Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн сургаалыг зөв ойлгох нь

 БҮЛЭГ 7

Нас барагсад ирээдүйд яах вэ?

Нас барагсад ирээдүйд яах вэ?
  • Нас барагсад амилна гэдэгт яагаад итгэж болох вэ?

  • Ехова нас барагсдыг амилуулах хүсэлтэй нь юунаас харагддаг вэ?

  • Ямар хүмүүс амилах вэ?

1–3. Биднийг ямар дайсан мөшгөн хөөдөг вэ? Библи биднийг хэрхэн тайвшруулж, баярлуулдаг вэ?

ТА аюултай дайснаас зугтаж явна гээд төсөөл дөө. Тэр дайсан ойр дотнын тань олон хүнийг таны нүдэн дээр алсан маш хэрцгий нэгэн ажээ. Хурд, хүчээр давуу тэр дайснаас зугтахыг яаж ч хичээсэн, шил даран хөөсөөр танд тун ойртож ирэв. Найдвар бараг тасраад байтал тэр дайснаас хавьгүй хүчтэй нэгэн аврагч гэнэт гарч ирээд танд туслахаа амлажээ. Та ямар их тайвширсан бол оо!

2 Үнэн хэрэгтээ, хүн болгоныг нэгэн дайсан мөшгөн хөөж байдаг. Библид үхлийг дайсан гэдгийг бид өмнөх бүлгээс мэддэг болсон. Үхлээс зугтан зайлах юм уу үхлийг ялан дийлж чадах хүн нэгээхэн ч үгүй. Энэ дайсанд дотнын хүнээ алдаагүй хүн бараг байхгүй. Харин Ехова үхлээс хавьгүй илүү хүчтэй. Халамжит Бурхан Ехова энэ дайсныг ялах чадалтай гэдгээ аль хэдийн харуулсан. Тэгээд ч үхлийг бүрмөсөн устгахаа амладаг. «Сүүлчийн дайсан буюу үхэл үгүй болно» гэж Библид бичсэн байдаг (1 Коринт 15:26). Сайхан амлалт биш гэж үү?

3 Ойр дотнын маань хүнийг үхэл авч одоход ямар  хүнд байдаг билээ дээ. Тэгвэл Ехова нас барагсдыг амилуулахаа амласан нь биднийг тайвшруулж, баярлуулдаг (Исаиа 26:19). Тэгэхээр нас барсан хүмүүс амилна гэсэн үг. Амилна гэж найдах үндэс бий.

ДОТНЫН ХҮН НАС БАРАХАД

4. а) Дотнын хүнээ алдахын уй гашууг Ехова ойлгодог гэдгийг юу харуулдаг вэ? Яагаад? б) Есүсийн дотнын нөхөд хэн байсан бэ?

4 Дотнын хүнээ алдахад бид уй гашууд автаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг биеэрээ үздэг. Тийм л үед Бурхны Үг тайвшруулдаг (2 Коринт 1:3, 4-ийг уншина). Ехова Есүс хоёр бидний уй гашууг ойлгодгийг Библи харуулдаг. Эцгээ төгс дуурайсан Есүс дотнын хүнээ алдахын хэцүүг сайн мэддэг (Ёохан 14:9). Есүс Иерусалимд ирэхдээ тэндээс холгүй орших Бетан хэмээх тосгонд суудаг Лазар Мариа Марта гурав дээр очдог байсан бөгөөд тэд дотнын нөхөд болцгоожээ. Есүс тэдэнд «хайртай байжээ» гэж Библид бичсэн байдаг (Ёохан 11:5). Бид өмнөх бүлгээс Лазарын нас барсан тухай үзсэн.

5, 6. а) Есүс Лазарын төрөл төрөгсөд, найз нөхдийн гашуудаж байгааг үзээд яасан бэ? б) Есүс гашуудаж байсан нь биднийг яагаад тайвшруулдаг вэ?

5 Найз Лазарыгаа нас барахад Есүс яасан бэ? Эмгэнэн гашуудаж байсан төрөл төрөгсөд, найз нөхөд дээр нь очоод, тэдэнтэй адил «гашуудан шаналж ... уйлав» гэж Библид бичжээ (Ёохан 11:33, 35). Тэгвэл Есүс нас барагсдыг амилна гэдэгт итгэдэггүй байсан хэрэг үү? Үгүй ээ. Учир нь Бурхан Лазарыг амилуулна гэдгийг Есүс мэдэж байсан (Ёохан 11:3, 4). Гэлээ ч, найзыгаа нас барсанд гашууджээ.

6 Есүс найзынхаа хойноос гашуудаж байсан нь бидний хувьд тайвшрах нэг үндэс болдог. Учир нь, Есүс Ехова хоёр үхлийг үзэн яддаг нь эндээс харагддаг. Тэ⁠гээд ч, Ехова Бурхан үхэл гэдэг дайсныг ялах  чадалтай! Бурхан Есүсийг ямар чадвартай болгосныг авч үзье.

«ЛАЗАР, ГАРААД ИР!»

7, 8. Хүмүүс Лазарыг ямар ч найдваргүй болсон гэж бодож байсны учир юу вэ? Гэвч Есүс яасан бэ?

7 Есүс Лазарыг оршуулсан агуйн амыг тагласан чулууг холдуулахыг хүсэхэд Марта хориглов. Учир нь Лазар нас бараад дөрвөн өдөр болсон тул өмхийрч, үнэр орсон байх гэж боджээ (Ёохан 11:39). Ямар ч найдваргүй мэт санагдаж байсан биз ээ.

Лазарыг амилахад хүмүүс баяр хөөр болсон (Ёохан 11:38–44)

8 Чулууг холдуулахад Есүс чанга дуугаар «Лазар, гараад ир!» гэж хашхирсанд «үхсэн хүн» агуйгаас гарч иржээ (Ёохан 11:43, 44). Тэнд байсан хүмүүс хэчнээн их баяр хөөр болсныг төсөөлөөд үз дээ! Мариа, Марта болон хамаатан садан, найз нөхөд, хөршүүд нь Лазарыг үхсэн гэдгийг мэдэж байсан. Гэтэл өнөөх дотнын хүн нь тэдний өмнө зогсож байх нь тэр! Ёстой гайхмаар явдал болжээ! Тэд баяр хөөр болж Лазарыг угтан авсан нь эргэлзээгүй. Энэ бол үхлийг үнэхээр ялан дийлсэн хэрэг байлаа!

Елиа бэлэвсэн эмэгтэйн хүүг амилуулсан (Хаадын дээд 17:17–24)

9, 10. а) Есүс Лазарыг Еховагийн хүчээр амилуулахаа хэрхэн харуулсан бэ? б) Хүмүүсийг амилуулсан түүхийг уншиж, эргэцүүлэн бодох нь ямар ач холбогдолтой вэ?

9 Есүс энэ гайхамшгийг өөрийнхөө хүчээр үйлдэнэ гэж хэлээгүй. Лазарыг дуудахаасаа өмнө Еховад хандан залбирч, гайхамшиг үйлдэх хүч өгөхийг гуйсан (Ёохан 11:41, 42-ыг уншина). Гэхдээ энэ бол Ехова үхсэн хүнийг ер бусын хүчээрээ амилуулсан анхны тохиолдол биш байлаа. Лазараас гадна най⁠ман хүнийг амилуулсан түүхийг Бурхны Үгэнд бичсэн байдаг. * Энэ тухай уншиж, эргэцүүлэн бодох нь их ач холбог долтой. Бурхан хүмүүсийг нас хүйс, яс үндсээр ялгалгүй амилуулсан нь хэнийг ч алаг үздэггүйг нь батлан харуулдаг. Эдгээр түүхийг уншихлаар, амилсан хүний ах дүү, амраг садан яаж баярлан хөөрч байсныг төсөөлж болдог. Жишээ нь, Есүс нэг охиныг амилуулахад эцэг эх нь «магнайгаа хагартал баярлажээ» (Марк 5:42). Тийм ээ, Ехова тэднийг мартахын аргагүйгээр баярлуулсан.

Элч Петр Доркас гэдэг эмэгтэйг амилуулсан (Үйлс 9:36–42)

10 Есүсийн амилуулсан хүмүүс дахиад нас барсан нь үнэн. Тэгвэл тэднийг амилуулах хэрэггүй байжээ гэсэн үг үү? Мэдээж үгүй. Библийн бусад сургаалыг зөв ойлгож, нас барагсад амилна гэдэгт бат итгэхэд эдгээр явдал тусалдаг.

ХҮМҮҮСИЙГ АМИЛУУЛСАН ТҮҮХЭЭС ЮУ МЭДЭЖ БОЛОХ ВЭ?

11. Номлогчийн үгс 9:5, 10-т бичсэн үг үнэн гэдгийг Лазарын түүх хэрхэн баталдаг вэ?

11 Библид бичсэнээр, «үхэгсэд юу ч мэддэггүй». Тэд зүгээр л амьгүй болдгоос биш, өөр ертөнцөд очдоггүй. Лазарын түүх үүнийг баталдаг. Лазар амилсныхаа дараа хүмүүст тэнгэрийн диваажингийн тухай ярьсан уу? Эсвэл тамд зовж байснаа хэлж, айлгасан уу? Үгүй ээ, Лазарыг тийм юм ярьсан гэж Библид огт бичээгүй. Лазар дөрвөн өдрийн турш амьгүй байсан бөгөөд «бодох сэтгэх» ямар ч чадваргүй байжээ (Номлогчийн үгс 9:5, 10). Лазар гүн нойронд автан, унтаж байгаа хүнтэй адил байсан (Ёохан 11:11).

12. Лазар амилсан нь үлгэр домог биш байсан гэдэгт итгэж болохын учир юу вэ?

12 Түүнчлэн, нас барсан хүн амилж байсан нь үлгэр домог биш гэдгийг Лазарын түүх баталдаг. Есүс Лазарыг олон хүний нүдэн дээр амилуулсан билээ. Есүсийг үзэн яддаг байсан шашны удирдагчид хүртэл энэ гайхамшгийг нь үгүйсгээгүй юм. Тэр бүү хэл, «Энэ хүн  [Есүс] олон гайхамшиг үйлдэж байна. Бид одоо яах вэ?» гэж хэлж байжээ (Ёохан 11:47). Амилсан Лазарыг харахаар олон хүн ирж байсан бөгөөд тэдний ихэнх нь Есүст итгэж, Есүсийг Бурхан илгээжээ гэдгийг ойлгосон. Иудейн шашны зарим удирдагч Есүс Лазар хоёрыг алахыг завдаж байсан нь энэ явдал үнэхээр болсныг хөдөлгөөнгүй нотолдог (Ёохан 11:53; 12:9–11).

13. Ехова нас барагсдыг амилуулж чадна гэх ямар үндэс байна вэ?

13 Нас барагсад амилна гэдэгт итгэж болох өөр баттай баримт бий. Учир нь Есүс «дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ» амилах цаг ирнэ гэж зааж сургаж байсан (Ёохан 5:28). Ехова амьтай болгоныг бүтээсэн билээ. Тэгвэл нас барагсдыг дахин бүтээж чадахгүй гэж үү? Гэхдээ Ехова ой тойндоо байгаа хүмүүсийг л амилуулна. Тэгвэл Бурхан дотнын хүмүүсийг маань санадаг болов уу? Тэнгэрт тоо томшгүй олон од байдаг боловч Ехова «бүгдийг нь нэрээр нь дууддаг» (Исаиа 40:26). Тэгэхээр, нас барсан хүн бүрийн өвөрмөц шинжийг ч гэсэн санаж, яг тэр чигээр нь амилуулж чадна гэсэн үг.

14, 15. Ехова нас барагсдыг амилуулах хүсэлтэйг Иовын үг хэрхэн баталдаг вэ?

14 Ехова нас барагсдыг амилуулах хүсэлтэй нь юунаас харагддаг вэ? Иов гэдэг хүн Бурхан өөрийг нь санах цаг иртэл булшинд хүлээнэ гэдгээ хэлэхдээ «Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?» хэмээн асуусан байдаг. Тэгээд тэрээр Бурханд «Та дуудах бөгөөд би Танд хариулах болно. Та Өөрийн мутрын бүтээл рүү тэмүүлэх болно» гэжээ (Иов 14:13–15).

15 Ехова нас барагсдыг амилуулах гэж «тэмүүлдэг» гээд бод доо! Ямар сайхан бэ! Гэхдээ ямар хүмүүс амилж, хаана амьдрах вэ гэдэг асуулт анхаарал татдаг.

 «БУЛШИНД БАЙГЧИД БҮГДЭЭРЭЭ»

16. Ирээдүйд хүмүүс ямар нөхцөлд амилах вэ?

16 Дээр үед хүмүүс амилж байсан нь ирээдүйд болох явдлыг илүү сайн ойлгоход тусалдаг. Нас барагсад дэлхий дээр амилж, ойр дотнынхоо хүмүүстэй эргээд уулзаж учирсан тухай Библид бичсэн байдаг. Ирээдүйд ч гэсэн тийм л байх болно. Гэхдээ хүмүүс илүү сайхан нөхцөлд амилна. Бурхан дэлхийг бүхэлд нь диваажин болгох санаа зорилготойг бид энэ номны 3-р бүлгээс мэдэж авсан билээ. Нас барагсад өвчин эмгэг, гэмт хэрэг, дайн дажингүй ертөнцөд амилна. Тэд амар амгалан, аз жаргалтай, үүрд мөнх амьдарна.

17. Ямар хүмүүс амилах вэ?

17 Ямар хүмүүс амилах вэ? «Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ түүний [Есүсийн] дууг сонсоод гарч ирнэ» гэж Библид бичсэн байдаг (Ёохан 5:28, 29). Бас Илчлэл 20:13-т «Тэнгис дотроо байсан үхэгсдийг, үхэл ба Булш дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв» гэж байдаг (212, 213-р хуудасны хавсралтыг үзнэ үү). Энэхүү бэлгэдлийн булш хоосорч, тэнд байсан олон тэрбум хүн бүгдээрээ амилна. Элч Паул: «Шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна» гэж бичжээ (Үйлс 24:15). Энэ юу гэсэн үг вэ?

Нас барагсад шинэ ертөнцөд амилж, ойр дотнынхоо хүмүүстэй эргээд уулзана

18. Амилах «шударга хүний» тоонд ямар хүмүүс ордог вэ? Амилах найдвар танд ямар ач тустай вэ?

18 «Шударга хүний» тоонд Есүсийг дэлхийд ирэхээс өмнө амьдарч байсан олон хүн ордог. Жишээ нь, Ноа Абрахам Сара Мосе Рут Естер болон бусад олон хүний тухай Библид бичжээ. Бат итгэлтэй тэдний заримыг «Еврей» номны 11-р бүлэгт дурдсан. Түүнээс гадна, орчин үед Еховад үйлчилж байгаад нас барсан хүмүүс ч бас «шударга хүний» тоонд багтдаг. Амилна гэж найддаг учраас бид үхлээс айхаа больдог (Еврей 2:15).

19. «Шударга бус хүн» гэж ямар хүмүүс вэ? Ехова тэдэнд ямар боломж олгох вэ?

 19 Тэгвэл амьд ахуйдаа Еховагийн тухай мэдэж амжаагүй учир түүнд үйлчилж, тушаалыг нь биелүүлж байгаагүй хүмүүс яах бол? Ехова тэдгээр «шударга бус хүнийг» ч санаж, амилуулна. Ийнхүү тэдэнд жинхэнэ Бурхантай танилцаж, түүнд үйлчлэх боломж бүрдэнэ. Нас барагсад мянган жилийн хугацаанд амилж, Еховагийн бусад үйлчлэгчтэй нэгдэх сайхан цаг ирнэ! Тэр үеийг Библид «Шүүх өдөр» гэж нэрлэдэг. *

20. «Гехенна» юуг бэлгэддэг вэ? Ехова ямар хүмүүсийг амилуулахгүй вэ?

20 Нас барсан бүх хүн амилах уу? Үгүй ээ. Библид бичсэнээр, нас барсан зарим хүн «Гехеннад» байдаг (Лук 12:5). «Гехенна» гэж юу вэ? Энэ грек үг эртний Иерусалим хотын хэрмийн гаднах хогийн овооны нэрээс үүсжээ. Тэнд хог хаягдал, цогцос шатаадаг байв. Иудейчүүд хүний ёсоор нутаглуулах зохисгүй, амилахгүй гэж үзсэн хүмүүсийн цогцсыг тэнд хаядаг байсан ажээ. Тиймээс, «гехенна» нь бүрмөсөн устгалыг бэлгэддэг. «Амьд болон үхсэн хүмүүсийг шүүх» нэгэн нь Есүс мөн хэдий ч шүүхийн эцсийн шийдвэрийг Ехова гаргана (Үйлс 10:42). Ехова засарч өөрчлөгдөхгүй гэж үзсэн хүмүүсийг амилуулахгүй.

ТЭНГЭРТ АМИЛАХ ХҮМҮҮС

21, 22. а) Хүмүүс дэлхий дээр амилахаас гадна өөр хаана амилах вэ? б) Тэнгэрийн биетэй болж амилсан анхны хүн хэн бэ?

21 Зарим хүн үл үзэгдэх биетэй болж, тэнгэрт амилах тухай Библид бичжээ. Ийн амилсан хүний жишээ Библид ганцхан байдаг бөгөөд тэр нь Есүс Христ юм.

22 Бурхан Есүсийг нас барсных нь дараа амилуулсан (Дуулал 16:10; Үйлс 13:34, 35). Христ «махан  биетэй байхдаа үхсэн ч тэнгэрийн биетэй болж амилсан» гэж элч Петр бичжээ (1 Петр 3:18). Өөрөөр хэлбэл, Есүс хүн бус, хүчирхэг тэнгэрийн бүтээл болон амилсан юм. Энэ бол үнэхээр гайхамшиг байлаа! (1 Коринт 15:3–6-г уншина). Ингэж амилсан анхны хүн нь Есүс юм. Гэхдээ Есүсээс өөр хүмүүс ч бас тэнгэрт амилна (Ёохан 3:13).

23, 24. Есүс ямар хүмүүсийг «өчүүхэн сүрэг» гэж нэрлэсэн бэ? Тэдний тоо хэд вэ?

23 Удахгүй тэнгэр өөд буцахаа мэдэж байсан Есүс үнэнч шавь нартаа «орон байр бэлдэхээр» явахаа хэл⁠сэн байдаг (Ёохан 14:2). Тэрээр тэнгэрт гарах хүмүүсийг «өчүүхэн сүрэг» гэж нэрлэжээ (Лук 12:32). Есүсийн үнэнч шавь нараас бүрдэх энэ жижиг бүлэгт хэдэн хүн орох вэ? Элч Ёохан Илчлэл 14:1-д «Сион уулан дээр Хурга [Есүс Христ] болон 144 000 хүн зогсож байгааг би харлаа. Тэр хүмүүсийн духан дээр Хурга болон Эцгийн нэр бичээстэй байв» гэж бичжээ.

24 Есүсийн үнэнч элчүүдийг оролцуулаад нийт 144000 хүн тэнгэрт амилна. Хэзээ амилах вэ? Христийг «ирчихээд байх үед» амилна гэж элч Паул бичжээ (1 Коринт 15:23). Есүс одоо «ирчихээд» байгаа. (9-р бүлгээс энэ тухай дэлгэрэнгүй үзнэ.) Тийм учраас, эдүгээ 144000 хүнээс үлдэгсэд нас бармагцаа тэнгэрт амилдаг (1 Коринт 15:51–55). Гэхдээ хүн төрөлхтний ихэнх нь диваажин дэлхийд амилна.

25. Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?

25 Ехова үхэл хэмээх дайсныг гарцаагүй ялна. Тэр цагт үхэл үүрд үгүй болно! (Исаиа 25:8-ыг уншина). Гэхдээ та: «Тэнгэрт амилсан хүмүүс тэнд юу хийх юм бэ?» гэж гайхан асууж магадгүй. Тэд дэлхийг захирах тэнгэрийн засгийн газрын бүрэлдэхүүнд орох юм. Дараагийн бүлгээс энэ засгийн газрын тухай илүү ихийг мэдэж авъя.

^ д/м 9 Амилсан бусад хүний талаар Хаадын дээд 17:17–24; Хаадын дэд 4:32–37; 13:20, 21; Матай 28:5–7; Лук 7:11–17; 8:40–56; Үйлс 9:36–42; 20:7–12-оос үзнэ үү.

^ д/м 19 Шүүх өдрийн тухай 213–215-р хуудасны хавсралтаас дэлгэрэнгүй тайлбар үзнэ үү.