Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Итгэлийн жишээ

 АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Тэрээр ухаалаг, зоригтой байсан

Тэрээр ухаалаг, зоригтой байсан

1-3. а) Хааны сэнтийг чиглэн яваа Естерийг дүрслэн хэлнэ үү. б) Ахашверош Естерийг хараад яасан бэ?

СЭНТИЙ рүү чиглэн аажуухан алхах Естерийн зүрх хүчтэй цохилно. Персийн Суса хот дахь хааны ордны асар том танхим анир чимээгүй болов. Естерийг алхах тоолонд тансаг хээнцэр өмсгөлийнх нь хормой шал шүргэх нь сонстоно. Естерийн хувьд ордны сүрлэг баганууд, алс холын Ливаны хуш модон сийлбэртэй гоёмсог таазыг сонирхон харах цаг биш байлаа. Зөвхөн сэнтийд сууж буй хүн рүү хамаг анхаарлаа хандуулна. Амь нас нь түүний гарт байгаа билээ.

Хаан түүнийг ойртон ирэхэд алтан таягаа сунгав. Энэ нь энгийн үйлдэл мэт боловч Естерийн амийг аварсан хэрэг байлаа. Естер зөвшөөрөлгүйгээр бараалхаж, хууль зөрчсөн ч хаан түүнд өршөөнгүй ханджээ. Ихэд баярласан тэрээр гараа сунган таягных нь үзүүрт хүрэв (Ест. 5:1, 2).

Хааны өршөөлийг хүртсэндээ Естер гүнээ талархсан

3 Ахашверош хаан асар их эд хөрөнгө, эрх мэдэлтэй нэгэн байлаа. Персийн хааны өмсгөл нь л гэхэд хэдэн зуун сая доллартай тэнцдэг байсан бололтой. Ахашверош Естерийг маш их хайрладаг байв. Естер ч нөхрийнхөө энэ их хайрыг харцнаас нь мэдэрч байлаа. Ахашверош: «Хатан Естер чамайг юу зовоов? Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан, чамд өгөх болно» гэжээ (Ест. 5:3).

4. Естер яах хэрэгтэй байсан бэ?

4 Хоморголон устгагдах аюулын ирмэгт тулж ирээд байгаа элэг нэгтнүүдээ хамгаалахын төлөө Естер нөхөртөө бараалхсан нь энэ ажээ. Ийнхүү бат итгэлтэй, зоригтой эмэгтэй болохоо баталсан юм. Гэхдээ санаа амрах цаг болоогүй байлаа. Итгэл хүлээсэн зөвлөх нь хорон санаатай этгээд гэдгийг хаанд мэдүүлэх хэрэгтэй байлаа. Тэр этгээд хааныг ятгаж, Естерийг элэг нэгтнүүдийнх нь хамт хөнөөх гэж байгаа шүү дээ. Энэ бүхнийг хаанд хэрхэн илчлэх вэ? Бат итгэлтэй Естерээс бид юу сурах вэ?

 «Ярих цагаа» зөв сонгосон нь

5, 6. а) Номлогчийн үгс 3:1, 7-д байдаг зарчмыг Естер хэрхэн баримталсан бэ? б) Нөхөртэйгөө ярихдаа ухаалаг байсан нь юунаас харагддаг вэ?

5 Естер ордны танхимд бүх үнэнийг нөхөртөө илчлэх болов уу? Хэрэв тэгвэл нөхрөө эвгүй байдалд оруулж, Хаманд нөхцөл байдлаас эвтэйхэн мултрах боломж олгох бус уу? Тэгвэл Естер яасан бэ? Хэдэн зууны тэртээ Соломон хаан Еховагийн агуу хүчээр удирдуулан «Тэнгэрийн доорх бүх юмс цаг хугацаатай. ... Дуугүй байх хийгээд ярих цаг» бий хэмээн бичжээ (Ном. 3:1, 7). Естерийг хүүхэд байхаас нь Библийн ийм зарчмуудыг Мордехаи зааж сургасан биз ээ. Естер ч цагаа олж ярих нь хэчнээн ухаалаг болохыг сурсан нь лавтай.

6 Тэрээр: «Хэрэв хаан таалах аваас, хаан болон Хаман энэ өдөр миний түүнд бэлтгэсэн найранд ирэгтүн» гэжээ (Ест. 5:4). Хаан ч зөвшөөрч, Хаманыг дуудуулжээ. Естер ямар ухаалаг байсныг та анзаарав уу? Санаа зовоосон асуудлаа шууд хэлэлгүй, харин ч нөхрөө хүндэлж, цагийг нь олоод тохиромжтой  газар ярихаар шийдэв (Сургаалт үгс 10:19-ийг уншина).

7, 8. Естер найрын бэлтгэлээ хэрхэн базаасан бэ? Естер хүсэлтээ хаанд яагаад хэлээгүй вэ?

7 Естер найрын бэлтгэлээ сайтар базааж, нөхрийнхөө дуртай хоол ундыг бэлдсэн нь лавтай. Бас сэтгэлийг нь баясгахын тулд сайн чанарын дарсыг ч бэлдсэн (Дуу. 104:15). Баярлаж хөөрсөн Ахашверош Естерээс юу хүсэж байгааг нь дахин асуув. Одоо хэлэх цаг болсон болов уу?

8 Естер тэгж бодоогүй. Тэрээр дараагийн өдөр нь дахин найр хийхээр болж, хаан Хаман хоёрыг урьжээ (Ест. 5:7, 8). Естер яагаад хэлэхээ азнасан юм бол? Хааны зарлигийн дагуу элэг нэгтнүүд нь үхлийн ирмэгт тулж ирээд байгаа шүү дээ. Ийм эгзэгтэй мөчид тэрээр бүр ч ухаалаг байж, цагаа олж ярих ёстойгоо сайн ойлгож байлаа. Тийм учраас ярихаа азнажээ. Ийнхүү нөхрөө хэчнээн их хүндэлдгээ дахин харуулахыг хүсжээ.

9. Тэвчээртэй байхын ач тус юу вэ? Естерийг хэрхэн дуурайх вэ?

 9 Тэвчээр бол гайхалтай зан чанар билээ. Естер сэтгэл нь шаналж, юу болоод байгааг нөхөртөө яримаар санагдсан ч тохиромжтой үеийг тэвчээртэй хүлээсэн. Бидэнд бас санаа зовоосон асуудлаа дор нь шийдчихмээр санагдах үе бий. Тийм үед Естерийн жишээ их сургамжтай. Тухайн асуудлыг шийдэх эрхтэй хүнд хэлэхдээ Естер шиг тэвчээртэй байх шаардлагатай болж мэднэ. Тэгээд ч Сургаалт үгс 25:15-д «Захирагч хүнийг тэвчээрээр ятгаж болно. Уян хатан хэл ясыг ч хугалж чадна» гэж байдаг. Хэрэв бид Естерийг дуурайн цагийг нь олж, эвтэйхэн хэлбэл хатуу ширүүн эсэргүүцсэн хүнийг зөөлрүүлж, ая эвийг нь олох боломжтой. Тэвчээртэй, ухаалаг Естерийг Ехова ивээсэн үү?

Тэвчээртэй байсны үр ашиг

10, 11. Найраас «өндөр сэтгэлтэй гарч явсан» Хаман яагаад гэнэт уурласан бэ? Эхнэр, найз нөхөд нь юу гэж зөвлөсөн бэ?

10 Естер тэвчээртэй байсны үрээр үйл явдлууд гайхалтай өрнөсөн.  Хаман найр дуусахад хаан хатан хоёрын хүндэтгэлийг хүлээсэндээ ихэд баярлаж «өндөр сэтгэлтэй гарч явлаа». Ордны хаалгаар гарахдаа Мордехаи руу харсан боловч тэрээр мэхийн ёсолсонгүй. Үүнийг хараад Хаман «уурлан хилэгнэв» (Ест. 5:9). Мордехаи Хаманыг хүндэлдэггүй учраас бус, мөс чанараа цэвэр байлгаж, Еховатай тогтоосон харьцаагаа бүхнээс илүү эрхэмлэдэг учраас түүнд мэхийн ёсолдоггүйг өмнөх бүлэгт ярилцсан.

11 Хаман Мордехаин талаар эхнэр, найз нөхдөдөө хэлэв. Тэд Хаманыг 22 метр өндөр дүүжлүүр хийгээд Мордехаиг дүүжлэн алахыг хаанаас гуй гэж зөвлөжээ. Тэдний зөвлөгөө Хаманд таалагдсан учраас тэр дор нь дүүжлүүр хийхийг тушаажээ (Ест. 5:12–14).

12. Хаан «он дарааллын бичгийг» яагаад уншуулах болсон бэ? Тэндээс юу олж мэдсэн бэ?

12 Хаан найраас ирээд «шөнийн туршид унтаж чадсангүй» гэж Библид гардаг. Нойр нь хулжсан тул «он дарааллын бичгийг» авчруулж, чангаар уншуулав. Хааныг алах гэсэн хуйвалдааныг олж илрүүлсэн мэдээлэл тэнд бичигдсэн байлаа. Ямар хүмүүс өөрт нь халдах гэж байсныг, тэдэнд ямар ял шийтгэл оноосноо хаан санаж байв. Гэхдээ хуйвалдааныг олж илрүүлсэн Мордехаиг яаж шагнасныг санахгүй байлаа. Шагнаж урамшуулсан эсэхийг нь асуухад Мордехаин төлөө юу ч хийгээгүй, ямар ч шан харамж өгөөгүй нь тодорхой болов (Естер 6:1–3-ыг уншина).

13, 14. а) Хаманы хэрэг явдал яаж буруугаар эргэж эхэлсэн бэ? б) Эхнэр, найз нөхөд нь түүнд юу гэж хэлсэн бэ?

13 Энэ алдааг залруулахад хэн тусалж чадахыг хаан тайгануудаасаа асуужээ. Тэд Хаманыг ордонд ирснийг хэлэв. Хаманаас өөр хүн ийм эрт ордонд ирнэ гэж үү? Тэрээр Мордехаиг дүүжилж алах зөвшөөрөл хаанаас авахаар ирсэн бололтой. Хаманыг орж ирэхэд хаан: «Хүндэтгэлээ үзүүлэхийг хүсэж буй хүний төлөө юу хийх нь зохистой вэ?» гэж асуув. Хаман өөрт нь хүндэтгэл үзүүлэх нь гэж дотроо боджээ. Тиймээс хаанд ийн хэлэв. Тэр хүнд хааны өмсгөлийг өмсүүлж, морийг нь унуулан Сусагийн талбайгаар хөтлөн явж, «Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнд ийн үйлдэгдэнэ» хэмээн хүмүүст чанга хэлэг гэжээ. Тэр хүн нь Мордехаи байсныг сонсоод Хаманы царай яаж хувирсныг төсөөл дөө. Мордехаиг олон түмэнд зарлан явах хүн нь хэн байсан бол? Хаман байв! (Ест. 6:4–10).

14 Хааны тушаалыг Хаман арга буюу биелүүлээд гуньж гутарсан амьтан гэрийн зүг яаран явав. Бүх юм буруугаар эргэж байгааг эхнэр, найз нөхөд нь түүнд хэллээ. Бас иудей хүн Мордехаитай тэмцээд ямар ч амжилт олохгүйг хэлжээ (Ест. 6:12, 13).

15. а) Естер тэвчээртэй хүлээснээр ямар үр дүнд хүрсэн бэ? б) Бурхныг тэвчээртэй хүлээх нь яагаад зөв бэ?

 15 Естер ухаалаг, тэвчээртэй байж нэг хоног хүлээснийхээ үр шимийг хүртжээ. Хаман өөрийгөө шившиг болгох нь тэр. Ехова Ахашверош хааны нойрыг хулжаасан байж болох шүү дээ (Сур. 21:1). Библи бидэнд тэвчээртэй хүлээхийг зөвлөдөг нь санамсаргүй хэрэг биш байх нь ээ (Мика 7:7-г уншина). Санаа зовоосон асуудлаа шийдэхдээ Бурханд найдаж, тэвчээртэй хүлээдэг бол хамгийн зөв аргаар шийднэ.

Зоригтой илчилсэн нь

16, 17. а) Естер хэзээ ярьсан бэ? б) Естер Ваштигаас юугаараа ялгаатай байсан бэ?

16 Естер нөхрийнхөө тэвчээрийг баралгүй, хоёр дахь өдрийн найран дээр бүхнийг хэлэхээр шийдэв. Харин яаж хэлэх бол? Найрын үеэр нөхөр нь Естерээс юу хүсэж байгааг нь дахин асуув (Ест. 7:2). Одоо Естерийн хувьд хэлэх цаг нь ирлээ.

17 Тэрээр хаантай ярихын өмнө дотроо Еховад залбирсан биз ээ. Тэгээд «Хаантан минь, хэрэв би таны тааллыг олсон бол, хэрэв үүнийг хаан таалбал, гуйлтын минь дагуу миний амийг надад өгөөч, хүсэлтийн минь дагуу миний ард түмнийг надад өгөөч!» гэв (Ест. 7:3). Хааныг хүссэн шийдвэрээ гаргах эрхтэйг нь хүлээн зөвшөөрдгөө ийн харуулжээ. Нөхрөө санаатайгаар үл хүндэтгэсэн Вашти хатнаас Естер тэс өөр байв (Ест. 1:10–12). Бас нөхрийгөө Хаманд хууртагдлаа гэж буруутгаж шүүмжлээгүй. Харин амь насыг минь хамгаалж өгөөч гэж гуйжээ.

18. Естер санаа зовоосон асуудлаа хаанд хэрхэн хэлсэн бэ?

 18 Естерийн гуйлтыг сонсоод хааны сэтгэл хөдлөхийн зэрэгцээ гайхжээ. Хатных нь амь насанд хэн заналхийлж зүрхлээ вэ? Естер цааш нь «Бид, би ч, миний ард түмэн ч устгагдаж, алагдаж, хүйс тэмтрэгдэхээр худалдагдаад байна. Хэрэв бид ердөө эр, эм боолууд болон худалдагдсан бол, энэ нь хааныг уурлуулмаар зүйл биш учир би дуугүй байх байсан» гэв (Ест. 7:4). Ямар асуудал тулгараад байгааг тодорхой хэлснийг анхаараарай. Бас боол болж худалдагдсан бол чимээгүй байх байснаа хэлсэн. Гэтэл энэ явдал хаанд хүртэл хохиролтой тул дуугүй өнгөрөөж чадахгүйгээ хэлжээ.

19. Естерээс юу сурах вэ?

19 Естерийн жишээ бидэнд маш их сургамжтай. Хэрэв та ноцтой асуудлыг шийдэх гэж байгаа бол хайртай хүмүүстэйгээ, тэр байтугай тухайн асуудлыг шийдэх эрхтэй хүмүүстэй ярилцахдаа тэвчээртэй, хүндэтгэлтэй байгаарай. Бас илэн далангүй хэлээрэй. Ингэвэл асуудлыг шийдэхэд амар болно (Сур. 16:21, 23).

20, 21. а) Естер Хаманыг хэрхэн илчилсэн бэ? Хаан яасан бэ? б) Хорон төлөвлөгөө нь илчлэгдэхэд Хаман яасан бэ?

20 Ахашверош Естерээс «Тэр чинь хэн бэ? Ийн үйлдэхийг зүрхлэгч тэр хүн хаана байна вэ?» гэж асуув. Естер Хаман руу чичилж «Дайсан болон өстөн бол энэ хорон санаат Хаман!» гэлээ. Үүнийг сонсоод тэд яасан бол? Хаман айдаст автав. Хаан ч дүрсхийн уурлав. Итгэж явдаг зөвлөх нь хуурч мэхлэн, хайртай хатныг нь алах зарлиг гаргуулжээ! Уурандаа багтарч ядсан хаан ордны цэцэрлэг рүү бушуухан гарлаа (Ест. 7:5–7).

Естер Хаман руу чичилж, хорон санааг нь зоригтой илчилсэн

 21 Хорон төлөвлөгөө нь илчлэгдсэнд Хаман айж балмагдан амь хэлтрүүлэхийг гуйн хатны өмнө сөхрөв. Хааныг гаднаас орж ирэхэд Хаман Естерийн хэвтэж буй буйдан дээр унаж тусан өршөөл гуйж байлаа. Хатныг нь хүчиндэх гэж байна гэж хаан бодоод уурлан хилэгнэжээ. Ингээд Хаман үхэхээс өөр замгүй болсноо ойлгов. Мордехаиг алах гэж дүүжлүүр бэлдсэнийг нь тайгануудын нэг нь хаанд хэлжээ. Тэгэхэд хаан Хаманыг өөрийнх нь бэлдсэн дүүжлүүрт өлгөж алахыг тушаажээ (Ест. 7:8–10).

22. Естерийн жишээ бидэнд ямар сургамжтай вэ?

22 Өнөөгийн ертөнц шударга бус явдлын далайд живж байгаа учраас шударга явдал бараг үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Та бас тэгж боддог уу? Естер шударга бус явдалтай тулгарахад цөхрөнгөө бараагүй, итгэл найдвараа ч алдаагүй. Цаг нь болоход зоригтой илчилж, хүч хүрэхгүй зүйлээ Ехова Бурхандаа даатгасан. Бид бас Естерийг дуурайх хэрэгтэй. Ехова одоо ч өөрчлөгдөөгүй бөгөөд хорон санаа, заль мэхтэй хүмүүсийг илчилж, Хаманы адилаар өөрийнх нь ухсан нүхэнд унагах чадалтай (Дуулал 7:11–16-г уншина).

Еховагийн төлөө, ард түмнийх нь төлөө амь биеэ үл хайрласан нь

23. а) Мордехаи Естер хоёрыг хаан хэрхэн шагнасан бэ? б) Бениамины талаар зөгнөсөн Иаковын зөгнөл хэрхэн биелсэн бэ? (« Зөгнөл биелсэн нь» гэсэн хавсралтыг үзнэ үү).

23 Ахашверош хаан Мордехаиг ямар хүн болохыг нь мэдэж авав. Амь насыг нь аварсан үнэнч албат нь төдийгүй Естерийг өсгөж хүмүүжүүлсэн эцэг нь гэдгийг мэджээ. Мордехаиг Хаманы оронд томилж, ерөнхий сайд болгов. Бас Хаманы хөрөнгө мөнгө, байшин савыг нь Естерт өгчээ. Харин Естер «Мордехаиг Хаманы гэрийнхний захирагчаар томилов» (Ест. 8:1, 2).

24, 25. а) Естер Хаманы төлөвлөгөөг илчилсэн хэр нь яагаад тайвшраагүй вэ? б) Естер яагаад дахин амь насаараа дэнчин тавьсан бэ?

24 Естер Мордехаи хоёр аюулаас мултарсан тул Естерийн санаа амарсан уу? Тэрээр аминч үзэлтэй хүн биш учраас санаа нь  зовсон хэвээрээ байв. Яагаад гэвэл элэг нэгтнүүдийг нь алах Хаманы зарлигийг Персийн эзэнт гүрний өнцөг булан бүрд тунхаглахаар зарлагууд явсан шүү дээ. Хаман хорон муу төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх өдрийг тогтоохдоо «Пур буюу шавга орхин шодсон билээ». Энэ нь мэргэ төлгөтэй холбоотой байсан бололтой (Ест. 9:24–26). Товлосон өдөр болоход хэдэн сар үлдсэн ч Хаманы зарлиг маш хурдан тархаж байв. Тэр зарлигийг хүчингүй болгож чадах болов уу?

25 Дуудаагүй байхад нь Естер дахин амь насаараа дэнчин тавьж хаанд бараалхав. Энэ удаа тэрээр ард түмнийхээ төлөө уйлж, тэднийг хүйс тэмтрэх зарлигийг хүчингүй болгож өгөхийг нөхрөөсөө гуйжээ. Гэтэл хааны гаргасан ямар ч зарлиг тушаал өөрчлөгддөггүй хуультай байв (Дан. 6:12, 15). Тийм учраас хаан шинэ тунхаг гаргах эрхийг Естер Мордехаи хоёрт өглөө. Иудейчүүд амиа хамгаалах эрхтэйг тунхагт тусгажээ. Энэ сайхан мэдээг тунхаглахаар хааны зарлагууд мориндоо мордон Персийн өнцөг булан бүр лүү давхив. Ийнхүү иудейчүүдийн айдас хүйдэс баяр хөөрөөр солигджээ! (Ест. 8:3–16). Хааны шинэ зарлигийг сонсоод Персийн эзэнт гүрэн даяарх иудейчүүд зэр зэвсгээ агсаж, тулалдах бэлтгэлээ сайтар базаасан биз ээ. Харин түмэн цэргийн Бурхан Ехова ард түмэндээ туслах болов уу? (1 Сам. 17:45).

Естер Мордехаи нар тунхгийг Персийн эзэнт гүрэн даяарх иудейчүүд рүү илгээсэн

26, 27. а) Ехова ард түмэндээ хэрхэн тусалсан бэ? б) Хаманы хүүхдүүдийг устгахад Библийн ямар зөгнөл биелсэн бэ?

 26 Тогтсон өдөр ирэхэд Бурхны ард түмэн тулалдахад бэлэн болжээ. Тэр байтугай хааны албатуудын зарим нь иудейчүүдийн талд оров. Тэд ерөнхий сайдаар томилогдсон Мордехаиг иудей хүн гэдгийг мэдсэн тул элэг нэгтнүүдийг нь хамгаалахаар шийджээ. Ехова ард түмэндээ агуу их ялалтыг өгөв. Тэднийг авран хамгаалж, дайснаа бүрмөсөн дарахад нь тусалжээ * (Ест. 9:1–6).

27 Хаманы хорон санаатай арван хүүг амьд байгаа цагт аавынх нь гэр орон, эд хөрөнгийг Мордехаи хариуцаж чадна гэж үү? Тэд ч алуулжээ (Ест. 9:7–10). Ийнхүү Библийн зөгнөл биелэв. Ехова ард түмнийхээ дайсан амалекчуудыг бүрмөсөн устгана гэж зөгнөсөн байжээ (Д.хууль 25:17–19). Хаманы хүүхдүүд амалекчуудаас үлдсэн сүүлийн хүмүүс байсан бололтой.

28, 29. а) Ехова Естерийг, израйлчуудыг яагаад хамгаалсан бэ? б) Естерийн жишээ бидэнд яагаад урам зориг хайрладаг вэ?

28 Естер элэг нэгтнүүдээ хамгаалах, дайснаа дарах зарлиг гаргуулах гэх мэт залуу бүсгүйд ахадсан гэмээр ачаа үүрч явжээ. Энэ нь хүнд ачаа байсан ч израйлчуудыг авран хамгаалах нь Еховагийн хүсэл байв. Учир нь хүн төрөлхтнийг нүгэл, үхлээс чөлөөлөх цорын ганц найдвар болох амласан Мессиа израйлчуудаас гарах байв! (Эх. 22:18). Мессиа буюу Есүс дэлхийд ирээд дайнд оролцохгүй байхыг дагалдагчдадаа тушаасан юм. Энэ нь ямар сайн хэрэг вэ! (Мат. 26:52).

29 Гэхдээ Христийн дагалдагчид өөр дайнд оролцдог. Еховад итгэх итгэлийг маань эвдэн бусниулахын тулд эцсийн хүчээ ашиглаж буй Сатантай тулалддаг (2 Коринт 10:3, 4-ийг уншина). Естер шиг сайхан жишээ үзүүлсэн хүн байгаа нь бидэнд урам зориг хайрладаг. Бид түүнийг дуурайж итгэлээ үйл хэргээрээ харуулж явцгаая. Яаж? Санаа зовоосон асуудлаа хэлэхдээ ухаалаг, тэвчээртэй байж, эрх ашгаа хойш тавин итгэл нэгтнүүдээ хамгаалах зориг зүрхтэй байцгаая.

^ д/м 26 Дараагийн өдөр нь дайснаа бүрмөсөн дарахыг хаан иудейчүүдэд зөвшөөрчээ (Ест. 9:12–14). Одоо ч иудейчүүд жил бүрийн Адар сард буюу 2-р сарын сүүл ба 3-р сарын эхэнд тохиодог энэ өдрийг дурсан Пурим гэдэг баяр тэмдэглэдэг. Пурим нь пур гэдэг үгийн олон тоо бөгөөд Хаман иудейчүүдийг устгах өдрийг тогтоохдоо орхисон шавганы нэрээр нэрлэгджээ.