Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн сургаалыг зөв ойлгох нь

 БҮЛЭГ 15

Бурханд таалагддаг шүтлэг

Бурханд таалагддаг шүтлэг
  • Бурханд бүх шашин таалагддаг уу?

  • Жинхэнэ шашин хуурамч шашнаас ямар ялгаатай вэ?

  • Хэн жинхэнэ Бурхныг шүтдэг вэ?

1. Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтвэл ямар ач тус хүртэх вэ?

ЕХОВА БУРХАН биднийг хайрлан халамжилж, ач тустай заавар зөвлөгөө өгдөг. Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтвэл олон бэрхшээлийг тойрон гарч, жаргалтай амьдарна. Бас Бурхныхаа ивээл хишгийг хүртэж, тусламж дэмжлэгийг нь авна (Исаиа 48:17). Гэтэл Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтдэг гэж тунхагладаг мөртлөө Бурхан болоод Бурхны шаардлагын талаар өөр өөр сургаал заадаг шашны урсгал хэдэн зуугаараа байдаг.

2. Еховад ямар шүтлэг таалагддагийг мэдэхийн тулд яах хэрэгтэй вэ? Жишээгээр тайлбарлана уу.

2 Тэгвэл Еховад ямар шүтлэг таалагддагийг яаж мэдэх вэ? Бүх шашныг судалж, сургаалыг нь харьцуулж үзэх үү? Үгүй ээ. Харин Бурханд таалагддаг шүтлэгийн тухай Библийн сургаалыг зөв ойлгох хэрэгтэй. Жишээ нь, танд хуурамч мөнгө ялгах ажил даалгавал яах вэ? Хуурамч мөнгөний бүх онцлогийг нэгд нэгэнгүй мэддэг болох шаардлагатай юу? Үүний оронд, жинхэнэ мөнгийг таньж чаддаг болох нь илүү дээр биш үү? Жинхэнэ мөнгөний онцлогийг мэддэг болсон хүн хуурамч мөнгийг төвөггүй ялгаж чадна. Үүнтэй адилаар, жинхэнэ шашныг таньдаг болбол хуурамч шашныг ялгаж чадна.

3. Есүсийн хэлснээр, Бурхны тааллыг олъё гэвэл яах хэрэгтэй вэ?

3 Еховаг таалалд нь нийцүүлэн шүтэх нь туйлын чухал.  Бурханд бүх шашин таалагддаг гэж олон хүн боддог боловч Библид бичсэнээр бол тийм биш ээ. Бурханд итгэдэг гэж хэлснээр бүх юм болчихгүй. Жишээ нь, өнөөдөр олон хүн өөрийгөө Христийн шавь гэж үздэг. Гэхдээ Есүс: «Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн Хаант төрд орохгүй. Харин тэнгэрт байдаг миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн л орно» гэж хэлсэн. Тэгэхээр, Бурхны тааллыг олъё гэвэл хуулийг нь сурч мэдээд, сахих ёстой болж байна. Бурхны таалалд нийцүүлдэггүй хүмүүсийг Есүс «ёс бус юм хийдэг» гэж үздэг (Матай 7:21–23). Хуурамч шашин хуурамч мөнгөтэй адил ямар ч үнэ цэнгүйгээс гадна хор хөнөөлтэй.

4. Есүсийн хэлсэн хоёр зам юуг бэлгэддэг вэ? Зам тус бүр юунд хүргэдэг вэ?

4 Ехова хүн бүрд диваажин дэлхийд мөнх амьдрах боломж олгодог. Гэхдээ бид мөнх амьдрахын тулд Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтэж, шаардлагынх нь дагуу амьдрах ёстой. Харамсалтай нь, олон хүн Бурхны шаардлагыг биелүүлдэггүй. Есүс: «Жижиг хаалгаар ор. Яагаад гэвэл сүйрэлд хүргэдэг хаалга нь том, зам нь өргөн. Олон хүн энэ хаалгаар ордог. Харин амь руу хүргэдэг хаалга нь жижиг, зам нь нарийн бөгөөд цөөхөн хүн үүнийг олдог» гэж хэлсэн (Матай 7:13, 14). Нарийн зам буюу жинхэнэ шашин мөнхийн амь руу хөтөлдөг бол өргөн зам буюу хуурамч шашин сүйрэлд хүргэдэг. Ехова хэнийг ч мөхүүлэхийг хүсдэггүй учир бүх хүнд өөрийг нь таньж мэдэх боломж олгодог (2 Петр 3:9). Тэгэхээр, Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтэх эсэхээс бидний ирээдүй шалтгаална.

ЖИНХЭНЭ ШАШИН ХУУРАМЧ ШАШНААС ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?

5. Жинхэнэ Бурхныг шүтдэг хүмүүсийг хэрхэн таньж болох вэ?

5 «Амь руу хүргэдэг ... замыг» яаж олох вэ? Есүсийн хэлснээр, жинхэнэ Бурхныг шүтдэг хүмүүс үйл хэргээрээ танигддаг. Есүс: «Тэднийг та нар үйл хэргээр нь  танина. ... Сайн модонд сайн жимс ургадаг» хэмээжээ (Матай 7:16, 17). Өөрөөр хэлбэл, жинхэнэ Бурхныг шүтдэг хүмүүсийг заадаг сургаал, үйл хэргээр нь таньж болно. Төгс бусаасаа болж алдаж энддэг хүмүүс тэдний дунд байдаг боловч тэд бүхэлдээ Бурхны хүсэл тааллыг биелүүлдэг. Одоо, жинхэнэ Бурхныг шүтдэг хүмүүсийн бусдаас ялгарах 6 шинжийг авч үзье.

6, 7. Жинхэнэ Бурхныг шүтдэг хүмүүс Библийг юу гэж үздэг вэ? Есүс ямар жишээ үзүүлсэн бэ?

6 Жинхэнэ Бурхныг шүтдэг хүмүүс Библид үндэслэсэн сургаал заадаг. «Судар бүрийг Бурхан бичүүлсэн. Судар бүр заах, зэмлэх, залруулах, шударга сайн хэм хэмжээнд нийцүүлэн сахилгажуулахад тустай. Үүний ачаар Бурхны хүн чадварлаг болж, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдэнэ» гэж Библид байдаг (2 Тимот 3:16, 17). Элч Паул итгэл нэгтнүүддээ «Та нар Бурхны үгийг биднээс сонсоод хүний үг гэж бус, харин үнэхээр байгаагаар нь Бурхны үг гэж хүлээж авсан» гэж бичжээ (1 Тесалоник 2:13). Тиймээс, Еховагийн үйлчлэгчид итгэл үнэмшил, үйл хэргээ хүний зохиосон сургаал, ёс заншилд бус, Бурхны зохиосон ном буюу Библид үндэслэдэг.

7 Есүс Христ сургаалаа Бурхны Үгэнд үндэслэн зааж, дагалдагчдадаа үлгэр жишээ үзүүлсэн. Тэрээр тэнгэрийн Эцэгтээ залбирахдаа «Таны үг бол үнэн» хэмээжээ (Ёохан 17:17). Есүс Бурхны Үгэнд итгэдэг бөгөөд цаг үргэлж Библийн дагуу заадаг байсан. Библиэс олон удаа эш татсаны зэрэгцээ «... гэж бичсэн байдаг» хэмээн хэлдэг байсан (Матай 4:4, 7, 10). Еховагийн үйлчлэгчид Библийг Бурхны Үг мөн гэдэгт итгэж, зөвхөн Библид үндэслэсэн сургаал заадаг бөгөөд хувийн үзлээ номлодоггүй нь Есүсийг дуурайдгийнх юм.

8. Еховаг шүтдэг хүн ямар ямар үүрэгтэй вэ?

8 Жинхэнэ шашин шүтдэг хүмүүс зөвхөн Еховаг шүтэж, нэрийг нь тунхагладаг. Есүс: «Чи Ехова Бурхнаа л шүтэх ёстой. Гагцхүү түүнд үйлчлэх ёстой» хэмээсэн  (Матай 4:10). Тиймээс жинхэнэ Бурхны үйлчлэгчид Ехова Бурхныг л шүтдэг. Еховаг шүтдэг хүн Бурхныхаа нэр, зан чанарын талаар бусдад хэлж ярих үүрэгтэй. Дуулал 83:18-д «[Таны] нэрийг Ехова мөн хийгээд ... [та] бүх дэлхий дээр ганцхан хамгийн дээд мөн» гэж байдаг (1838 оны орчуулга). Есүс: «Ертөнцийн дундаас надад өгсөн таны хүмүүст би нэрийг тань илчилсэн» хэмээн залбирч байсныг бодвол тэрээр Бурхныг таньж мэдэхэд нь хүмүүст тусалдаг байжээ (Ёохан 17:6). Есүсийн жишээгээр, өнөөдөр Еховагийн үйлчлэгчид Бурхны нэр, санаа зорилго, зан чанарыг мэдэхэд нь бусдад тусалдаг.

9, 10. Жинхэнэ Бурхны үйлчлэгчид бие биеэ хэрхэн хайрладаг вэ?

9 Жинхэнэ Бурхныг шүтдэг хүмүүс амин хувиа бодолгүй, бие биеэ чин сэтгэлээсээ хайрладаг. «Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» хэмээн Есүс хэлжээ (Ёохан 13:35). Есүсийн эртний шавь нар яг л Багшийнхаа хэлсэн ёсоор бусдыгаа хайрладаг байв. Өнөөдөр ч Еховагийн үйлчлэгчид хэнийг ч арьс өнгө, яс үндэс, нийгмийн байдлаар нь ялгаварладаггүй бөгөөд бие биеэ ах дүүс мэт хайрладаг (Колосай 3:14-ийг уншина). Хуурамч шашин шүтдэг хүмүүс бие биеэ ахан дүүгийн ёсоор хайрлаж чаддаггүй. Учир нь тэд итгэл нэгтнүүдээ хүртэл яс үндэс, угсаа гарлаар нь ялгаварлан гадуурхаж, амь насыг нь хөнөөдөг. Харин жинхэнэ Бурхан шүтдэг хүмүүс хэний ч өөдөөс буу шагайж, зэр зэвсэг агсдаггүй. Библид «Бурхны хүүхдүүд, Диаволын хүүхдүүд үүгээр танигддаг. Бурхны таалалд нийцүүлдэггүй хүн Бурхных биш. Ах дүүгээ хайрладаггүй хүн Бурхных биш. “Бие биеэ хайрла” ... Бид Каин шиг байж болохгүй. Каин бол Сатаных бөгөөд дүүгээ хөнөөсөн» гэж байдаг (1 Ёохан 3:10–12; 4:20, 21).

10 Бусдыг чин сэтгэлээсээ хайрлах гэдэг их өргөн ойлголт юм. Жинхэнэ Бурхны үйлчлэгчид нэг нэгэндээ урам хайрлаж, туслахын тулд боломжоо бүрэн дайчилж, цаг зав, хүч хөдөлмөрөө харамгүй зориулдаг (Еврей 10:24, 25).  Зовох цагт нь итгэл нэгтнүүддээ тус дэм болж, бүх талаар үнэнч байхыг хичээдэг. Тийм ээ, тэд «бүх хүнд ... сайныг үйлд» хэмээсэн Библийн зөвлөгөөг дагадаг (Галат 6:10).

11. Есүст дуулгавартай байж, сургаалыг нь дагах нь яагаад чухал бэ?

11 Жинхэнэ Бурхны үйлчлэгчид, Есүст дуулгавартай байж, сургаалыг нь дагавал аврагдах боломжтой гэж үздэг. Библид Есүсийн тухай «Аврагдъя гэвэл бид Бурхнаас эрх мэдэл авсан Есүс Христэд итгэх ёстой бөгөөд өөр аврагч дэлхий дээр байхгүй» гэж бичжээ (Үйлс 4:12). 5-р бүлэгт бичсэнээр, Есүс Бурханд захирагддаг хүмүүсийг аврахын тулд амиа золиос болгон өгсөн (Матай 20:28). Түүнээс гадна, тэрээр дэлхийг захирах тэнгэрийн засгийн газрын тэргүүнээр томилогдсон билээ. Бурхан мөнх амьдрахыг хүсдэг хүнээс Есүст дуулгавартай байж, сургаалыг нь дагахыг шаарддаг. Тийм учраас, Библид «Хүүд итгэдэг хүн мөнх амьдарна. Хүүд дуулгаваргүй хүн мөнх амьдрахгүй» гэж бичжээ (Ёохан 3:36).

12. «Ертөнцийнх биш» байх гэж юу гэсэн үг вэ?

12 Жинхэнэ Бурхныг шүтдэг хүмүүс улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй. Есүс Ромын амбан захирагч Пилатын өмнө шүүгдэж байхдаа «Миний Хаант төр энэ ертөнцийнх биш» гэж хэлсэн (Ёохан 18:36). Есүсийн шавь нар ямар улсад амьдардгаасаа үл хамааран, тэнгэрийн Хаант төрийн харьяат албат болдог учир энэ ертөнцийн улс төрийн үйл хэрэгт төвийг сахих байр суурийг чанд баримталдаг бөгөөд элдэв зөрчил мөргөлдөөнд оролцдоггүй. Гэхдээ бусдыг намд элсэх, улс төрийн албан тушаал хаших, сонгуульд оролцохыг нь хориглож, саад хийдэггүй. Жинхэнэ Бурхныг шүтдэг хүмүүс улс төрийн асуудлаар төвийг сахидаг боловч төр засгийн хууль тогтоолыг дагаж мөрддөг. Учир нь Бурхан «дээд эрх мэдлүүд» буюу төр засгийн эрх мэдэлд захирагдахыг тушаадаг (Ром 13:1). Гэхдээ төр засгийн хууль тогтоол Бурхны хуультай зөрчилдвөл  «Бид хүнд бус, Бурханд захирагдах ёстой» хэмээсэн Христийн дагалдагчдын жишээг дуурайдаг (Үйлс 5:29; Марк 12:17).

13. Есүсийн жинхэнэ дагалдагчид юуны тухай тунхагладаг вэ? Яагаад?

13 Есүсийн жинхэнэ дагалдагчид Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхагладаг. Есүс: «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон  дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ» хэмээн зөгнөжээ (Матай 24:14). Есүсийн жинхэнэ дагалдагчид хүмүүсийг төр засгийн эрх мэдэлтнүүдэд бус, Бурхны Хаант төрд найдахыг уриалдаг. Яагаад гэвэл зөвхөн Бурхны Хаант төр хүн төрөлхтний бүх бэрхшээлийг шийдэх юм (Дуулал 146:3). Бурханд яаж залбирахыг Есүс заахдаа, тэрхүү төгс засгийн газрын тухай хэлсэн байдаг. Тэрээр: «Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй» гэжээ (Матай 6:10). Бурхны Хаант төр «бүх хаанчлалыг [одоо оршин буй төр засгуудыг] бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» гэж Библид зөгнөсөн (Даниел 2:44).

14. Таны бодлоор, шашны ямар байгууллага жинхэнэ Бурхны үйлчлэгчдэд тавигддаг шаардлагыг хангадаг вэ?

14 Дээр ярьсан зүйлд үндэслээд та өөрөөсөө «Бүх сургаалаа Библид үндэслэн зааж, Еховагийн нэрийг олон түмэнд тунхаглаж, Бурхны заасан ёсоор бие биеэ хайрладаг хүмүүс хэн бэ? Есүст дуулгавартай байн, сургаалыг нь дагаж, улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй, Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхагладаг хүмүүс хэн бэ? Энэ бүх шаардлагыг шашны ямар байгууллага хангадаг вэ?» гэж асуугаарай. Еховагийн Гэрчүүд мөн гэдгийг бүх баримт баталдаг (Исаиа 43:10–12-ыг уншина).

ТА ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

15. Бурханд таалагдъя гэвэл, байдаг гэдэгт нь итгэхээс гадна өөр яах ёстой вэ?

15 Бурханд итгэдэг л бол таалалд нь нийцэж байгаа хэрэг биш ээ. Чөтгөрүүд хүртэл Бурхан байдаг гэдэгт итгэдэг гэж Библид бий (Яаков 2:19). Гэхдээ тэд хүсэл тааллыг нь биелүүлдэггүй учир Ехова тэднийг таалдаггүй. Бурханд таалагдъя гэвэл, байдаг гэдэгт нь итгээд зогсохгүй хүсэл тааллыг нь биелүүлэх учиртай. Бас хуурамч шашнаас холбоогоо тасалж, жинхэнэ Бурхныг л шүтэх ёстой.

16. Хуурамч шашин шүтдэг бол яах ёстой вэ?

 16 Элч Паул: «“Тэднээс холдож, тусгаар бай”. “Бузар юманд хүрэхээ боль” гэж Ехова хэлдэг. “Би та нарыг хүлээж авна”» гэж бичсэн нь Еховагийн үйлчлэгчид хуурамч шашны үйл хэрэгт оролцох ёсгүйг харуулдаг (2 Коринт 6:17, 18; Исаиа 52:11). Тиймээс, жинхэнэ Бурхныг шүтдэг хүмүүс хуурамч шашинтай холбоотой аливаа бүхнээс зайлсхийдэг.

17, 18. «Агуу Вавилон» гэж юу вэ? Агуу Вавилоноос аль болох хурдан «гарах» нь яагаад чухал бэ?

17 Библид бичсэнээр, хуурамч шашны бүх урсгалыг нийтэд нь «Агуу Вавилон» гэж нэрлэдэг * (Илчлэл 17:5). Энэ нэрийг сонсохлоор Ноагийн үед болсон Үерийн дараа хуурамч шашин үүссэн эртний Вавилон хот санагддаг. Эдүгээ хуурамч шашинд өргөн тархсан сургаал номлол, зан үйл эртний Вавилоноос эх үндсээ авчээ. Жишээ нь, вавилончууд гурвал буюу гурвуулаа нийлээд нэг болдог бурхныг шүтдэг байжээ. Өнөөдөр ч гэсэн христ шашны олон урсгал Эцэг Хүү Агуу хүч гурвыг нэг бурхан гэж үздэг. Гэтэл Библийн сургаал ёсоор, Ехова бол цорын ганц жинхэнэ Бурхан, Есүс Христ бол Бурхны Хүү юм * (Ёохан 17:3). Түүнээс гадна, эртний вавилончууд хүнийг үхэхэд биеэс нь сүнс гардаг бөгөөд муу хүний сүнс тамд очиж зовдог гэдэгт итгэдэг байжээ. Өнөөдөр ихэнх шашин үхэшгүй мөнхийн сүнс болон тамын тухай сургаал номлодог.

18 Эртний Вавилон хотод үүссэн шашин дэлхий даяар тархсан учир хуурамч шашныг бүхэлд нь «Агуу Вавилон» гэж нэрлэдэг. Бурхны хэлснээр, хуурамч шашин гэнэт устгагдах ажээ. Тэгэхлээр, амьдралынхаа бүхий л хүрээнд Агуу Вавилоноос тусгаар байх хэрэгтэйн учрыг  та одоо ойлгов уу? Ехова таныг цаг байгаа дээр нь тэндээс аль болох хурдан «гараасай» гэж хүсдэг (Илчлэл 18:4, 8-ыг уншина).

Ард түмэнтэй нь нэгдэж Еховад үйлчилбэл алдахаасаа олох нь их

19. Еховад үйлчилдэг болбол ямар ямар ивээл хүртэх вэ?

19 Хуурамч шашнаас гарахаар шийдсэн танаас зарим хүн харьцаа холбоогоо тасалж болох юм. Гэхдээ жинхэнэ шашныг шүтдэг хүмүүстэй хамт Еховад үйлчилбэл алдахаасаа олох нь их ээ. Есүсийг дагахын тулд бүхнээ орхисон ч итгэл нэгт олон ах дүүтэй болсон эртний шавь нарынх нь адилаар, та ч бас олон анд нөхөртэй болно. Бие биеэ чин сэтгэлээсээ хайрладаг, итгэл нэгтэй сая сая гишүүнээс бүрддэг дэлхий дахины гэр бүл таныг угтан авна. Бас шинэ ертөнцөд мөнх амьдрах боломжтой болно (Марк 10:28–30-ыг уншина). Итгэл үнэмшлээс тань болж холбоогоо тасалсан хүмүүс яваандаа Библийн сургаалыг сонирхож, Еховаг шүтдэг болж болох юм.

20. Жинхэнэ Бурхныг шүтдэг хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байна вэ?

20 Бурхан удахгүй өнөөгийн ёс бус ертөнцийг устгаж, шинэ ертөнцийг байгуулна гэж Библид бичсэн байдаг (2 Петр 3:9, 13). Биднийг тийм сайхан ирээдүй хүлээж байна! Тэр цагт ганцхан шашин байх бөгөөд бүх хүн зөвхөн Еховаг шүтнэ. Тиймээс, Еховагийн Гэрчүүдтэй нэгдэхийн тулд шаардлагатай бүхнийг одооноос хийх нь ухаалаг хэрэг биш гэж үү?

^ д/м 17 Хуурамч шашныг бүхэлд нь Агуу Вавилон гэж нэрлэдгийн учрыг 219, 220-р хуудасны хавсралтаас үзнэ үү.

^ д/м 17 Христ шашны олон урсгалд заадаг Гурвал гэдэг сургаалын тухай 201–204-р хуудасны хавсралтаас үзнэ үү.