Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн сургаалыг зөв ойлгох нь

 БҮЛЭГ 11

Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?

Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?
  • Хүн төрөлхтөн зовж байгаад Бурхан буруутай юу?

  • Еден цэцэрлэгт Сатан ямар маргаан дэгдээсэн бэ?

  • Ехова хүмүүсийг зовлонгоос хэрхэн ангижруулах вэ?

1, 2. Хүмүүс юунаас болж зовдог вэ? Үүнээс үүдэн ямар ямар асуулт гардаг вэ?

ДАЙНЫ хөлд нэрвэгдсэн нэг оронд нэгэн тулалдааны үеэр энгийн номхон ард иргэд олон мянгаараа амь үрэгджээ. Тэднийг бөөнөөр нь оршуулж, булшийг нь тойруулан «Юуны учир?» гэсэн бичигтэй олон жижиг загалмай хатгажээ. Дайн дажин, гай гамшиг, өвчин эмгэг, гэмт хэргийн улмаас дотнын хүнээ алдаж, орон гэргүй хоцорсон юм уу ямар ч буруугүй мөртлөө зовлон үзсэн хүмүүс ихэнхдээ ийм асуулт тавьдаг. Тэд чухам юуны учир эмгэнэлт явдлын золиос болсноо мэдэхийг хүсдэг.

2 Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ? Хэрэв Ехова төгс хүчтэй, хүнийг хайрладаг, мэргэн ухаантай, шударга Бурхан юм бол бидний эргэн тойронд үзэн ядалт, шударга бус явдал ийм их байгаа нь ямар учиртай вэ? Та энэ тухай бодож үзсэн үү?

3, 4. а) Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учрыг асуух нь буруу биш гэдгийг юу харуулдаг вэ? б) Ехова муу муухай явдал болон зовлон зүдүүрийг хэрхэн үздэг вэ?

3 «Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?» гээд асуучихвал бурууддаг болов уу? Ин⁠гэж асуух нь Бурханд бат итгэдэггүйн шинж гэж зарим хүн үздэг. Гэхдээ эрт цагт Бурхны үнэнч үйлчлэгчид ийм  асуулт тавьж байсныг Библиэс мэдэж болно. Жишээлбэл, зөнч Хабаккук: «Ямар учраас Та надад гэм бурууг үзүүлж, юунд бузар мууг харуулна вэ?» хэмээн Еховагаас асуугаад «Сүйрэл болон хүчирхийлэл миний өмнө байж, эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна» гэжээ (Хабаккук 1:3).

Ехова хүмүүсийг зовлонгоос ангижруулна

4 Ингэж асуулаа гэж Бурхан үнэнч зөнч Хабаккукаа зэмлэсэн үү? Үгүй ээ. Харин ч чин сэтгэлийнх нь үгийг Библид бичүүлэн үлдээснээс гадна түүнд учир байдлыг тайлбарлаж, итгэлийг нь батжуулжээ. Ехова бүх хүнд «санаа тавьдаг» учраас таныг ч бас анхаарлын гадна орхихгүй (1 Петр 5:7). Бурхан муу муухай явдал болон үүнээс улбаатай зовлон зүдүүрийг хэнээс ч илүү үзэн яддаг (Исаиа 55:8, 9). Тэгвэл ийм их зовлон зүдүүр байгаагийн учир юу вэ?

ИЙМ ИХ ЗОВЛОН ЗҮДҮҮР БАЙГААГИЙН УЧИР ЮУ ВЭ?

5. Зовлон зүдүүрийн шалтгааныг ихэнхдээ юу гэж тайлбарладаг вэ? Гэхдээ Библид энэ тухай юу гэж бичсэн байдаг вэ?

5 Хүмүүс ямар шашин шүтдэгээсээ үл хамааран, зовлон зүдүүрийн учир шалтгааныг мэдэх гэж лам хувраг,  пасторуудаасаа асуухад, «Энэ бол Бурхны таалал бөгөөд бүх юм, золгүй явдал ч Бурхны зураг төөргөөр болдог» гэж ихэнх нь хариулдаг. Бас Бурхны үйл хэрэг бол хүнд ойлгогдохын аргагүй нууцлаг бөгөөд хүмүүс, бүр нялх хүүхэд хүртэл нас бардаг нь Бурхны дуудлагаар тэнгэрт гарч байгаа хэрэг гэж хариулах нь элбэг байдаг. Гэхдээ Ехова Бурхан хэзээ ч муу юм учруулдаггүй гэдгийг та мэддэг болсон. Тэгээд ч Библид «Хорон мууг үйлдэх нь Бурхнаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгнээс хол бай[даг]» гэж бичсэн буй (Иов 34:10).

6. Хүмүүс гай зовлон, золгүй явдлын бурууг яагаад Бурханд тохдог вэ?

6 Хүмүүс гай гамшиг, золгүй явдлын бурууг яагаад Бурханд тохдог вэ? Ертөнцийг Бурхан захирдаг гэж боддог учраас тэгж үздэг. Тийм хүмүүс, ертөнцийн захирагч бол Сатан Диавол мөн гэсэн Библийн энгийн хэр нь чухал сургаалыг мэддэггүй. Энэ тухай 3-р бүлэгт дэлгэрэнгүй үзсэн.

7, 8. а) Ертөнц захирагчийнхаа зан чанарыг хэрхэн дуурайдаг вэ? б) Хүмүүсийн төгс бус байдал болон «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдол» хэрхэн зовлон зүдүүрийн шалтгаан болдог вэ?

7 «Бүх ертөнц хорон муу нэгний [буюу Сатаны] эрхшээлд байдаг» гэж Библид тодорхой бичжээ (1 Ёохан 5:19). Тэгэхээр, одоо бүх юм ойлгомжтой боллоо. Өнөөгийн ертөнц «дэлхийн суугчдыг бүгдийг нь мэхлэгч», үл үзэгдэгч захирагчийнхаа зан чанарыг дуурайдаг (Илчлэл 12:9). Сатан хайрлах сэтгэлгүй, харгис мэхлэгч учир эрхшээлд нь байдаг ертөнцөд амьдарч байгаа хүмүүс ч бие биеэ үзэн ядаж, хуурч мэхлэн, харгис хэрцгий авирладаг. Ийм их зовлон зүдүүр байгаагийн нэг шалтгаан нь энэ юм.

8 Гуравдугаар бүлэгт тэмдэглэснээр, Еденд самуун дэгдсэнээс хойш хүмүүс төгс бус, нүгэлтэй болсон нь зовлон зүдүүрийн бас нэг шалтгаан болдог. Нүгэлт хүмүүс эрх мэдэлд шунадгийн уршгаар өөр хоорондоо сөргөлдөн дайтаж, бие биеэ дарлан мөлжиж, зовлон зүдүү рийг бий болгодог (Номлогчийн үгс 4:1; 8:9). Гурав дахь шалтгаан нь «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдол» бөгөөд Еховагийн хамгаалалтгүй энэ ертөнцөд хүмүүс байх ёсгүй газраа, цагаа ололгүй байж таараад гай гамшигт өртдөг (Номлогчийн үгс 9:11, ШЕ).

9. Ехова зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдөг нь цаанаа их учиртай гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

9 Бурхан зовлон зүдүүр учруулдаггүй гэдгийг мэдэхлээр сэтгэл уужирдаг. Дайн дажин, гэмт хэрэг, дарлал мөлжлөг, байгалийн гамшгаас болж хүмүүс зовж зүдэрдэг нь Бурхны буруу биш. Гэсэн ч, энэ бүх зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийнх нь учрыг мэдэх нь туйлаас чухал. Бурхан төгс хүчтэй юм бол энэ бүхнийг арилгах хүч чадалтай байх нь ойлгомжтой. Тэгсэн атлаа яагаад арилгадаггүй юм бэ? Хайрын Бурхан Ехова зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдөг нь цаанаа их учиртай байж таарна (1 Ёохан 4:8).

МАРГААНТАЙ АСУУДАЛ ДЭГДСЭН НЬ

10. Сатан юуны талаар маргаан дэгдээсэн бэ? Яаж?

10 Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учрыг олохын тулд хүний амьдрал анх яаж буруугаар эргэснийг санацгаая. Сатан, Адам Ева хоёрыг Еховагийн эсрэг босгон, нэг чухал маргаантай асуудал дэгдээсэн. Тэрээр Еховагийн хязгааргүй хүчтэйг сайн мэддэг учраас хүчийг нь үгүйсгэлгүй, харин захирах эрхийнх нь талаар маргаан дэгдээсэн. Яаж? Бурхныг худал хэлдэг, хүмүүсээс сайныг нуудаг мэтээр ойлгуулсан нь муу захирагч гэж гүтгэсэн хэрэг байлаа (Эхлэл 3:2–5-ыг уншина). Бурхнаас хараат бус байх нь хүн төрөлхтөнд илүү дээр гэсэн утгатай үг хэлж, Еховагийн хэмжээгүй эрх мэдэлд халджээ.

11. Ехова самуун дэгдээгчдийг яагаад тэр дор нь устгаагүй вэ?

11 Адам Ева хоёр Еховагийн эсрэг самуун дэгдээсэн нь, үнэн хэрэгтээ, «Бид Еховад захирагдахгүй, өөрсдөө зөв  бурууг шийдэж чадна» гэж хэлсэнтэй адил байв. Ехова энэ асуудлыг яаж шийдэх бол? Самуун дэгдээгчдийн бурууг болон өөрт нь захирагдах нь хамгийн зөв гэдгийг оюун ухаант бүх бүтээлдээ хэрхэн ойлгуулах бол? Самуун дэгдээгчдийг дор нь устгаад, бүхнийг шинээр эхлэх ёстой байсан юм гэж зарим хүн хэлж магадгүй. Гэхдээ Ехова дэлхийг Адам Ева хоёрын үр хүүхдээр дүүргэж, тэднийг диваажинд суулгах санаа зорилготойгоо нэгэнт мэдэгдчихсэн байсан (Эхлэл 1:28). Еховагийн санаа зорилго үргэлж биелдэг (Исаиа 55:10, 11). Түүнээс гадна, самуун дэгдээгчдийг тэр дор нь устгасан бол Ехова захирах эрхийнх нь талаарх маргааныг шийдэх аргагүй болох байлаа.

12, 13. Ехова Сатанд энэ ертөнцийг захирах эрх өгсний учрыг жишээгээр тайлбарлана уу. Бурхан хүмүүст өөрсдийгөө захирахыг нь яагаад зөвшөөрсөн бэ?

12 Жишээ нь, нэг багш хэцүү бодлого бодох арга заажээ. Гэтэл авьяастай боловч өөртөө эрдсэн нэгэн сурагч багшийгаа чадвар муутай гэсэн битүү утгатай үг хэлж, харин өөрийгөө илүү сайн арга мэддэг гэжээ. Зарим су рагч ч түүний талд оржээ. Одоо багш яавал дээр вэ? Тэднийг ангиас хөөвөл бусад нь юу гэж бодох бол? Тэр хүүхдүүдийн зөв байж гэж бодохгүй юу? Буруу нь илчлэгдчих вий гэхээс багш айж байна гэж бодоод хүүхдүүд багшийгаа хүндэтгэхээ больж ч магад. Тиймээс багш өнөөх сурагчид тоо бодох аргаа ангийнхандаа тайлбарлахыг нь зөвшөөрнө.

Багш сурагч хоёрын хэн нь илүү туршлагатай вэ?

13 Ехова Бурхан жишээнд гарсан багшийнхтай адилхан арга хэмжээ авчээ. Еденд болсон самуун явдал зөвхөн Сатан Адам Ева гуравт л хамаатай хэрэг биш байв. Учир нь олон сая тэнгэрийн элч энэ явдлыг харж байлаа (Иов 38:7; Даниел 7:10). Уг асуудлыг хэрхэн шийдэх нь тэнгэрийн элчүүд, цаашлаад оюун ухаант бүх бүтээлд онцгой хамаатай байв. Тийм учраас, Сатанд хүн төрөлхтнийг захирах боломж олгож, харин хүмүүст Сатаны удирдлага дор өөрсдийгөө захирахыг нь зөвшөөрчээ.

14. Ехова хүмүүст өөрсдийгөө захирахыг зөвшөөрсөн нь ямар ач холбогдолтой вэ?

14 Өөртөө эрдсэн сурагч болон түүнд уруу татагдсан хүүхдүүдийн буруу гэдгийг багш мэдэж байлаа. Гэлээ ч тэдэнд өөрсдийнхөө зөвийг батлах боломж олговол бусад сурагчид тус болох байв. Багштайгаа санал зөрсөн сурагчдын буруу байсан нь батлагдахад дуулгавартай сурагчид хичээл зааж чадах ганц хүн нь багш юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч, хожим хэн нэг сурагч дахин ийм явдал гаргаж, ангиас хөөгдвөл учрыг нь ойлгох байлаа. Үүнтэй адилаар, Сатан болон түүний араас орсон самуун этгээдүүд буруутай нь батлагдаж, хүмүүс өөрсдийгөө захирч чадахгүй нь тодорхой болох цагт чин сэтгэлтэй хүмүүс болон тэнгэрийн элчүүд энэ явдлаас сургамж авна. Мөн эртний зөнч Иеремиагийн «Өө, Ехова! Газар дэлхийн хүний зам өөрийнх нь мэдлийнх биш гэдгийг би сайн мэднэ. Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй юм» хэмээсэн үг үнэн болохыг ойлгоно (Иеремиа 10:23, ШЕ).

 УДААН ХУГАЦААГААР ХҮЛЦЭН ЗӨВШӨӨРСНИЙ УЧИР

15, 16. а) Ехова зовлон зүдүүрийг ийм удаан хугацаагаар хүлцэн зөвшөөрсний учир юу вэ? б) Ехова хүмүүсийг гэмт хэрэг гэх мэтийн муу юмнаас яагаад хамгаалдаггүй вэ?

15 Гэхдээ Ехова зовлон зүдүүрийг ийм удаан хугацаагаар хүлцэн зөвшөөрсний учир юу вэ? Хүмүүсийг муу юмнаас яагаад хамгаалдаггүй юм бэ? Эдгээр асуултад хариулахын тулд дээр дурдсан жишээг эргэн санаж, хоёр зүйлд анхаарлаа хандуулъя. Нэгдүгээрт, өөрийнхөө зөвийг батлахад нь багш сурагчдаа саад хийгээгүй. Хоёрдугаарт, бодлогыг өөрийнхөө аргаар бодоход нь туслаагүй. Ехова бас ийм арга хэрэглэжээ. Юуны түрүүнд, Сатан болон түүнтэй нэгдсэн этгээдүүдийг хийж байгаа зүйлийнхээ зөвийг батлахад нь саад хийгээгүйгээр барахгүй цаг хугацаа олгожээ. Хүн төрөлхтөн олон мянган жилийн түүхэндээ засаглалын, боломжтой гэсэн бүх хэлбэрийг туршиж үзсэн. Шинжлэх ухаан болон бусад салбарт тодорхой амжилт олсон боловч шударга бус явдал, гэмт хэрэг, дайн дажин, ядуурал улам л газар авсан. Хүний засаглалын ямар ч хэлбэр амжилтад хүрэхгүй нь нэгэнт тодорхой болсон.

16 Хоёрдугаарт, Ехова энэ ертөнцийг захирахад нь Сатанд туслаагүй. Хэрэв Бурхан хүмүүсийг гэмт хэрэг гэх мэтийн муу юмнаас хамгаалдаг бол, энэ нь самуун дэгдээсэн этгээдүүдийг дэмжсэнээс өөрцгүй хэрэг болох байсан. Хүмүүс ч Бурханд захирагдахгүйгээр сайн сайхан амьдарч чадаж байна гэж бодох байсан. Хэрэв тэгвэл Ехова Сатаны худал хуурмагийг дэмжсэн болох байв. Гэхдээ Бурхан «худал ярьдаггүй» билээ (Еврей 6:18).

17, 18. Хүн хүнээ захирсны уршиг болон Сатаны тарьсан гай гамшгийг Бурхан хэрхэн арилгах вэ?

17 Тэгвэл олон мянган жил үргэлжилсэн самуун явдлын үр дагаврын тухайд юу хэлж болох вэ? Төгс хүчит Ехова Бурханд хийж чадахгүй юм гэж байхгүй тул тэрээр самуун явдлын үр дагаврыг арилгаж ч чадна, арилгах ч  болно. Ехова хүмүүсийн эвдэн сүйтгэж байгаа дэлхийг диваажин болгон хувиргах тухай бид өмнө нь үзсэн. Түүнээс гадна, Бурхан Есүсийн золиосонд итгэдэг хүмүүсийг нүглийн боолчлолоос чөлөөлж, нас барагсдыг амилуулан, үхлийн эрхшээлээс ангижруулна. Ийнхүү Бурхан Есүсээр «Диаволын үйлсийг уст[гуулна]» (1 Ёохан 3:8). Ехова энэ бүхнийг товлосон цагтаа хийх бөгөөд тэр болтол тэвчиж байгаад нь бид үнэхээр талархдаг. Учир нь Бурхан тэвчиж байгаа учраас бид Библийн үнэнийг мэдэж, түүнд үйлчлэх боломжтой болсон (2 Петр 3:9, 10-⁠ыг уншина). Бурхан товлосон цагаа хүлээнгээ өөрийг нь шүтэх хүсэлтэй, чин сэтгэлтэй хүмүүсийг эрж хайж, өнөөгийн ертөнцөд аливаа зовлон зүдүүрийг тэвчихэд нь тусалдаг (Ёохан 4:23; 1 Коринт 10:13).

18 «Хэрэв Адам Ева хоёрыг самуун дэгдээх аргагүйгээр бүтээсэн бол ийм зовлон зүдүүр учрахгүй байх байсан юм биш үү?» гэж асуух хүн гарч магадгүй. Энэ асуултад хариулахын тулд Ехова Бурхны хүмүүст өгсөн нэгэн хосгүй бэлгийн тухай авч үзэх хэрэгтэй.

СОНГОХ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХЭРХЭН ЭДЛЭХ ВЭ?

Зовлон зүдүүрийг тэвчихэд Ехова танд тусална

19. Ехова бидэнд их үнэтэй ямар бэлэг өгсөн бэ? Тэр бэлгийг эрхэмлэх ёстойн учир юу вэ?

19 Хүн бол сонгох эрх чөлөөтэй бүтээл гэдгийг бид 5-р бүлгээс үзсэн. Та сонгох эрх чөлөөгөө үнэтэй бэлэг гэж эрхэмлэдэг үү? Бурхан зөндөө хөтлөгдөн амьдардаг олон төрөл зүйлийн амьтан бүтээсэн. Хүмүүс ч гэсэн, өгсөн тушаал болгоныг биелүүлдэг робот бүтээдэг. Хэрэв хүн, амьтан юм уу  робот шиг байсан бол сайхан байх байсан юм биш үү? Яалаа гэж! Бид юу эрхэлж, яаж амьдрах, хэнтэй нөхөрлөх гэх зэргээ сонгох эрх чөлөөтэй бөгөөд үүндээ баярладаг. Ехова ч биднийг эрх чөлөөгөө эдлээсэй гэж хүсдэг.

20, 21. Сонгох эрх чөлөөгөө хэрхэн зөв эдлэх вэ? Энэ нь яагаад чухал бэ?

20 Ехова хүмүүсийг өөртөө үйлчлүүлэх гэж албаддаггүй (2 Коринт 9:7). Жишээ нь, хүүхэд эцэг эхдээ хайртай гэдгээ чин сэтгэлээсээ хэлэх, ёсыг бодож хэлэх хоёрын аль нь эцэг эхэд сайхан санагдах вэ? Тэгэхээр, Еховагийн өгсөн сонгох эрх чөлөөг та яаж эдлэх вэ гэдэг чухал асуулт гарч ирж байна. Сатан Адам Ева гурав Ехова Бурхнаас нүүр буруулж, сонгох эрх чөлөөгөө буруу эдэлсэн. Харин та яах вэ?

21 Еховагийн талд зогссон олон сая хүнтэй нэгдэж, гайхамшигт бэлэг буюу сонгох эрх чөлөөгөө зөв эдлэх сайхан боломж танд байна. Тэр хүмүүс Сатаныг худалч бөгөөд захирах чадваргүй гэдгийг батлахад ихээхэн хувь нэмэр оруулдаг учир Еховаг баярлуулдаг (Сургаалт үгс 27:11). Танд ч гэсэн Бурхны талд зогсож түүнийг баярлуулах боломж бий. Энэ тухай дараагийн бүлгээс үзнэ.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН ХИЧЭЭЛ

Библи судлахын учир юу вэ?

Дэлхий дахины сая сая хүн Библиэс амьдралын чухал асуултуудад хариу олж авдаг. Та бас хариуг нь олохыг хүсдэг үү?