Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн сургаалыг зөв ойлгох нь

 БҮЛЭГ 12

Бурхны хуулийн дагуу амьдрах нь

Бурхны хуулийн дагуу амьдрах нь
  • Бурхны анд нөхөр болохын тулд яах хэрэгтэй вэ?

  • Сатаны дэгдээсэн маргаантай асуудал танд ямар хамаатай вэ?

  • Ехова ямар ямар үйл хэргийг үзэн яддаг вэ?

  • Бурханд таалагдахын тулд яах хэрэгтэй вэ?

1, 2. Еховагийн анд нөхөр байсан зарим хүнийг нэрлэнэ үү.

ТА ЯМАР хүнтэй нөхөрлөхийг хүсдэг вэ? Үзэл бодол, хүсэл сонирхол нийлдэг, ижил зүйлийг эрхэмлэдэг хүнтэй нөхөрлөх нь лавтай. Бас үнэнч шударга, мөс сайтай хүн танд таалагдах биз ээ.

2 Ехова Бурхан зарим хүнийг анд нөхрөө болгосныг Библид бичжээ. Жишээ нь, Абрахамыг «миний найз» гэжээ (Исаиа 41:8; Яаков 2:23-ыг уншина). Давид өөрт нь таалагддаг байсан учраас Ехова түүнийг «сэтгэлд минь нийцдэг ... хүн» гэж хэлсэн (Үйлс 13:22). Бас зөнч Даниел Бурханд «ихэд хүндлэгддэг хүн» байсан (Даниел 10:19).

3. Ехова ямар хүнийг анд нөхрөө болгодог вэ?

3 Ехова, Абрахам Давид Даниел нарыг ямар учраас анд нөхрөө гэж үздэг вэ? Бурхан Абрахамд «Чи Миний үгийг дуулгавартай дагасан» гэж хэлжээ (Эхлэл 22:18). Үүнээс үзвэл, Ехова өөрт нь дуулгавартай хүмүүсийг анд нөхрөө болгодог байна. Бас израйлчуудад «Миний дуу хоолойг дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар Миний хүмүүс болно» хэмээжээ (Иеремиа 7:23). Та ч гэсэн Еховад дуулгавартай байвал анд нөхөр нь болно!

 ЕХОВА АНД НӨХӨРТӨӨ ТУСАЛДАГ

4, 5. Ехова анд нөхөртөө хэрхэн тусалдаг вэ?

4 Бурхны анд нөхөр байхын ач тусыг бодоод үз дээ. Ехова «өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг» үзүүлэх боломж хайж байдгийг Библид бичжээ (Шастирын дэд 16:9). Анд нөхөртөө тусалдаг нэг аргыг нь Дуулал 32:8-д «[Ехова] Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө» хэмээн бичсэн байдаг.

5 Ехова анд нөхөртөө санаа тавьдаг нь дээрх үгнээс харагддаг. Бурхан танд хэрэгтэй заавар зөвлөгөө өгч, тэр дагуу амьдрахад тусална. Бас сорилтыг тэвчиж, бэрхшээлийг давахад тань туслахыг хүсдэг (Дуулал 55:22-ыг уншина). Тиймээс, хэрэв та Еховад «бүрэн зориулсан зүрх сэтгэлээр» үйлчилбэл, «Би ЭЗЭНийг өөрийн өмнө байхаар үргэлж тавьсан. Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй» гэж хэлсэн хүн шиг итгэл төгс байж болно (Дуулал 16:8; 63:8). Тийм ээ, Ехова туслах учраас та хуулийнх нь дагуу амьдарч чадна. Гэхдээ танд саад болохыг хүсдэг Сатаны тухай мартаж болохгүй.

САТАНЫ ДЭГДЭЭСЭН МАРГААНТАЙ АСУУДАЛ

6. Сатан хүмүүст хамаатай ямар маргаан дэгдээсэн бэ?

6 Сатан Диавол Бурхны хэмжээгүй эрх мэдэлд хамаатай маргаантай асуудал дэгдээснийг бид 11-р бүлгээс үзсэн. Тэрээр Бурхныг худалч хэмээн гүтгэж, Адам Ева хоёрт зөв бурууг бие даан шийдэхийг зөвшөөрдөггүй нь шударга бус хэрэг гэсэн утгатай үг хэлсэн. Адам Ева хоёр нүгэл үйлдсэнээсээ хойш үр хүүхэд төрүүлж, хүн ам өсөн нэмэгдэж эхэлжээ. Сатан бүх хүнд хамаатай өөр нэг маргаан дэгдээж, «Хүмүүс Бурханд хайртайдаа бус, харин ашиг хонжоо хардагтаа л захирагддаг. Надад боломж олговол би хэнийг ч Бурхны эсрэг босгож чадна» гэж мэдэгдсэн. Сатан үнэхээр тэгж боддогийг Иов гэдэг  хүний түүх баталдаг. Иов гэж чухам ямар хүн байсан бэ? Сатан Иовыг хэрхэн гүтгэсэн бэ?

7, 8. а) Иов тухайн үеийнхээ хүмүүсээс юугаараа өөр байсан бэ? б) Сатан Иовыг юу гэж гүтгэсэн бэ?

7 Иов 3600 орчим жилийн өмнө амьдарч байжээ. Ехова Иовын тухай «Түүн шиг Бурхнаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга» гэж хэлснийг бодвол тэрээр үнэхээр сайн хүн байжээ (Иов 1:8). Иов Еховагийн хуулийн дагуу амьдардаг байсан.

8 Сатан Еховад «Та [Иовын] дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо. Харин одоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно» гэж хэлсэн нь Иовыг Бурханд хайргүй гэж гүтгэсэн хэрэг байлаа (Иов 1:10, 11).

9. Ехова Иовын тухайд ямар шийдвэр гаргасан бэ? Ямар учраас тийн шийдсэн бэ?

9 Ийнхүү Сатан Иовыг ашиг харж Бурханд үйлчилдэг гэж хэлжээ. Түүнээс гадна, сорилт тулгарвал Бурхнаас нүүр буруулна гэсэн. Тэгэхэд нь Ехова яасан бэ? Иов өөрт нь ямар учраас үйлчилдгийг Сатанд харуулахын тулд Иовыг сорихыг нь зөвшөөрчээ. Ингэвэл Иовын Бурханд хайртай эсэх нь тодорхой болох байлаа.

САТАН ИОВЫГ СОРЬСОН НЬ

10. Иов ямар ямар зовлон үзсэн бэ? Иов яасан бэ?

10 Удалгүй Сатан Иовыг янз бүрээр сорив. Иов мал сүргийнхээ заримыг дээрэмчдэд, заримыг нь гамшигт алджээ. Бас ихэнх зарц нь амь үрэгдсэн. Ийнхүү Иов эд хөрөнгөнөөсөө салжээ. Гай зовлон үүгээр дууссангүй. Арван сайхан хүүхдээ шуурганд алдав. Ийм их зовлон үзсэн атлаа Иов «нүгэл хийсэнгүй, Бурхныг ч буруутгасангүй» (Иов 1:22).

11. а) Сатан Иовын тухай юу гэж бодсон бэ? Тэгэхэд нь Ехова яасан бэ? б) Сорилт тулгарахад Иов яасан бэ?

 11 Гэсэн ч Сатан Иовыг дахин сорьсон. Тэрээр: «Иов эд хөрөнгө, албат зарц, үр хүүхдээ алдахыг тэвчсэн ч, өөрөө хүндээр өвдвөл Бурхны эсрэг гарцаагүй босно» гэж бодсон биз ээ. Тэгээд Еховагийн зөвшөөрснөөр Иовд аймшигтай шаналгаат өвчин тусгажээ. Гэсэн ч, Бурханд итгэх итгэлийг нь эвдэн бусниулж чадаагүй. Иов: «Үхэн үхтэлээ би үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» хэмээн эрс шийдэмгий хэлсэн байдаг (Иов 27:5).

Бурхан Иовыг үнэнч байсных нь төлөө шагнасан

12. Иов Сатаны гүтгэлгийг хэрхэн няцаасан бэ?

12 Сатан өөрийг нь сорьж байгааг Иов мэдэхгүй байлаа. Диаволын дэгдээсэн маргаантай асуудлын нарийн ширийнийг мэдээгүйгээсээ болоод Бурхныг зовлон учруулж байна гэж боджээ (Иов 6:4; 16:11–14). Гэсэн ч Бурхандаа үнэнч байсан. Ийнхүү тэрээр амин хувиа бодож Бурханд үйлчилдэг хүн биш гэдгээ баталж, Сатаны гүтгэлгийг няцаажээ!

13. Иов Бурханд үнэнч байсны ачаар юу нотлогдсон бэ?

13 Иов Еховад үнэнч байсны ачаар Сатаны худалч гэдэг нь хөдөлгөөнгүй нотлогдсон. Тийм ээ, Иов Бурхны анд нөхөр байсан бөгөөд Бурхан ч үнэнч андаа шагнасан (Иов 42:12–17).

МАРГААНТАЙ АСУУДАЛ ТАНД ЯМАР ХАМААТАЙ ВЭ?

14, 15. Сатаны дэгдээсэн асуудал ганц Иовд бус, бүх хүнд хамаатай гэж яагаад хэлж болох вэ?

14 Бурханд үнэнч байх эсэх асуудал ганц Иовд бус, танд ч бас хамаатай. Сургаалт үгс 27:11-д Ехова: «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» гэж хэлсэн нь үүнийг баталдаг. Иовыг нас барснаас хойш олон зуун жилийн дараа бичигдсэн энэ үг Сатан Бурхныг муулж, үйлчлэгчдийг нь гүтгэсээр байсныг харуулдаг. Хэрэв бид Еховагийн хуулийн дагуу амьдарвал Сатаны худалчийг батлахад нь Бурхандаа тусалж, Бурхнаа  баярлуулна шүү дээ. Амьдралаа тодорхой хэмжээгээр өөрчлөх хэрэгтэй болсон ч Сатаны гүтгэлгийг няцаахад хувь нэмэр оруулах нь завшаантай хэрэг мөн биз дээ?

15 Сатан: «Өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм» гэж хэлснийг анхаараарай (Иов 2:4). Тэрээр «хүн» гэж хэлэхдээ ганц Иовд бус, бүх хүнд хамаатай асуудал хөндсөнөө тодорхой мэдэгдсэн. Энэ нь таныг ч гэсэн Бурханд үнэнч биш гэж гүтгэсэн хэрэг учраас үүнийг битгий мартаарай. Диаволын бодлоор бол, сорилт тулгарвал та ч гэсэн Бурханд дуулгаваргүй болж, хуулийнх нь дагуу амьдрахаа болих ажээ. Үүнийгээ батлахын тулд юу хийдгийг нь авч үзье.

16. а) Сатан хүмүүсийг Бурхнаас холдуулахын тулд ямар ямар арга хэрэглэдэг вэ? б) Таны эсрэг эдгээр аргаа хэрхэн хэрэглэж болох вэ?

16 Сатан хүмүүсийг Бурхнаас холдуулахын тулд янз бүрийн арга хэрэглэдгийг бид 10-р бүлгээс үзсэн. Нэг талаас, Сатан «хэн нэгнийг залгихаар хайж байгаа архирах арслан» мэт довтолдог (1 Петр 5:8). Жишээ нь, таныг Библи судалж, сурч мэдсэнээ ажил хэрэг болгох гэж хичээхэд найз нөхөд, хамаатан садан эсвэл бусад хүн эсэргүүцвэл Сатаны довтолгоо байж болох юм * (Ёохан 15:19, 20). Нөгөөтээгүүр, Сатан «тэнгэрийн сайн элч» болон хувирдаг (2 Коринт 11:14). Тиймээс, Бурхны хуулийн дагуу амьдрахыг тань болиулахын тулд таныг нарийн аргаар мэхэлж, уруу татахыг оролдоно. Бас Бурхны тааллыг олж чадахгүй арчаагүй амьтан гэж өөрийгөө дорд үзэхэд хүргэн, «сул дорой» болгож, сэтгэлээр унагаж магадгүй (Сургаалт үгс 24:10). Сатан «архирах арслан», «тэнгэрийн сайн элч» хоёрын аль нь ч болсон бай, өмнөө нэг л зорилго тавьдаг. Юу гэвэл, со рилт тулгарвал хүн Бурханд үйлчлэхээ болино гэж хэлснээ батлах явдал юм. Иовыг дуурайн, Сатаны худал гүтгэлгийг няцааж, Бурханд үнэнчээ батлахын тулд яах хэрэгтэй вэ?

ЕХОВАГИЙН ТУШААЛЫГ БИЕЛҮҮЛЭХ НЬ

17. Еховагийн тушаалыг биелүүлэх гол шалтгаан юу вэ?

17 Та ч гэсэн Сатаны гүтгэлгийг няцааж чадна. Харин үүний тулд яах ёстойгоо мэдэх хэрэгтэй. «Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла» гэж Библид бичсэн байдаг (Дэд хууль 6:5). Бурхандаа хайртай болохын хэрээр хуулийнх нь дагуу амьдрах хүсэл өөрийн эрхгүй төрдөг. Элч Ёохан: «Тушаалыг нь биелүүлдэг бол Бурхнаа хайрладаг гэсэн үг» хэмээн бичжээ. Хэрэв та Еховаг «бүх зүрхээрээ» хайрладаг бол «Бурхны тушаал хүнд дарамт биш» гэдгийг ойлгоно (1 Ёохан 5:3).

18, 19. а) Еховагийн тушаалын заримыг хэлнэ үү. (122-р хуудасны хавсралтыг үзнэ үү.) б) Ехова хэрээс хэтэрсэн шаардлага тавьдаггүйг бид хаанаас мэддэг вэ?

18 Бид Еховагийн тушааснаар зарим үйл хэргээс зайлсхийх учиртай. Ямар ямар үйл хэргийг буруушаадгийг нь мэдье гэвэл 122-р хуудсанд байгаа « Еховагийн үзэн яддаг үйл хэргээс зайлсхийгтүн» гэдэг хавсралтыг үзээрэй. Өнгөц харахад, тэдгээрийн зарим нь хориглоод байхаар сүртэй юм биш шиг санагдаж магадгүй. Гэхдээ хавсралтад дурдсан Библийн зүйлүүдийг уншиж, эргэцүүлэн бодвол Еховагийн хууль хэчнээн мэргэн болохыг та ойлгоно. Амьдралын хэв маягаа өөрчлөхөд их хэцүү байж болох юм. Гэхдээ Бурхны хуулийн дагуу амьдардаг хүн сэтгэл хангалуун байж, ач тусыг нь хүртдэг (Исаиа 48:17, 18). Та ч гэсэн Бурхны хуулийг сахиж чадна. Ингэж хэлэхийн учир юу вэ?

19 Ехова хэзээ ч бидний хэрээс хэтэрсэн шаардлага тавьдаггүй (Дэд хууль 30:11–14-ийг уншина). Бидний  чадал, боломж хязгаартайг хэнээс ч илүү мэддэг (Дуулал 103:14). Түүнээс гадна, тушаалыг нь биелүүлэх хүч өгдөг. Элч Паул: «Бурхан үнэнч билээ. Тиймээс хэрээс чинь хэтэрсэн сорилт та нарт тулгарахыг зөвшөөрөхгүй. Харин сорилт тулгарлаа гэхэд тэвчихэд туслан, гарах замыг зааж өгдөг» хэмээн бичжээ (1 Коринт 10:13). Тийм ээ, жирийн нэг хүч бус, харин «хэрээс хэтэрсэн хүч» өгч, тэвчээртэй байхад тусална (2 Коринт 4:7). Ехова Бурханд үйлчлэхдээ олон янзын сорилтыг давсан Паул: «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» гэж хэлжээ (Филиппой 4:13).

 БУРХАНД ТААЛАГДДАГ ЗАН ЧАНАР ХӨГЖҮҮЛЭХ НЬ

20. Бурханд таалагддаг ямар ямар зан чанарыг хөгжүүлэх хэрэгтэй вэ? Эдгээр нь яагаад чухал бэ?

20 Бурханд таалагдахын тулд түүний үзэн яддаг үйл хэргээс зайлсхийх төдийгүй эрхэмлэдэг зүйлийг нь эрхэмлэх хэрэгтэй (Ром 12:9). Та үзэл бодол, хүсэл сонирхол нийлдэг, эрхэмлэдэг зүйлийг тань эрхэмлэдэг хүнтэй харьцах дуртай биз дээ? Ехова ч бас дуртай. Тиймээс, Еховагийн эрхэмлэдэг зүйлийг эрхэмлэж сураарай. Ехова ямар хүнийг анд нөхрөө гэж үздэгийг 15-р Дуу лалд бичсэн байдаг. Тиймээс, эдгээр зүйлийг уншвал Бурхны эрхэмлэдэг зүйлийн заримыг мэдэж авна (Дуулал 15:1–5-ыг уншина). Бурхны анд нөхөд агуу хүчнийх нь нөлөөгөөр бий болдог «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэл, дөлгөөн зан, биеэ барих» гэх зэргийн зан чанарыг илэрхийлдэг (Галат 5:22, 23).

21. Бурханд таалагддаг зан чанарыг хөгжүүлэхэд юу туслах вэ?

21 Библи тогтмол уншиж, судлах нь Бурханд таалагддаг зан чанарыг хөгжүүлэхэд тустай. Бас Бурхны хуулийг мэдэх нь үзэл бодлоо Бурхныхтай нийцүүлэхэд тус болно (Исаиа 30:20, 21). Еховад хайртай болохын хэрээр хуулийнх нь дагуу амьдрах хүсэл улам оргилно.

22. Бурхны хуулийн дагуу амьдрах нь ямар ач тустай вэ?

22 Еховагийн хуулийн дагуу амьдрахын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай. Амьдралын хэв маягаа өөрчлөхийг Библид «хуучин хүнээ ... тайлж, шинэ хүнийг өмсөхтэй» зүйрлэдэг (Колосай 3:9, 10). Энэ нь амаргүй боловч Еховагийн тушаалыг биелүүлэх нь «агуу их шагналтай» (Дуулал 19:11). Бурхны хуулийн дагуу амьдарвал та ч гэсэн асар их ивээл хүртэж, Сатаны гүтгэлгийг няцааж, Еховаг баярлуулна!

^ д/м 16 Таныг эсэргүүцдэг хүн бүрийг Сатан шууд удирддаг гэсэн үг биш ээ. Гэхдээ Сатан «өнөө үеийн бурхан» бөгөөд бүх ертөнцийг эрхшээлдээ байлгадаг (2 Коринт 4:4; 1 Ёохан 5:19). Тиймээс, ихэнх хүн Бурхны хуулийн дагуу амьдрахыг хүсдэггүй бөгөөд зарим нь таныг эсэргүүцнэ.