Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Итгэлийн жишээ

 ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Тэрээр Бурханд сэтгэлээ уудалсан

Тэрээр Бурханд сэтгэлээ уудалсан

1, 2. а) Ханна аян замын бэлтгэлээ базааж байхдаа яагаад баяр баясгалангүй байсан бэ? б) Ханнагийн түүх ямар ач тустай вэ?

ХАННА аян замд гарах бэлтгэлээ базаана. Сэтгэл зовоосон асуудлаа аль болох бодохгүйг хичээнэ. Уг нь одоо баярлаж баясах цаг шүү дээ. Нөхөр Елкана нь жил бүр гэр бүлээ аваад Шилод байдаг мөргөлийн асарт очиж баяр тэмдэглэдэг байжээ. Ехова үүнийг ард түмнийхээ сайн сайхны төлөө санаачилсан (Дэд хууль 16:15-ыг уншина). Ханна хүүхэд байхаасаа л эдгээр баярт очих дуртай байсан нь лавтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд урьдынх шигээ баярлахаа больжээ.

Ханна нөхрийнхөө хайрыг булаасан эмэгтэй байв. Гэхдээ нөхөр нь Пенинна гэдэг бас нэг эхнэртэй байжээ. Пенинна байнга өдөж, зовооно. Тэр байтугай жил бүр болдог баяраар ч амар заяаг нь үзүүлэхгүй. Харин Ханна Еховад бат итгэдэг байсныхаа ачаар тэсэхийн аргагүй энэ зовлонгоосоо ангижирсан юм. Хэрэв та бас сэтгэлийн зовлон эдэлж, баяр хөөргүй болсон бол Ханнагийн түүх танд урам зориг хайрлана.

«Юунд зүрх сэтгэл чинь уйтгарлана вэ?»

3, 4. Ханна ямар хоёр асуудлаас болж гуньж гутардаг байсан бэ? Яагаад?

3 Ханна хоёр асуудлаас болж гуньж гутардаг байсныг Библид бичжээ. Эхнийх нь тэвчихэд хэцүү, хоёр дахь нь өөрөөс нь шалтгаалахгүй асуудал байв. Нэгдүгээрт, Пенинна үзэн ядна. Хоёрдугаарт, хүүсэр байжээ. Хүүхэдтэй болохыг хүсдэг ямар ч эмэгтэйд энэ нь сэтгэлийн зовлон болдог. Ханнагийн үед хүүхэдтэй болж, удам залгахыг их чухалд үздэг байсан учир хүүсэр байх нь гутамшигтай, ичгүүртэй хэрэг байлаа.

4 Пенинна зовлон дээр нь зовлон нэмдэггүй байсан бол Ханна хүүсэр байдлаа тэсвэрлэж чадах байсан биз ээ. Олон  эхнэртэй байх нь хэзээ ч сайн юманд хүргэдэггүй. Байнга өрсөлдөж, хэрэлдэж, бие биеийнхээ сэтгэлийг шархлуулна. Эр хүн олон эхнэртэй байх нь Бурхны санаа зорилго биш билээ (Эх. 2:24). Тиймээс олон эхнэртэй байхыг Библид огтхон ч сайшааж бичдэггүй. Үүний тод жишээ нь Елканагийн гэрийнхэнд тохиолдсон явдал юм.

5. Пенинна Ханнаг яаж зовоодог байсан бэ? Яагаад?

5 Елкана Ханнаг илүү их хайрладаг байв. Тэрээр эхлээд Ханнатай, хожим нь Пениннатай гэрлэсэн гэж иудейчүүд үздэг. Ямартай ч Пенинна Ханнад атаархаж сэтгэлийг нь янз бүрээр шархлуулдаг байжээ. Тэрээр олон хүүхэдтэй байлаа. Хүүхэд төрүүлэх болгондоо биеэ тооно. Ханнаг өрөвдөж, тайтгаруулахын оронд олон хүүхэдтэйгээрээ гайхуулна. «Пенинна түүнийг бухимдуулахын тулд өддөг байв» гэж Библид бичжээ (1 Сам. 1:6). Энэ бүхнийг санаатай хийж Ханнаг зовоодог байлаа.

Ханна хүүсэр гэдгээсээ болоод ихэд гутардаг байв. Ядахад Пенинна сэтгэлийг нь байнга шархлуулна

6, 7. а) Өөрт нь юу тохиолдоод байгааг Ханна яагаад нөхөртөө хэлээгүй вэ? б) Ханна хүүсэр байсан нь Еховагийн шийтгэл байсан уу? Тайлбарлана уу (Зүүлт үзнэ үү).

6 Пенинна Шило руу аялах үеэр Ханнаг бүр ч их зовооно. «Елкана тахил өргөх өдрөө эхнэр Пенинна болон түүний бүх хөвгүүд, охидод хувь хүртээдэг байжээ. Харин Ханнад хоёр хувь илүүг өгдөг байв». Атаархуу Пенинна Ханнаг улам ч их шаналгаж, хүүсэр гэж доромжилно. «Ханна уйлан, хоол унд ч иддэггүй байжээ». Гуньж гутарсан эхнэрээ анзаарсан Елкана: «Ханна, чи юунд уйлж, яагаад хоол унд ч идэхгүй байна вэ? Юунд зүрх сэтгэл чинь уйтгарлана вэ? Би чамд арван хөвгүүнээс дээргүй юү?» хэмээн тайвшруулахыг оролджээ (1 Сам. 1:4–8).

7 Хүүхэдгүйгээсээ болоод шаналж байгааг нь Елкана ойлгож байв. Ханна нөхрийнхөө үгийг сонсоод баярласан нь лавтай. * Елкана эхнэрээ тайвшруулахдаа Пениннаг дурдаагүй. Ханна ч юу тохиолдоод байгаагаа нөхөртөө хэлсэн тухай Библид байдаггүй. Хэллээ гээд Елкана асуудлыг  шийдэж чадах байсан гэж үү? Пенинна Ханнаг бүр ч их үзэн ядахгүй гэж үү? Пениннагийн хүүхдүүд, шивэгчид бас үзэн ядахгүй гэж үү? Хэрэв хэлсэн бол байдал улам дордож, Ханна бүр ч их шоовдорлогдох байсан биз ээ.

Пениннаг увайгүй загнах бүрд Ханна Еховад залбирдаг байсан

8. Хүмүүс шударга бус хандаж, өөдгүй зан гаргахад Ехова шударга гэдгийг санах нь яагаад тустай вэ?

8 Пенинна өөдгүй зан гаргадгийг Елкана мэддэг байсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Ехова бүгдийг нь харж байсан. Ханнад тохиолдсон явдлыг Библид бичүүлсэн нь бидэнд хатуу сануулга болдог. Бид атаархуу зан, үзэн ядах сэтгэлдээ автаж нэгнийхээ сэтгэлийг шархлуулах юм хийх ёсгүй байх нь ээ. Нөгөө талаас, Ханна шиг буруугүй, амар тайвныг эрхэмлэдэг хүмүүст тайвшрах үндэс бий. Шударга Бурхан бүх асуудлыг цаг нь болохоор хамгийн сайн аргаар шийднэ (Дэд хууль 32:4-ийг уншина). Ханна үүнийг мэддэг байсан учраас зовж шаналж байхдаа Еховад хандсан.

«Уйтгар гуниггүй болов»

9. Пениннаг өөдгүй зан гаргахыг мэдэж байсан ч Шило руу явсан Ханнагаас юу сурах вэ?

9 Елканагийн гэрийнхэн өглөө эрт босож аян замдаа гарах бэлтгэлээ базаана. Хүүхдүүд хүртэл бэлдэв. Тэд Ефраимын уулархаг нутгаар 30 гаруй километр явж Шилод хүрнэ. * Явган явахад нэг юм уу хоёр хоног болно. Пениннаг өөдгүй зан гаргахыг Ханна мэдэж байсан ч гэртээ үлдээгүй. Энэ нь Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн хувьд дуурайвал зохих жишээ юм. Бусдад гомдсоноос болж Бурхныг шүтэхээс хойш суух ёсгүй. Хэрэв хойш суувал сэтгэлийн тэнхээ, урам зоригтой болох сайхан боломжоо алдана.

10, 11. а) Ханна яагаад мөргөлийн асарт очихоор яарсан бэ? б) Ханна тэнгэрийн Эцэгтээ хэрхэн сэтгэлээ уудлан залбирсан бэ?

10 Уулархаг нутгаар өдөржин аялсны эцэст Елканагийнхан өндөр толгодын дунд орших Шилод ирлээ. Ханна Еховад юу гэж залбирахаа замдаа бодож явсан биз ээ. Тэд зорьсон газраа ирээд хоол идэхээр суув. Харин Ханна Еховагийн мөргөлийн асарт очихоор яаран гарлаа. Юу гэж залбирахаа бодож явсан учраас мөргөлийн асрын хашааны үүдэнд сууж байсан тэргүүн тахилч Елиг анзаарсангүй. Энд ирээд залбирвал тэнгэрийн Эцэг нь заавал хариулна гэдэгт итгэж байлаа.  Зовлон шаналлыг нь Ехова шиг бүрэн гүйцэд ойлгох хэн ч байхгүй байв. Ханна зовлонгоо бодон уйлж гарчээ.

11 Еховад шаналсан сэтгэлээ хэлж эхэр татан уйлж байлаа. Зөвхөн уруул нь хөдөлж байв. Сэтгэлээ уудлан удаан залбирлаа. Хүүтэй болгож өгөөч гэж шаргуу гуйжээ. Гэхдээ Ханна зөвхөн авахыг л бодоогүй. Бурханд юу өгч чадахаа ч бодсон. Тиймээс хүүтэй болбол насан туршид нь Еховад үйлчлүүлэхээ амлажээ (1 Сам. 1:9–11).

12. Ханнаг дуурайн яаж залбирах хэрэгтэй вэ?

12 Ханнагийн залбирал Бурхны үйлчлэгчдэд үлгэр жишээ болдог. Ехова биднийг сэтгэлээ уудлан залбираасай, аавдаа бүх юмаа ний нуугүй ярьдаг хүүхэд шиг байгаасай гэж хүсдэг (Дуулал 62:8; 1 Тесалоник 5:17-г уншина). Элч Петр Бурхнаар удирдуулан «Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл» гэж хэлсэн нь сэтгэл тайвшруулдаг (1 Петр 5:7).

13, 14. а) Ели юу гэж яаран дүгнэсэн бэ? Яагаад? б) Ханна бат итгэлтэй хүн байсан нь юунаас харагддаг вэ?

13 Харамсалтай нь хүмүүс Ехова шиг өрөвч нигүүлсэнгүй биш билээ. Ханнаг уйлан залбирч байтал гэнэт нэг хүн ярив. Тэргүүн тахилч Ели байлаа. Ханнагийн аман дотроо бувтнаж, эхэр татан уйлахыг ажиглаж байсан тул «Хэдий болтол чи согтуу байх юм бэ? Дарснаасаа сал» гэв. Юу болсныг нь асууж лавлахын оронд согтуу байна гэж яаран дүгнэчихжээ (1 Сам. 1:12–14).

14 Хариуцлагатай үүрэг хүлээдэг хүнээс ийм үг сонсох нь зовж шаналсан Ханнад ямар хэцүү байсан бол оо! Гэхдээ Ханна бат итгэлтэй хүн гэдгээ дахин баталсан. Хүний алдаа дутагдлаас болоод Еховаг шүтэхээ болиогүй. Харин ч Елид хүндэтгэлтэй хандаж учир байдлаа эвтэйхэн тайлбарласан. Тэгэхэд нь Ели «Амар амгалан явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай!» хэмээн гэмшингүй хэлжээ (1 Сам. 1:15–17).

15, 16. а) Ханна Еховад сэтгэлээ уудлаад тайвширсан уу? б) Сэтгэл санаа тавгүй үедээ Ханнаг яаж дуурайж болох вэ?

15 Ханна Еховад сэтгэлээ уудлаад тайвширсан болов уу? «Тэр эмэгтэй буцан явж, хоол унд идэж, түүний нүүр царай нь уйтгар гуниггүй болов» гэж Библид байдаг (1 Сам. 1:18). Ханна Төгс хүчит тэнгэрийн Эцэгтээ зовлон шаналлаа даатгасан учраас сэтгэл нь уужирчээ (Дуулал 55:22-ыг  уншина). Агуу Бурхан Еховад шийдэж чадахгүй асуудал гэж бий юү? Нэг ч байхгүй.

16 Бид бас зовж шаналж, гуньж гутарсан үедээ «залбирлыг сонсдог Нэгэнд» сэтгэл зовоосон асуудлаа илэн далангүй хэлэх хэрэгтэй (Дуу. 65:2). Тусална гэдэгт нь итгэж найддаг бол Ехова бидэнд «хүний ухаанаас давуу амар тайвныг» өгнө. Тэгээд бид гуньж гутрахаа больж сэтгэлийн амар тайвныг эдэлнэ (Флп. 4:6, 7).

«Бидний Бурхан адил хад гэж байхгүй»

17, 18. а) Елкана эхнэрийнхээ тангаргийг яаж хүлээж авсан бэ? б) Ханна яахаа больсон бэ?

17 Маргааш өглөө нь Ханна нөхөр Елканатайгаа мөргөлийн асарт иржээ. Бурхнаас хүү гуйж, тангараг өргөснөө нөхөртөө хэлсэн бололтой. Мосегийн хуульд зааснаар, эхнэр нь нөхөртэйгөө зөвлөлгүй Бурханд ам өчиг өгсөн бол нөхөр нь хүчингүй болгох эрхтэй байжээ (Тоол. 30:10–15). Гэхдээ Елкана бат итгэлтэй хүн байсан учраас эхнэрийнхээ тангаргийг хүчингүй болгосонгүй. Тэд «ЭЗЭНий өмнө мөргөөд» гэр лүүгээ буцав.

18 Ханнаг хэчнээн өдсөн ч гуньж гутрахаа больсныг Пенинна хэзээ анзаарсан бол? Энэ тухай Библид байдаггүй. Харин «нүүр царай нь уйтгар гуниггүй болов» гэснээс харахад Ханна тэр цагаас хойш сэтгэлээр унахаа больж, өөдрөг болсон бололтой. Пенинна увайгүй зан гаргасан ч Ханна тоохоо больжээ. Пениннагийн нэр Библид дахин нэг ч удаа гардаггүй.

19. Ханна ямар ивээл хүртсэн бэ? Ехова ивээснийг мэдэж байсан нь юунаас харагддаг вэ?

19 Гэртээ буцаж ирснээс нь хойш хэдэн сар өнгөрчээ. Ханнаг ихэд баярлуулсан явдал болов. Тэрээр жирэмсэн болжээ! Энэ бол Еховагийн ивээл гэдгийг Ханна мэдэж байлаа. Хүү төрүүлээд Самуел гэдэг нэр өгөв. Энэ нэр «Бурхны нэр» гэдэг утгатай. Ханна Бурхныг нэрээр нь дуудаж залбирснаа бодон ийм нэр өгсөн бололтой. Тэр жилдээ Елкана гэрийнхнийгээ аваад Шило руу явахад Ханна хүүтэйгээ гэртээ үлдэв. Самуелыг хөхнөөс гартал 3 жил яваагүй ажээ. Амлалтаа биелүүлэх өдөр ирнэ гэдгийг мэдэж байсан учир сэтгэлээ бэлдэж байв.

20. Ханна Елкана хоёр Еховад өгсөн тангаргаа хэрхэн биелүүлсэн бэ?

20 Хүүгээсээ салах амаргүй байлаа. Шилогийн мөргөлийн  асарт үйлчилдэг эмэгтэйчүүд хүүг нь хайр халамжаар дутаалгүй өсгөнө гэдгийг Ханна мэдэж байв. Гэхдээ бяцхан үртэйгээ хамт байхыг ямар ч ээж хүснэ шүү дээ. Ханна Елкана хоёрт хэчнээн хэцүү байсан ч хүүгээ «Шилод буй ЭЗЭНий өргөөнд» дуртайяа дагуулж иржээ. Тэд тахил өргөсний дараа Самуелыг Елид авчирч өгөв. Ханна хэдэн жилийн өмнө өгсөн тангаргаа биелүүлж байгаагаа Елид хэлжээ.

Ханна сайн ээж байсан

21. Залбирлаас нь Ханнагийн тухай юу мэдэж болох вэ? (« Онцгой хоёр залбирал» гэсэн хавсралтыг үзээрэй).

21 Ханнагийн чин сэтгэлийн залбирлыг Ехова Үгэндээ бичүүлжээ. 1 Самуел 2:1–10-т байдаг залбирлынх нь үг бүр Ханнаг үнэхээр бат итгэлтэй хүн байсныг харуулдаг. Тэрээр хязгааргүй их хүчтэй Еховаг магтан алдаршуулсан. Бас дарлагдагсдыг ивээж, бардам хүнийг дорд болгож, хүнийг үхүүлж эсвэл амьдруулж чаддагийг нь онцолсон байдаг. Түүнчлэн тэнгэрийн Эцгээ хамгийн ариун, шударга, үнэнч Нэгэн хэмээн магтжээ. Тийм ч учраас «Бидний Бурхан адил хад гэж байхгүй» хэмээн хэлжээ. Ехова хэзээ ч өөрчлөгддөггүй учраас түүнд бүрэн найдаж болно. Зовж шаналсан, дарамтанд орсон хүмүүсийг тусламж гуйхад Ехова хоргодох газар нь болдог.

22, 23. а) Самуел эцэг эхийнхээ хайрыг мэдэрч өссөн гэхийн учир юу вэ? б) Ехова Ханнаг яаж ивээсэн бэ?

22 Еховад бат итгэдэг ээжээрээ бяцхан Самуел хэчнээн их бахархдаг байсан бол оо! Ээжийгээ их санадаг байсан нь лавтай. Гэхдээ өөрийг нь мартчихсан гэж хэзээ ч бодож байгаагүй. Ханна жил бүр Шилод ирэхдээ мөргөлийн  асарт үйлчилж байгаа хүүдээ ханцуйгүй хүрэм авчирч өгдөг байжээ. Гараа гаргаж оёсон учраас хайр нь нэвт шингэсэн байдаг байв (1 Самуел 2:19-ийг уншина). Хүүдээ шинэ хүрмийг нь өмсүүлж, өхөөрдөн харж, магтаж байгаа Ханнаг төсөөлөхөд төвөггүй. Самуел ийм сайн ээжтэй байжээ. Тэрээр өсөж томроод эцэг эх, элэг нэгтнүүдийнхээ төлөө ихийг хийсэн.

23 Ехова Ханнаг мартаагүй. Ханна Еховагийн ивээлийг хүртэж Самуелаас гадна таван хүүхэд төрүүлжээ (1 Сам. 2:21). Гэхдээ Ханнагийн хүртсэн хамгийн том ивээл нь тэнгэрийн Эцэг Еховатайгаа жил ирэх тусам дотноссон явдал юм. Та бас бат итгэлтэй Ханнаг дуурайж тэнгэрийн Эцэгтэйгээ улам дотносоорой.

^ д/м 7 «ЭЗЭН түүний хэвлийг хаасан» гэж Библид бичжээ. Гэхдээ Ехова энэ даруу, үнэнч үйлчлэгчээ сайшаахаа больсон гэсэн үг биш ээ (1 Сам. 1:5). Ехова ямар нэг зүйлийг хэсэг хугацаанд зөвшөөрснийг Еховаг хийсэн мэтээр Библид бичих нь бий.

^ д/м 9 Елканагийн төрсөн хот Рама нь Есүсийн үеийн Аримат мөн бол Шило хүртэл 30 гаруй километр зайтай.