон түүнтэй төстэй бусад эд зүйлээсээ салах хэрэгтэй (1 Коринт 10:21).

15. Чөтгөрүүдийг эсэргүүцэхийн тулд яах хэрэгтэй вэ?

 15 Эфэс хотынхон ид шидтэй холбоотой номнуудаа шатааснаас хойш хэдэн жилийн дараа элч Паул: «Бид ... чөтгөрүүдтэй тэмцдэг» гэж бичжээ (Эфэс 6:12). Чөтгөрүүдтэй хийх тэмцэл үргэлжилж байсныг элч Паул итгэл нэгтнүүддээ сануулсан хэрэг байлаа. Чөтгөрүүд бууж өгөх бодолгүй, харин ч ялахын төлөө тэмцэж байсан нь эндээс харагдаж байна. Тэгвэл Эфэс хотын дагалдагчид өөр яах ёстой байсан бэ? «Хорон муу нэгний [Сатаны] бүх галт сумыг унтрааж чаддаг байхын тулд итгэлийн том бамбайг үргэлж авч яв» гэж Паул захижээ (Эфэс 6:16). Бурханд хэдийчинээ бат итгэнэ, чөтгөрүүдийг төдийчинээ амжилттай эсэргүүцнэ (Матай 17:20).

16. Яавал бат итгэлтэй болох вэ?

16 Тэгвэл итгэлээ яаж батжуулах вэ? Библи судлах хэрэгтэй. Хэрэм бат бөх байх эсэх нь сууриасаа шалтгаалдаг шиг бат итгэлтэй болоход суурь буюу Библийн мэдлэг чухал. Библийг өдөр бүр уншиж, судалбал итгэл батажна. Бат бөх хэрэмтэй адил итгэл биднийг чөтгөрүүдээс найдвартай хамгаална (1 Ёохан 5:5).

17. Чөтгөрүүдийг эсэргүүцэхийн тулд өөр яах хэрэгтэй вэ?

17 Эфэс хотынхны ихэнх нь чөтгөрүүдийн эрхшээлд байсан учир Есүсийн шавь нар өөрсдийгөө хамгаалахын тулд бас нэг арга хэмжээ авах шаардлагатай байв. Паул тэдэнд «Тухай бүрд нь Бурхны агуу хүчээр удирдуулан янз бүрээр залбирч, шаргуу гуйж бай» хэмээн зөвлөжээ (Эфэс 6:18). Өнөөдөр ч гэсэн чөтгөрүүд ихэнх хүнийг эрхшээлдээ оруулчихаад байгаа учраас тэднийг эсэргүүцэхийн тулд Еховад шаргуу залбирч, хамгаалахыг гуйх нь амин чухал юм. Залбирахдаа Еховаг нэрээр нь дуудах шаардлагатай (Сургаалт үгс 18:10-ыг уншина). Сатан Диавол буюу «Хорон муу нэгнээс хамгаалаач» хэмээн тасралтгүй  залбирах хэрэгтэй (Матай 6:13). Чин сэтгэлээсээ залбирахад Ехова заавал хариу өгнө (Дуулал 145:19).

18, 19. а) Чөтгөрүүдийг ялна гэдэгтээ яагаад итгэлтэй байж болох вэ? б) Дараагийн бүлгээс ямар ямар асуултын хариу авах вэ?

18 Чөтгөрүүд аюултай нь үнэн. Гэхдээ Бурхны таалалд нийцүүлж, түүнтэй ойр дотно байж, Диаволыг эсэргүүцдэг бол чөтгөрүүдээс айх хэрэггүй (Яаков 4:7, 8-ыг уншина). Чөтгөрүүдийн хүч чадал хязгаартай. Ехова тэднийг Ноагийн үед шийтгэсэн бөгөөд ирээдүйд бүрмөсөн устгана (Юуда 6). Биднийг хүчирхэг тэнгэрийн элчүүд хамгаалдаг гэдгийг бас санаж явах хэрэгтэй (Хаадын дэд 6:15–17). Тэд хөгжөөн дэмжигч шиг биднийг дэмжиж, чөтгөрүүдийг амжилттай эсэргүүцэж, ялаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Тиймээс Ехова болон үнэнч тэнгэрийн элчүүдтэй нэгдэж, ид шид, мэргэ төлөг гэх мэтийн чөтгөрүүдийн «өөшнөөс» зайлсхийн, Библийн зөвлөгөөг үргэлж дагаарай (1 Петр 5:6, 7; 2 Петр 2:9). Тэгсэн цагт чөтгөрүүдийг гарцаагүй ялна!

19 Гэхдээ Ехова ямар учраас чөтгөрүүдийг устгаагүй юм бэ? Хүн төрөлхтөн муу муухай явдлаас болж зовж байхад яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ? Эдгээр асуултын хариуг дараагийн бүлгээс үзнэ.