Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн сургаалыг зөв ойлгох нь

 БҮЛЭГ 2

Библи бол Бурхны бичүүлсэн ном

Библи бол Бурхны бичүүлсэн ном
  • Библи бусад номноос юугаараа ялгаатай вэ?

  • Бэрхшээлийг даван туулахад Библи хэрхэн тусалдаг вэ?

  • Библийн зөгнөлүүдэд яагаад итгэж болох вэ?

1, 2. Библийг Бурхны өгсөн хосгүй бэлэг гэж хэлэхийн учир юу вэ?

ТА дотнын найзаасаа сайхан бэлэг авч байсан биз дээ? Тэр үедээ догдолж, баярласан биз ээ. Найз тань бэлэг өгсөн нь таныг андын ёсоор эрхэмлэн хүндэлдгээ баталсан хэрэг. Та ч гэсэн найздаа талархсан нь эргэлзээгүй.

2 Бурхан бидэнд Библийг бэлэг болгон өгсөн бөгөөд ийм сайхан бэлэг өгсөнд нь бид талархах учиртай. Өөр хаанаас ч мэдэх аргагүй зүйлийг энэ хосгүй ном бидэнд хэлж өгдөг. Жишээ нь, тэнгэр огторгуй, газар дэлхий, анхны эрэгтэй, эмэгтэй хүнийг хэрхэн бүтээсэн тухай Библид бичсэн байдаг. Амьдралд тохиолдох бэрхшээлийг даван туулж, сэтгэл зовоосон асуудлыг шийдвэрлэхэд тустай, найдвартай зөвлөгөө бий. Бурхан санаа зорилгоо хэрхэн биелүүлж, дэлхийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулахыг ч бичжээ. Тийм ээ, Библи гэдэг ийм сайхан бэлэг өгсөнд баярлахгүй байхын аргагүй!

3. Ехова бидэнд Библи өгсөн нь юуны баталгаа болдог вэ? Энэ бэлэг нь ямар ач холбогдолтой вэ?

3 Ехова Бурхан Библиэр бидэнд өөрийгөө таниулдаг учраас ийм бэлэг өгсөнд нь баярлаад баршгүй. Библи өгсөн нь биднийг өөртэй нь танилцаасай гэж хүсдэгийнх нь баталгаа юм. Үнэхээр ч, Еховатай дотно харьцаа тогтооход Библи тусалдаг.

4. Библи ийм өргөн дэлгэр тархсан нь танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

 4 Хэрэв та Библитэй бол дэлхийд хамгийн өргөн тархсан номтой гэсэн үг. Учир нь Библийг бүтнээр нь болон хэсэгчлэн 2600 орчим хэлээр хэвлэсэн байна. Үүний дүнд, дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь Библи унших боломжтой болжээ. Долоо хоног тутам сая гаруй Библи хүмүүсийн гар дээр очиж байна! Библийг бүтнээр нь болон хэсэгчлэн олон тэрбум хувь хэвлэсэн. Ийм өргөн тархсан ном Библиэс өөр байдаггүй.

Англи хэлээрх «Шинэ ертөнцийн орчуулга»-д үндэслэн Библийг олон хэл рүү орчуулдаг

5. Библи бол «Бурхны бичүүлсэн» ном гэдэг нь юу гэсэн үг вэ?

5 Түүнээс гадна, Библийг «Бурхан бичүүлсэн» юм (2 Тимот 3:16-г уншина). Энэ юу гэсэн үг вэ? «Ариун хүчээр удирдуулдаг хүмүүс Бурхны илчилснийг хэлсэн хэрэг» гэж Библид тайлбарласан байдаг (2 Петр 1:21). Жишээ нь, компанийн захирал туслахаараа захиа бичүүлжээ гэж бодъё. Захиаг хэдийгээр туслах нь бичсэн боловч санаа нь захирлынх шүү дээ. Тиймээс, энэ захиа туслахынх биш, захирлынх болж таарна. Үүнтэй адилаар, Библи бол хүний зохиосон ном бус, Бурхны би чүүлсэн ном юм. Тэгэхлээр, Библи бүхлээрээ «Бурхны үг» мөн (1 Тесалоник 2:13).

УЯЛДАА ХОЛБООТОЙ, НАРИЙН ЗӨВ НОМ

6, 7.Библи эхнээсээ дуустал уялдаатай байдаг нь юуг баталдаг вэ?

6 Библийг 1600 гаруй жил бичжээ. Бичсэн хүмүүс нь өөр өөр цаг үед амьдарч байсан янз янзын хүмүүс байв. Зарим нь тариачин, загасчин, хоньчин, зарим нь зөнч, шүүгч, хаан байсан. «Лук» номыг бичсэн хүн эмч байжээ. Гэсэн хэдий ч, тэдний бичсэн Библи гэдэг ном эхнээсээ дуустал уялдан зохицдог. *

7 Хүн төрөлхтөн зовдог болсны учрыг Библийн эхний номонд өгүүлдэг. Харин сүүлчийн номонд дэлхий маань хэрхэн тэр аяараа диваажин буюу үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэг болон хувирах тухай бичсэн байдаг. Библи бүхэлдээ хүн төрөлхтний олон мянган жилийн түүхийг өгүүлдгийн зэрэгцээ ном болгон нь Бурхны санаа зорилго хэрхэн биелэхийг ойлгоход тодорхой хэмжээгээр тусалдаг. Библийн номнуудын уялдаа холбоо тун гайхалтай бөгөөд энэ нь уг номыг Бурхан бичүүлснийг баталдаг.

8. Библи шинжлэх ухааны баримттай тохирдгийг жишээгээр хэлнэ үү.

8 Библи бас шинжлэх ухааны баримттай тохирдог. Тэр бүү хэл, шинжлэх ухааны нээлтээс өмнө тодорхой болсон мэдээ баримт Библид байдаг. Тухайлбал, Библийн «Левит» номыг үзэхэд, эртний израйлчууд халдварт өвчтэй хүнийг тусгаарлан, хөл хорих болон эрүүл ахуйн өөр олон дэглэм сахих тушаалтай байсан нь харагддаг. Гэтэл тэр үед Израйлын хөрш зэргэлдээ улс үндэстнүүд энэ талаар ямар ч мэдлэггүй байжээ. Дэлхийн хэлбэрийн талаар хүмүүс буруу ойлголттой байх үед Библид «дэлхийн  тойрог» хэмээн бичиж, бөмбөрцөг хэлбэртэй болохыг нь дүрсэлжээ (Исаиа 40:22). Дэлхий «хоосон юман дээр» байдаг гэж зөв тодорхойлжээ (Иов 26:7). Библи бол шинжлэх ухааны бүтээл биш боловч шинжлэх ухаантай холбоотой асуудлаар ч ямагт нарийн зөв байдаг. Бурхны бичүүлсэн ном ийм л байх ёстой биз дээ?

9. а) Библи түүхийн баримттай тохирдог бөгөөд найдвартай ном гэдэг нь юунаас харагддаг вэ? б) Библийг бичсэн хүмүүс илэн далангүй байсан нь юуны баталгаа вэ?

9 Түүнчлэн, Библи бол түүхийн баримттай тохирдог бөгөөд найдвартай ном юм. Библийн баримт тодорхой байдаг. Өгүүлж буй хүнийхээ нэрийг хэлээд зогсохгүй удам судрыг нь дурддаг. * Ер нь, түүхчид улс үндэстнийхээ ялагдлын талаар, гол төлөв, дуугүй өнгөрдөг байхад Библийг бичсэн хүмүүс тиймэрхүү явдлыг нууж хаалгүйгээр, өөрийнхөө болон ард түмнийхээ алдаа эндэгдлийг ч илэн далангүй бичсэн байдаг. Жишээлбэл, «Тооллого» номонд уг номыг бичсэн Мосе гэдэг хүн ямар ноцтой алдаа гаргаж, хатуу зэмлэл хүлээснээ бичжээ (Тооллого 20:2–12). Түүхэн баримтыг ийм илэн далангүй тэмдэглэн үлдээсэн нь ховор байдаг. Харин Библийг бичсэн олон хүн илэн далангүй байсны учир нь уг номыг Бурхан бичүүлсэнд байгаа юм.

БИБЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨНӨӨДӨР Ч ТУСТАЙ

10. Яагаад Библийн зөвлөгөөг өнөөдөр ч амьдралд хэрэгжүүлэх боломжтой  вэ?

10 Библи Бурхны бичүүлсэн ном учраас «заах, зэмлэх, залруулах[ад] ... тустай» (2 Тимот 3:16). Өөрөөр хэлбэл, Библийн зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Библид хүний мөн чанарын талаар гайхалтай нарийн бичсэн байдаг. Библийн зохиогч нь хүнийг бүтээсэн Ехова Бурхан учраас тийм байхаас ч аргагүй! Тэрээр бидний ухаан бодол, сэтгэл санааг өөрсдөөс маань  илүү мэддэг. Жинхэнэ ёсоор жаргалтай амьдрахын тулд яах хэрэгтэйг, бас ямар аюулаас зайлсхийх ёстойг маань ч мэддэг.

11, 12. а) «Матай» номны 5–7-р бүлэгт бичсэнээр, Есүс ямар ямар зөвлөгөө өгсөн бэ? б) Библид өөр ямар тустай зөвлөгөө байдаг вэ? Зөвлөгөө нь яагаад хуучирдаггүй вэ?

11 «Матай» номны 5–7-р бүлэгт бичсэн Есүсийн үгийг авч үзье. Есүс жинхэнэ аз жаргалыг хэрхэн олох, маргааныг  хэрхэн шийдэх, Бурханд яаж залбирах, эд мөнгөнд хэрхэн зөв хандах гэх зэргийн олон сэдвээр зөвлөгөө өгсөн. Эдгээр зөвлөгөө нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй бөгөөд тустай байна.

12 Бас гэр бүлийн амьдрал, ажил хөдөлмөр, хүмүүсийн хоорондын харьцаа гэх мэтийн асуудалд хамаатай олон зөвлөгөө Библид бий. Библийн зөвлөгөөг ямар ч хүн дагаж болдог бөгөөд үргэлж тустай байдаг. Ехова Бурхан зөнч Исаиагаар дамжуулан «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурга[даг]» гэж хэлсэн нь Библийн мэргэн зөвлөгөөг хэн өгдгийг харуулдаг (Исаиа 48:17).

БИБЛИЙН ЗӨГНӨЛҮҮД

Зөнч Исаиа Вавилон хот сүйрэхийг зөгнөсөн

13. Ехова зөнч Исаиагаар Вавилоны тухай ямар нарийн баримт бичүүлсэн бэ?

13 Библид олон зөгнөл байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь биелжээ. Жишээ нь, Ехова Вавилон хот сүйрэхийг МЭӨ VIII зуунд амьдарч байсан зөнч Исаиагаар хэлүүлжээ (Исаиа 13:19; 14:22, 23). Хотыг хэрхэн эзлэхийг дэлгэрэнгүй бичүүлсэн байв. Вавилоныг эзлэх цэргүүд хотын дундуур урсдаг голын усыг ширгээж, тулалдахгүйгээр хот руу нэвтрэх ажээ. Түүгээр зогсохгүй, Вавилоныг эзлэх хүн нь «Кореш» гэдэг нэртэй (түүхэнд Кир нэрээр алдаршсан) хаан байх юм гэдгийг Исаиа зөгнөсөн (Исаиа 44:27–45:2-ыг уншина).

14, 15. Вавилоны тухай Исаиагийн зөгнөл хэрхэн яг таг биелсэн бэ?

14 Исаиаг зөгнөснөөс хойш 200 орчим жил өнгөрөөд байлаа. МЭӨ 539 оны 10-р сарын 5-наас 6-нд шилжих шөнө нэг арми Вавилоны ойролцоо буудаллажээ. Жанжин нь Персийн хаан Кореш байлаа! Ийнхүү Исаиагийн зөгнөл биелэхэд бэлэн болжээ. Гэхдээ Корешийн цэрэг Вавилоныг үнэхээр тулалдахгүйгээр эзлэх болов уу?

15 Тэр шөнө вавилончууд хотынхоо нүсэр хэрмийн дотор санаа амар найрлаж байлаа. Тэднийг тийн найрлаж  байх зуур Кореш уран арга сэдэж, хотын дундуур урсдаг голын усыг өөр зүг урсгажээ. Ус гүехэн болоход цэргүүд нь гол га⁠талж, хотын хэрэмд дөхөж ирсэн байна. Гэхдээ тэр нүсэр хэрмийг хэрхэн нэвтэлсэн бол оо? Чухам шалтгаан нь тодорхойгүй ч, хотын хаалга тэр шөнө онгорхой байжээ!

16. а) Исаиагийн зөгнөснөөр Вавилон эцэстээ яасан  бэ? б) Тэр зөгнөл хэрхэн биелсэн бэ?

16 Вавилоны тухай «Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй. Тэнд арабууд майхнаа барихгүй, хоньчид сүргээ хотлуулахгүй» гэж бас зөгнөсөн (Исаиа 13:20). Вавилон сүйрэх төдийгүй үүрд эзгүйрэн хоосрохыг энд хэлжээ. Уг зөгнөл үнэхээр биелсэн нь баримтаар батлагддаг. Эдүгээ Иракийн нийслэл Багдад хотоос өмнө зүг 80 орчим километрт орших эртний Вавилоны балгас Еховагийн «Би [Вавилоныг]... устгагч шүүрээр цэвэрлэнэ» гэж Исаиагаар хэлүүлсэн үг биелснийг батлан харуулдаг (Исаиа 14:22, 23). *

Вавилоны балгас

17. Зөгнөлүүд биелснийг мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?

 17 Олон зөгнөл биелснийг мэдэхлээр биелээгүй байгаа зөгнөлүүд ч биелнэ гэдэгт улам итгэдэг. Хэрэв Ехова урьдын амлалтуудаа биелүүлсэн юм бол, дэлхийг диваажин болгоно гэсэн амлалтаа ч биелүүлнэ гэдэгт эргэлзэх шалтгаан байхгүй (Тооллого 23:19-ийг уншина). Үнэхээр, «мөнх амьдрах ... найдварыг худал хэлдэггүй Бурхан өнө эртнээс өгсөн» (Тит 1:2). *

«БУРХНЫ ҮГ АМЬД»

18. Элч Паул «Бурхны үгийг» хэрхэн тодорхойлсон бэ?

18 Энэ бүлэгт үзсэн зүйлээ дүгнэхэд, Библи үнэхээр хосгүй ном гэдэг нь тодорхой байна. Гэхдээ Библийг уялдаа холбоотой, шинжлэх ухаан, түүхийн баримттай тохирдог, орчин үед ч тустай зөвлөгөө өгдөг, зөгнөл нь  биелдэг ном төдийхнөөр үнэлэх нь учир дутагдалтай. Христийн дагалдагч, элч Паул: «Бурхны үг амьд бөгөөд хүчтэй. Хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц. Хүний гүн рүү нэвтэрч, гаднах болон доторх хүнийг илчилдэг. Үе мөч болон чөмөг рүү нэвтэрдэг, зүрхний бодол болон хандлагыг ялгаж салгаж чаддаг» хэмээн бичжээ (Еврей 4:12).

19, 20. а) Өөрийгөө шалгаж, доторх хүнээ жинхэнэ ёсоор таньж мэдэхэд Библи хэрхэн тусалдаг вэ? б) Библи хэмээх хосгүй бэлэг өгсөн Бурханд хэрхэн талархаж болох вэ?

19 Тийм ээ, Библид бичсэн Бурхны «үг» хүний амьдралыг өөрчлөх чадалтай. Библи бидэнд өөрийгөө шалгаж, доторх хүнээ жинхэнэ ёсоор таньж мэдэхэд тусалдаг. Бид Бурхныг шүтдэг гэж ярьдаг байж болох ч, Библийн сургаалыг хэрхэн хүлээн авч байгаагаар «зүрхний» маань жинхэнэ «бодол болон хандлага» илэрдэг.

20 Библи бол Бурхны бичүүлсэн ном мөн. Ийм номыг уншиж, судалж, эрхэмлэхгүй байхын аргагүй. Ийм хосгүй бэлэг өгсөн Бурханд талархаж, Библийн мэдлэгээ гүнзгийрүүлээрэй. Та Библи судлахын хэрээр Бурхан хүн төрөлхтний талаар ямар санаа зорилготойг сайн ойлгодог болно. Тэр зорилго нь чухам юу вэ, санаа зорилгоо хэрхэн биелүүлэх вэ гэдгийг дараагийн бүлгээс мэдэж авцгаая.

^ д/м 6 Библийн зарим хэсэг бие биетэйгээ зөрчилддөг гэж үздэг хүмүүс байдаг ч, үнэндээ, тийн дүгнэх үндэс байдаггүй. Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Библи Бурхны үг үү, хүний үг үү?» номны 7-р бүлэг (англи), «Бүх хүнд зориулсан ном» товхимлын 14–17-р хуудсыг тус тус үзнэ үү.

^ д/м 9 Жишээ нь, Есүсийн угийн бичгийг Лук 3:23–38-аас үзнэ үү.

^ д/м 16 Библийн зөгнөлүүдийн талаар Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Бүх хүнд зориулсан ном» товхимлын 27–29-р хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

^ д/м 17 Вавилоны сүйрэл бол Библийн олон зөгнөл биелсний нэг жишээ юм. Бас эртний Тир, Ниневе хот сүйрсэн нь Библийн зөгнөл биелдгийг батлан харуулдаг (Езекиел 26:1–5; Зефаниа 2:13–15). Түүнээс гадна, Вавилоны дараа ямар эзэнт гүрнүүд гарч ирэхийг Да⁠ниел зөгнөсөн. Эдгээрийн тоонд Меде болон Перс, Грек багтжээ (Даниел 8:5–7, 20–22). Мөн Есүс Христэд хамаатай олон зөгнөл биелснийг 199–201-р хуудасны хавсралтаас үзнэ үү.