Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Итгэлийн жишээ

 АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ

Тэрээр Бурхны ард түмнийг өмгөөлөн хамгаалсан

Тэрээр Бурхны ард түмнийг өмгөөлөн хамгаалсан

1-3. а) Хааны ордон руу дөхөх тусам Естер яагаад түгшсэн бэ? б) Ямар асуултуудыг авч үзэх вэ?

ЕСТЕР Суса дахь хааны ордон руу дөхөх тусам сэтгэл нь түгшинэ. Түүний зүглэн яваа орд харш бол үнэхээр сүрдэж биширмээр газар ажээ. Тоосгон ханан дээр нь далавчит бух, арслан болон харваачдыг товойлгон урлаж, будаж өнгөлжээ. Уран хийцтэй чулуун багана, сүрлэг хөшөө баримал бүхий энэ ордон мөнх цаст Загрос уулсын бэлд сүндэрлэнэ. Цэнгэг устай Кархе гол хажуугаар нь урсана. Ордныг харсан хэн бүхэн хааны эрх мэдэл, хүч чадлыг биширдэг байсан нь лавтай. Тэр хаан өөрийгөө «агуу их хаан» гэдэг байв. Мөн Естерийн нөхөр юм.

2 Естер яаж яваад тийм хүнтэй суучихсан юм бол? Ахашверош шиг нөхөртэй болно гэж үнэнч иудей бүсгүй төсөөлөө ч үгүй явсан биз ээ. * Сайн нөхөр байхын гайхалтай жишээ болсон Абрахам нарын хүмүүсийг Ахашверош дуурайдаггүй байсан. Абрахам даруу байж, Еховагийн зааврыг даган эхнэрийнхээ үгийг сонссон билээ (Эх. 21:12). Ахашверош хаан Естерийн Бурхан Еховаг болон хууль тушаалыг нь огт сонсож байгаагүй биз ээ. Харин Персийн хууль, түүний дотор Естерийн одоо зөрчих гэж байгаа заалтыг сайн мэддэг байв. Ямар заалт юм бол? Зөвшөөрөлгүйгээр ордонд очиж, хаанд бараалхсан хэн боловч цаазлуулах ял авдаг байжээ. Гэтэл Естер урилгагүй хэр нь хаантай уулзахаар яваа билээ. Ордонд орж, хааны сэнтий рүү дөхөх тусам үхэл рүүгээ ойртож байгаа мэт санагдсан биз ээ (Естер 4:11; 5:1-ийг уншина).

3 Естер яагаад амь насаараа дэнчин тавих болов? Итгэлийн гайхалтай жишээ болсон Естерээс юу сурах вэ? Эхлээд, яагаад Персийн хатан болсныг нь авч үзье.

 Естерийн амьдрал ахуй

4. Естер яагаад Мордехаин гар дээр өссөн бэ?

4 Естер өнчин байжээ. Эцэг эх нь түүнд Хадасса гэдэг нэр хайрлажээ. Энэ нь «мирт» буюу гоё цагаан цэцэг дэлбээлдэг бут гэсэн утгатай. Эцэг эх нь нас барахад сайхан сэтгэлтэй үеэл ах Мордехаи нь түүнийг үрчилж авчээ. Нас дээр гарсан тэрээр Естерийг охин шигээ үзэн, өсгөн хүмүүжүүлжээ (Ест. 2:5–7, 15).

Мордехаи охиноороо бахархсан нь лавтай

5, 6. а) Мордехаи Естерийг хэрхэн өсгөсөн бэ? б) Мордехаи Естер хоёр Сусад хэрхэн амьдардаг байсан бэ?

5 Мордехаи Естер хоёр олзлогдсон иудей хүмүүс байв. Персийн нийслэлд амьдардаг тэд Еховаг шүтэж, хуулийг нь сахидгаасаа болоод гадуурхагддаг байсан нь лавтай. Гэлээ ч Мордехаи Ехова Бурхны тухай Естерт заадаг байжээ. Өршөөнгүй сэтгэлтэй Ехова ард түмнээ олон удаа аварч ирснийг, ирээдүйд ч авран хамгаалахыг ярьж өгдөг байв (Лев. 26:44, 45). Тэр хэрээр тэд бие биетэйгээ дотносож, улам их хайрладаг болсон нь тодорхой.

6 Мордехаи Суса дахь хааны ордонд алба хашиж байсан бололтой. Тэрээр «хааны дааман хаалганы» үүдэнд бусад зарцын хамт суудаг байв (Ест. 2:19, 21; 3:3). Естер хэрхэн өсөж торнисон тухай Библид байдаггүй. Гэхдээ баттай хэлж чадах нэг зүйл бий. Тэрээр үеэл ахдаа санаа тавьж, гэр орныг нь сайн хардаг байв. Тэд Кархе голын нөгөө эрэг дээр байдаг энгийн ардын дунд амьдардаг байсан бололтой. Естер Сусагийн зах дээр очиж алт мөнгөний дархчууд, худалдаачдын зарж буй чамин тансаг эдлэлийг харж байсан биз ээ. Хожим нь тэдгээр үнэт эдлэлийг өдөр бүр эдэлж хэрэглэнэ чинээ бодоо ч үгүй байх. Өөрийг нь ямар ирээдүй хүлээж байгааг Естер мэдэхгүй байлаа.

«Үзэсгэлэнтэй байсан»

7. Ваштиг яагаад хатан байхыг нь болиулсан бэ? Дараа нь юу болсон бэ?

7 Нэгэн өдөр Суса хотынхон хааны ордонд болсон явдлын талаар цуурхав. Ахашверош хаан «бүх ноён, бараа бологчдоо»  цуглуулан найр хийж, тансаг хоол унд, дарсаар дайлж байв. Хатан Вашти нь бас «эмэгтэйчүүдэд зориулан найр» хийж байлаа. Хаан найрын үеэр үзэсгэлэн гоо хатнаа дуудуулжээ. Гэвч Вашти ирсэнгүй. Өөрийг нь хүндлээгүйд хаан уурлан хилэгнэж, Ваштиг хэрхэн шийтгэх талаар зөвлөхүүдтэйгээ хэлэлцэв. Ямар шийдвэрт хүрсэн бол? Ваштиг хатан байхыг нь болиулжээ. Тиймээс хаан түүний оронд хатан болох хүнийг сонгохын тулд зарц нараа улсынхаа өнцөг булан бүр лүү илгээж «үзэсгэлэнтэй онгон охидыг» авчрахыг тушаав (Ест. 1:1—2:4).

8. а) Естерийг өсөж томрохын хэрээр Мордехаи яагаад санаа зовсон бэ? б) Гоо үзэсгэлэнгийн талаар зөв үзэлтэй байхад тустай ямар зөвлөгөө Библид байдаг вэ? Бид яаж хэрэгжүүлж болох вэ? (Сургаалт үгс 31:30-ийг үзнэ үү).

8 Бяцхан охин нь өсөж томроод, үзэсгэлэнтэй бүсгүй болсныг Мордехаи хараад баярлахын зэрэгцээ санаа нь зовно. Естерийг «бие галбир, царай зүсээр үзэсгэлэнтэй байсан» гэж байдаг (Ест. 2:7). Библид гоо үзэсгэлэнгийн талаар зөв үзэлтэй байхад тустай зөвлөгөө бий. Гоо үзэсгэлэнг ухаалаг, даруу зантай хослуулах учиртай. Хэрэв даруу, ухаалаг биш бол өөртөө эрдэх, бардам загнах юм уу янз бүрийн ааш авир гаргах аюултай байдаг (Сургаалт үгс 11:22-ыг уншина). Та үүнтэй санал нийлэх байх. Естер биеэ тоох болов уу? Үүнийг цаг хугацаа харуулах байлаа.

9. а) Хааны зарц нар Естерийг яасан бэ? Мордехаигаас салах нь яагаад хэцүү байсан бэ? б) Естерийг Еховаг шүтдэггүй хүнтэй гэрлэхийг Мордехаи яагаад зөвшөөрсөн бэ? (Хавсралт үзнэ үү).

9 Хааны зарц нар Естерийг олоод харчихав. Тэд түүнийг Мордехаигаас авч яваад голын цаадах хааны ордонд авчирлаа (Ест. 2:8). Аав охин хоёр шиг болсон тэдний хувьд салж хагацах ямар хэцүү байсан бол оо! Мордехаи охиноо Еховаг шүтдэггүй хүнтэй, тэр байтугай хаантай ч суулгахыг хүсээгүй нь мэдээж. Гэвч хааны зарлиг тушаалыг хэн зөрчиж чадах бил ээ! * Салахдаа хэлсэн Мордехаин захиас сургамжийг Естер чих тавин сонссон нь дамжиггүй. Тэрээр Суса дахь хааны ордон руу хүргэгдэж байхдаа ирээдүйдээ санаа зовж явсан биз ээ. Түүнийг ямар амьдрал хүлээж байгаа бол?

«Өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов»

10, 11. а) Шинэ орчин нь Естерт яаж нөлөөлж болзошгүй байсан бэ? б) Мордехаи Естерийн төлөө санаа зовдог байсан нь юунаас харагддаг вэ?

10 Естерийн амьдрал эрс өөрчлөгдөв. Тэрээр Персийн  эзэнт гүрний өнцөг булан бүрээс ирсэн «залуу эмэгтэйчүүдтэй» хамт амьдрах болжээ. Тэдний хэл соёл, үзэл бодол ялгаатай байлаа. Ордонд хүргэгдэж ирсэн бүсгүйчүүдийг Хегаи гэдэг хүн хариуцаж байв. Тэд анхилуун үнэртэй тосоор массаж хийлгэх зэргээр жилийн турш «гоо сайхны үйлчилгээ» хийлгэжээ (Ест. 2:8, 12). Эмэгтэйчүүд ийм орчинд удаан байвал гадаад байдалдаа хэт анхаарч, өөртөө эрдэж, өрсөлдөх сэтгэлгээтэй болох амархан. Тэгвэл Естер яасан бэ?

11 Естерийг гэх хүн Мордехаигаас өөр байхгүй билээ. Тийм учраас Естерийг яажшуухан байгааг мэдэхийн тулд Мордехаи өдөр бүр эмэгтэйчүүдийн байрны урдуур «урагшаа хойшоо холхидог» байв (Ест. 2:11). Ордны зарц нараас чимээ ажиг сонсох бүрдээ охиноороо бахархдаг байсан биз ээ. Яагаад?

12, 13. а) Естер эргэн тойрныхоо хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? б) Естерийг иудей хүн гэдгээ хэлээгүйг Мордехаи мэдээд яагаад бахархсан бол?

 12 Естер Хегаин хайр хүндэтгэлийг хүлээжээ. Тийм учраас Хегаи түүнд долоон шивэгчин өгч, «хааны эхнэрүүдийн байрны хамгийн сайн газар уруу шилжүүлэв». «Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов» гэж Библид бий (Ест. 2:9, 15). Зөвхөн царай зүсээрээ хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж чадах байсан гэж үү? Үгүй л болов уу. Естер гоо үзэсгэлэнтэй байсан учраас л бүх хүний хайрыг татсан юм биш ээ.

Даруу, ухаалаг байх нь гоо үзэсгэлэнтэй байхаас илүү чухал гэдгийг Естер мэдэж байв

13 Тухайлбал «Естер өөрийн ард түмнээ ч, садан төрлөө ч илчилсэнгүй. Учир нь Мордехаи түүнд тэднийг илчилж болохгүй хэмээн захижээ» гэж Библид байдаг (Ест. 2:10). Хааны ордныхон иудейчүүдийг ялгаварлан гадуурхдагийг Мордехаи мэддэг байсан учраас Естерт ийн захижээ. Естер хажууд нь  байхгүй ч хэрсүү, дуулгавартай байгааг мэдээд Мордехаи ямар их бахархаж байсан бол оо!

14. Залуучууд Естерийг хэрхэн дуурайх вэ?

14 Өнөөгийн залуучууд ч эцэг эх болон өсгөж хүмүүжүүлсэн хүмүүсээ баярлуулж чадна. Эцэг эхийнхээ хараа хяналтаас хол байсан ч, тэр байтугай эргэн тойрных нь хүмүүс ёс журамгүй, харгис хэрцгий байлаа ч Еховагийн тогтоосон хэм хэмжээг тууштай баримталж чадна. Ийнхүү бусдын нөлөөнд автаагүй Естерийн адилаар тэнгэрийн Эцгээ баярлуулна (Сургаалт үгс 27:11-ийг уншина).

15, 16. а) Хаан яагаад Естерийг сонгосон бэ? б) Хатан болсон Естерт ямар аюул байсан бэ?

15 Хаанд бараалхах цаг нь ирлээ. Естер улам гоо үзэсгэлэнтэй харагдахын тулд янз бүрийн гоёл чимэглэл, хувцас хунараас дуртайгаа сонгож авах боломжтой байв. Гэхдээ Естер даруухан эмэгтэй байсан учраас «Хегаин зөвлөснөөс өөр зүйлийг» шаардаагүй юм (Ест. 2:15). Зөвхөн гадаад байдлаараа хааны сэтгэлийг татах боломжгүйг тэрээр ойлгодог байсан биз ээ. Хааны ордныхонд ховор болсон даруу зан өөрийг нь чимж, бүр ч үзэсгэлэн төгөлдөр харагдуулна гэдгийг Естер мэдэж байв. Естерийн зөв байсан уу?

16 Хариу нь Библид бий. «Хаан Естерийг бүх эмэгтэйчүүдээс илүү хайрлаж, Естер түүний таалал хийгээд энэрлийг бусад бүх онгон охидоос илүү олсон тул хаан хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов» (Ест. 2:17). Даруухан иудей бүсгүйн хувьд ордны амьдралд дасах хэчнээн хэцүү байсан бол! Тухайн үеийн хамгийн хүчирхэг эзэнт гүрний хатан болсон шүү дээ. Тэгвэл Естер бардам ихэмсэг болсон уу? Огтхон ч үгүй.

17. а) Естер Мордехаид дуулгавартай хэвээрээ байсан нь юунаас харагддаг вэ? б) Естерийг дуурайх нь одоо яагаад чухал болоод байна вэ?

17 Эцгээс нь өөрцгүй ханддаг Мордехаид Естер дуулгавартай хэвээрээ байв. Тэрээр еврей хүн гэдгээ хэнд ч хэлээгүй. Бас Мордехаин хэлүүлсэн үгийг хаанд уламжилсан. Ахашверош хааныг алах гэсэн нууц хуйвалдааныг Мордехаи илрүүлж Естерээр хэлүүлсэн ажээ (Ест. 2:20–23). Естер Ехова Бурхандаа ч дуулгавартай байж, итгэлээ үйл хэргээрээ харуулсаар байв. Тэрслүү зан, дуулгаваргүй байдал газар авсан өнөө үед даруу, дуулгавартай Естерийг дуурайх нь туйлын чухал болоод байна. Бат итгэлтэй хүмүүс Естерийн адилаар дуулгавартай байхыг үнэлж эрхэмлэдэг.

 Итгэл нь соригдсон нь

18. а) Мордехаи Хаманд мэхийн ёслоогүй нь ямар учиртай байж болох вэ? (Зүүлт үзнэ үү). б) Бурхны орчин үеийн үйлчлэгчид Мордехаин жишээг яаж дагадаг вэ?

18 Хаман гэдэг хүн хааны ордонд нэр нөлөө бүхий хүн болов. Ахашверош түүнийг гол зөвлөхөө болгож, ерөнхий сайдаар томилжээ. Ийнхүү тэрээр хааны дараа орох эрх мэдэлтэй хүн болсон юм. Хаманыг харсан ямар ч хүн хүндэтгэл үзүүлж бөхийх ёстой гэж хаан зарлигджээ (Ест. 3:1–4). Энэ зарлиг Мордехаиг хэцүү байдалд оруулав. Тэрээр хааны зарлиг тушаалыг дагадаг байсан ч Еховагийн тушаалтай зөрчилдсөн зарлигийг дагахгүй байхаар шийджээ. Юу гэвэл, Хаман «агаг хүн» байв. Өөрөөр хэлбэл зөнч Самуелын цаазалсан, амалекчуудын хаан Агагийн удмын хүн байсан бололтой (1 Сам. 15:33). Амалекчууд бузар булай явдалд живж, өөрсдийгөө Еховагийн болон ард түмнийх нь дайсан болгожээ. Тиймээс Бурхны шийтгэлийг хүртсэн юм * (Д.хууль 25:19). Тэгвэл Бурхны үнэнч үйлчлэгч Мордехаи Хаманд мэхийн ёслоно гэж үү? Яалаа гэж дээ! Тэрээр Хаманыг харсан ч хүндэтгэл үзүүлэн бөхийдөггүй байв. Бурхны орчин үеийн үнэнч үйлчлэгчид бас амь насанд нь аюул учрах байлаа ч «Хүнд бус, Бурханд захирагдах ёстой» гэсэн зарчмыг баримталдаг (Үйлс 5:29).

19. Хаман юу хийхийг хүссэн бэ? Хааныг хэрхэн ятгасан бэ?

19 Хаман уур хорсолд автав. Тэрээр зөвхөн Мордехаиг бус, элэг нэгтнүүдийг нь бас хүйс тэмтрэхийг хүсэв! Тийм учраас хаантай ярилцаж, иудейчүүдийн талаар буруу ойлголт төрүүлж дөнгөв. Ингэхдээ тэдний үндэс угсааг хэлээгүй ч «ард түмнүүдийн дунд тарж сарнисан», хаанд ямар ч хэрэггүй хүмүүс мэтээр ойлгуулжээ. Түүгээр ч үл барам тэднийг хааны хууль тушаалыг дагадаггүй, тэрслүү этгээдүүд хэмээн гүтгэв. Тэднийг хүйс тэмтрэхэд зориулж маш их мөнгө хааны эрдэнэсийн санд хандивлахаа ч хэлжээ. * Тэгэхэд нь Ахашверош хаан тамгат бөгжөө Хаманд өгөөд хүссэн зарлигаа буулгах эрх олгожээ (Ест. 3:5–10).

20, 21. а) Хаманы гаргасан зарлиг Персийн эзэнт гүрний иудейчүүд болон Мордехаид хэрхэн туссан бэ? б) Мордехаи Естерт юу хийхийг тушаасан бэ?

20 Хааны зарлагууд Персийн эзэнт гүрний дөрвөн зүг  найман зовхис руу явж, иудейчүүдийг хүйс тэмтрэх зарлигийг тунхаглав. Алс холын Иерусалимд энэ аймшигт мэдээ хүрэхэд тэнд байсан иудейчүүд хэчнээн их цочирдсон бол оо! Тэд Вавилоноос чөлөөлөгдөж нутагтаа ирчихээд хана хэрэмгүй Иерусалимыг сэргээн босгохыг оролдож байсан шүү дээ. Мордехаи тэднийг, бас Сусад буй найз нөхөд, хамаатан саднаа бодсон биз ээ. Хүнд цохилтод орсон тэрээр хувцсаа урж, таар углаж, толгой дээрээ үнс цацаж, хотын төвд очоод цурхиран уйлав. Харин Хаман Суса дахь иудейчүүд болон найз нөхдөд нь гай тарьж байгаагаа юман чинээ бодолгүй хаантай «уухаар суужээ» (Естер 3:12—4:1-ийг уншина).

21 Мордехаи зүгээр сууж болохгүйгээ мэдэж байлаа. Гэхдээ юу хийж чадах билээ дээ? Естер түүний тухай сонсоод тайвшруулж тайтгаруулахын тулд хувцас илгээсэн ч Мордехаи авсангүй. Мордехаи өнөөг хүртэл нэг зүйлийг бодож явсан биз ээ. Хайртай охиныг нь салгаж харийн хаанд эхнэр болгон өгөхийг Ехова яагаад зөвшөөрсөн юм бол оо? Харин одоо энэ асуултын хариу тодорхой болсон юм шиг санагдав. Тэрээр Естерийг хаанд бараалхан «ард түмнийхээ төлөө гуйхыг тушаажээ» (Ест. 4:4–8).

22. Естер нөхөртөө бараалхахаас яагаад айсан бэ? (Зүүлт үзнэ үү).

 22 Естер Мордехаин хэлүүлснийг сонсоод айж түгшсэн нь лавтай. Итгэлийг нь шалгасан хүнд сорилт байв. Юунаас айж шаналж байгаагаа Мордехаид илэн далангүй мэдэгджээ. Дуудаагүй байхад нь хаанд бараалхвал үхэх ял авдаг хуультайг түүнд сануулав. Хаан алтан таягаа сунгасан тохиолдолд л шийтгэлээс мултардаг байжээ. Естерт хааны хууль үйлчлэхгүй гэсэн баталгаа байгаа гэж үү? Вашти хүртэл нөхрийнхөө тушаалыг дагаагүй учраас хатныхаа суудлаас хөөгдсөн шүү дээ. Естер 30 хоногийн турш хаанд дуудагдаагүй байгаагаа бас хэлүүлжээ. Ийм олон хоног дуудаагүй болохоор хаан бодлоо өөрчилж, өөрийг нь хайрлахаа больсон юм болов уу гэсэн бодол Естерийн толгойд эргэлдэнэ * (Ест. 4:9–11).

23. а) Мордехаи Естерийг хэрхэн зоригжуулсан бэ? б) Бид Мордехаиг яагаад дуурайх хэрэгтэй вэ?

23 Мордехаи Естерийг зоригжуулахын тулд хатуу үгтэй хариу бичжээ. Хэрэв ямар нэгэн юм хийхгүй бол элэг нэгтнүүд нь «өөр газраас аврал болоод тусламж» эрнэ гэдгийг Естерт батлан хэлэв. Бүх иудейчүүдийг устгах учир түүнийг ч бас амь мултарч чадахгүйг сануулжээ. Еховаг ард түмнээ аварна, санаа зорилгоо заавал биелүүлнэ гэдэгт Мордехаи бат итгэдгээ ийн харуулав (Иош. 23:14). Тэрээр: «Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм билүү, хэн мэдэх вэ?» хэмээн Естерт бичжээ (Ест. 4:12–14). Ямар гайхалтай жишээ бидэнд үзүүлээ вэ! Мордехаи Ехова Бурхандаа бүрэн дүүрэн итгэж найдсан билээ. Та яадаг вэ? (Сур. 3:5, 6).

 Үхэхээс ч айгаагүй

24. Естер бат итгэлтэй, эр зоригтой байсан нь юунаас харагддаг вэ?

24 Естер зориг шулууджээ. Тэрээр Мордехаид хэл хүргүүлж Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулан гурван хоног өөртэй нь хамт мацаг барихыг гуйв. Бас «Хэрэв би үхэх бол үхнэ» хэмээн бичжээ. Энэ нь Естерийг бат итгэлтэй, эр зоригтой байсныг нь харуулдаг (Ест. 4:15–17). Естер тэр гурван өдрийн турш Еховад урьдынхаасаа илүү шаргуу залбирсан нь дамжиггүй. Эцэст нь хаанд бараалхах цаг ирлээ. Өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж, хатныхаа хувцсыг өмсөн, гоёл чимэглэлээ зүүв. Тэгээд хааны ордон руу явлаа.

Естер элэг нэгтнүүдээ хамгаалахын тулд амь насаараа дэнчин тавьсан

25. Нөхөртөө бараалхаж буй Естерийг дүрсэлнэ үү.

25 Естерийг хааны ордон руу явж байгааг өгүүллийн эхэнд дурдсан. Тэрээр хэчнээн их айж түгшин, шаргуу залбирч явсан бол оо! Ордны үүдээр ороход Ахашверош сэнтийдээ заларч байв. Естер нөхрийнхөө царайг ажиглаж, сэтгэл санаа нь ямар байгааг мэдэхийг оролдсон биз ээ. Естер хүлээх хэрэгтэй байсан ч байж мэднэ. Тэгсэн бол цаг хугацаа зогсчихсон юм шиг санагдсан нь лавтай. Нөхөр нь Естерийг хараад ихэд гайхсан биз ээ. Гэлээ ч нүүрэнд нь инээмсэглэл тодров. Тэгээд алтан таягаа сунгалаа! (Ест. 5:1, 2).

26. Христийн жинхэнэ дагалдагчид яагаад Естер шиг зоригтой байх ёстой вэ? Естерийн хийх ажил дөнгөж эхэлж байсан гэж яагаад хэлж болох вэ?

26 Хаан яриаг нь анхааралтай сонсжээ. Бурхандаа үнэнч байж, элэг нэгтнүүдээ хамгаалахын төлөө амь насаараа дэнчин тавьсан Естер Бурхны бүх үеийн үйлчлэгчдэд итгэлийн гайхалтай жишээ болсон юм. Христийн жинхэнэ дагалдагчид Естер шиг үнэнч хүмүүсийг дуурайхыг эрмэлздэг. Дагалдагчид нь өөрсдийнхөө эрх ашгийг бодолгүй бусдыг хайрлах учиртайг Есүс хэлжээ (Ёохан 13:34, 35-ыг уншина). Ийм хайр илэрхийлэхийн тулд Естер шиг зоригтой байх шаардлагатай. Тэрээр нөхөртөө бараалхсан нь элэг нэгтнүүдийнхээ төлөө хийх зүйлсийн зөвхөн эхлэл нь байв. Хамгийн сайн зөвлөх Хаман нь өөдгүй санаатай этгээд гэдгийг нөхөртөө хэрхэн ойлгуулах бол? Элэг нэгт иудейчүүдээ яаж аврах бол? Дараагийн бүлэгт хариу нь бий.

^ д/м 2 Ахашверошийг I Ксеркс хаан байсан хэмээн түүхчид үздэг. I Ксеркс МЭӨ V зууны эхээр Персийг захирч байв.

^ д/м 9 «Естерийн талаарх асуултууд» гэсэн хавсралтыг 16-р бүлгээс үзнэ үү.

^ д/м 18 Хезекиа хааны үед «амалекчуудын үлдэгсдийг» устгасан. Гэхдээ Хаман амьд үлдсэн цөөн хэдэн амалекчуудын нэг байсан бололтой (Ш.дээд 4:43).

^ д/м 19 Хаман 10 000 мөнгөн талантыг хааны эрдэнэсийн санд хийхээр болсон нь, одоогийнхоор бол хэдэн зуун сая доллар ажээ. Ахашверош Грекийг эзлэн авахын тулд асар их хэмжээний мөнгө хуримтлуулж байсан болохоор Хаманы санал болгосон мөнгө сэтгэлийг нь татсан биз ээ.

^ д/м 22 I Ксеркс олон ааштай, харгис догшин хүн байв. Грекчүүдтэй дайтаж байхдаа юу хийснийг нь Грекийн түүхч Геродот тэмдэглэн үлдээжээ. Жишээлбэл Хеллеспонтын хоолойг гатлах хөвөгч гүүр барихыг Ксеркс хаан тушаав. Завинуудыг эгнүүлж тавиад энэ гүүрийг барьсан ажээ. Гэтэл хүчтэй шуурганд хөвөгч гүүр эвдэрчихэв. Гүүрийг зохион бүтээсэн инженерүүдийг цаазлаад зогсохгүй Хеллоспонтын хоолойг «шийтгэжээ». Яаж? Хааны зарц нар усыг самрангаа уг хоолойг харааж доромжилсон үгтэй тунхаг уншиж байв. Мөн тэр дайны үед нэг баян хүн хүүгээ цэргээс чөлөөлж өгөхийг хаанаас гуйхад хаан хүүг нь хоёр хэсэг болгон хувааж, ард иргэддээ сануулга болгон биеийг нь өлгөжээ.